Updates from December, 2019 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 0 on 2019.12.05 Permalink | Reply  

    Хөдөлгүүр 

    2019.12.05.

    Оросын ба америкийн хэнийх нь онгоц сайн бэ? Би яагаад ч юм энэ талаар сонирхож уншдаг.

    Сая манайд бэлэглэсэн МиГ-29 бол ОХУ-аас гадна дэлхийн олон улс орны зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа 4 дэх үеийн онгоц. Хэрвээ анзаарсан бол хоёр хөдөлгүүртэй. Чухам эндээс ялгаа эхэлж байгаа юм. 

    Хоёр хөдөлгүүртэй байлдааны онгоцны давуу тал гэвэл хүчтэй, наад зах нь нэг хөдөлгүүр унтрахад нөгөө нь үлдэнэ. Муу нь гэвэл хүнд нүсэр, шатахууныг бол шатааж өгнө.  Оросууд хангалттай хүчтэй хөдөлгүүр хийж чадаагүй учраас хосоор нь суулгадаг. Тэгвэл америкийн онгоцууд өндөр хүчин чадалтай ганц хөдөлгүүртэй учраас бүх талаараа хэмнэлттэй, тэнд харьцангуй хөнгөн онгоцууд давамгайлдаг. Иргэний онгоцны тухайд оросынх ихэнхдээ хоёр хос, эсвэл гурван хөдөлгүүртэй байжээ.     

    Оросууд ерөөсөө ямар ч төрлийн хөдөлгүүр талдаа хоцрогдонгуй, барууны автомашин, онгоцны хөдөлгүүр, цахилгаан станцын их хүчин чадалтай турбиныг голдуу дууриаж хуулбарлах замаар явж иржээ. Жижигхэн жишээ: ЗХУ-д Sony маягийн чихэвчний хөгжмийг олигтой хийж чаддаггүй шалтгаанаа жижигхэн сайн моторгүйгээр тайлбарлаж байв. Өнөө цагт компьютер, гар утасны мотор буюу процессор үйлдвэрлэлээр барууны орнууд, Япон, Тайвань, Хятадаас ч хоцрогдсоноо хүлээн зөвшөөрдөг. 

    Буцаад онгоцондоо орьё. ЗХУ, ОХУ-ын аль ч үед иргэний ба цэргийн онгоцны ерөнхий түвшин барууныхаас нэг их дутахгүй ч хамгийн эмзэг цэг нь хөдөлгүүр байсан, одоо ч хэвээрээ. Нэг мэдэхэд баруунаас бүрэн хамааралтай болсноо ухаарч сүүлийн арав гаруй жилийн турш энэ салбараа өөд татахыг оролдож ядаж байхад АНУ тэргүүтэй барууны орнууд хориг тавьжээ. Хөдөлгүүр бол хэдэн мянган эд анги төдий бус, хэдэн мянган хэмийн халууныг тэсвэрлэх шинэ материал, хайлшаас эхлээд түүнийг бий болгодог дээд зэргийн технологи, суурь машин, тоног төхөөрөмж гээд хэдхэн том улс чаддаг ажил ажээ.       

    Одоо ОХУ цоо шинээр бүтээн ихээхэн найдвар тавин ашиглаж эхэлсэн зорчигч тээврийн Супержет онгоцны хөдөлгүүрийг орос-франц хамтарсан компанид үйлдвэрлэсэн тул барууны хоригт орох эрсдэлтэй. Дараачийн MC-21 онгоц “цэвэр” оросын ПД-14 хөдөлгүүртэй байх ёстой ч туршиж дуусаагүй учраас америкийн Pratt & Whitney компанийн PW1000G хөдөлгүүртэйгээр эхний нислэгүүдээ үйлдэж байна. Дараа нь солих юм гэсэн. Дэлхий дээр нисэх онгоцны хөдөлгүүрээр тэргүүлдэг хоёр компанийн нэг нь Pratt & Whitney, нөгөө нь Их Британийн Rolls-Royce. 

    Цахилгаан станцын турбиныг хөдөлгүүрт хамааруулж болох. Бас л ер бусын өндөр технологийн бүтээгдэхүүн юм. Оросууд Крымд барьсан шинэ цахилгаан станцдаа германы Siemens-ийн турбиныг суурилуулсан нь хоригт орсон бүтээгдэхүүн байж олон улсын хэмжээний шуугиан дэгдсэн. 1990 оны хямралаас болж оросууд өөрсдөө ийм турбин хийх технологи, мэдлэг, үйлдвэрлэлээ бараг алдсан гэжээ. Турбин бол асар нарийн бөгөөд засвар үйлчилгээ нь тоймгүй өндөр зардалтай, Siemens-ийн арчилгаа, үйлчилгээний нэг мэргэжилтний цагийн хөлс тэрхүү цахилгаан станцын слесарийн бүтэн сарын цалинтай тэнцдэг. 

    Оросын 5 дахь үеийн Су-57 онгоц бас хоёр хөдөлгүүртэй. Тэгээд ч хөдөлгүүр бүрэн бэлэн болоогүй, 2023—2025 оноос наашгүй учраас өмнө үеийн хөдөлгүүртэйгээр нисч эхэлсэн байна.  

    Одоо хэдэн зураг. Орос, америк буюу барууны орнуудын элдэв хөдөлгүүрийн сайн муугийн харьцуулалтаа орхиж хүний оюун ухаан, технологийн нээлт, ур чадвараар бүтсэн хөдөлгүүр хэмээх бүтээлийг шагших гэсэн юм. Зөвхөн зураач, барималч, жүжигчин гээд урлаг соёлынхны хийснийг бүтээл гэдэггүй. Дэлхий дээр онгоцны хөдөлгүүр хийж чаддаг хэдэн улс байдаг нь манай нэг, хоёр, гуравдахь хөршүүд. Шинэ хөдөлгүүр зохион бүтээх нь олон жил үргэлжилдэг. Наад зах нь агаар, шатахуун холилдож тэсрэх хэдэн мянган градусыг тэсвэрлэх ёстой.   

    Энэ бол манайд бэлэглэсэн МиГ-29-ын РД-33 хөдөлгүүрийн нэг нь ↓ 

    Энэ бол МС-21-т суулгаад байгаа Pratt & Whitney компанийн PW1400G хөдөлгүүр ↓

    Харин энэ бол МС-21-т суулгахаар туршиж байгаа ОХУ-ын ПД-14 хөдөлгүүр ↓

    Энэ завсарт хэлмээр нэг зүйл бол манай МИАТ-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвийн инженер, ажилчид Вoeing 737 болон Вoeing 767 онгоц, түүний дотор хөдөлгүүрүүдэд “хүнд” гэж үнэлсэн техник үйлчилгээг олон жилийн турш  хийж байна. Гадрыг нь задлаад зогсохгүй их биенээс нь бүр салгаад сольж харагддаг ↓

     
  • Mongold 0 on 2019.12.05 Permalink | Reply  

    МиГ-29-ыг юу хөдөлгөв? 

    2019.12.05.

    Оросын Холбооны Улс манайд МиГ-29УБ загварын сөнөөгч онгоц хоёрыг бэлэглэжээ.  

    Бэлгийн хоёр 2019 оны 11-р сарын 15-нд Буянт-Ухаад газардаж 26-ны өдөр улс тунхагласны баяраар албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. УБ нь Улаанбаатар биш, учебно-боевой гэсэн үг. НАТО-гийн нэршлээр бол “Тулах цэг”. Сургах, бас байлдах зориулалттай учраас сургагч ба нисгэгчийн хоёр суудалтай. Энэ удаад кабины хаалтыг өргөж сойсныг эс тооцвол хөдөлгөөнгүй зогсож харагдав. Нисгэж ид шидийг нь харуулсангүй. Монгол нисэгчид хараахан бэлтгэгдээгүй байх.  

    1990-ээд он хүртэл ЗХУ-аас манай Ардын армид дөч гаруй МиГ-15, МиГ-17, МиГ-21-ийг нийлүүлсэн боловч оросууд буцсаны дараа лав хоёр гурав нь Улаанбаатарын эргэн тойронд осолдонгуут бүх нислэгийг зогсоож, аажимдаа үлдсэн онгоцуудын хугацаа нь дуусч, сүүлдээ ачааны нэг хоёр онгоц, хэдхэн нисдэг тэргийг эс тооцвол Монгол Улс цэргийн нисдэг хүчингүй болох шахаад байв. Гэхдээ агаарын цэргийн командлал, агаарын цэргийн командлагч гэж үргэлж байсан. Санаж явбал гэгчээр одоо л нэг бүтэж байна. Зөвлөлтийн агаарын цэргийн 23-р армийн аэродром, нисэх буух зурвас энд тэндгүй үлдсэнийг ховхлоогүй, битүү зогсоолыг хувьчилж нураагаагүй бол ашиглахад бэлэн байх ёстой. Оросууд араас нь дахиад хэдэн сөнөөгч нэмж өгнө гэсэн тул бид удалгүй жинхэнэ агаарын цэргийн нисдэг хүчинтэй улс болно.

    Эгзэгтэй асуулт бол манай онгоцууд хэнтэй яах зорилготой вэ? Агаарын хилээ гаднын халдлагаас хамгаална гэдэг чинь Орос, Хятадыг хардаад байгаа юм уу? Юутай ч хоёр хөршийг даваад ирэх хэн ч байхгүй. Харин  манай нутаг дээгүүр нисч өнгөрдөг гадаадын онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол албадан буулт хийлгэх, бүр устгахыг чадна гэсэн үг. Сахилгагүй нөхдүүд тэнгэрт ч олдоно. Ганц хоёроор нэмэгдээд л байгаа хувийн онгоц, бүр дронуудад хүртэл сахилга бат хэрэгтэй.   

    Миг-29-ыг Монгол руу юу хөдөлгөв? ОХУ гэнэтхэн 20 сая долларын онгоц хэд хэдийг бэлэглээд эхэлсний шалтгаан нь АНУ бүр илүү үнэтэй онгоц бэлэглэхээс өрссөн хэрэг биш биз? Хэрвээ америкийн цэргийн “ташаагаа тулсан” Ф-үүд ороод ирвэл монголын агаарын цэргийн нисэх онгоцны парк төдий бус хамаатай бүх техник, тоног төхөөрөмж, стандарт,  харилцаа холбоо, шифрлэлт, аэродром, навигацийн нарийн ширийн, бүр нислэгийн “школ”, нисэгчид өөрсдөө гээд бүх юм төрөл арилжина. Онгоцоо дагаад америк зааварлагч, америк засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, америк сум пуужин, энэ бүгдийг дагасан америк бүтэц, зохион байгуулалт дагаад орж ирнэ. 

    Одоохондоо АНУ-аас цэргийн тээврийн онгоц авах тухай яриа цухалздаг. Ямар ч байсан арав гаруй жилийн өмнөөс америкийн цэргийн том саарал C-130 онгоц монголын энхийг сахиулагчдыг аваачих, авчрах гэж Улаанбаатарт байнга бууж хөөрч байгаа.

    Шинэ мэдээ.

    Варшавын гэрээний үеэс хойш хэдэн арван МиГ-29-тэй байсан Польш улс хэд хэдэн ослын дараа нислэгийг зогсоогоод байснаа дахин ашиглаж эхлэхээ зарласан байна. Бас АНУ-аас 32 ширхэг F-35 худалдан авч зөвлөлтийн онгоцуудыг солихоор төлөвлөж байснаа больжээ. Хэтэрхий үнэтэй байсан бололтой. 

     
  • Mongold 0 on 2019.11.05 Permalink | Reply  

    Япон ЖДҮ 

    2019.07.25.

    Наадмаас өмнө “Ядуусын хорооллын пуужин” нэртэй японы олон ангит киног “25-р суваг” телевизээр үзүүлж дууслаа. Цукуда (Tsukuda) нэртэй “жижиг дунд үйлдвэр” (яг тэгэж орчуулсан)-ийн тухай юм. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь бүр жижиг – насосны хавхлага. Харахад орон сууцны усны хаалт сэлтээс жаахан том, чагтан хэлбэртэй алгын чинээ төмөр, бодоход, шатахуун урсаж өнгөрөхийг нээж хаах зориулалттай.

    Японы анхны пуужингийн хөдөлгүүрийг Тэйкоку Хиви Индастриз (Teikoku Heavy Industries) гэдэг аварга том компани бие даан бүтээсэн ч ганцхан тэр хавхлагийг яаж ч оролдоод барсангүй. Харин гэр бүлийн Цукуда үйлдвэр хавхлага гээчийг үе дамжин хийж ирсэн учраас бусдыг дагуулахгүй төгс чаддаг болсон, бас патент авчихсан учраас Тэйкоку түүнтэй гэрээ байгуулж хийлгэнэ.

    Цукуда яваандаа пуужингийн хавхлагаа улам жижигрүүлж оролдсоор байгаад хүний хиймэл зүрхний хавхлага хийж найдваргүйдээ тулаад байсан бяцхан хүүгийн амийг аварч байна. Аль аль нь шингэнээр ажилладаг мотор, насос учраас хавхлага том жижиг нь хамаагүй, гагцхүү төгс ажиллах учиртай.         


    Киноны нэрийг англиар “Downtown Rocket” гэжээ. Хачин санагдсан тул японыг сайн мэддэг Монголын телевизүүдийн холбооны захирал М.Уламбадрахаас асууж тодруулав. Пуужингийн хөдөлгүүрийн хамгийн чухал эд ангийг жирийн, жижигхэн үйлдвэрт хийжээ гэсэн санаа.


    “Ядуусын хорооллын пуужин” бол япон ЖДҮ-гийн тухай кино юм.  Том компанийн ард үй олон жижиг ханган нийлүүлэгч байдаг нь японы бизнес гэж хэлдэгээс өөр нэг онцлогийг энэ кинонд ёстой өнгөтөөр харуулжээ. Наанаа бие биендээ бөхөлзөж харагддаг дэндүү эелдэг тэд өөр хоорондоо тэгэж хатуу ширүүн зөрчилдөн тэмцэлддэг гэж хэн санахав. NASA-д ажиллаж байгаад ирсэн гэх нэгэн компанийн захирал “Цукуда”-гийн бизнесийг булаахаар баахан явуулга сэдэж, худал шалтгаар хоёр тэрбум иен нэхэмжлэхийн хажуугаар технологийн нууцыг нь хулгайлна. Тэгтэл бусдыг патентын хэргээр шүүхэд өгч мөнгө олдогоороо алдартай өөр нэг компани (яагаад ч юм “америкийн хөрөнгө оруулалттай” гэжээ) тракторын хөдөлгүүрийн хавхлага үйлдвэрлэдэг Гийр Гоост (Gear Ghost) хэмээх тракторийн коробканы эд анги хийдэг жижигхээн компанийг ээлжит байгаа болгож онилно. Энэ үеэр Гийр Гост-той хамтарч хэтдээ коробкийг бүтнээр нь үйлдвэрлэхээр хэлэлцэж байсан Цукуда энэхүү патентийн маргаанд арга буюу татагдан орно. 


    Японд хүн ам хөгширч хөдөө аж ахуйд ажиллах хүч хомсдон арваадхан жилийн дараа энэ салбар уналтанд орохыг олж харсан Тэйкоку тариалангийн робот буюу жолоочгүй трактор хийж, нөгөө дээш хөөргөх хиймэл дагуулаасаа удирдан ажиллуулдаг байх том төслийг сэджээ. Тэгэхдээ хавхлагийг Цукуда-д захиалахгүй, өөрөө үйлдвэрлэхээр шийдсэнээс ганц чаддаг юманд дээр нь түүнийг жийж өрсөлдөгч болон хувирч байна.  Ядаж байхад Гийр Гоост-ийн эзэн гэнэт урваж өөр компанид худалдагдах ба Ноги хэмээх эрдэмтний бүтээсэн робот тракторын удирдлагын системийг хулгайлсан гэх мэт түүхүүд хөвөрнө. 


    Дараачийн үйл явдал бол Тэйкоку-гийн бүтээсэн Альфа ба  нөгөө Гийр Гоост-той хамтарсан хэд хэдэн жижиг компанийн үйлдвэрлэсэн Дарвин (Darwin) нэртэй хоёр төрлийн робот тракторын өрсөлдөөн юм. Явж явж хоёулаа Ноги эрдэмтний бүтээлийг ашиглажээ. Нэг нь хулгайлсан, нөгөө нь Тейкоку өөртөө элсүүлсэн Ногийн жинхэнэ систем. Гэвч Тейкоку яаж ч хичээгээд автомат тракторынхаа коробкийг сайн хийж чадаагүй учраас арга буюу Цукада-д хандаж тусламж хүснэ. Зөвшөөрнө. Хэсэг хугацааны дараа газар тариалангийн техникийн том үзэсгэлэн яармаг дээр шийдвэрлэх тулаан өрнөж түүнийг үзэхээр ирсэн японы Ерөнхий сайд Darwin-ийг илт дэмжсэн хэрнээ Тэйкоку-д хандаж “жижиг дунд үйлдвэрүүдийг хамаагүй дээрэлхэж болохгүй шүү” гэж загначихаад яваад өгнө. Энэ мөчид Цукуда “жижиг дунд” хэрнээ том компанийн талд, ар талд зогсож таарна. 

      


    Аливаа киноны шүүмж үйл явдлын өрнөлөөс эхлээд дүрийн сонголт, найруулагчийн шийдэл, гол баатрын дотоод ертөнц, мэдрэмж, дүрслэл, магадгүй цаад философи гээд олон юмыг хамдаг байх. Миний хувьд гол дүр болох Цукуда захирал японы алдартай жүжигчин Абэ Хироши (Abe Hiroshi) тоглосон гэдгээс цааш сонирхоогүй бөгөөд японы үйлдвэр гэж ямар чанга болохыг бахдан үзлээ. Ганц нэг жишээ.

    Өрсөлдөгчийнх нь хийсэн коробка Цукуда-гийн патент зөрчсөн эсэхийг олох гэж зуу гаруй моторыг эд анги болгоноор задлан нэгжиж бүхэл бүтэн үйлдвэрээрээ олон өдөр шөнө ажиллаад яах аргагүй хуулбарласныг хамгийн сүүлд илрүүлэх боловч өөр материалаар орлуулсан учраас зөрчөөгүй болж таарна. Хайран хэрнээ ер бусын нягт нямбай хөдөлмөр.

    Нэгэн удаагийн туршилтан дээр Альфа трактор гэнэт зогссоны учрыг олох гэж Цукуда компанийн инженер, ажилчид хэдэн сарын турш оролдоно. Түүнийг миллиметр миллиметрээр нягталж есөн шидээр туршсаар байгаад өөрчлөлт оруулж болох 100 гаруй цэгийг олж тогтооно. Тэгээд өөрчилнө. Тэгснээ туршилтын үеэр нэг хачин чимээ сонсогдсон гэж ярилцаад шалтгааныг хайж гарна. Удаж удаж арааны нас нь хэт богино байгааг илрүүлж эргэлтийн үзүүлэлт 50 мянга байгааг хоёр дахин нэмэгдүүлэхийг яаж ч оролдоод чадахгүй.

    Ерөөсөө арааны үзүүлэлт дээд хязгаартаа хүрсэн, асуудал гол төмөртөө байгааг ухаарцгааж түүнийг гулгамтгай байхаар өөрчилснөөр дээрх үзүүлэлтийг 108 мянгад хүргэж байна. 


    Дараа нь өрсөлдөгчид тус тусын тракторыг бэлэн болгож зах зээлд гаргана. Харин Ерөнхий сайдаар дэмжүүлсэн жижиг дунд үйлдвэрүүдийн “Дарвин” робот трактор шууд 600 ширхэг борлогдсон бол Тейкоку-гийн Алфа нь гучхан ширхэгээр хэтэрсэнгүй. Гэхдээ удалгүй Дарвин трактор энд тэндхийн ферм дээр гэнэт гацаж зогсох болсон нь Гиир Гост-ийн хулгайлсан систем хуучирсан, хамгийн гол нь коробкийн алдааг Цукуда шиг олж засч чадаагүйгээс болжээ.

    Гийр Гоост-ийн тал Цукуда-гийн коробкийг дууриахыг оролдон задалж үзэхэд нь гол давуу тал болсон голд нь  Цукуда аль хэдийнэ “зүү ч орох завсаргүй” патент авсан байдаг. Ингээд аргагүйн эрхэнд Цукуда-д хандахад хэд дахин гуйлгасны эцэст зөвшөөрнө.

    Цукуда дараачийн алхмаа хийж шинэ маягийн коробка, хөдөлгүүр үйлдвэрлэхээр ажиллаж эхлэх зуур Тэйкоку түүнийг дахиад жийж пуужингийн насосны дахин дахин ашигладаг хавхлагыг өөрөө хийхээр шийддэг. Гэхдээ Цукуда бүр илүүг хийж чадахаа харуулснаар Тэйкоку ээлжит удаагаа бууж өгөх нь тэр. 


    “Ядуусын хорооллын пуужин”-гийн үндсэн санааг уг киноны дүрүүдийн хэлсэн “Пуужинд байдаг 240 мянган эд анги нэг бүр нь найдвартай байх ёстой”, “Зогсохгүй сайжруулаад байвал хэзээ нэгэн цагт шилдэг бүтээгдэхүүнтэй болно” гэх мэт үг өгүүлбэрүүд элдэв тайлбаргүйгээр яг илэрхийлнэ. Бүр том санаа гэвэл Цукуда бусдад улаан цайм хулхидуулсан хэрнээ ажилчиддаа хэлсэн нь “Бид ялагдлаа. Энэ бол бидний бүтээгдэхүүн дутуу байна гэсэн үг. Манай технологи цагийн аясаар хоцрогдож эхэлж байна. Ийм учраас ямар ч өрсөлдөгч бидэнтэй хамтрахыг хүсэхээр тийм чанартайг үйлдвэрлэх ёстой”.  


    Уг киноны орчуулга нь нэрнээсээ эхлээд жаахан сонин. Үйлдвэрлэлийн бослого, технологийн бослого, аж ахуйн бослого гэх мэтээр ярилцах биднийхээр бол хувьсгал гэсэн утга биз. Бүр илүү сонирхолтой нь япон инженер, ажилчдын амнаас гарч байгаа машин техникийн орос нэр томъёо юм. Хавхлагаас эхлээд насос, коробка, бүр свеча, боолт, гайк, цаашилбал нормалдах гээд хөвөрнө. Арай л амаржин, наклад, стачер, тормоз гэж сонсогдоогүй.  Барууны техник технологи хаагуур тойроод манайд орж ирснийг эндээс анзаарч болно.  


    Монголын телевизүүдээр хэдэн арваараа зогсоо зайгүй эрээлжилдэг олон ангит кинонуудаас яагаад “Ядуусын хорооллын пуужин”-г онцолж нуршив аа гэвэл япон ЖДҮ гэж манайхаас ширүүн өрсөлдөөнтэй, үүгээрээ сургамжтай санагдсаных.

    Тэнд ЖДҮ-г бойжуулах, дэмжих, хөгжүүлэхийн сан байдаг эсэхийг мэдэхгүй ч Цукуда лав 2-3 удаа дампуурлын ирмэг дээр ирж зогсоод харилцдаг банкиндаа хандаж зээл хүсэхэд цаадуул нь элдвээр хэлж даапаалаад хөөн явуулж байх юм. Тэнд манайхаас ялгаатай нь сайн бичсэн төсөл гэхээсээ илүү шинэ, бүр цоо шинэ технологи, бүтээл, бүтээгдэхүүнийг яаж ийгээд бий болгоод, бас түүнийхээ патентийг авч эзэмшсэнийхээ дараа зээл, хөрөнгө оруулалт ярьдаг ч юм шиг. “Блүүмбэрг” сувгийн “Сая долларын суутан” нэвтрүүлгийн бүтэн жилийн турш давтан гарч байгаа зарим нэг дугаарыг үзэхэд баруунд жижиг дунд бизнес нь том компани, сүлжээг дууриаж араас нь явдаггүй, харин дутуу үлдээсэн, гар хүрээгүйг нь олж хардаг, санаанд оромгүй шинийг бодож олдог, түүнийгээ борлогдоно гэдгийг бор зүрхээрээ нотолдог, бас зөвхөн өөрөө хийнэ гэхгүйгээр хөрөнгө оруулалт хайдаг, юм бол хувь нийлүүлээд хамтарч харагдах гэх мэтээр илүү өргөн хүрээтэй сэтгэж ажилладаг юм. Гэхдээ “Компани гэдэг бол ашгийн төлөө учраас яахаас ч буцахгүй. Хөрөнгө оруулалт авбал эрх чөлөөгөө алдана” гэж “Ядуусын хорооллын пуужин” дээр нэг нь дуугарсан шүү. 


    Акио Морита-гийн “Made in Japan” номонд тэрбээр 1970-аад оны дундуур Москвад айлчлах үеэрээ зөвлөлтийн электрон техникийн асуудал эрхэлсэн сайдад хандаж “танай урлаг соёл асар өндөр хөгжсөн, гайхамшигтай хөгжимчин, балетчидтай хэрнээ та нарын үйлдвэрлэсэн телевизэд тэр чинь яагаад харагдахгүй, ийм тааруу дизайнтай байна аа? “гэсэн асуултанд “тэр асуудлыг Соёлын яам хариуцна” маягийн хариулт сонсоод чихэндээ ч итгээгүй тухай дурссан байдаг. Бид ч гэсэн өөрсдөө шинээр технологи, менежментийг нэг их бий болгодоггүй, цоо шинэ санаа, бүтээгдэхүүн бараг гаргадаггүй учраас энэ талын яриа хөөрөө, үйл явдал ховор, бидний амьдралаас харагддаггүй, уран бүтээлд тусдаггүй, ингээд ололт амжилтууд маань Соёлын яам талдаа. 

     
  • Mongold 0 on 2018.06.05 Permalink | Reply  

    Англи сэтгүүлч 

    2018.06.05.

    2018 оны 5-р сарын 30-нд Их Британийн ITV телевизийн Good Morning Britain хөтөлбөрийн сэтгүүлч Ричард Мэдили тухайн өдөр Африкт айлчилж байсан (цаана нь заанууд харагдаж байна) Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсонтой холбогдохдоо өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипалийг Английн Солсбери хотод хордуулсны дараа тэр сайд ОХУ-д хандаж “Амаа хамхиад зайлах хэрэгтэй” гэж хэлсэндээ харамсаж байна уу гэсэн асуулт тавьжээ.

    Хариулт, асуулт, хариулт хэрхэн үргэлжлэв?

    -Гайхалтай сайн ажилласан эмнэлгийн ажилтнуудыг зүй ёсоор үнэлэх ёстой …

    -Үгүй, үгүй, уучлаарай, та асуултанд хариулах уу? Та тэдэнд талархлаа илэрхийлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Ноён Уильямсон, би танд тодорхой асуулт тавьсан. Бид эмнэлгийн ажилтнуудыг талархах талаар минутын дараа ярьж болно. Та ийм бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэндээ харамсаж байна уу? Үүнийг л асууж байна. Та хариулж чадах уу?

    -Британийн нутаг дэвсгэр дээр аймшигт халдлага үйлдэгдэж, Британийн иргэн болон түүний охинд халдсаныг бид харлаа. Тэгээд бидний хариу арга хэмжээнүүд дэлхий нийт Британийн талд байгааг нотоллоо. Бид Орост юуг харуулсан бэ гэвэл …

    -Та харамсаж байна уу? Та Оросыг “Амаа хамхиад зайлах хэрэгтэй” гэж хэлсэндээ харамсаж байна уу? Ноён Уильямсон та энэ асуултад хариулна уу. Ноён Уильямсон та асуултанд хариулахгүй байна. Ноён Уильямсон би өөрийнхөө өмнөөс биш, үзэгчдийнхээ өмнөөс асууж байна. Ингэхээр та манай үзэгчдэд зориулан дараах асуултанд хариулж чадах уу? Нэг улсыг “амаа хамхиад зайлаад өг” гэж хэлсэндээ харамсаж байна уу?. Арай бүдүүлэг байсан гэж бодохгүй байна уу? Та энэ асуултанд хариулахгүй юм уу?

    -Бидний харсан зүйл бол энд, Нэгдсэн Вант улсад, манай иргэд, хотын оршин суугчдын эсрэг Оросын хийсэн үйлдэл гэж би үзэж байна…

    -Та бидний аль хэдийнэ мэдэх зүйлийг яриад байна. Солсберид юу болсныг бид мэднэ. Энэ хичнээн аймаар байсан, энэ хүмүүс амь насаа алдахад хичнээн ойрхон байсныг мэднэ. Гэхдээ ийм асуултаа дахиж тавья: Та “Амаа хамхиад зайл” гэж бүдүүлэг үг хэллэгийг Трамп маягаар ашигласандаа харамсаж байна уу? Тэнд юу болсныг ярихгүй байхыг хүсье, яагаад гэвэл бид юу болсныг мэднэ. Та тийм үг хэллэг хэрэглэсэндээ харамсаж байна уу? Үүнийг л асуух гэсэн юм.

    -Бидний хийсэн зөв зүйл бол холбоотнуудтайгаа нийлж Орост маш тодорхой ойлгуулсан явдал юм. Ингэх нь зөв байсан….

    -За за, Та асуултанд хариулахгүй байгаа тул ярилцлагыг өндөрлөе. Африкийн зааны төсөлд амжилт хүсье. Гэхдээ та тодорхой асуултанд тодорхой хариулсан бол бид таныг үнэлэх байлаа.

    Үүнээс хойш сайд Гэвин Уильямсон бүдүүлэг байтугай худлаа ярихаас болгоомжилдог болно. Яагаад гэвэл Их Британийн сэтгүүлчид асууж, тэгээд хоосон чалчиж худлаа нээрээ хариулбал амыг нь хамхиулж чаддаг юм байна.

     
  • Mongold 0 on 2017.02.02 Permalink | Reply  

    Ердөө энэ үү?  

    2017.02.02.

    Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-нд төрсөн өдрөө тэмдэглэж байх учиртай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе-г албан тушаалаас нь түдгэлзүүлсэн, төдөлгүй бүрмөсөн огцорч мэдэхээр болоод буйн шалтгааныг сонсоход хачирхмаар. Тэрбээр далаад онд ээж, аавыгаа алуулсан, нөхөргүй, тэгээд бөө удган талын нэг сайн найз хүүхэнтэй, тэрэнтэйгээ хамаа намаагүй юм ярьдаг, Ерөнхийлөгч болсноосоо хойш төрийн хэрэг явдлаас хуваалцаж, заримдаа хэлэх үг, илтгэл, бичиг цаасаа үзүүлж зөвлөгөө авдаг байснаас буруутжээ. Бас солонгосын том компаниудаас найзынхаа мэдлийн хоёр санд мөнгө хандивлуулж байсан ч гэх шиг.

    Бидний жишгээр бол “ердөө л энэ гэж үү?” Манайд алба ажлынхаа талаар журмын нөхөр, ангийн анд, нутгийн дүүтэйгээ ярьж зөвлөдөггүй төрийн өндөр нам албан тушаалтан байдаг болов уу. Бүр шууд л дуудаж авчраад зөвлөхөөр томилчихож байгаа юм чинь. Харин Пак Кын Хе тэгээгүй. (Ерээд онд манай анхны Ерөнхийлөгч жинхэнээсээ үзмэрчтэй байсныг гэнэт санав). Нөгөө мөнгө төгрөгний асуудал бол ноцтой. Гэхдээ өөртөө ширхэг ч вон унагаагүй, бас найздаа мөнгө хандивлахыг үүрэгдсэн баримт хараахан олдоогүй. Бодвол, цаадуул нь нэгдүгээр хүний найз гэдгийг мэдээд “ухамсраараа” өгсөн биз. Тэгвэл Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч найзынхаа компанид “ахиухан туслаарай” гэж Эрдэнэт рүү өөрөө утасдсан, одоогийн Ерөнхийлөгчийн эхнэрийн мэдлийн санд хандив цуглуулах арга хэмжээг Рио Тинто компани бүр АНУ-д очиж зохион байгуулж өгсөн баримт, тоо, зураг хөрөг байж л байдаг. Мөн Оюутолгой компаниас байр сууц авсан, эрх бүхий байгууллага нь шалгаж эхлээ ч үгүй байхад Ерөнхийлөгч өөрөө Эрдэнэтийг сэм хувьчилж авсан нөхдийг өмөөрч цамнаад байсан гээд л…

     
  • Mongold 0 on 2015.12.15 Permalink | Reply  

    Оростой хэн ч найз биш. Юун найрамдал … 

    2015.12.15.

    Өнгөрсөн сард Сирид алан хядагчдыг бөмбөгдөж явсан оросын Су-24-ыг туркийн сөнөөгч онгоц араас нь гэнэдүүлэн буудаж унагасан билээ. Хоёр нисгэгч шүхрээр үсэрч доошлох зуур нэгийг нь Сирийн сөрөг хүчнийхэн гэгдэх дайнчид агаарт буудаж сийчээд газарт унасан цогцсон дээр нь орилолдсон бичлэг Интернэтэд тавигдав. (Нөгөө нисгэгч эсэн мэнд газардаж ойд нуугдсаныг орос, сирийн тусгай хүчнийхэн олж аварчээ). Хэд хоногийн дараа нисгэгчийн цогцсыг туркийн тал Орост хүлээлгэж өгсөн тухай мэдээлэв. Бараг хөдөлмөрийн хуваарь бололтой: нэг нь сөнөөж, нөгөө нь алж, шарилыг нь хоорондоо өгч авалцаад л …

    Дэлхийн хамаг алан хядагчид цугларсан Сирийн эх захгүй дайн бол бидний хувьд зүгээр нэг олон улсын мэдээ. Харин саяын үйл явдлын дараа Оросын зарим хөршид Туркийг буруутгасан жижгэвтэр жагсаал цуглаан ганц нэг болжээ. Монголд мэдээж нам гүм. Бид төвийг сахина. Байнга. Гэхдээ энэ юу ч биш. Орос, Хятадын толгойлсон Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг (ШОС) байтугай Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) хэмээх бараг цэргийн эвсэлд багтдаг холбоотнууд болох Армен, Белорус, Казахстан, Киргизстан, Таджикистан бас таг дуугүй өнгөрөв. Тэр ч бүү хэл Казахстаны нэг хотод орос нисгэгчийн дурсгалд зориулсан арга хэмжээг хориглож, бас болоогүй, Назарбаев ерөнхийлөгч нь онгоц сөнөөсөн асуудлыг намжаахад Орос, Туркийн хооронд зуучлах санал тавьсан дуулдана. (“Загалмайлсан эцэг” кинонд, хэн уулзалт зохион байгуулахыг санал болгоно, түүнээс болгоомжил гэж хэлдэг санаанд орлоо).

    Өнөөдөр Орос шиг муу улс алга. Ардчилал байхгүй, чөлөөт хэвлэл үгүй, ардууд нь уудаг, байгалийн хийгээр шантаажилдаг, хөрш улсууддаа дээрэлхдэг, Крымыг нэгтгэсэн, дээр нь суугаа Путин дарангуйлагч гээд барууныхан балбасаар. Бүр Орос улс хэзээ задрах тухай уралдан бичдэг болжээ. Зөвхөн амаараа хэлээд орхиогүй, эдийн засгийн хориг тавиад сүйрүүлж байна. Нэг намын системтэй коммунист Хятад, буруу дуугарсан хүмүүсийн толгойг огтолдог Саудын Араб (үүгээрээ Лалын улсын алан хядагчдаас нэг их дутахгүй)-ыг хүртэл тэгэхгүй байгаа…

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel