Updates from Д.Цэрэнжав Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Д.Цэрэнжав 4:09 pm on 2023.01.30 Permalink  

    Шууд асууна уу 

    2023.01.30.

    Уржнан. Гарцаар гарч замын нөгөө талд хөл тавимагц микрофон барьсан хүүхэн гүйж ирээд “Манайд спортын сэтгэл зүйч байдаг болов уу, та юу гэж бодож байна” гэсэн асуулт тавилаа. Би энэ талаар юу ч мэдэхгүйгээс гадна надад түй ч хамаагүй учраас амыг нь дагаж эргэлзээд цааш эргэхэд дараачийн хүнийг ээрч харагдсан. Бид энэ чухал асуудлыг ард түмэн мэддэггүй, ерөөсөө энэ асуудал төр, засгийн бодлогын гадуур үлдсэн, цаашид спортын сэтгэл зүйчийг бөөн бөөнөөр бэлтгэх шаардлагатайн жишээ, нотолгоо болж аль нэг зурагт, нэвтрүүлгээр гарсан биз.

    Саяхан УИХ-ын намрын чуулган хаагдахын өмнөхөн гэнэдүүлэн оруулж хэдхэн хоногт гялс манс баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хэвлэл мэдээллийнхний дунд цучил хаясан мэт боллоо. Хэдэн өдрийн турш хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн уг хуулийг эсэргүүцсэн бол зөвхөн олон нийтийн телевиз сурсан зангаараа бөөрөнхийлөв. Яаж? Хууль батлагдсаны дараа энэ сэдвээр зөвхөн Цахим хөгжлийн дэд сайд Ж.Эрхэмбаатарыг яриулсны дараа сая нэг бие дааж дуугарахдаа ямар нэг байр суурь илэрхийлдэггүй юмаа гэхэд хэн юу ярьсан, дэмжсэн, шүүмжилснийг хөндлөнгөөс мэдээлэхэд л болох байсан ч тэгэлгүй … гудамжинд гарах нь тэр.  

    “Цагийн хүрд”. Батлагдаад удаагүй байгаа энэ хуулийн талаар иргэд ямар бодолтой байгааг үзэгч танд хүргэе гэсэн оршилтойгоор хорооллын гудамжнаас яриулсан нь: “… сөрөг мэдээлэлтэй тэмцэх гэж байна гэж ойлгосон…хувь хүн ухамсаартай байх, зөв зохистой үг хэрэглэх хэрэгтэй … арга хэмжээ авах нь зөв, нэр төрийг хамгаалах хэрэгтэй, тэгэхгүй бол цахим орчноор янз бүрээр аймаар хэлдэг, нэр төрд халдаж байгаа нь хууль бус хэрнээ энгийн үзэгдэл шиг их байдаг” гэх мэт. Араас нь насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болдог тухай үзүүлсэн нь “Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай” гэсэн титртэй. Яг юу ч гэсэн үг юм, бүү мэд. Олон нийтийн сүлжээнд хүний нэр төрийг хамгаалах ёсгүй гэж хэн ч хэлээгүй, гагцхүү энэ хуулинд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхийг хааж боох, тэр ч бүү хэл ертөнцөөс таслахад хүргэх эрсдэлтэй заалтууд орсон эсэхийг тойрч нийгэмд оволзож байхад МҮОНТ-ийг үзэхэд тийм яриа маргаан огт гараагүй, зөвхөн дэмжсэн иргэд байгаа ажээ.

    Гудамжинд яваа иргэдэд илт чиглүүлсэн асуулт тавьснаа тас нууж, бас хариултыг тасчин эвлүүлж юу дуртайгаа харуулна гэдэг бол олон нийтийн  телевизээс сэтгүүл зүйд оруулж буй муухай хувь нэмэр. Нэг залуу “дэмжих нь дэмжиж байгаа” гэж дуугарсныг бодоход тэгэж асуусан бололтой.     

    Өнөөдөр Монголд ардчилал дэлгэрээд сайхан байна. Хаа сайгүй, байн байн санал асуулга. Ноднин Д.Сумъяабазарын захиалгаар судалгааны нэгэн компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга замын талаар санал асууж нийслэлийн иргэдийн 90 хувь LRT хэмээх гүүрэн тулгуурт хөнгөн галт тэргийг дэмжсэн дүн гаргаж өгснийг Засаг дарга урдаа бариад Монгол Улсыг нэмээд нэг их наядын өрөнд оруулчих шахсан. Улаанбаатарчууд үзэж хараагүй юмаа яахаараа тийм сайн мэддэг болов? Үүний нууц нь яаж асуусанд бий. Гадаадад байдаг LRT гэж агуу юмыг барьчихвал түгжрэл яг буурах гээд байна, дэмжинэ биз дээ гэж асуухад эсэргүүцэх хүн гарах уу? Хэрвээ үүний оронд хууль бус барилгуудыг зогсоох уу, Сумъяабазарыг огцруулах гэж асуувал дүн 99.99 хувьд хүрэх байлаа.

    Ард түмнээсээ асууна, ард түмэн юу гэнэ, түүгээр болно гэж сайхан юм байна. Бүр 1995 онд батлагдсан ард нийтийн санал асуулгын хуулийг бараг 30 жил өнгөрөхөд огт хэрэглээгүй. Үүний шалтгаан бол зохион байгуулах зардал мөнгөнд биш, юуг асуухаа шийдэхэд байсан юм. Эрх баригчид юуг ч асууж зүрхлээгүй гэсэн үг. Гэхдээ дөрвөн жил тутмын улс төрийн сонгууль бол нэг төрлийн ард нийтийн санал асуулга. Асуулт нь нэр дэвшигчид, онцлог нь хэнийг сонгохыг ухуулж толгой эргүүлсэн сурталчилгаа, бас худалдан авалттай.    

    Өнгөрсөн долоо хоногт улс орон даяар “Зөвлөлдөх санал асуулга” эхэлжээ. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой бөгөөд мэдээлэл цуглуулалт, нүүр тулсан ярилцлага, зөвлөлдөх уулзалтаар дамжуулан 1570 иргэнээс асуухад тэд хэлж өгөх юм байна. Санамсаргүй тохиолдлын зарчмаар сонгосон энэ хүмүүс ард түмний дундаж. Улс төрийн нам, судалгааны хүрээлэн, үндсэн хууль судлаач, эксперт, ядахдаа иргэн Ламжав биш тэднээс дундаж бөгөөд эрээвэр хураавар санаанууд гарах учраас эхний шатанд ямар асуултыг яаж тавихаас бүх юм хамаарна. Өчигдөр Интернэтээр ил тод болсон “Зөвлөлдөх санал асуулгын судалгааны маягт”-д “Иргэдийг төлөөлөх парламентийн чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг Та дэмжиж байна уу?” маягийн асуултууд пиг дүүрэн. Мэдээж дэмжинэ, тэгээд юу гэж? Хоёрдахь шатанд зөвлөлдөх буюу мэдээлэл өгөх нэрээр цэнэглэж элдэв үг өгүүлбэр хэлүүлж байгаад дундаас нь юуг ч зохиож мэднэ. Эцсийн дүндээ одоо байгаа эрхмүүд төрийг зайдагнасан хэвээр үлдэх, чадаагүйнүүд нь төрд орох дээр нэгдэж, үүнд садаа болсон Үндсэн хуулийг өөрчлөх, үүнд хэрэгтэй хэдэн хувь, процентийг гаргаж харуулах зорилготой. Цаана нь төрийн өндөрлөгүүдийн амбиц, зөрчлөө шийдэх гэсэн хувийн санаархлууд.

    Цахиагийн Элбэгдорж 2017 онд албан тушаалаас буухаасаа өмнө “Ардын үг” нэрээр хэдэн сарын турш төстэй байдлаар бужигнуулсан нь Аугаа Ерөнхийлөгч байсан гэж хэлүүлэх ганц зорилготой байсан. Улс орон даяар олон сар үргэлжилсэн том том хэлэлцүүлгүүдийг явуулж үй түмэн санал авсны эцэст 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь дутуу буюу бараг түүхий болж таарсан бус уу? Энэ удаагийнх юугаар илүү байх бол?

    Хэрвээ ингэж сүр сүйд болохгүйгээр, гурван сая хүний толгойг эргүүлэхгүйгээр шууд, тов тодорхой асуувал жинхэнээсээ шударга болно. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмээд хэд болгох вэ? Бүр тоог нь заагаад, 300 болгох уу? гэх мэт. 

    Сонгогчид хэний төлөө санал өгөх биш, тэдний саналыг яаж тоолох нь чухал гэдэг. Одоо иргэдийн юу хэлсэн нь биш, харин түүнийг яаж ашиглах нь чухал болжээ. Зөвлөлдөх санал асуулга гэсэн бужигнаан дундаас юу гаргаж ирэх бол? Бараг тодорхой.

    P.S:

    Манай ардчилсан төр хууль гаргахдаа иргэдээсээ асуудаг болоод удаж байна. УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд цахим сайт юм уу апп ашиглаад зүйл, заалт тус бүрийн дор саналаа бичиж болдог. Сайхан санагдаж болох ч таны саналыг авах эсэх, аваад яаж ашиглахыг мэдэхгүй учраас ёроолгүй сав руу чулуудаад орхихтой адил. Үүний оронд тухайн хуулийн тодорхой зарчмуудыг томъёолоод асуух хэрэгтэй. Тэгвэл би ч саналаа өгнө. Энэ УИХ-ыг тараах уу гэвэл бүр дуртайяа хариулна.

     
  • Д.Цэрэнжав 1:14 am on 2023.01.10 Permalink  

    Олон үнэн 

    2023.01.09.

    Үнэн гэж юу байдаг юм бэ, гар дээр минь тавиач, үзчихээд буцааж өгье гэж Ренчиний Чойном нэхсэн бий. Нам, засгаас хүн бүрт албан ёсоор хэлж цээжлүүлээд байхад өөрийг хайж тэрсэлсэн хэрэг. Тэрслээд зогсохгүй ерөөсөө үнэн гэж байдагт эргэлзжээ.  

    Биет оршиж, асуудал үүсч, үйл явдал өрнөж байгаа бол үнэн нь тэндээ буй. Гагцхүү тэр үнэнийг хүмүүс, хэсэг бүлгүүд, улс орнууд өөр өөрийн өнцгөөс хардаг, тэр нь хоорондоо зөрдөгөөс хүмүүний хамаг зовлон үүдэлтэй.

    Сэтгүүлчид нэвтрүүлэг, ярилцлагынхаа төгсгөлд “Дүгнэлт хийх эрхийг танд үлдээе” гэж хэлээд үзэгчид рүү том хардаг. Үнэн хэрэгтээ ямар дүгнэлт хийхийг дөнгөж сая чиглүүлчихээд тэгээгүй болж даналзаж байгаа хэрэг. Харин бид тэс өөр дүгнэлт хийх эрхтэй. Үүний тулд хүссэнээ олж үзэх, сонсох, уншихад дэндүү амар болжээ. Сонин хэвлэл, телевиз радио, нийгмийн сүлжээ бүгд алганд атгагдах гар утасны дэлгэцэн дээр нэгдэж байршлаа. Үйл явдлын мэдээ, мэдээлэл, тойм, тайлбар, дүгнэлт, үзэл бодлууд зогсоо зайгүй хөвөрч дотоод, гадаадын мэдээллийн сувгууд бидний өмнө 24/7/365 нээлттэй. Тэр болгоныг сайтар судалж харьцуулаад жинхэнэ үнэнийг мэдэж аваад хэл амаа ололцож амар сайхандаа жаргах ёстой бус уу? 

    Үгүй ажээ. Хэн ч үнэнийг эрж хайдаггүй гэж хэлбэл алдас болох ч хүмүүс, улс орнууд зөвхөн өөрийн үнэнийг хүлээн зөвшөөрч, түүгээр цайз хэрэм босгож хамгаалах төдийгүй зэвсэг болгон агсаж бусдын үнэнтэй үзэж тарах бүү хэл үхэх сэхэхээ үзсээр иржээ. Хил зааг үгүй болсон дэлхий нийтийн мэдээллийн орон зайнаас нотолсон, эсвэл няцаасан, тэнгэрт тултал дөвийлгөсөн, эсвэл газарт ортол гутаасан юуг ч олж болно. Хагас үнэн гэж ярьдаг, тэгэхээр дөрөвний нэг үнэн, үнэний хэлтэрхийнүүд, бас бүдэг тод үнэн гэж байж таарна. Бүтэн буюу бүх үнэн хэнийх ч биш. 

    х х х

    Тоо бол үнэний хэмжүүр. ЖДҮ ба Хөгжлийн банкны зээлүүд тэр чигээрээ сая, тэрбум гэсэн тоонууд учраас ил тод болгоход л үнэн нь тодорч, буруутай нөхдүүд нь орон шоронгоо зорьж байгаа билээ. Үүнтэй нэгэн адилаар нүүрсний хулгайн үнэн илэрнэ. Нэг талдаа Тавантолгойн уурхайнууд дээр эксковаторын шанаган доороос тэвшээ дүүргээд гарсан, нөгөө талдаа урд хилээр нэвтэрсэн машины хил, гаалийн бүртгэл (тоо, дугаар, огноо, ямар ачаатай, нүүрстэй нүүрсгүй гарсан)-ийг тулгах л ажил. Үүнийг АТГ, цагдаа хоёр хийж байгаа. Олон жил хаалттай үргэлжилсэн холион бантан учраас хугацаа хэрэгтэй.

    Тавантолгой бол ил уурхай. Доош ухсаар хэтэрхий гүнзгий болмогц хэзээ нэгэн цагт далд уурхайд шилжинэ гэдэг. Харин Тавантолгойн нүүрсний хэргийн ялгаа гэвэл ухах тусам доош биш дээшээ явах, далд биш ил болох учиртай. Сүхбаатарын талбай дээрээс “Нэрсээ зарла”-хыг шаардаад салаагүйд тэвдсэн эрх баригчид хэдэн нэр шидсэн ч жагсагчид ханаагүй, хэзээ нэгэн цагт “цаад эздийг” ч нэхэж болзошгүй. Үнэхээр тултал ухвал хулгайчдыг томилсон, гэрээг нь нууцалж өгсөн, таслан зогсоогоогүй төрийн гурван өндөрлөгийн гэгээн дүрс магад тодорно. Гэтэл нүүрсний хулгайн шийдэл болгож УИХ-ын дарга Зөвлөлдөх санал асуулга нэртэй баахан хурлуудыг зарласан бол бол Ерөнхий сайд төмөр замын төслүүд, газрын хулгай, Монгол банкныхны эзэмшдэг ББСБ-ууд гэсэн дараачийн хэргүүдийг амлав. Тэрбээр 2016 оноос хойш тэвдэх болгондоо энийг, тэрийг илчилнэ, үнэнийг хэлнэ гэж цочоон анхаарал сарниулж сураад байна. Мартсанаас Зоригийн хэргийн үнэн яасан бэ?       

    х х х

    Урьдын юм ул, одоогийн юм зул гэдэг. Саяхны туйлын үнэн өнөөдөр адгийн худал. Одоо цагийн монголчууд Орост, оросуудыг хэрхэн ханддагийг тодруулсан санал асуулга, судалгаа байхгүй ч нийгмийн сүлжээгээр дүгнэх юм бол улам бүр сөрөг болж байна. Тэдэнд Монгол-Зөвлөлтийн мөнхийн найрамдал, орос ах, Найрамдал -Дружба, алтан Москва, тэр тусмаа “Зэвсэгт нэг ахан дүүс”-ийг сануулбал уурлана. Энэ үзэгдэл Орос улс, оросуудыг дорд үзэх хэлбэрээр аль эрт эхэлсэн ч ноднин ОХУ Украинд халдсаны дараа оргилдоо хүрээд байна.

    Украин улс зөв зүгээр хөгжиж байхад Путин дайрч орсон, оросын арми муу байлдаж асар олон цэргээ алдсан, ялагдан ухарч байгаа, зэвсэг техник нь хоцрогдсон, Украины хот тосгодын бөмбөгдөж энгийн иргэдийг олноор алж хядсан, бүх дэлхий Оросын эсрэг, барууны улсуудын хориг арга хэмжээнээс болж эдийн засаг нь сүйрсэн агуулгатай мэдээ, сурвалжлага, гэрэл зураг, бичлэг Интернэтээр пиг дүүрэн. Украин ба Оросын хооронд зөвхөн цэрэг зэвсгийн бус, мэдээллийн бас нэг дайн дэгдсэн, барууны орнууд дэмжсэн учраас түүнд Украин ялж яваа. Үүний нөгөө талд Орос улс энэ дайныг эхлүүлэхээс өөр арга байгаагүй, Украинд нацизм дэлгэрсэн нь үнэн, орос хүн ам зонхилсон зүүн өмнөд бүс нутагт иргэний дайнаас болж олон мянган хүн үрэгдээд байсан, Оросын арми Украины армид маш их хохирол учруулсан, Оросын эдийн засаг хөл дээрээ найдвартай зогссон тухай мэдээллийг олж авахад тийм ч хэцүү биш. Хэлний асуудлыг эс тооцвол.

    Өнгөрсөн саруудад манай хэвлэл мэдээлэл аль нэг тал руу туйлшралгүй тэнцүүлсхийгээд явж ирсэн ч нийгмийн идэвх, улс төрийн байр суурьтай ихэнх хүмүүс хоёр хуваагдаад байна. Гэхдээ Украиныг дэмжигсэд тоогоор хавьгүй олон, бас илүү ширүүн байгаа.   

    Тэд Украин, Оросын хоёр үнэний аль нэгийг хэрхэн яаж сонгосон бол? Бараг бүх тохиолдолд аль хэдийнэ тогтсон үзэл бодол, итгэл үнэмшилдээ нийцсэн тэр үнэнийг сонгож авсан. Харин олон нийт даган дууриажээ. Түүнээс биш судалж судалж энэ тэр зөв буруу юм байна гэж шийдээгүй. Мэдлэг боловсрол төдийлөн хамаагүй. Тэд эсрэг талын мэдээллийг бол авдаг, гэхдээ зөвхөн няцаах, өөрийн үнэнийг батлахын тулд. Бусдын үнэнд автаж байр сууриа өөрчилсөн хүн надтай тааралдаагүй.  

    Манай улсын хувьд төвийг сахиж байгаа. Энэ бол Украиныг дэмжиж байгаа барууны орнууд ба Орос улсын хэн нь илүү хүчтэй, ирээдүйд бидэнд илүү хэрэгтэй, бас хэн манайхыг “чангалж” чадна үзсэн тэр талыг сонгох тухай асуудал юм. Бидний сонголтын зөв буруу Орос-Украины фронт дээр шийдэгдэж байгаа. Энд хичнээн ч цамнаад нэмэргүй.

     
  • Д.Цэрэнжав 1:46 pm on 2023.01.07 Permalink  

    “Амаргүй хэмээх 2022” ба “Буухиа тойм” 


    2023.01.07.

    Он солигдсон өдрүүдэд телевизээр үзэх олигтой юм байсангүй гэж хэлэхийг зарим хүнээс сонслоо. Элбэг дэлбэгээр бялхсан найрын ширээтэй гоё нэвтрүүлгүүд зөндөө гарсан ч Шинэ жил ба Цагаан сарын өмнөх уламжлал болсон хошин шогийн шинэ хөтөлбөр дахиад үгүйлэгдсэн хэрэг. Х-ТҮЦ, Маск тэргүүтнүүд та биднийг үнэгүй зугаацуулахаа хэдийнэ больж, бүтээлээ кино хэлбэрт оруулж төлбөртэй үзүүлдэг болсон. Гай болж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар “алиалагчид”-аар цоллуулсан бөөн гомдол дээр зарим нь жагсаал цуглаанд бүтэл муутай оролцсон нь нэмэгдэж тэд ууртай, бас нэр хүнд сайнгүй яваа бололтой. Оронд нь Comedy-гийнхон.

    Оны зааг бол хэвлэл мэдээлэл өнгөрсөн оныг дүгнэж тоймлодог тийм өдрүүд. “Үндэстний тойм”, “Титэм гэрэг”, Business.mn сэтгүүлүүд барууны түнш сэтгүүлүүдийн загвар, стандартаар жилийн тойм дугаарыг хийж хэвшээд удаж байгаа. Гэхдээ тухайн жилийг хамгийн сүр дуулиантайгаар эргэж хардаг нь телевизүүд. Харамсалтай нь, онцлох үйл явдлууд, оны шилдэг гэсэн загвараас салж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Ер нь манай телевизийн сувгуудын долоо хоногийн тоймууд өнгөрсөн хэдэн өдрийн турш нэгэнт үзүүлсэн үйл явдлуудаа тэсвэрлэхийн аргагүй уйтгартайгаар давтан тоочсон байдаг бол бүтэн жилийн тоймыг үзнэ гэдэг ямар аймшигтай тамлал болохыг төсөөлж байна уу? Гагцхүү телевизорын удирдлагын ачаар сувгаа үтэр түргэн сольж аврагддаг.

    Харин энэ удаад NTV ба Tenger телевизийн 2022 оны тоймууд сайн болсон тухай нийгмийн сүлжээнд магтсантай таарч тухайн үед нь тоолгүй өнгөрснөө залруулж буцаагаад үзлээ.п

    NTV телевиз жилийн тоймоо “Амаргүй хэмээх – 2022” гэж нэрлэсэн нь гайхалтай оножээ. Амаргүй хэмээх улаан шугамын дагуу улс төр, жагсаал цуглаан, Хөгжлийн банк, Улаанбаатарын түгжрэл, “Тамгагүй төр”, Дарханы зам, Богд хан уул, нүүрсний хулгай, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, наадмын бөх, допинг, 4х4 багийн амжилт, Ардчилсан намын хямралыг нэгд нэгэнгүй сөхлөө. “Тэнгэр” телевизийн “Буухиа тойм” мэдээж жагсаал цуглаанаар эхэлж, цаашаагаа түгжрэл, агаарын бохирдол, сайжруулсан түлшээр үргэлжлэн задарч короновирусын үр дагавар, хөдөө орон нутаг, амьдралын чанар, цалин хөлс, ипотекийн зээл, сургууль боловсролоор дамжин сансар судлал, шинжлэх ухаан, технологи, нийгмийн сүлжээ, Илон Маск, мөн Лавров, Гуттереш, Ван И нар Монголд ирсэн, манай төрийн томчуудын гадаад айлчлал, уур амьсгалын өөрчлөлтөөр өндөрлөв.

    Аль аль тоймыг тун сайн найруулсан, сонирхол татахуйц дүрслэл, тавилт, хэмнэлтэй байлаа. NTV-ийн тоймын эхлэл, Tenger-ийн тоймын төгсгөл мартагдахааргүй гоё болжээ. Гэхдээ хэлбэрийг түр орхиж зөвхөн агуулгыг анзаарвал үндсэндээ бүтэн жилийн турш сонссон нөгөө л яриа, санаа, тайлбарууд байна. Хэрвээ яг яагаад ийм юм болов, хэн буруутай, худлаа нээрээ, цаад учир шалтгааныг нэхэж илүү гүнзгий ухаж хөндлөнгөөс тайлбар, дүгнэлт хийсэн бол төгс рүү дөхөх байлаа. “Амаргүй хэмээх – 2022”-т тоймлуулж дүгнүүлэх ёстой нөхдүүд өөрсдөө тоймлож дүгнэсээр, сэтгүүлчид огт үзэгдээгүй бол “Буухиа тойм”-д эсрэгээр хэт олон сэтгүүлч арай л эрээвэр хураавар сэдвээр болж өнгөрсөн үйл явдлуудыг тоочин сануулж танин мэдүүлсээр дуусгав. Гэхдээ хоёулаа гарцаагүй шинэлэг байж чадлаа.

    Энэ хоёр тоймын шууд үргэлжлэл – NTV-ийн “Бүдэг бадаг 2023”, Tenger-ийн “2023 оны 23 асуулт” нэвтрүүлгүүд бас л сайн болжээ.

    Өнгөрсөн намар миний бие МҮОНРТ-д болсон нэгэн хуралд оролцох завшаан тохиож, энэ талын санал тавьсан. Тэд тухайн үедээ нээрээ тийм, зөв гэж дэмжсэн ч одоохондоо таг чиг. Манай телевизийн сэтгүүл зүйд ийм нэгэн өөрчлөлт Олон нийтийн телевиз бус, арилжааны телевизүүдээс эхлэх хувьтай ажээ.

     
  • Д.Цэрэнжав 3:34 pm on 2022.10.27 Permalink  

    Олон нийтийн телевизийн хөтөлбөр: өнөөдөр ба маргааш 

    2022 оны 10-р сарын 21-нд болсон “ТЕЛЕВИЗИЙН УРЛАГ: ҮНЭТ ЗҮЙЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА”
    эрдэм шинжилгээний хуралд ийм нэг илтгэл тавьсан юм

    Өнөөдөр бид телевиз гэдгийг урлаг болохын хувьд, түүний илэрхийлэл, үнэт зүйлсийг ярилцаж байгаа дээр багахан өөр өнцөг нэмээд монгол телевизийн өөрийнх нь үнэ цэнийг авч үзье.

    Би бол амьдралд хөл тавингуутаа телевиз үзэж эхэлсэн тэр монголчуудын анхны үеийн төлөөлөл. 1967 оны 9-р сард миний хувьд хоёр чухал үйл явдал болсны нэг нь, би сургуульд орсон, хоёрдугаарт, хэд хоногийн дараа Монгол телевизийн нэвтрүүлэг эхэлсэн юм. Бидний хувьд телевиз мэдээллийн шинэ хэрэгсэл төдийгүй амьдралын шинэ соёл, бас шинэ хэмнэлийг бий болгосон. Санаж байна уу, эхэндээ Монгол телевиз, Орбитын нэвтрүүлэг хоёр ээлжилдэг, тэгэхдээ Монгол телевизийн нэвтрүүлэг Мягмар, Пүрэв гаригт 18 цагаас, амралтын өдрүүдэд арай эрт эхэлж 20 цагаас “Цаг үе, үйл явдал” мэдээллийн хөтөлбөр гарч 20.30 цагаас уран сайхны кино үзүүлээд өндөрлөдөг байлаа.

    Хэрвээ урьд нь хүмүүс сонин сэтгүүл, ном зохиолыг тус тусдаа, өөр өөр цаг хугацаанд уншиж мэдээлэл авдаг байсан бол телевиз гарч ирснээр монголчууд бүгдээрээ (эхлээд Улаанбаатарт, дараа нь аймаг, сумын төвүүдэд), нэгэн зэрэг, нэг цаг, минутад, нэг гэрт аав ээж өвгөд хөгшид, хүүхдүүд цугтаа, тэгэхдээ яг нэг ижил нэвтрүүлгийг үздэг болов. Ийнхүү телевизийн дэлгэц монголчуудыг мэдээллийн нэг орон зайд нэгтгэдэг боллоо. Үүнийг сонголтгүй, олон ургальч биш, нэг намын, үзэл сурталжсан гэх зэргээр өнөөдрийн өндөрлөгөөс шүүмжлэх амархан хэдий ч тухайн үедээ манай үеийнхэнд шинэ мэдээлэл, мэдлэг өгч, эцсийн дүндээ хөгжил дэвшил рүү залж соёл иргэншилд нэгтгэсэн юм. Тэр үеийн хар цагаан, дүрс дууны чанар төгс биш, хагас дутуу ч хамаагүй нэвтрүүлэг, бичлэгийн секунд бүр өнөөдөр үнэ цэнэтэй. Тийм учраас өнөөдөр Олон нийтийн радио телевизийн архив Үндэсний архивын салбар болсон байна. Монголд телевиз байгуулагдсанаас хойшхи 55 жил буюу бараг нэгэн жаран өнгөрсний тэн хагас нь дангаараа Монгол телевиз буюу одоогийн Олон нийтийн телевизийн түүх юм.

    Өнгөрөгч есдүгээр сараас хойш Олон нийтийн телевизээр нэгэн байгууллага, тэнд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсийг танилцуулж сурталчилсан тусгай нэвтрүүлэг, хөрөг, ярилцлагуудыг гаргаж, нэг ёсондоо аян өрнүүлж байна. Тэр азтай байгууллага бол Монголын үндэсний олон нийтийн телевиз өөрөө юм.  Тэр олон нэвтрүүлгээс нэгийг онцолбол – “Хагас зууны омогшил” нэртэй. Үнэхээр омогшихоос өөр аргагүй тийм түүхийн үнэ цэнэ үлджээ.

    Харин өнөөдөр Монгол телевизийн үргэлжлэл болсон Олон нийтийн телевизийн түүхэн үнэ цэнэ алсран холдсоор байгаа төдийгүй одоогийн үнэ буурсаар байна гэж би хардаг.Үүний хамгийн эхний шалтгаан гэвэл МҮОНТ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа маш олон телевиз, сувгийн зөвхөн нэг нь болжээ.  Хэрвээ хэн нэгэн үзэгч яг одоо өргөн нэвтрүүлгийн 19 телевиз дундаас бусад 18-ийг үзэж байгаа бол тэр мөчид олон нийтийн телевизийг үзэхгүй байна гэсэн үг. Хэрвээ тэр үзэгч нийгмийн сүлжээнд байгаа бол телевиз үзэхгүй байна гэсэн үг.  Сүүлийн үед МҮОНРТ-ийг шүүмжлэх, тойрч хэлэлцэх явдал эрс багассаныг бүгд анзаарсан байх. Энэ бол нэвтрүүлэг нь сайжирсных биш, зүгээр л олон нийтийн телевиз хамгийн чухал биш болсных. Өөр үзэж харах телевиз, суваг, дэлгэц үй түм болжээ.

    Дараачийн шалтгаан. Монгол телевизийг олон нийтийн буюу олонхийн телевиз байх онцгой эрхийг хуулиар олгосон атал тийм үнэ цэнэтэй байх боломжийг өөрөө алдсаар өдий хүрчээ. Нэвтрүүлэг бол уран бүтээл, сэтгүүлчийн ажил, харин хөтөлбөр бол бодлого. Манайд олон нийтийн хэмээх шалгуурыг үндэсний агуулга, уламжлал, соёл, ёс заншил, түүх гэсэн утгаар түлхүү ойлгодог, олон нийт ч тэгэж нэхдэг, бас тэгэж тайлагнадаг. Гэтэл хөтөлбөрийн нөгөө хагас – мэдээллийн хөтөлбөр, нийгэм-улс төр, баримтат нэвтрүүлэг, үйл явдлын тойм, ярилцлагууд тийм шалгуур, шаардлагаас илт хоцорчээ.

    МҮОНТ-ийн хөтөлбөр маш их “арилжаалагдсан” байна. Арилжаа, сурталчилгааны буюу төлбөр, захиалгатай, ивээн тэтгүүлсэн нэвтрүүлгүүд Олон нийтийн радио, телевизийн хуулиар тогтоосон хязгаарлалтаас хэд дахин давж мэдээллийн хөтөлбөр, ярилцлагууд ч түүнд автжээ. Ихэнх сурталчилгаа нэвтрүүлэг хэлбэртэй болсон байна.  

    Үүнийг нотлохын тулд яг одоо МҮОНРТ-ийн mnb.mn сайтад зүүлттэй байгаа нэвтрүүлгийн үнэ, тарифийг гаргаад үзэхэд л хангалттай юм.

    Дараачийн нотолгоо болгож сүүлийн үед Олон нийтийн нэг, хоёрдугаар сувгаар гарсан захиалгат, төлбөртэй нэвтрүүлгүүдээс жагсаав.

    • “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дугаар бүрийн дотоод мэдээний хэргийн төгсгөл хавьд заавал ордог банкууд, гар утасны оператор зэрэг топ компаниудын сурталчилгааны мэдээнүүд. 
    • “Жунсон” компани үзүүлж байна
    • Тэнүүн огоо: Амжилтын гүүр
    • Түмэн шувуут
    • Жайка Монголд…
    • Хөгжилд хөтлөх Хөтөл
    • Хамтдаа түүчээлсэн 30 жил” БГД-ийн ИТХ-ын 30 жилийн ойн баримтат нэвтрүүлэг
    • Зээлийн мэдээллийн үйлчилгээ, зээлжих чадварын оноо (Burenscore ХХК)
    • Хаан банк: “Гайхамшигт аялал” аяны урамшууллын азтан тодруулах
    • Сурталчилгааны баримтат кинонууд
    • МУИС, АШУИС болон бусад байгууллагын тэмдэглэлт ойн нэвтрүүлгүүд
    • Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн нэвтрүүлгүүд гэх мэт.

    Сүүлийн саруудад Олон нийтийн телевизээр “Ногоон сум аян-2022” үргэлжилж байгаа. Үүгээр Голомт капитал, Төрийн банк, Sendly зэрэг компаниуд нээлттэй болж хувьцаа гаргасныг танилцуулан сурталчилж байгаа нь зөв зүйтэй боловч үүний цаана УИД-ын 47 мянган хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг олон жилийн турш хэрхэн хохироож байгааг та үзэхгүй.

    Олон нийтийн телевиз төрийн албан ёсны телевизийн үүргийг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд, УИХ, Засгийн газар, төрийн байгууллагуудын захиалгаар нэвтрүүлэг хийж гаргах, эсвэл тэдний бэлтгэсэн бэлэн нэвтрүүлгийг нь цацах нь ердийн практик болжээ. Төр засаг, төрийн албан тушаалтнуудын ажил албыг үзүүлж харуулах ёстой гэдэгтэй би санал нийлнэ, гэхдээ олон нийтийн телевиз сэтгүүл зүйн зарчмаа үүгээр сольсноор одоо төрийн гурван өндөрлөгийг байтугай ямар ч улс төрчийг шүүмжлэх, илчлэх, эрэн сурвалжлах чадвараа алджээ. Хэрвээ нэр хаяггүй, ерөнхий, хоосон яриагаа тийм гэж үзэж байгаа бол том эндүүрэл.

    Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд олон нийтийн телевизээр гарсан “төрийн” зарим нэвтрүүлгийн жагсаалт (Мэдээллийн хөтөлбөрт орсон тийм мэдээ, сурвалжлага, ярилцлагыг тоочоод ч барахгүй) энэ байна.  

    • “Сүлд” (Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар)
    • “Нэг Монгол” хөтөлбөр (Ерөнхийлөгчийн ТГ)
    • “Хүнсний аюулгүй байдал – хүнсний хувьсгал” нэвтрүүлэг (Ерөнхийлөгчийн ТГ)
    • “Ай ёо” нэвтрүүлэг (“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ)
    • УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс)
    • “Ардын эрх” (УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс)
    • “Нийгмийн бодлогын байнгын хорооноос үзүүлж байна” (УИХ)
    • Нээлттэй засаг (Засгийн газар)
    • “Засгийн газар энэ долоо хоногт” (“MNB энэ долоо хоногт” нэрээр)
    • Асуудал шийдэл (Шадар сайд С.Амарсайханы нэвтрүүлэг)
    • “Алсын хараа- 2050” (Засгийн газар)
    • “Хөгжлийн торлог” (Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөтөлсөн 2016 оны нэвтрүүлгийн давталт)
    • “АТГ-ын мэдээлэл”
    • “Эх орны төлөө”. (Батлан хамгаалах яамны “Дуулга” студи)
    • “Амар байна уу?” (ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба)
    • ХХЕГ-ын нэвтрүүлэг.
    • “Онцгой дуудлага” (ОБЕГ)
    • “Прокурорын цаг” (УПЕГ)
    • ETT Weekly (Эрдэнэс таван толгой) гэх мэт.

    Хэд хоногийн өмнө олон нийтийн телевизээр гаргасан “Ардын эрх” нэвтрүүлгийг TV9 телевизийн сэтгүүлч хөтөлсөн нь наад зах нь ичгэвтэр.  

    Ингэж олон нийтийн телевиз өөрийн байр суурийг төдийгүй үнэ цэнийг алдсаар байна. Цаашид яах тухайд, дарга удирдлагыг өөрчлөхөөс эхлээд Үндэсний зөвлөлийг шинэчлэх, хуулинд өөрчлөлт оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардахын зэрэгцээ хувьцаа гаргаж тодорхой хувийг нь хувьчлах гэх мэт элдэв санаа цухалздаг. Гагцхүү хөтөлбөр, нэвтрүүлгийг ярьдаггүй нь харамсалтай. 

    Өнөөдрийн бодит байдлыг харгалзаж Олон нийтийн телевизийн хөтөлбөрийг дотор нь олон нийтийн ба төрийн гэж зааглаж болох юм.  Хэрвээ манай төрийн өндөрлөгүүд, сайд дарга нар улс орноо залж явахдаа МҮОНРТ-ийг заавал хүссэнээрээ ашиглах шаардлагатай юм бол тэгэхээс дээ. “Өглөө” уран сайхны кинон дээр гардагчлан, жанжин Сүхбаатар Богд хаанд бараалхаад “түмэн олон шавийн тань хэргийг таньд үлдээгээд, төрийн хэргийг бид авлаа” гэдэг шиг, гэхдээ энэ тохиолдолд эсрэгээр. Мэдээж энэ бүтэхгүй, тэд зөвшөөрөхгүй учраас би арай өөр санал дэвшүүлж байна.

    Миний хэлж буй санал хэт “жижиг”, газрын, доод эрэмбийн, бараг л телевизийн дотоод ажилд хамаатай санагдаж магадгүй. Гэхдээ олон нийтийн телевизийг шинэчилж сайжруулахийн төлөө хийгдсэн, хийгдэж байгаа, цаашид хийх хууль тогтоомжийн шинэчлэл, төсөл, хөтөлбөр, томилгоо, судалгаа шинжилгээ, хурал семинар, сургалт, тэрбум тэрбумын санхүүжилтын эцсийн үр дүн, шалгуур нь МҮОНТ-ийн аль нэг сувгаар гарах тодорхой нэр, үргэлжлэл бүхий нэвтрүүлгүүд юм.

    Миний санал гэвэл олон нийтийн телевиз зориглоод, өөрөө толгой мэдээд, дээрээс, бас дороос ч асуухгүйгээр ганц сайн нэвтрүүлгийг санаачлан хийж эхлэх тухай юм. Ямар нэвтрүүлэг байж болох тухайд гэвэл өнөөдөр манай телевизүүд, түүний дотор Олон нийтийн телевиз хүртэл хийж чаддаггүй, монголын телевизийн сэтгүүл зүйн хамгийн муу, хоцрогдсон төрөл зүйл болоод байгаа үйл явдлын тойм хөтөлбөрийг санал болгож байна. Болж өнгөрсөн үйл явдлын тоочоон биш, улс төрийн өндөр түвшний анализ, дүн шинжилгээ, байр суурь, магадгүй өнөөдөр бидний хэлэлцэж байгаа телевизийн урлаг гэж юу байдгийг харуулсан тийм нэвтрүүлэг хийх тухай юм. Үүнийг маш сайн сэтгүүлч, тоймч хийнэ. Даан ч би өнөөдөр Олон нийтийн телевизийн мэдээллийн хөтөлбөр, нийгэм улс төрийн нэвтрүүлэг, ярилцлагууд дээр гялалзсан, зоригтой, амбицтай, бас өөрийн үзэл бодол, байр суурьтай тийм сэтгүүлчийг олж харахгүй байна. Түүнийг дотроосоо илрүүлж хийлгэх, эсвэл гаднаас олох нь Олон нийтийн телевиз өөрөө мэдэх хэрэг.

    Ер нь манайд ямар нэг асуудлыг шийдэх гэж дандаа тэнгэрээс эхэлдэг. Хууль гаргах хэрэгтэй, хууль гарсан байгаа бол сайжруулах хэрэгтэй гэнэ, хурал чуулган хийж зовлонгоо гайхуулж ялархана, дараа нь санхүүжилт нэхнэ ……тэгэсхийгээд замхарна. Харин миний олж анзаарснаар бол аливаа өөрчлөлтийг ганц хүн ч хамаагүй санаачилж, ганцаараа бүрэн хийдэггүй юмаа гэхэд эхлүүлдэг. Хэвлэл мэдээлэлд хамаатай бэлэн жишээ гэвэл Хөгжлийн банкны өр зээлийн асуудлаар Олон нийтийн телевиз хоосон ярьж яриулсаар өдийг хүрсэн бол Зариг.мн нэртэй сайт тэр их өр зээлийг бүр төлүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. 

    МҮОНРТ хагас зуун жилийн түүхээрээ омогшиж байгаа нь сайн хэрэг, гэхдээ одоо урагшаа харж дараачийн хагас зууны үнэ цэнийг бий болгож эхлэх цаг аль хэдийнэ өнгөрчихөөд байна. 

     
  • Д.Цэрэнжав 11:54 pm on 2022.10.26 Permalink  

    Дэлхийн худлаа ба нээрээ газрын зураг 

    Манай дэлхий бөөрөнхий юм бол дээр нь байгаа хүмүүс тал тал тийшээ хазайж, зарим нь бүр толгойгоороо доош харж зогссон хэрнээ яагаад ойчдоггүйн учрыг газар зүйн багш маань дэлхийн татах хүч хэмээн шинжлэх ухаанчаар тайлбарладаг нь дэндүү амтгүй санагдаж миний урмыг хугалсныг мартдаггүй. Яахаараа, яасан гэж, юугаараа татаж тогтоогоод байдаг юм, бүү мэд. Харин глобус аваад хэсэг зуур ажиглахад дэлхий хэмээх бөмбөрцгийн гайхамшгийг мэдрэх шиг болдог. Бас элдэв сонин хачныг анзаарна. Монгол дээгүүр өнгөрөх том онгоцууд тэртээ дээр, тэнгэрт харагдавч глобус дээр бол Улаанбаатар хэмээн өчүүхэн цэгээс ч жижиг хэмжээтэй өндөрт буюу гадаргаас үл мэдэг тасарч нисдэгийг мэдэрнэ.

    Энэ глобус ийм хурдан эргэлдэхгүй ээ. Хорин дөрвөн цагт ганцхан удаа байх ёстой. Надад байгаа нь энэ.

    Уламжлалт газрын зураг дээр улсуудын нутаг дэвсгэрийн жинхэнэ харьцаа алдагдсан нь нууц биш. Дэлхийн бөмбөрцгийг хавтгай дээр дэлгэж буулгахад гажиг үүсч экватороос хойш оршдог улс орнууд хэт томоор дүрслэгдсэн байдаг. Дараах зурган дээр ОХУ (17,0 сая кв.км) ба Африк тив (30,2 сая км.кв) хоёрын талбайг харьцуулахад харахад тов тодорхой харагдана. Орос хэт томорч, хар тив хэт жижгэрчээ. Бараг ижил хэмжээтэй атал Канадыг (9,9 сая кв.км) хэт том, АНУ (9,8 км.кв), БНХАУ (9,6 кв.км) хоёрыг арай л жижгээр зурагласан. Гэтэл Канадаас хэд дахин жижиг Гринланд (2,2 сая кв.км) эн зэрэгцэн тэр дээгүүр томоор шарлаж харагдана. ↓

    Саяхан номын дэлгүүрээр ороход Монголд хэвлэсэн Дэлхийн газрын зургуудын ихэнх хуучнаараа байлаа.

    Ийм зургууд гажигтайг бүгд мэддэг ч нэг их тоодоггүй, өөрчилдөггүй. Газрын зураг дээр том харагдах нь бөмбөрцгийн хойт хэсгийнхэнд таалагддаг учраас тэр байх. Тэг дунд нь арал улсаа байрлуулсан япон газрын зураг, улсыгаа оройд нь, тэгэхдээ биднийхээр бол доош харуулж залсан австралийн газрын зураг үзсэн. Юутай ч улс орнуудыг бодит хэмжээгээр харуулсан газрын зураг руу бүх нийтээрээ шилжих цаг болсон баймаар. Зарим жишээ энд байна. ↓

    Монголд хэвлэсэн шинэ газрын зураг овоо зөв болсон ч Канад улс гэхэд дэндүү том хэвээрээ ↓

    Дэлхийн улс орнуудын жинхэнэ хэмжээ энэ. 1980-аад онд Монгол Улс нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд 17-д бичигддэг байсныг бүгд мэднэ. Тэгвэл 1991 онд 2,7 сая кв.км-ыг ЗХУ-аас хүлээж авсан одоо Казакстаныг урдуураа алдаж, бас Антарктид, Гринландыг жагсаалтад оруулснаар бид 20 луу ухарлаа ↓

     
  • Д.Цэрэнжав 12:27 am on 2022.10.11 Permalink  

    Харах өндөр 

    2022.10.10.

    Үйл явдлыг тэртээ холоос, эсвэл хожим үгээр, зургаар дүрсэлж болдог. Харин гэрэл зураг, дүрс бичлэгийн тухайд сансрын пуужин, далайн ёроол уруу шумбагчаар камер илгээж, бас эмнэлэгт хүний биед дуран шургуулж гэдэс дотрыг зурагладаг болсныг эс тооцвол үгүй. Уртаас урт татдаг дуран ч барилгын цаад, уулын оройг давж өнгийхгүй учраас биеэр очихоос өөр аргагүй … байлаа.

    Дрон гарч ирээд хувьсгал хийж байна. Эзэн нь газар дээр үлдээд дээш нь камер нисгэдэг болсноор телевизийн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага, уран сайхны болоод баримтат кино, реклам сурталчилгаанд гээд бүгдэд дроноор авсан зураг, бичлэг ердийн зүйл болжээ.

    “Монголын баялаг 330”. Монгол орны 21 аймгийн ийм тоотой сум тус бүрийн байгаль, археологи, түүх, соёлын дурсгал, соёлын өвийг сурталчилсан энэхүү цуврал нэвтрүүлэг зүүн хязгаар – Дорнод аймгийн Халхголоос эхлэн бусад сумдаар тойрч, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, гуравхан сумтай Говьсүмбэрийг гүйцээгээд гэнэт баруун тийш шилжин Говь-Алтай аймгийн сумдаар үргэлжилж байна. Нийт 330 дугаар гарах нь. Дугаар болгон эхэлж төгсөхдөө илүү дутуу баахан нуршиж Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүний нэр, хөрөг, сургаалийг залхтал шургуулснийг үл тоож чадвал сум сумын газар нутаг, хүн чулуу, буган хөшөө, сүм хийдийн туурийг эргүүлж тойруулахаас цэлийтэл дэлгэж чанх дээрээс харуулдаг сонирхолтой нэвтрүүлэг. Энэ бол дрон. Тал дунд ганцаар торойсон эртний чулуун хөшөө, өвсөн дунд цацагдсан туурийн чулуунуудыг өдөр бүр хардаг нутгийн хүн, бас ганц удаа үзээд өнгөрсөн замын хүний ой тоонд үлдсэн тэр дүр зургууд энэ удаад ондоо. Харах өнцөг гэдэг шиг огт өөр харах өндөр. Мянган жилийн өмнө тэр нэгэн чулууг үхэр тэмээ хөллөн хаа нэгтээгээс чирж авчран зорж балбасан бүтээгчид өөрсдөө ч хараагүй тэр өндрөөс бид харж байна.

    Дугаар бүр тухайн сумын төвийг дээрээс нь дроноор харуулахаас эхэлдэг. Төрийн далбаагаа мандуулсан захиргааны барилгыг (одоо бүгд нутгийн удирдлагын ордон нэртэй болжээ) шууд нүдэнд тусч амархан олддог. Урд талд нь морь, бөх, эсвэл нутгаас төрсөн алдартны хөшөө заавал байна. Дэргэд нь голдуу хоёр давхар сургууль, соёлын төв, холбооны газрыг бүчсэн антеннууд, хэдэн байшин, бусад нь хашааны айлууд. Гэхдээ 70,80 жил хөгжсөн гэхэд зарим сумд арай арай… Байшин барилга цөөн, байгаа нь навтгар гэсэнгүй, эмх цэгцгүй, замбараагүйг хэлсэн юм. Сумын төвийг эргэн тойронтой нь хайр найргүй хэрчсэн замууд. Энэ бүгдийг дроноор бүртгэж хэмжээд юм бодвол зохистой.

    Хөдөөний сумд гэлтгүй хотын хажуугийн Тэрэлжийн хөндийг дрондоод, миний очоогүй сүүлийн хоёр гуравхан жилийн дотор аялал жуулчлалын бааз, resort гэгдэх гэр, байшингуудаар дүүрснийг мэдэж дуу алдлаа. Хоёр талын уулын ам, булан тохойнууд хүртэл пиг. Энд тэнд зай талбай үзэгдэх авч нэгийг ч үлдээлгүй хашаалаад авцгаажээ. Монголд аялал жуулчлал аймаар хөгжих гэж байна.

    Тэрэлжийн таних тэмдэг болсон Мэлхий хад. Бодвол галт уулын дэлбэрэлтээр хэсэг халуун лаав энд шидэгдэж царцаад, 60-70 сая жилийн турш халуун хүйтэнд харшиж заадас, завсар үүсч хэмхэрсээр дэвхэж цовхочдог энэ амьтны хэзээ ч үл хөдлөх чулуун төрлийг олжээ. Сурталчилгаан дээр зөвхөн зүүн талаас нь мэлхий төрхөөр зурагладаг учраас цул харагддаг, харин дроны дуранд өнөө маргаашаас хэтрэхгүйгээр лав гурван хэсэг салж нурж мэдэхээр харагдсан тул гэнэт түгшлээ. Хэрвээ Мэлхий хад нурвал үзэмжгүй чулуун овоолго болно. Нэгэнт үйрч буй хад мэдээж хэзээ нэгэн цагт нурна, эхлээд оройд нь дэнжигнэсэн шовгор хэсэг наран мандах зүгт салж нүргэлэн ойчино, дараа нь мэлхийн хоёр хондлой задарна, гэхдээ энэ Засгийн үед лав үгүй, гэнэт маш хүчтэй газар хөдөлж сүйрүүлчихгүй бол багаар бодоход ганц хоёр мянга, магадгүй хэдэн сая жилийн дараа гэдгийг ухаараад тайвшрав.

    Мэргэжлийн байгууллага гэсэндээ үүнийг айхтар мэддэг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Мэлхий хадны орчимд сул үлдсэн 3,5 га газрыг компаниудад олгож аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний цогцолбор гэгчийг байгуулах тендер зарлажээ. Ирэх хавраас ажил эхэлж автомашины зогсоол, дэлгүүр, үйлчилгээ, хоолны газар, бие засах газруудыг барих ажээ. Дараа нь зориулалтыг өөрчилнө, барилгаа томсгоно, өндрийг нэмнэ, газраа тэлнэ, урд хойгуур нь тойруулаад хаус, хотхон сүндэрлүүлэх нь гарцаагүй. Энэ бол дархан цаазат Богд уулын амуудад туршиж төгөлдөршүүлсэн Байгаль орчны яамны брэнд арга болой. Яг одоо ч Мэлхий хадыг элдэв гэр болон байшин баазууд хэдийнэ бүчсэн ба холгүйхэн тус яамнаас зөвшөөрөл олгоод 6 давхар зочид буудал, бас бусыг бариулж байх юм. Удалгүй энэ их шавааралдаан дунд Мэлхий хад хашигдсаар үзэж харах олон объектын нэг төдий болох нь. Байгаль дэлхий энэ хадыг орчин тойронтой нь, унаган төрхөөр нь дахиад ганц хоёр сая жил хэвээр хадгалж чадах байхад манай Байгаль орчны яам зөвшөөрөхгүй гэж байна.

     
  • Д.Цэрэнжав 1:10 am on 2022.08.31 Permalink  

    Эсэргүүцэл 

    2022.08.30.

    Дээлтэй хэрнээ дахиад нэгээр зузаалсан шинэ сайдуудын дундаас Улаанбаатар хотын газрын эрлэг Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн хоёр миний анхаарлыг татав. Эхнийх нь нийслэлийн төвд оршдог Автобус 3-ыг хотын зах руу хөөлгөөд, суларсан газрыг худалдаж аваад 30 давхар олон блок барилгын суурь ухаж эхэлснийг зэргэлдээх оршин суугчид эсэргүүцэж тэмцээд баралгүй дийлдэв бололтой. Хоёрдахь нь Чингэс зочид буудлын ард, Сэлбэ голын эрэг дээр тус бүр 25 давхар 8 орон сууцыг барилгын зөвшөөрөл авалгүй босгоод талдаа оржээ. Тэр хоёрын ширэн нүүрлэдэг чадварыг Ерөнхий сайд нь ашиглахаар шийдсэн биз. Нэг нь уул уурхайн тусгай зөвшөөрлийг цацаж өгнө, нутгийн иргэд эсэргүүцвэл төрийн өмнөөс салаавч үзүүлнэ, нөгөө нь энэ өвлийн эрчим хүчний дутагдлыг … яахыг бүү мэд, юутай ч хууль бус барилгуудаа цахилгаан дулаанд онц эрхтэйгээр холбуулна. Сайдын барилга тул хөл алдан гүйлдэнэ.

    Физикийн ухаанд эсэргүүцэл гэж ойлголт байна. Аливаа биет нөгөө биетэд хүрэх юмуу түлхэхэд цаадах нь хариу үзүүлдэг тухай Ньютоны гуравдугаар хууль ч гэдэг. Хана руу бөмбөг шидвэл ойно, биеэрээ мөргөвөл гэдэргээ ойчиж мэднэ. Бид газар дээр зогсоод дэлхийг 60,70,80 кг жингээр доош дарж байгаа бол дэлхий биднийг тэр хэмжээгээр тулж байна гэсэн үг. Эсэргүүцээд өгөх ямар нэгэн хатуу дээр гишгэж байж бид тогтоно. Усанд живж, намагт шигдэж буй хүн үүнийг төгс ухаараад дуусдаг байх …

    Нийгэм ч бас ялгаагүй. Эрх мэдэлтэй, бусад нь дагах үүрэгтэй хүн ч эсэргүүцэлтэй тулгарах ёстой. Түүний амнаас гарсан хий, чичилсэн үйлдэл болгоныг бүгд дагаж намираад байвал юу болохов. Тэгээгүй учраас Хүрэлсүх гэдэг хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор санагдаж, үүний тулд “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр иргэд, байгууллагын цахилгааныг хэдэн жилийн турш төлүүлснийг бүгд талархан дагалаа гээд амьдрал сайжраагүй, бизнес сэргээгүй, ирэх өвөл нийслэлд лаа, шүдэнзний асуудал яригдаж мэдэхээр болжээ. Их наядаар хэмжигдэх тэр их мөнгөөр шинэ цахилгаан станц барих байсан юм.

    Нийгэмд эсэргүүцлийг сөрөг хүчин, шүүмжлэл, жагсаал цуглаан, ажил хаялт гэх мэтээр төсөөлдөг. Бас янз бүрээр хүлээж авдаг. 2000 оноос өмнөхөн сэтгүүлчид УИХ-ын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдоржид хандан “Танай ардчиллынхан төр барьж байгааг ард түмэн маш шүүмжилж байна ш дээ ” гэхэд хариулсан нь: “Тийм ээ, гэхдээ ард иргэд биднийг шүүмжилж байна гэдэг чинь эд нар чадах юм байна, эд нарыг сайн загнаж байгаад хийлгээд авья гэж итгэсэн хэрэг, хэрвээ бидэнд итгээгүй бол нүүрээ буруулаад дуугүй суух байсан” хэмээн золигтсон билээ. Даанч дараачийн сонгуулиар ард түмэн бодлоо өөрчилж АН-ыг төрөөс хөөж явуулсан. (Арваад жилийн дараа Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн даргад санаархаж байгааг нь сөрөг хүчин шүүмжлэхэд “Тийм ээ, миний хувьд дарга гэдэг бол ажил. Би ажил хийнэ” хэмээн хэгжүүрхсэнийг санав)

    Сүүлийн үед манай эрх баригчдын ярьж хэлэхийг сонсоход Монгол Улсад эсэргүүцэл дэнджээ. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж стратегийн томоохон бүтээн байгуулалтыг “аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн” тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэгтэй болгожээ. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэдэг нь Эрүүгийн хуулийн зүйл анги бөгөөд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Шоронд цоожлоод орхихгүй, төлүүлнэ. Үүнийг ард түмэн аймаар дэмжиж, энэ тухай мэдээний дор шууд цаазлаад өгөхийг шаардсан сэтгэгдэл үлдээж байгаа.

    Хууль зүйн сайд Х.Нямбаатар шууд ажилдаа орж, “Алдагдсан боломжийн 80 их наядыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх ёстой” хэмээн ярилцлага өгчээ. БНХАУ руу нүүрс тээвэрлэх Гашуунсухайтын төмөр замыг гацаасныг хэлж байна. Нэхээд авдаг бол сайхаан. Яаж тооцсоныг мэдэхгүй ч Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц асар их энэ мөнгийг түүнтэй хамт төлөлцөх талууд бий. Х.Баттулгыг 2004 онд УИХ-ын гишүүн болгож 2008 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлэн томилуулж гацаах ажлыг эхлүүлсэн Ардчилсан намыг хэлж байна. Х.Баттулга хэн гэдгийг мэддэг хэрнээ бүгд эрх мэдэл, албан тушаал дээр найрлаад сөхөөгүй байцгаасан. Тэр хүн улс орноо хорлон сүйтгэсэн нь тодорхой байтал 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж сонгуулсан Ардчилсан Нам.

    2016 онд Монгол Ардын Нам төрийн эрхийг авснаас хойш бүхэл бүтэн зургаан жил өнгөрлөө. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гуравны хоёрыг бүрдүүлдэг МАН-аас гарсан УИХ дарга, Ерөнхий сайд хоёр Х.Баттулгатай нийлж, Гашуун сухайт руу 267 км төмөр замыг барьж дуусгахын оронд Эрдэнэс Таван толгойн хамаг мөнгөөр Зүүнбаян зүгт 416 км замыг төрийн нууцад оруулж байгаад (одоо ч нууц) шинээр бариулсан. Тэгэхээр дээрх 80 тэрбумын ихэнхийг Ардчилсан нам, бас 2016 оноос Г.Занданшатар, У.Хүрэлсүх, дараа нь Л.Оюун-Эрдэнийг мөн дэвшүүлж хамсаатан болгосон Ардын нам хоёр хамжаад төлөлцөх боломжтой. Хоёр намын гишүүдийн тоо нийлээд 300 мянга гэж тоолбол нэг гишүүнд нэг гишүүнд 200-300 мянгаас илүүгүй ноогдох нь. Намд орж улс төр хийлцсэн хүмүүст хариуцлага гэж байх ёстой мэт.

    Гэвч Х.Нямбаатар сайд том том бүтээн байгуулалтыг саатуулагчаар улс төрийн нам бус, “иргэний нийгэм, ард түмний нэр барьсан хэн нэгэн” гэж зарласан. Тэдгээр “хэн нэгнийг” тодруулж намнах кампани ч өрнөлөө. Хамгийн эхнийх нь усан цахилгаан станцуудыг саатуулсан хэрэгт бараг яллагдаад байгаа “Оюутолгойн хяналт” ТББ-ын Д.Сүхгэрэл. Хамгийн том жишээ нь Эгийн голын усан цахилгаан станц. Сэлэнгэ мөрний сав газарт УЦС баривал Монголд хэрэгтэй нь үнэн. Гэхдээ тэр нь дэлхийн хамгийн том цэнгэг усны нөөц болсон Байгаль нуурыг тэжээдэг учраас тэнд эрсдэлтэй нь бас үнэн. Тийм учраас ОХУ Монголоос орж ирдэг Сэлэнгэ мөрөн дээр УЦС бариагүйгээр барахгүй, холгүйхэн Гусиноозёрскийн нүүрсний цахилгаан станцыг байгуулсан нь манай хамгийн том 4-р цахилгаан станцаас том буюу 1190 МВт-ын хүчин чадалтай, бид тэндээс нь өвлийн оргил ачааллын үеэр цахилгаан авдаг.

    Хэрвээ манай төр засаг үнэхээр УЦС барих зорилго тавьсан бол энэ олон жилийн турш ОХУ-тай яриа хэлэлцээрт орох байсан, магадгүй эрчим хүчнийхний ярьдгаар “тохируулгын үүрэгтэй”, арай бага чадалтай станц нэгийг бариад үзэж болох байсан. Их хэмжээний газар нутаг, малын бэлчээр, ой мод усанд автахыг ч бодолцоод. Харамсалтай нь тэгээгүй. 1990-ээд сүүлээр Малайз, Чехийн хөрөнгө оруулагчдын хооронд төөрүүлсэн нь улс төрчид. Дараа нь шууд л Дэлхийн банкны төслийн мөнгө, Хөгжлийн банкны зээлээр том станцын ТЭЗҮ хийж, бас францын компаниар байгаль орчны үнэлгээ хийлгэхэд оросууд хүлээж аваагүй. Хэрвээ манай нутаг дэвсгэрт хамаатай асуудлаар хятадууд гуравдахь талтай хамтарч шийдчихээд ирж тулгавал бид дуртай байх уу? Аливаа улсад УЦС барихыг эсэргүүцдэг байгууллага хүмүүс заавал байдаг. Манайд ч мөн адил. ОХУ-ын талаас Симонов гэж нөхөр Байгаль нуурыг хамгаалж тэмцдэг, үүнээс болж нутагтаа “гадаадын агент”-аар бүртгэгдсэн, улмаар манайхантай хамтран ажилладаг, тэр нь бичиг цаас, судалгаа, нийтлэл, өгүүлэл, хааяа нэг барьж зогсох бичигтэй хуудас, өргөх бичиг, сайндаа л шүүхээр заргалдах, гэхдээ тэд шийдвэр гаргадаггүй.

    Өнөөдөр Монголд байн байн дэгддэг, Засгийн газраас хуулиар далайлган нэгмөсөн дарж авахыг хүсч байгаа эсэргүүцэл бол уул уурхайн эсрэг орон нутгийн иргэд, малчдын хөдөлгөөн юм. Тэднийг “шантаажчид” гэх мэтээр цоллох дэндүү амархан. Бодит байдал гэвэл нүүдлийн мал аж ахуй ба уул уурхай хоёр жамаараа зөрчилдөж, нэг ёсондоо газар нутаг булаацалдаж байна. Очоод харахад эзгүй сайхан уул хөндий байдаг учраас тэндээс жаахан газрыг ухаж төнхөхөд юу нь болохгүй гэж? Компаниуд тэгэж бодно. Уул уурхайн лицензийн талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Тоогоор бол тийм. Гэхдээ ухсан ашигт малтмалаа пуужинд ачаад эгц дээш хөөргөж зөөгөөд хилийн цаана аваачиж буулгадаггүй, аймаг сум, бэлчээр нутаг дамжуулан тээвэрлэж тал, говийн эмзэг хөрсийг улаан шороо болгохоос асуудал эхэлнэ … Энэ зун бужигнаад намжсан Өмнөговь, Дорноговийн малчдын эсэргүүцэл ийм учиртай.

    Сүүлийн жилүүдийн Монголын хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн нийслэлд өрнөжээ. Энэ бол 2000-аад оны эхнээс Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн газар болон байр сууцнуудын явган зам, цэцэрлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилгын бүх хууль, журам, дүрмийг илт зөрчсөн “зөвшөөрөлтэй” барилга байшин барьж эхлэхэд иргэд, оршин суугчид гарч бужигнадаг “газрын маргаан” юм. Эргээд харахад 99 хувьд нь иргэд ялагджээ. Үр дүн нь өнөөдрийн Улаанбаатарын хэт төвлөрөл, явах газаргүй оршин суугчид, тэг-д дөхсөн түгжрэл, барилга байшин чихэлдсэн Дархан цаазат Богдхан уулын амууд.

    Манайх шиг номхон ард түмэн дэлхий дээр байна уу? Яг өнөөдөр Монголд ямар ч тэмцэл өрнөөгүй. Нэг ч ажил хаялт зарлаагүй. Төр засаг ажлаа хийхэд хэн ч саад болоогүй. Үндсэн хуулийг өөрсөддөө дээл мэт тааруулж өөрчлөөд, түүнийгээ өөрсдөө давхарлаад өмсөхөд нь таг дуугүй өнгөрөөв. Харин Засгийн газар тэртээ дороос “хорлон сүйтгэгч”-дийг илрүүлж гэмт хэрэгтэн болгохоо албан ёсоор зарлаж байна. Тэр иргэний нийгэм гэдэг эрээвэр хураавар, сайн муу бүгд бий, гэхдээ эрх мэдэлтнүүд өөрсдийн чадаагүйгээ чихдэг хогийн сав арай биш байх.

    P.S:
    Японд якуза гэж зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байдаг, ямар бүтэц, хэдэн хүнтэй, толгойлогч нь хэн гэдгийг би хүртэл уншаад мэдчихсэн байхад бүгдийг барьж аваад шоронд суулгадаггүйг гайхдагсан. Гэхдээ хууль бус бизнес, дээрэм, шантаажаар мөнгө олдог тэд ил харагдаад явж байвал хянахад амар, давруулдаггүй, хамгийн гол нь төрд сөөм ч ойртуулдаггүй гэж ойлгосон. Манайд тиймэрхүү буруу зөрүү нөхдүүд байхгүй байна гэж байхгүй. Тэд хаагуур явна вэ? Төрийн ордонд, яахав үе үе солигдоод яваад байх шиг санагддаг.

     
  • Д.Цэрэнжав 2:17 am on 2022.07.01 Permalink  

    “Тагнуулын хавтаст хэрэг”-ийн цаана 

    2022.07.01.

    Өчигдөр орой хэд хэдэн телевизийн оргил цаг руу хөтөлбөрт зарлагдаагүй нэгэн нэвтрүүлэг дайрч орлоо. Зөвхөн их мөнгө, эсвэл том эрх мэдэл ингэж чаддаг. Энэ удаад Монгол Улсын хамгийн эрх мэдэлтэй хүн – Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэлд байдаг онцгой нэгэн байгууллага ба төрсөн ахынх нь “Херо энтертэйнмент” хамтарч бүтээсэн “Тагнуулын хавтаст хэрэг” баримтат нэвтрүүлэг. Эхлэлийг хармагцаа, саяхан шүүхээс 10 жилийн ял авсан “энэтхэгийн тагнуулч” Ч.Мөнхбаярын тухай гэж бодтол үгүй, харин арваад жилийн өмнө Хятадын нууц албаны саварт атгуулсан өөр нэг залууг манай сөрөг тагнуулчид удаж төдөлгүй илчилж суулгасан тухай ажээ. Энэ түүхийг сонирхуулахаас илүүтэйгээр гадаадын тагнуулын байгууллагын урхинд орж эх орноосоо урвахаас сэрэмжлүүлсэн нэвтрүүлэг. Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан Равдангийн Болд, тэргүүн дэд дарга асан Доржготовын Чимэд-Юндэн, бас нэгэн сэтгэл зүйч хүүхэн гурав ой тойнд ортол хэлж өгөв.

    Өнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ. Тухайлбал, оросын талын этгээдүүдийг зогсоо зайгүй илчилж барахгүй байна. Хамгийн том нь Халтмаагийн Баттулга гэгч Путины даалгавраар төмөр замыг хэрхэн гацааж улсаа хорлосныг нэр бүхий фэйсбүүкч, твиттерчид арваад жилийн турш хэлж өгөөд байхад аль нэг талд гаргах болоогүй юу, ТЕГ-аа? Түүнийг 2004 оноос монгол төрийн өндөр албанд суулгаж, УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэн залж хорт санаануудаа гүйцэлдүүлэх боломж олгосон АН-ынхан өөрсдөө буруугаа хүлээж нотлоод байгаа. 2022 оны 2-р сарын 24-нээс хойш Орост худалдагдсан, гар хөл нь болсон учраас Украиныг дэмжээгүй гэх дайнч урвагчдыг нэр ус, зураг хөрөгтэй нь дуудан цоллоод зогсохгүй тэдэнд Шенгений, америкийн виз олгож болохгүйг тэдгээр ЭСЯ-дад бололтой анхааруулж, үүгээрээ виз олгож болох жагсаалтанд өөрсдийгөө давхар бүртгүүлээд ч байх шиг. “Шударга иргэд”-ийн уламжлал манайд тасраагүй юм байна.

    Мартсанаас мал мэнд үү гэгчээр Ч.Мөнхбаяр тэгээд хэн байв? Тэрбээр төр засаг, намууд, усан цахилгаан станц, ураны олборлолт, атомын цахилгаан станц гээд юм юмны эсрэг, Афганистанаас хазаруудыг авчрах, өвөрмонголчууд ба оросын буриадуудын төлөө дуу хоолой гаргаж явдаг нэгэн. Өмгөөлөгч Г.Баасангийн ярианаас үзэхэд, энэтхэг этгээдээс 200 сая төгрөгтэй тэнцэх доллар авчээ. Орчин цагт тагнуулын байгууллагууд хэрэгтэй мэдээллийнхээ 70-80 хувийг нээлттэй эх сурвалжаас олж авдагийг Чимэд-Юндэн генерал дурдсан. Тэгэхээр төрийн нууц мэддэггүй Ч.Мөнхбаяраар монголыг тагнуулах хэрэг байхгүй, гэхдээ цаад байгууллага нь Энэтхэгийн тусгай алба мөн бол “гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан” хэрэг үйлджээ. Тэр их мөнгөөр Өвөрмонголын үндэсний үзэл, хэл, соёл, тэрслүү заримыг дэмжсэн ажил явуулсан бол Хятадад таалагдаагүй, улмаар манай дарга нарт анхааруулсан, ингээд манай түүхий эдийг авдаг ганц зах зээл, хямд бараа нийлүүлдэг, зээл олгодог Хятадыг уурлуулж болохгүйн золиос нь Ч.Мөнхбаяр. Хатуу шийтгэж харагдахгүй бол болохгүй. Удахгүй давж заалдана, жилийг бууруулна, хэсэг хугацаанд сууна, тэгэсхийгээд өршөөнө…

    Казахстан улс тусгаар тогтнонгуут Назарбаев гадаад тагнуулын алба байгуулсан тухай мэдээ уншаад дөнгөж салсан Оросыгоо тагнаж гарах нь хэмээн бодож байлаа. Тэгтэл арваад жилийн өмнө Монгол Улсыг Кувейтэд төлөөлсөн элчин сайд Кадырын Сайраан “Алтай” нууц нэртэй казахстаны туршуул болсон нь илэрч, Монгол Улсын Хил хамгаалах газрын дэд дарга, УИХ-ын гишүүн байсан, бригадын генерал Халидалдагийн Жакей баяртай ч байхгүй гэнэт зугтааж Казахстаны цэрэг, тагнуулын том албанд очсон нь тэдний ажлын үр дүн байх. Харин манай сөрөх тагнуулчид барьж авч чадалгүй алдчихсан.

    “Тагнуулын хавтаст хэрэг” баримтат нэвтрүүлэгт Р.Болдын яриаг сонсоход манай гадаад тагнуул гэж байдаг аж. Харь улсад монголын тагнуул ямар нэгэн ажил, бизнесийн халхавчин дор, магадгүй төрд нь шургалаад орчихсон, төвтэйгээ сэмхэн холбоо бариад … гэх бодоход огшмоор шүү. Даанч удахгүй болох наадмын бөхийг тааваараа үзэхгүй, начны найраа, тогтоолын цолыг мэдээд уурсаж харагдах эрхгүй нууц албанд. Яг хаана бол? Бид Европын улс, АНУ, Японыг тагнаж зүрхлэх үү? Бүү мэд. Энэтхэгийг? Бараг үгүй. Африкийн Буркино Фасо юмуу Өмнөд Америкийн Парагвай өөрсдөө тагнаад өгөхийг гуйсан ч бид тоохгүй. Тэгэхээр Орос, Хятад хоёроос өөр хаана байхав гэж бодов.

    Бас нэг зүйл. Тагнуулын ерөнхий газрын сүржин нэр иргэн надад таалагддаггүй. Англи руу Spy биш Intelligency хэмээн боловсон үгээр орчуулдаг болохоос биш. Тагнаж чагнах бол Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиг үүргийн зөвхөн нэг хэсэг, арга хэрэгсэл нь.

    2022.07.03.

    Энэ өдөр Монголын яруу алдарт тагнуулын байгууллагын ажилтны өдөр юм байна. Түүнийгээ тэмдэглэж барьсан нь бас л нууц байж таарна. Хилийн чанадад суугаа нь цээжин дотроо л тэмдэглэдэг байх даа.

     
  • Д.Цэрэнжав 4:49 pm on 2022.06.26 Permalink  

    Даланзадгадын төвийн цэцэрлэг … 

    2022.06.23-24.

    Бараг арван жилийн дараа Даланзадгад хотыг танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байх хэмээн дотроо төсөөлсөөр хоёрдахь удаагаа очлоо. Улсдаа хамгийн баян, Оюутолгойтой, Тавантолгойтой Өмнөговь аймгийн төв учраас тэр. Саяхан нээгдэж гайхуулсан шинэ музей (үлэг гүрвэлийн биш, үлэг гүрвэлтэй музей юм байна), бас театрын сүрлэг барилга музей төвөөсөө зайтай, захдуу босчээ. Чингэс хааныхаас дутахааргүй хэмжээтэй тэр музейг 10 тэрбумаар Оюутолгой байгуулж өгсөн байна. Бас нийтийн орон сууцнууд олноор баригдсан харагдана. Гагцхүү хотын яг төв хуучнаараа, тухайн үедээ Засаг даргын, хурлын даргынх гэж битүү шуугиулж байсан хэдэн өндөр барилга өнгө зүсээ алдсан, нэмж баригдсан хэд нь сонин биш болжээ.

    Уг нь төвийн гудамж талбай цэмцгэр, хог шороогүй аж. Даанч уйтгартай. Зуны үдэш гэхэд зургаа долоон цагаас хөл хөдөлгөөн татарч, дэлгүүр, хоолны газрууд хаалттай. 21 цагаас хойш нээлттэй дэлгүүр хайж баахан тойроод ганцыг олсон. CU, GS25 байтугай ТҮЦ ч харагдаагүй. Амьдралын хэмнэл нийслэлээс өөр учраас даланзадгадчууд эрт амардаг, “манайхан мөнгөтэй, орой болмогц Ланд-аа унаад (арваад жилийн өмнөх шиг лаа хайхаа больж) хавь ойрын амралтын газруудаар тарчихдаг” зэрэг тайлбарууд сонссон ч итгээгүй. Би энэхүү дүнсгэр байдалд хувь нэмэр оруулдаг нэг зүйлийг олж харснаа хэлье. Энэ бол Даланзадгадын төв хэсгийг Нутгийн удирдлагын ордон, Батмөнх даян хааны хөшөөтэй талбайн урдуур огтолсон уртаас урт цэцэрлэгт хүрээлэн юм.

    Урт нь километрээр хэмжигдэх энэ цэцэрлэг үе үеийн өмнөговьчуудын бахархал байх. Бүр 1950-иад онд суулгасан өндөр мод тэмдэглэгээтэйгээ байдаг гэж нутгийн уугуул ярьсныг уртааш нь явж үзсэн надад тааралдаагүй. Муу хайсан биз. Харин хэдэн арван жилийн турш тарьж ургуулсан моднуудын завсар зайгаар модон сандал, ширээ, саравч, усан оргилуур, янз бүрийн тоглоом, хөшөө дурсгал, хогийн сав, элдэв уриа лоозон бүхий пайз, жуулчдад зориулсан самбар, явган зам, тайз, тавцан гээд аль социализмын үеэс эхлэн коммунист субботникоор, төсвийн хөрөнгөөр, хандив тусламжаар бүтээсэн зүйлс пиг чигжжээ. Нэгээхэн хэсгийг гэрэлт гудамж болгосон нь үе үе тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг байх. Хоёр талаараа дээрхэн үеийн бат бөх төмөр хашаа, цемент цутгаж модоор урласан орох гарах хаалганууд. Дутуу юмгүй цэцэрлэгт хүрээлэн. Нэлээд нь муудсан, хазгай муруй хийгдсэн, ховхорсон, эмтэрч хэмхэрснийг ярихгүй ээ.

    Нийслэлийнхээр бол Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг ба Хүүхдийн парк хоёр нэг дор. Хэдий урт боловч дэндүү ихийг чихсэн, дээрээс нь мөнгөтэй болохын хэрээр өөр газарт Соёл амралтын том хүрээлэн барьсан (олж амжаагүй) учраас орхигдсон шинж илт. Тэгээд аймгийн төв хэсгийг огтолсон нь хэвээрээ. Цэцэрлэгийн хоёр талаар нэг нэг урсгалтай тусдаа замуудтай нь сайн хэрэг, гэхдээ энэ хоёр замын нөгөө талд гарахын тулд голд нь орших цэцэрлэгийн орох, гарах хоёр хаалгыг тар нярхийлгэн нэвтэрдэг. Үдэш орой бол тун таагүй. Ингээд Даланзадгадын төв хэмээх нэг орон зай хоёр хуваагдаж “саад”-тай болсон учраас хөл хөдөлгөөн багассаар, хоёр талын дэлгүүр үйлчилгээ татарч, шинээр нэмэгдэхгүй, улмаар төв хөгжихөө больсон мэт. Цэцэрлэгт хүрээлэнгийн шугуй болтлоо чигжсэн модуудыг сугалж цөөлдөггүй юм аа гэхэд тайрч цэгцлэх, зарим хэсгийн хашааг буулгах зэргээр зад татаж дэлгэмээр санагдсан. Гэхдээ энэ бол даланзадгадчуудын мэдэх хэрэг.

    Даланзадын төвийн цэцэрлэг үнэн уйтгартай …

    (More …)
     
  • Д.Цэрэнжав 12:37 am on 2022.05.09 Permalink  

    Үзэл бодол, байр суурийн тухай 

    2022.05.09.

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зориулсан “Хараат бус хэвлэл мэдээлэл: Сэргэх үү, сөхрөх үү?” арга хэмжээн дээр ярьсан санаануудаа сийрүүлэв

    Монголын чөлөөт хэвлэл мэдээлэл 30 насыг давжээ. 1980-аад оны төгсгөл хавьд дарга нарыг, нам засгийг, социализмыг, Сталиныг, зөвлөлтийг шүүмжилж эхэлсэн бол ерээд он гармагц америк, англи, герман багш нар нааш цувж коммунист биш, чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй ямар байхыг сургаж эхэлсэн. Юунаас ч хараат бус байж хэний ч талд орох ёсгүй, мэдээ, сурвалжлага зөвхөн үнэнийг хэлэх үүрэгтэй бөгөөд сэтгүүлч, сурвалжлагч нар үзэл бодлоо шургуулж хэрхэвч болохгүй тухай. Бас аливаа мэдээллийг гурваас доошгүй эх сурвалжаас баталгаажуулах тухай. Маргааш гарах мэдээг тэгж амжих эсэхэд эргэлзсэн нөхдүүдэд тэдний огт үзээгүй BBC, CNN, элдэв Тайм, Таймс-ийг үлгэр дууриал болгоно…

    Өнөөдөр тэр үеийн багш нарын номлол өөрчлөгджээ. (Эсвэл коммунист суртал нэвтрүүлгээс салгах гэж дэгсдүү зааж байсан?). Барууны хэвлэл мэдээлэл чөлөөт, хараат бус шошгоо орхиж, хэний талд гэдгээ ил тод зарлаж байгаад дураараа болжээ. CNN гэхэд АНУ-ын Ардчилсан намын, харин Fox News гэхэд Бүгд Найрамдах Намын “төв телевиз”. Хэдэн жилийн өмнө Монголд үйл ажиллагаа явуулдаг германы байгууллагын суурин төлөөлөгч, тус улсын нэр бүхий сонинууд улс төрийн үзэл бодлыг нь дэмждэггүй учраас Трампын мэдэгдлийг нийтлэхгүй байхаар шийдсэн гэж зөвтгөн тайлбарлаж билээ.

    Дүгнэлт гэвэл, хувь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын чөлөөт, хараат бус эсэх нь туйлын харьцангуй ойлголт. Эзнээсээ, санхүүжиж байгаа реклам сурталчилгаанаас, ядахдаа өөрөөсөө хараат байж таарна. Сэтгүүлч хүн үйл явдлыг зөвхөн бүртгэгч биш, протокол хөтлөгч биш, минут секунд алдахгүй дамжуулж суудаг камер ч биш. Сэтгүүлч бол үзэж сонсож уншсанаа өөрийн тархиар шүүж өөрийн үгээр илэрхийлэн өөрийн нэрээр түгээдэг хүн. Редакци мөн адил. Тэгэхээр чөлөөт хэвлэл мэдээлэл гэж байдаг уу? Байдаг, энэ бол тогтолцооны ойлголт бөгөөд баруун, зүүн, үндсэрхэг, либерал, коммунист, хуучинсаг, маргинал цөөнхийн, явцуу, эсэргүү, тэрслүү гэх мэт өөр өөрийн өнцгөөс хардаг олон ургальч хэвлэл мэдээллийг хэлнэ. Хэний ч талд орохгүй байх, бас орох эрх чөлөө багтана.

    Саяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм)

    Олон нийтийн уламжлалт мэдээллийн хэрэгслүүдэд үзэл бодлоо илэрхийлэх, үнэлж дүгнэх эрх чөлөө хумигдсаар байх шиг. Зарим үгийг хэрэглэвэл буруутдаг болсон. Political Correctness, Cancel Culture, Inclusive Language зэрэг үзэл суртлын зарчмууд чимх чимхээр нэвтэрч байна. Хүний эрх, ЛГБТ, жендерийн тухайд бол дуугарахгүй байвал танд өлзийтэй. Цаана чинь Зөрчлийн хууль, ард нь Эрүүгийн хууль хүлээж буй. Нийгмийн сүлжээнд нуугдаад ч нэмэргүй. Саяхан нэг ээж Монгол Улсын консерваторид охиноо шалгуулсны хариу ил тод биш байсныг шүүмжлээд, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд “цахим орчинд сургуулийн талаар сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд шүүхийн шатанд шилжинэ” гэсэн заалт орсныг тэсэлгүй дэлгэжээ.

    Сэтгүүлчид яахав, Монгол Улс амаа хамхижээ. Украины асуудлаар ганц илүү үг дуугараагүй, зөвхөн дайн дуусахыг ерөөж, НҮБ-д санал хураахад түдгэлзэж чадлаа. Өөр арга алга. Саяхан Японы Гадаад хэргийн сайд айлчлахдаа манай улсыг ОХУ-д шахалт үзүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ. Гэтэл бид яг одоо хямд бензинтэй байх, ирэх өвөл хотоо хөлдөөхгүйн тулд эрчим хүчийг Оросоос бүр ихээр авах хэрэгтэй. Хятадын тухайд бол Монгол Улс аль хэдийнэ амаа гар хөлтэйгээ үдүүлсэн. Урд хөрш таалаагүй тул монголчуудын бурхны шашны дээд Далай лам Монголд дахиж ирэхгүй. Өвөрмонголчуудыг ингэлээ тэглээ гэж үе үе цаас барьж жагсдаг сэтгүүлч Ч.Мөнхбаяр шоронд суугаа. Урдаас контейнерууд орж ирэх, урагшаа нүүрс гарах нь тэрбум, их наяд дахин чухал учраас тэр байх. Түүний тагнасан (үнэхээр тэгсэн бол), бас тагнуулсан улсыг нэрлэж ч зүрхлэхгүй. Арваад жилийн өмнө Ц.Жаргалсайхан нэртэй оросын тагнуулыг барьж аваад зарлаж чаддаг байлаа.

    P.S:

    Өнөөдөр манай хэвлэл мэдээлэл төр засгаа дагалаа. Барууныхан шиг Оросын халдан довтолгоо, эсвэл оросууд шиг Тусгай ажиллагаа гэж нэрлэхгүйгээр, Украины үйл явдал, геополитикийн хурцадмал байдал гэр мэтээр бөөрөнхийлж хоёр талын эх сурвалжийг хольж хутгаад хэний ч талд ороогүйгээр харагдаж сурчээ. Харин нийгмийн сүлжээнд манайхан нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлж байна. Урьд нь ямар ч асуудлаар ингэж ширүүн зөрчилдөж, үзэн ядахдаа тулж байсангүй. Миний ажигласнаар Украиныг дэмжиж Оросыг эсэргүүцсэн монголчууд хамаагүй хүчтэй, гарцаагүй дийлж явна. Өчигдөр Улаанбаатар хотод Жуковын музейн дэргэд Бессмертный полк арга хэмжээ болж, өнөөдөр фашизмын эсрэг ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын өдрийг нэг хэсэг нь тэмдэглэж, нөгөө хэсэг есөн шидээр гутааж чадлаа. Олон нийтийн телевиз тэднээс айгаад “Цагийн хүрд”-ээрээ анх удаа мэдээлсэнгүй. Манай тусгаар тогтнолд шууд хамаатай онцгой үйл явдал юмсан. Украин бол тэдэнд шалтаг төдий. Ядахдаа ганц энэ өдөр Оросыг муулахаа завсарлаж түр амсхийгээд маргааш өглөөнөөс цовоо сэргэлэн үргэлжлүүлэх болов уу гэтэл тэгсэнгүй…

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel