Updates from May, 2018 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 0 on 2018.05.16 Permalink | Reply
    Tags:   

    Монгол сэтгүүлч 

    2018.05.16.

    Туулын эрэг дээр барьж буй хууль бус барилгын эзэн, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “25-р суваг телевизийн “Ам нээвэл …” нэвтрүүлэгт орсныг сонсоод хотын энэ улс төрчийн карьер ерөнхийдөө дууслаа гэж бодсон шүү. Гэтэл…

    Уг нь Г.Мөнхтуул сайн сэтгүүлч. Даанч энэ удаагийн ярилцлагын асуултууд Туулын эрэгт ганц барилга арайхийж буулгасан тухай өгүүлбэрээсээ эхлээд буруу зөрүү, байн байн хариулт дэвсэж өгсөн, бүгд мэддэг баримтуудыг шууд асууж зүрхлээгүй, нэг ч тоо, нэр, га, огноо нэхээгүй. Хэрвээ сэдвээ судалсан бол Зайсан толгойн энгэрийг “Оюуны ундраа” хэрхэн хэдийд авсан, яагаад шүүх зарга болсон, тэр барилгууд нь хуулийн аль заалтаар зөвшөөрөгдсөнөөс эхлээд 2016 онд нийслэлийн ИТХ-аас тогтоол гаргаж Туул голын хамгаалалтыг бүсийг өөрчлөхдөө С.Амарсайханы барилгын урдуур байсныг хөдөлгөж араар болгосноор барилга барьж буйгаа зөвтгөх нэг боломжийг олгосон, одоо яагаад хууль зөрчиж барьсаар байгааг асууж тодруулах байсан юм. Нэгэнт тэгэж чадаагүйгээс хойш цаадах нь өөрийгөө хууль, шударга ёсны билэг тэмдэг, авлигын эсрэг тэмцлийн манлайд өргөмжилж, дундуур нь баахан барьцаа, шантааж шургуулсан төдийгүй хууль бус барилгыг нь бараг баталгаажуулсан ярилцлага болчихов.

    Тэрүүхэн хэсгийг сийрүүлбэл,

    Сэтгүүлч: Туул голын  бургасыг бас тайраад л одоо барилга бариад эхэллээ гэдэг асуудал бас яригдаад л байсан. Хамгийн сүүлд гэхэд л Туул голын эрэг дээр барьсан барилгыг  цагдаатайгаа нийлээд нураах гэж нэлээн бараг УИХ-ын түвшинд ярьж байж арай гэж нэг юм эхлэх шиг болсон. Тэхээр энэ асуудал дээр цаашдаа ер нь Туул голын бүсийг хамгаалах асуудал дээр Хотын захиргаа яаж анхаарах юм?

    С.Амарсайхан: Туул голын бүсийг хамгаалах асуудал дээр тал талаас нь анхаарах ёстой бодлого шийдвэрийг нь нэгтгэх ёстой.  Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг үг байдаг. Анхнаасаа энийг  бодлоготой төлөвлөгөөтэй зохион байгуулалттай

    Сэтгүүлч: Газрын нь хууль бусаар олгосон юмаа даа, янз нь

    С.Амарсайхан: Хууль бусаар олгосон гэж би хувьдаа бол ойлгохгүй байгаа. Иргэд хууль бусаар олгоно гэхээр  нэг бол хулгайлаад авахыг, эсвэл хууль зөрчөөд  булаагаад  авахыг хэлдэг байх.

    Сэтгүүлч: Тодорхой албан тушаалтан бас эрх мэдлээ хэтрүүлээд, одоо өгөх ёсгүй газар …

    С.Амарсайхан: Би өөрийн чинь асуултыг бас ерөнхийд нь гадарлаж байна. Над руу чиглүүлсэн асуулт  байх шиг байна. (Сэтгүүлч инээв). Би албан тушаалаа аваад Иргэдийн Хурлын дарга болоод энэ хувийн компанитай холбоотой газартай холбоотой, нийслэлтэй, Туулын голтой холбоотой ямар ч асуудалд  орооцолдоогүй, оролцоогүй

    Сэтгүүлч: Газар олгох зөвшөөрөл өгөөгүй …

    С.Амарсайхан: Зөвшөөрөл өгдөг хүн нь ч би биш, өгсөн ч би авахгүй.

    Сэтгүүлч: Тийм л дээ.

    С.Амарсайхан: Тэр битгий хэл манай олон газруудыг одоо байдаг энэ тэр гээд гүтгээд доромжлоод явж байгаа зүйлүүд зөндөө бий.

    Сэтгүүлч: Таныг  ч бас энэ Туул голын эрэг дээр бас нэг барилга барьсан, барих гэж байгаа асуудал хэл ам яриад л байх шиг байна л даа.

    С.Амарсайхан: Зайсанд барилга барилаа, Туулын голын бутыг хугаллаа, сүйтгэлээ гээд л байгаа.  Тэр асуудал дээр жаахан бодитой мэдээлэлтэй, тэгээд  үндэслэлтэй тодорхой зүйлүүдийг гаргаж яривал уг нь зүгээр байгаа юм.  Миний хувьд бол  бизнес хийгээд явж байсан хүний хувьд хотод нэг ч гэсэн хүнд хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй  нийгмийн бүтээн байгуулалт хийчихий гэж  манай компани үндсэндээ Зайсан хавийн энэ хөрөнгө оруулалтыг хийгээд, үнэхээр амиа бодсон хувиа бодсон бол энэ архины  пиво тэгээд  хуушуурны хогонд дарагдчан байсан  Зайсанг бол  орон сууц бариад  зараад явчихуул  бусдын адил  зараад явчих боломж нь байж л байсан

    Сэтгүүлч: Та газрын зөвшөөрлийг яг ном журмын дагуу авсан уу. Яаж авсан?

    С.Амарсайхан: Ном журмынх нь дагуу, ер нь Байгаль орчны яам чинь  газраа  олгохдоо  байгаль орчны үнэлгээ хийлгэдэг.

    Сэтгүүлч: Зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр?

    С.Амарсайхан: Аялал жуулчлалын чиглэлээр. Тэгээд зөвшөөрлийг нь өгөөгүй байхад  хэн нэг нь очоод тэнд булаагаад нэг сайдынх нь гарыг барьж байгаад  зуруулаад  авсан, эсвэл  Хотын захирагчийнх  нь толгой дээр буу тулгаад авсан юм байхгүй гэж бодож байна.

    Сэтгүүлч: Эсвэл мөнгөөр цохиод авсан ч юм уу тээ …?

    С.Амарсайхан: Эсвэл мөнгөөр худалдаад авсан юм байхгүй гэж бодож байгаа. Буулгана гэвэл Улаанбаатар хотын Туул голын дагуу байгаа  River garden –аас  эхлээд энэ Villa Vista  гээд бүгдийг нь буулгах хэрэг гарах байх

    Сэтгүүлч:  Богдхан уулын орчимд уул нь  аялал жуулчлалын зориулалтаар газар  авчихаад бүхэл бүтэн орон сууцны хороолол барьчихаад тэгээд хэн ч  ямар ч хариуцлага тооцохгүй, тооцуулах ч үгүй гээд сүүлдээ бүр Богд уулыг дархан цаазат  тусгай хамгаалалтын бүсийг  болиулъё,  суурьшлын бүс болгоё гээд ийм асуудал хүртэл яригдаад эхэллээ л дээ

    С.Амарсайхан: Одоо суурьшлын бүс  угаасаа болцон ш дээ. Богд уулын энэ …

    Сэтгүүлч:  Уул нь дархан цаазат газар биз дээ.  Яагаад?

    С.Амарсайхан: Яагаад гэдгийг  анхнаасаа тэр бодлого шийдвэрийг газар өмчлүүлсэн, эзэмшлүүлсэн, хяналт тавьсан гар хөлийн үсэг зурсан нөхдүүдтэй нь эхэлж асуудал ярих. Тэд нараас нь тодруулбал надаас илүү оновчтой хариулт өгөх байх гэж бодож байна. Одоо жишээ нь  Богд уулын орчимд  40 гаруй мянган, бараг  50-иад мянган  иргэд оршин суурьшдаг юм билээ. Орон сууцаа барьчихсан  энэ олон бизнес эрхэлж   байгаа  энэ олон  барилга байшин барьсан ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг бүгдийг нь гэмт хэрэгтэн гээд дуудах гэж  байгаа юм уу. Бүгдийг нь хууль цаазын байгууллагуудаар аваачиж шийтгэж  яллах ёстой гэж яриад  байгаа юм уу, би бол энийг ойлгохгүй байгаа.  Мэдээж Туул голоо  хамгаалах асуудал гэдэг дээр бид хамгаалах  ёстой.  Хамгаалах ажлуудыг хийх ёстой, хийж ч байгаа гэж ойлгож байгаа. Бодитой шийдлээ гаргаад хийсэн ажилгүй, дэмий улстөржүүлж хийрхээд эцэст нь ямар ч үр дүн байхгүйгээр албан тушаалтнууд нь  авилгачид нь улс төрөө хийгээд хожоод явдаг тэгээд их шударга царайлаад  улс төрийн оноо аваад явдаг, ард нь хохирдог хүмүүс нь  аж  ахуйн нэгжүүд, иргэд байдаг ийм дүр зурагтай бид нар  хорин жил, гучин жил явж ирсэн ш дээ.

    Сэтгүүлч: Магадгүй би бас таныг Зайсан орчимд том барилга бариад явчихлаа, энийг  магадгүй  цаашдаа аялал жуулчлалын зориулалтаар биш өөр зориулалтаар ашиглаад  томоохон ашиг сонирхлын үүднээс өөрчлөөд явчихвий гэсэн хардлага байна?

    С.Амарсайхан: Уг нь бол би төрийн алба хашиж байгаа хүн.  Хувийн компанийн талаар өөрийн ч бай, хүний ч бай хүний юм яриад байх тийм шаардлага сонирхол ч байхгүй гэж бодож байгаа. Гэхдээ  нэгэнт яриа энэ тал руугаа орчихсон учраас  хувийн компанитай холбоотой, “Оюуны Ундраа” компанитай холбоотой  төсөл хөтөлбөр бүтээн байгууллалтын … Зайсан хийлгээд  байна  .. Зайсан  Square гээд бий  энэ бол яг л  одоо зориулалтынхаа дагуу үзвэр үйлчилгээ аялал жуулчлалын, тэгээд энэ гадаад дотоодын зочин гийчин  ирээд бас ороод аяга кофе уучихдаг, алжаалаа тайлчихдаг  энд элдэв янзын орон сууц яриад бариад эсвэл  болох бүтэхгүй зүйл хийгээд тавьсан  бол эцэст нь зүгээр  хэлэхэд яг зориулалтаар нь энэ газрыг  ашиглаж байгаа ганц  компани л бий… Бусад нь  эргэн тойрон одоо  бүгд орон сууц  байгааг та хэд ер нь харж байгаа.

     
  • Mongold 0 on 2018.05.15 Permalink | Reply  

    Дархан цаазат Богдхан уул ба Туул голыг Байгаль орчны яамнаас хамгаалах нь 

    2018.05.17.

    Өнгөрсөн хаврын хэвлэл мэдээллийн том сэдэв Их тэнгэрийн эсрэг талд Туулын усанд умбуулах шахам барьж буй орон сууцны хотхон байлаа. Хууль зөрчсөнийг нь Монгол Улсын Их хурлын гишүүд танхимдаа хилэгнэн шүүмжилж, дараа нь газар дээр нь очиж барилгачдыг зад загнахдаа хэвлэл мэдээллийн десант буулгасан ч зогсоож дийлсэнгүй. Улаанбаатарын төвийн урдуур буюу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх хэсэгт гэхэд хашааныхаа хаалгаар огцом гарвал шууд шумбаж мэдэхээр тийм ойрхон амины орон сууцууд, эрэг дагуу хэдэн зуун метр, километрээр нь өмчилсөн хашаа, барилгуудаар дүүрч байна. “Сөөг моддын нэгийг түшээд” биш, өрөөнийхөө цонхоор Туулын урсах чимээг чагнаж суух азтай эрхмүүд аль хэдийнэ төвхнөжээ.

    Төстэй, гэхдээ багавтар дуулиан бол Богдхан уулын Зайсан толгойн барилгуудын дундуур шургалахыг оролдсон нэгэн төмөр каркас, түүнийг хэд хэдэн оролдлогоор арайхийн буулгасан явдал юм. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны тэр олон барилга бүгд хууль бус. Өөрөөр хэлбэл, Зайсан бол Монгол Улсын байгаль орчны хууль журам, дүрэм хэрхэн дампуурч ирсний хамгийн том дурсгалын цогцолбор. Бүр Үндсэн хуулийн цэц нь тэнд бууриа хатгаж хамгаалалтандаа авсан гэж байгаа…

    Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, дархан цаазат газарт зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж цагаан дээр хараар бичжээ.  Тэгээд Зайсангийн амыг дахин нэг эргүүлж тойруулан харцгаая. Манайхан аялал жуулчлал, судалгаа шинжилгээг үнэхээр агуу хийдэг болсон байна. Түр буудаллах Сарнайх хотхон, Viva, Royal отог гээд л … Бүгд аялал жуулчлалын зориулалтаар авсан газар дээр баригдсан. Тэгвэл Монгол улсын “Жуулчны баазын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS-4934-2002  стандартаар баазуудын хоорондын зай 10 км байхаар заажээ. Зайсангийн аманд нэг л багтах учиртай.

    Гэхдээ энэ бүхэн өнгөрсөөн. Голын хамгаалалын бүс, дархан цаазат уулын нэг ч барилгыг буулгахгүй. Саяхан 28 газар эзэмших эрхийг цуцалсан нь зөвхөн шинээр баригдах барилгуудад хамаарах биз. Гуравдугаар сард Засгийн газраас ажлын хэсэг гаргаж Зайсангийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг нь өөрчлөхөөр бэлтгэж байна. Өнөөдөр Яармагийн урд дэнж тэр чигээрээ барилгын талбай болжээ. Уг нь дархан цаазтай хэвээрээ юмсан.

    Ийм учраас хууль зөрчсөн барилгын эздийн хөх инээд нь хүрч байгаа. Өнгөрсөн долоо хоногоос сөрөг довтолгоонд орж тэдний дуу хоолой нь хэвлэл мэдээлэл болжээ. “Зайсан, Туул голд зөвшөөрөл өгсөн албан тушаалтнууд буруутай”, “Туул голыг хамгаалах нэрийн цаана ямар эрх ашиг нуугдана вэ?”  гарчгуудын цаана “Байшин барих зөвшөөрлийг нь төр засгийн байгууллагаас өгчихөөд, тэр дагуу бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтаа хийгээд, ажлаа эхлүүлээд явж байхад нь хэн дуртай нь очоод хувийн хэвшлийнхэнийг дарамталж, сүрдүүлдэг энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ?” гэх мэтээр. Тэгээд буулгах бол бүгдийг нь буулгаарай, ганц нэгийг битгий онилоорой, бүгдэд нь нөхөн төлбөр өгөөрэй гэж даапаалж байна.

    Хууль зөрчсөн гэдгийг өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж буй барилгын эзэд, компаниуд яагаад ингэж пээдийнэ вэ гэвэл тэд  бүгд үнэхээр албан ёсны зөвшөөрөлтэй. Энд л хэргийн учир байгаа юм. Энэхүү “зөвшөөрөл” бол байгаль орчны яамнаас эхлээд нийслэл, дүүрэг, ерөнхий төлөвлөгөө, газрын алба, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар, сав газрын ба хамгаалалтын захиргааны хамтын бүтээл юм. Гэхдээ яам тэргүүлнэ. Хялбархнаар зураглавал,

    Хамгийн эхлээд Байгаль орчны сайд зөвхөн газрыг нь олгосон. Алгын чинээ газар. Богдхан ууланд хүмүүс амарч зугаалахад тусалж буян үйлдэх маягийн тайлбартайгаар. Эсвэл байгаль хамгаалахыг сурталчлах түр ТҮЦ барих зориулалтаар. Хожим тайлбарлахдаа: Би аялал жуулчлалын зориулалтаар жоохон газар олгосон, цаашаа юу болсныг мэдэхгүй ээ …

    Дараачийн сайд, эсвэл албан тушаалтан өмнө олгосон газрын хэмжээг нэмдэг. Хожим: Би газар олгоогүй ээ.  Газар нь юм хийхэд хүрэхгүй байна гэхээр нь жаахан нэмж өгсөн. Бүтээн байгуулалтыг дэмжсэн…

    Гуравдахь албан тушаалтан газар ашиглах хугацааг сунгадаг. Дархан цаазат газрыг газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулдаг. Хууль зөрчвөл сунгахгүй байх эрхтэй ч хэзээ ч тэгдэггүй. Хожим: Би газар олгоогүй, зөвхөн хугацааг нь сунгаж өгсөн.  Анх олгосон хүмүүсээс нь асуухгүй юу?!…

    Өөр нэг албан тушаалтан зураг төслийг нь баталж өгнө. Байгаль хамгаалах 100 хаустай хотхон, “түр зориулалт”-ын 10 давхар цамхагийн зураг байсан ч падгүй. Хожим: Тэр хүн өөрийн эзэмшлийн газар дээр юу барих нь надад хамаагүй…

    Дараачийн дарга барилгын ажил эхлэх зөвшөөрөлд гарын үсгээ зурна. Бусад албан тушаалтан зураг төслөө зөрчсөнийг, эсвэл өөрчилснийг зүгээр өнгөрөөж, шугам сүлжээ, эрчим хүчинд холбох зөвшөөрлийг баталж өгдөг. Хожмийн тайлбар: Дээрхтэй адил.

    Гэх мэтээр үргэлжилнэ.

    Ашиглалтанд хүлээж авдаг нь хэзээд бэлхэн. Хожим: Нэгэнт барьчихсан юм чинь гэнэ. Эцэст нь өөр нэгэн дарга үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авна. Хожим: Яах аргагүй хөдлөхгүй хөрөнгө байна ш дээ…

    Энэ бүхэн мөсөн чихрийг долоосоор байгаад, эсвэл хиамыг нимгэхэн зүссээр байгаад дуусгадаг шиг. Хуулийг “зөөлөн хүч”-ний аргаар эд бад хийдэг юм байна. Уг нь мэргэжлийн хяналт гэж хараат бус хүмүүс ажлаа хийх ёстой. Гэтэл тэднийг аажмаар шахаж, ТҮЦ-ны барааны хадгалах хугацаа, хуушуурны махны үнэр шалгахаас өөр үүрэггүй болгожээ. Одоо ямар ч барилгыг ашиглалтанд хүлээж авахад байгаль орчны байцаагчийг оролцуулахаа больжээ. Бизнест саад дарамт үүсгэхгүйн тулд гэнэ. Гэхдээ ямар бизнест?

    Ингээд хууль зөрчсөн тухай ямар ч яриаг “зөвшөөрөлтэй” гэсэн ганц үгээр нам дарна. Буулгах гэвэл “Хувийн өмч!”.

    Энэхүү зөвшөөрлийн сүлжээний толгойд Байгаль орчны яам, бүр тодруулбал сайд өөрөө суудаг. Тухайлбал, Богдхан уулын бүх газрыг аль 2001 оны “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-аар олгосон, одоо ч олгож байгаа гэдэгт та итгэх үү? 2003 онд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн,  аж ахуйн  нэгж,  байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж  болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” өгүүлбэрийг оруулснаас хойш огт гар хүрэхгүйгээр нандигнан ашиглаж байгаа. Хуулиас давсан энэ заалтыг ашиглан компаниудад ашиглах талбайн хажуугаар түүнээс хэдэн арав дахин газрыг хариуцан хамгаалах талбай нэрээр өгч урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч, үүнийгээ хамгаалалтын захиргаа болон орон нутгийн газрын албатай байгуулах гурвалсан гэрээ гэгчээр далдлаад үзүүрийг олдохгүй болгожээ. Бас 2002 онд  Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах дээрх журмыг, араас нь “Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн амыг 2015 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” гэдгийг баталж тэнд газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга батлахаар зааж өгөв. Тэр нь туйлж өгсөн дөө. Аялал жуулчлалын цогцолбор нэрээр зөвшөөрөл авсан хотхонууд тэр үеэс эхэлсэн.

    Яг эхлүүлсэн хүн нь 2000-2006 онуудад сайдаар ажилласан У.Барсболд бол дараачийн сайдууд шийрийг нь сайн хатаасан. Миний санаж буйгаар И.Эрдэнэбаатар (2006-2007), Г.Шийлэгдамба (2007-2008), А.Гансүх (2008-2012), С.Оюун (2012.07 – 2014.12), Д.Цогтбаатар (2013)  Д.Оюунхорол (2014.12 – 2015.09), Н.Батцэрэг (2015.09 – 2016.07), Д.Оюунхорол (2016.07-2017.11). Харин Н.Цэрэнбат 2017 оны 10-р сараас. Тэгээд хуулинд байхгүй, хуулийг зөрчсөн, давсан журмуудыг монголын бүх нам хүчний угшилтай сайдуудын хэн нь ч засаагүй. Иймээс Богдхан уул, Туулын яг хаана хэнд ямар газар олгосон жагсаалт бол Байгаль орчны яамны хамгийн том нууц.

    -Та яагаад ийм зөвшөөрөл олгосон юм бэ?

    -Би зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар олгосон

    -Тэгвэл яагаад орон сууц босчихов оо?

    -Дараачийн сайдаас уу? Би зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар олгосон.

    -Тэгвэл та өмнөх сайдуудын аялал жуулчлалын зориулалтаар олгосон газарт орон сууц баригдахыг зогсоогоогүй юм бэ?

    Хариулт байхгүй. Нөгөө тахиа өндөг хоёрын үлгэр. Ийм учраас л Монгол Улсын байгаль орчныг Монгол Улсын Байгаль орчны яамнаас хамгаалах тухай яриад байгаа юм. Татан буулгадаггүй юмаа гэхэд нэрийг нь Байгаль ашиглалтын яам хэмээн солиуштай. Эсвэл барилгын яамны харъяа агентлаг болгох. Уухайн тас, нээрээ тэгье, ашиглаж  байж хамгаална гэх биз, тэгвэл монголын байгалиас юм үлдэх үү?

    Хууль зөрчсөн ч бай нэгэнт баригдсан бол гүйцээ. Нэг сая гурван зуун мянган хүнтэй хот байхад Туул гол, Богдхан уул дахиж хэзээ ч 100 байтугай 50, 10 жилийн өмнөх шигээ байхгүй. Гэхдээ дархан цаазат ууланд халдах, Туулын эрэгт ухах бол ядахдаа хуулиа өөрчилсний дараа тэгдэг  байх. Өнөөдрийн үйл явц хэвээр үргэлжилбэл Богдхан уулын амууд Зайсангаасаа эхлээд Улаанбаатарын төв шиг шавааралдсан барилгууд, харин нийслэлийн урдуурх Туулын иргэдийн амралт зугаалгын бүс биш компаниудын хашаа, хашаан доторх барилгууд болж дууслаа.

     
  • Mongold 0 on 2018.04.07 Permalink | Reply  

    Өнөөдөр Сэлбийн гол олдохгүй байна. 

    2018.04.07

    Энэ өдөр Энх тайвны гүүрэн дээрээс Сэлбийн голыг хайж авсан зураг

    1956 онд Сэлбийн гол үерлэдэг байжээ

     
  • Mongold 0 on 2017.04.21 Permalink | Reply  

    Заамарчуудын “Ардын үг”-ийг боож унагав 

    2017.04.21.

    Хэд хоногийн өмнө Төв аймгийн Заамар сумын хэсэг иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал хийлгэв. Нутгийнх нь дахиад 21 мянган га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдэл ирүүлснийг багийн иргэд, сумын Иргэдийн төлөөлөгчид хуралдаж хэлэлцээд 100 хувь “зөвшөөрөхгүй” гэсэн санал өгч буцаасан ч дээгүүрээ хэдийнэ эсрэгээр шийдээд тэнд ухах сонгон шалгаруулалт зарлажээ. Компаниудын саналыг 5-р сарын 8 хүртэл хүлээж аваад ялалтын баярын өдөр задалж шалгаруулна.

    Заамарчууд дахиад ялагдав. Амьгүй сарны гадаргууг нүдээр үзье гэвэл пуужин муужин гэлтгүйгээр тэндхийн Хайлааст багийг зүглэн Туулын хоёр эргийг хэрхэн устай нь хутгаж онгичсоныг харахад болно. 1990-ээд оны “Алт-1” хөтөлбөрийн дагуу энэ нутгаас 140 тонн алтыг гаргаж авсан тоо байна. Чухам эндээс “Алтан Дорнод Монгол”, “МАК”, “Монполимет”, “Шижир алт” (“Монголросцветмет”), “Эрэл” гээд том том компаниуд оройд нь хүршгүй жаргалыг эдэлсэн ч сумын төв гэхэд тэртээ 1968 онд ах нарын барьж өгсөн хэвээрээ. Засмал зам нэг метр ч алга. Манайх монголын хамгийн хоцрогдсон сум гэж үглэх хүн хаа сайгүй. Хандив тусламж зөндөө сонсогддог ч урсаад өнгөрсөн. “Орон нутагт орсон хөрөнгө оруулалт, үр өгөөж битгий хэл сүйдсэн байгаль, ажилгүй иргэдтэй л сум болж үлдлээ… Алт олборлохоор хөндөгдсөн талбайгаас өнөөдөр нөхөн сэргээлт хийгдэж бэлчээрийн хэлбэрт шилжүүлсэн нэг ч га талбай байхгүй… Туул голын Заамар дахь хэсэг бүрэн сүйдсэн” гэж тэдний хэвлэлийн мэдээнд дурджээ. Ийм “үйл хэрэг”-ийг өнөөдөр нийтдээ 100 гаруй лицензтэй хэдэн арван компани, араас нь хууль бус олборлогчид үргэлжлүүлэн, түйвээж өгч байгаа. Ноднин УИХ-ын сонгуулийн өмнөхөн Засгийн газрын тогтоолоор сумынханд огт мэдэгдэхгүйгээр 5000 га-г “Монголросцветмет”-д сэмхэн өгсөн нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг дагуулсан нэг ёсны инж байсан биз.
    Хамаг газраа уул уурхайд эзлэгдэх шинжтэй болсон тул 2015 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үлдсэн бүх нутгаа буюу гол горхи, булаг шанд, өвс бэлчээр, хөшөө дурсгал, тахилга, усны эх, ойн сан гээд бүгдийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Дахиж ухуулахгүй гэсэн баталгаа. Гэтэл энэ удаад очиж очиж сумын бүх малын тэн хагас жилийн дөрвөн улиралд нутагладаг, бэлчээр ашиглалтын гэрээтэй 48 өвөлжөө, хаваржаатай хэсгийг Төв аймгийн удирдлага ба Ашигт малтмалын газар нийлж хулхидаад уул уурхайд өгчихсөн байгаа юм.

    Яаж гэдгийг сонирхох уу? Хуулинд, ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд тэд сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заадаг. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас Заамарын Түмэнгийн дөрөлжид 5638 га, Өвөр наймганы ам нэртэй газар 15541 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай мэдэгдлийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд 2017 оны 2-р сарын 24-ны Баасан гаригт ирүүлжээ. Маргааш нь амралтын өдөр, тэгээд битүүн, 27-нд шинийн нэгэн, золголтын өдрүүд, дахиад амралт гээд арваад хоног будаа. Аймгийн газрын албанаас Заамар сумын саналыг авах хоёр албан бичгийг 3-р сарын 6-нд үйлджээ. Гэхдээ эхний 5600 га-гийн бичгийг тэр дор нь явуулсан хэрнээ түүнээс гурав дахин газрын бичгийг дахиад долоо хоног саатуулж байгаад дөнгөж 13-ны орой ирүүлсэн байх юм. Хөдөөгүүр нэг тарсан багийн иргэд цугларч амжихгүй, сумын төлөөлөгчид сөхөө авч хуралдаж завдахгүй гэж тооцоолсон юм болов уу? Заамарынхан дургүй нь хүрсэн биз, түргэн авч 15-ны өдөр аль аль нь хуралдаж чадсан төдийгүй хуулийн зүйл заалтуудыг ишэлж байгаад “зөвшөөрөхгүй” гэсэн албан бичгийг маргааш нь буюу 16-ны өдөр аймагт, бас баталгаатайг бодож шууд Улаанбаатар руу, АМГТГ-т яаран хүргүүлжээ.

    Гэхдээ албан ёсны хариуг аймгийн удирдлага өгөх ёстой. Харамсалтай нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ асуудлыг дараа, ИТХ-аар шийдье, хойшлуулж өгнө үү гэсэн тогтоол гарган явуулсан нь өнгөц харахад зөвшөөрөөгүй гэсэн хэрнээ хойшлуулах тухай заалт хуулинд байхгүй, тэгвэл зөвшөөрсөнд тооцогдоно гэдгийг мэдсээр байж нохойтсон хэрэг юм.

    Харин яг үүнийг АМГТГ хүлээж байсан. “Хуулиа л дагадаг байх даа” гэж даапаалсан байж таарна.
    Ингээд Заамарын хамгийн сайн бэлчээр, гол ус, булаг шанд, түүх соёлын дурсгалт газруудыг булааж уул уурхайд өгөх операци үндсэндээ өндөрлөв. Төрийн албан тушаалтнууд шат дамжлага болгондоо жижиг жижгээр хулхидсаар, нутгийн иргэд зөвшөөрөхгүй албан бичгийг харсаар байж эсрэгээр шийджээ. Буруу эхэлсний гинжин урвал юунд хүргэх вэ гэвэл “манайх зөвшөөрөлтэй” гэж дайрсан компаниуд дураараа дургина, нутгийнхан эсэргүүцэж малчид компанийн ажилчид, хамгаалагчидтай тэмцэлдэнэ, нэг мэдэхэд орвонгоороо эргэсэн хөрс, үлдэгдэл дээр нь найрласан нинжа, бичил уурхай, тэгээд хэдэн жилийн дараа эзэн хаяггүй бас нэг сарны гадаргуу… Тосон Заамар биш Саран Заамар болно!

    Алт-2 хөтөлбөргүйгээр, тэр тусмаа Заамарт ухахгүйгээр Монгол Улс сөнөчих гээд байгаа бол нутгийн иргэдэд яагаад хүний ёсоор хандсангүй вэ? Эрх баригчид юуг таалж, таалахгүй байгааг МҮОНТ харуулдаг. Заамарын иргэдийн хэвлэлийн хурлыг “Монголын мэдээ”, “Цагийн хүрд” таг дуугүй гүрийв. Тэр өдрүүдэд Ардын намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн Орхон, Өвөрхангай аймгуудад хийсэн албан ёсны найрсаг айлчлалыг сурвалжлаад сөхөөгүй байв.

    Энэ хаваржин “Eagle” телевизээр “Ардын үг” гэж мундаг юм явлаа. Бид тэндээс Монгол Улсын гадаад харилцаа, монгол хэл, түүх соёл, ялангуяа хууль ёсыг хэн ганцаараа нуруун дээрээ үүрч явааг мэдэж авсан. Одоо тэр агуу эрхэм, албан тушаалтан та нар иргэдээсээ асуу, заавал асуу, би асуулгадаг болсон гэж найман жил цамнаснаа шалгуулж дараачийн “ардын үг”-ийг Заамарт, бүр хатан Туулын эрэг дээр үлгэр жишээ сонсоод үзвэл ямар бол? Иргэдийг энд тэндээс түүвэрлэх шаардлагагүй, бүгд тэсч ядан хүлээж суугаа.

    Ер нь заамарчууд Ерөнхийлөгчдөө хандах ганц арга үлджээ.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel