“Амаргүй хэмээх 2022” ба “Буухиа тойм”


2023.01.07.

Он солигдсон өдрүүдэд телевизээр үзэх олигтой юм байсангүй гэж хэлэхийг зарим хүнээс сонслоо. Элбэг дэлбэгээр бялхсан найрын ширээтэй гоё нэвтрүүлгүүд зөндөө гарсан ч Шинэ жил ба Цагаан сарын өмнөх уламжлал болсон хошин шогийн шинэ хөтөлбөр дахиад үгүйлэгдсэн хэрэг. Х-ТҮЦ, Маск тэргүүтнүүд та биднийг үнэгүй зугаацуулахаа хэдийнэ больж, бүтээлээ кино хэлбэрт оруулж төлбөртэй үзүүлдэг болсон. Гай болж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар “алиалагчид”-аар цоллуулсан бөөн гомдол дээр зарим нь жагсаал цуглаанд бүтэл муутай оролцсон нь нэмэгдэж тэд ууртай, бас нэр хүнд сайнгүй яваа бололтой. Оронд нь Comedy-гийнхон.

Оны зааг бол хэвлэл мэдээлэл өнгөрсөн оныг дүгнэж тоймлодог тийм өдрүүд. “Үндэстний тойм”, “Титэм гэрэг”, Business.mn сэтгүүлүүд барууны түнш сэтгүүлүүдийн загвар, стандартаар жилийн тойм дугаарыг хийж хэвшээд удаж байгаа. Гэхдээ тухайн жилийг хамгийн сүр дуулиантайгаар эргэж хардаг нь телевизүүд. Харамсалтай нь, онцлох үйл явдлууд, оны шилдэг гэсэн загвараас салж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Ер нь манай телевизийн сувгуудын долоо хоногийн тоймууд өнгөрсөн хэдэн өдрийн турш нэгэнт үзүүлсэн үйл явдлуудаа тэсвэрлэхийн аргагүй уйтгартайгаар давтан тоочсон байдаг бол бүтэн жилийн тоймыг үзнэ гэдэг ямар аймшигтай тамлал болохыг төсөөлж байна уу? Гагцхүү телевизорын удирдлагын ачаар сувгаа үтэр түргэн сольж аврагддаг.

Харин энэ удаад NTV ба Tenger телевизийн 2022 оны тоймууд сайн болсон тухай нийгмийн сүлжээнд магтсантай таарч тухайн үед нь тоолгүй өнгөрснөө залруулж буцаагаад үзлээ.п

NTV телевиз жилийн тоймоо “Амаргүй хэмээх – 2022” гэж нэрлэсэн нь гайхалтай оножээ. Амаргүй хэмээх улаан шугамын дагуу улс төр, жагсаал цуглаан, Хөгжлийн банк, Улаанбаатарын түгжрэл, “Тамгагүй төр”, Дарханы зам, Богд хан уул, нүүрсний хулгай, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, наадмын бөх, допинг, 4х4 багийн амжилт, Ардчилсан намын хямралыг нэгд нэгэнгүй сөхлөө. “Тэнгэр” телевизийн “Буухиа тойм” мэдээж жагсаал цуглаанаар эхэлж, цаашаагаа түгжрэл, агаарын бохирдол, сайжруулсан түлшээр үргэлжлэн задарч короновирусын үр дагавар, хөдөө орон нутаг, амьдралын чанар, цалин хөлс, ипотекийн зээл, сургууль боловсролоор дамжин сансар судлал, шинжлэх ухаан, технологи, нийгмийн сүлжээ, Илон Маск, мөн Лавров, Гуттереш, Ван И нар Монголд ирсэн, манай төрийн томчуудын гадаад айлчлал, уур амьсгалын өөрчлөлтөөр өндөрлөв.

Аль аль тоймыг тун сайн найруулсан, сонирхол татахуйц дүрслэл, тавилт, хэмнэлтэй байлаа. NTV-ийн тоймын эхлэл, Tenger-ийн тоймын төгсгөл мартагдахааргүй гоё болжээ. Гэхдээ хэлбэрийг түр орхиж зөвхөн агуулгыг анзаарвал үндсэндээ бүтэн жилийн турш сонссон нөгөө л яриа, санаа, тайлбарууд байна. Хэрвээ яг яагаад ийм юм болов, хэн буруутай, худлаа нээрээ, цаад учир шалтгааныг нэхэж илүү гүнзгий ухаж хөндлөнгөөс тайлбар, дүгнэлт хийсэн бол төгс рүү дөхөх байлаа. “Амаргүй хэмээх – 2022”-т тоймлуулж дүгнүүлэх ёстой нөхдүүд өөрсдөө тоймлож дүгнэсээр, сэтгүүлчид огт үзэгдээгүй бол “Буухиа тойм”-д эсрэгээр хэт олон сэтгүүлч арай л эрээвэр хураавар сэдвээр болж өнгөрсөн үйл явдлуудыг тоочин сануулж танин мэдүүлсээр дуусгав. Гэхдээ хоёулаа гарцаагүй шинэлэг байж чадлаа.

Энэ хоёр тоймын шууд үргэлжлэл – NTV-ийн “Бүдэг бадаг 2023”, Tenger-ийн “2023 оны 23 асуулт” нэвтрүүлгүүд бас л сайн болжээ.

Өнгөрсөн намар миний бие МҮОНРТ-д болсон нэгэн хуралд оролцох завшаан тохиож, энэ талын санал тавьсан. Тэд тухайн үедээ нээрээ тийм, зөв гэж дэмжсэн ч одоохондоо таг чиг. Манай телевизийн сэтгүүл зүйд ийм нэгэн өөрчлөлт Олон нийтийн телевиз бус, арилжааны телевизүүдээс эхлэх хувьтай ажээ.