Updates from May, 2019 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 0 on 2019.05.22 Permalink | Reply  

    Хот газарт хонь хурга нийлэхүй 

    2019.05.22.

    Нийслэлд автомашингүй өдөр болов. Ингэхийн тулд хотын төвийн замуудыг тасалж хаагаад гүйцээ. Доторх зайд Улаанбаатар-2019 марафон болов. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, хүүхдээ хөтөлсөн, утсаа чихэндээ нааснаас эхлээд дэлхийд холын зайн хамаг рекордыг тогтоосон Африкийн хар тамирчид нийт таван ангиллаар уралдлаа. Зургаа дахь удаагийн марафон учраас манайхан зохион байгуулаад сурчээ. Гараа, тэмдэглэгээ, замын цэгүүд, сайн дурынхан, тэжээлтэй ус, бариа, чимэглэл, шууд дамжуулалт нь дэлхийн жишгийг чадах чинээгээрээ дууриажээ. Нью-Йоркийн, Бостоны (нөгөө бөмбөг дэлбэлдэг!), Токиогийн марафон зурагтаар иймэрхүү л харагддаг. Гэхдээ монголчууд юм хойно үе үе, ялангуяа бариан дээр замбараагүйтүүлэхгүй байж яаж чадахав.

    Саяхны гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт. Хэзээ нэгэн өдөр газар хүчтэйхэн чичирвэл нурахгүй юм аа гэхэд физикийн хуулийн дагуу хазайгаад унаж мэдэх (манайхан барилгыг сайн барьдаг, гагцхүү суурь асуудалтай гэж сонссон) гозгор барилгуудаар улам бүр чигжигдэж байгаа нийслэл хотын оршин суугчдийг сэрэмжлүүлэх зорилготой байсан ч онцгой байдлынханд өөрсдөд нь сургамжтай болов. Тэд үнэхээр хичээсэн ч зохион байгуулалтын олон алдаа гаргажээ. Цугларсан хүмүүс хэнд ч хэрэггүй бичиг авахаар урт оочирлон бужигнаан үүсгэсэн, эсгий гэр, намхан байшингаасаа гарч ирсэн иргэд өндөр барилгын дор цугларсан гэх мэт. Одоо 20, 30 давхар байшинд гал гарвал яаж аврах сургууль хийгээсэй.

    Дээрхэн үед иргэний хамгаалалтын сургууль хийдэг байж. 1960-аад оны сүүлчээр Баяндун суманд намайг зуныхаа амралтаар очоод байхад тийм сургуулилт таарсан. Үй олноор хөнөөх зэвсгийн тухай зурагт хуудсанд, бодвол цацраг туяа, хорт бодисоос сэргийлж байшин барилгынхаа нүх сүвийг битүүлэх заавар байсныг ах нар уншаад хэтрүүлсэн үү, эсвэл дээрээс тийм үүрэг өгсөн үү, зуны модон байшингийн завсрыг гудас, хөнжлөөр таглахаар оролдож байтал дууслаа гэсэн дохио дуугарч билээ. Бэлэн байсан хорт утааны нэг багыг хэн углахаа шийдэж чадаагүй өнгөрсөн. Газрын мухарт байгаа сумын төвд атомын бөмбөг хаяад … гэж төсөөл дөө!

    Бид өнгөрсөн зуунаас Майн баярын, Улсын баярын парад, жагсаал гээд олон түмний арга хэмжээг зохион байгуулж иржээ. Шууд жагсаахгүй бөгөөд оюутан сурагчдийг цуглуулж учир зүггүй бэлтгүүлнэ. Октябрийн баярын жагсаалын бэлтгэлийн үеэр их даардаг байлаа. 1974 оны өвөл Л.И.Брежнев Монголд айлчлахад Эрүүл мэндийн яамны харалдаа сургуулиараа мөн ч удаан хүлээсний эцэст тэр эрхмийг машин дотроос нь хараад ура хашгирсаар Их тэнгэр лүү үдэж билээ. Амьдаар нь харсанд тооцно биз?

    Намын болоод бусад их хурлууд дэндүү албан бөгөөд уйтгартай ч нам, эвлэлийн зүгээс илүү дутуу юм бодуулдаггүй байжээ.  Харин одоо цагийн хурал, чуулган, форумууд тэнгэр газар шиг ялгаатай. Индэр дээр зөвхөн дарга биш, бас араар нь хүмүүс зогсох эхэндээ сонин байсан бол сүүлдээ дассан. Хамгийн сүүлд Татварын ерөнхий газрын дарга өөрийн хэлтсийн дарга нарыг хоёр талаараа ярайтал зогсоогоод илтгэл тавьж харагдсан. Өнөөдөр бүх хурал тайзан дээрх урт ширээний ард эгнэсэн биш, тус тусдаа буйдан сандалд сууж тухалсан модератор, панелист гэгчтэй болжээ. Энэ бүхэн дэлхийн жишиг, стандарт юм. Ялгаа нь ийм хурал, семинар, лекц, форум, хэлэлцүүлгийн тоо бөгөөд манайх хол тасархай санагддаг. Бас Үндэсний онцлог гэж байна. Хэдэн жилийн өмнөх Эдийн засгийн форум дээр Эдийн засгийн сайд “Фортуна” Батбаяр хэнгэрэг дэлдэж бараг бөөлсөн бол лам нар ном уншдаг тууз хайчлах ёслол өөр хаана ч байхгүй биз.

    Удахгүй хонхны баярууд эхэлнэ. Өглөө эрт их дээд, дунд, бага, улсын, хувийн гээд элдэв сургуулийн гадна дуу хөгжим цууриатан цэцэг, шаар алаглаж оюутан сурагч, эцэг эхчүүд багширна. Энэ арга хэмжээнд жилээс жилд засагдаагүй нэг дутагдал байгааг хэлсүгэй. Олон хоног, сараар бэлтгэж төгс гоё болсон охид хөвгүүд диплом гэрчилгээгээ гардан авах мөчид болдог явдал. Сургуулийн удирдлага үг хэлсний дараа гурав, эсвэл голдуу тав таваар нь нэр дуудна. Хэрвээ цааш ингэж дуудсан дарааллаар үргэлжилбэл асуудал байхгүй. Гэтэл багш, захирал, доктор, профессоруудын хэн нь хэнд гардуулахыг урьдчилж товлоогүй байх бөгөөд тэдэнд хэн нэгний дипломыг атгуулсныг аваад диплом дээрх нэрийг гаргаж уншина, “чи хэн билээ” гэж асууна, энэ зуур хэдэн хормыг алдана, ромбо тэмдгийг зарим нь түргэн шаламгай, зарим нь хоцорч зүүнэ. Дараа нь дипломоо дундаа хийж, гар бариад зургаа даруулна. Үүний төлөө сургуулиас хөлсөлсөн гэрэл зурагчин төдийгүй аппарат, камер барьсан нэг нөхөд, аав ээж тайзан дээр дүүрнэ. Энэ хооронд дараачийн гурав юмуу тавыг дуудаад тайзан дээр гаргаад ирнэ… Ингээд дипломоо гардан авах гэж байгаа, авч байгаа, дөнгөж авчихаад зургаа даруулахаар поозоо авч байгаа, даруулчихаад бууж байгаа гээд хөл толгой олдохгүй юм болдог.

    Дараачийн хүмүүсийг түр хүлээлгэж болохгүй юу гэвэл үгүй, хэдэн зуун хүнд диплом гардуулах учраас шавдуулах хэрэгтэй гэнэ. Тэр үнэн. Гэхдээ диплом гардуулах ёслол эхлэх гэж бүтэн цаг, хоёр цаг хүлээлгэх нь гэм биш зан байдаг. Хэрвээ яг цагтаа эхэлсэн бол тайван сайхан амжуулах байсан.

    Эндээс дахин дүгнэхэд, бидний хамгийн том асуудал бол хууль номыг дагахаас эхлээд өчүүхэн жижиг юмыг хүртэл эмх цэгц, дэс дараатай гүйцэтгэж чаддаггүй байх явдал. Төрийн том хэргийг хувийн ашиг, их үйлийг жижигхэн юмаар баллаж, тэрбумыг ганц хулгайч үгүй хийж байна. Сайхан арга хэмжээг дээрхийн адил жижиг алдаанууд баллаад хаячихдаг.  Саяхан сургууль төгсөгчдийн нэгэн уулзалт болов. Багш нар нойр хоолгүй бэлтгэж, сэтгэл хөдөлсөн төгсөгчид пиг дүүрсэн ч цугларсан хүмүүсээ, наад зах нь захирал, эрхлэгчээ олигтой танилцуулахгүй юм. Манайхны элдэв ёслолын арга хэмжээнд уран гоё ярих нь эмх цэгцээсээ ямагт давж гараад байдаг.

    Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийг гудамжаар авч явахтай таарлаа. Урьд нь нэг багш чиглүүлж, араас нь өөр нэг багш хурааж алхана. Даанч хоёр хоёроороо хөтөлсөн багачууд явган хүний нарийхан зам дээр багталцаж ядна, зөрж өнгөрөх хүмүүст шахагдана, хоцроно, түргэлэхээрээ урьдах хоёрын өсгий дээр гишгэнэ. Багш нар нь арга буюу дуудаж, хашгирч, анхааруулна. Хэрвээ хүүхдүүдийн гарыг тавиулбал бүр болохгүй. Үүнийг харсан нэгэн тэсэлгүй саналаа хэлж байна. Гадаад оронд бол урт олс юмуу уяа аваад (тод өнгөтэй байх ёстой гэнэ) хүүхдүүдийг бариулаад (хаанаас барихыг нь хүртэл тэмдэглэдэг) цувуулчихдаг юм байна. Ингээд уулчид шиг нэг эгнээгээр, бие биенээ дагаад, түрүүлэхгүй, хоцрохгүй, бас уяагаараа машин замаас хашигдаад явдаг ажээ.

    Хүүхдийн аюулгүй байдал, хүрээ соёл, менежмент, хууль журам, хөгжлийн бодлого гэх мэт том том асуудлын шийдэл нь модератор, панелистуудтайгаар дэлхийн стандартаар хуралдах бус, дээр жишээ татсан жижиг жижиг юмыг зөв, цэгцтэй, дэс дараатай, чадвал дэлхийн стандартаар хийж сурахаас эхлэх ёстой болов уу.

     
  • Mongold 0 on 2018.11.05 Permalink | Reply  

    Нэрлэхүй 

    2018.11.05.

    Монголын үндэсний олон нийтийн телевизийн тоймч Т.Цогтоо “Цагийн хүрд”-ийн дотор хариуцсан хэсгээ “Та бүхэндээ өнөөдөр дэлхий дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал, мэдээ, мэдээллээс хүргэе” гэж эхэллээ. Анзаарав уу? Миний мэдэхээр, хэдэн жилийн турш тэгэж байна.

    Харин араас нь Д.Баярсайхан Америкийн сагсан бөмбөгийн нэгэн тамирчны гуяны арын шөрмөс гэмтсэн зэрэг нарийвчлалтайгаар танилцуулсан спортын тоймоо “Та бүхний анхаарлыг манай оронд болсон тэмцээн уралдаан, үйл явдлын мэдээлэлд хандуулья” гэж зөв эхлэв.

    Энэ алдааг зөвхөн сэтгүүлчид гаргадаггүй. Яг тэр “Цагийн хүрд”-ээр Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр ярихдаа “Олон улсын зах зээл дээр болж байгаа мэдээ, мэдээллийг бид ашиглаж сурах хэрэгтэй байна” гэж анхаарууллаа.

    MNC телевизийн мэдээгээр “… олон улсад өрнөсөн мэдээ мэдээллүүдийг” орчуулагч Алтаншагай хүргэхийг зарласан бол Алтаншагай нь өөрөө “Энэ долоо хоногт дэлхий дахинд өрнөж байгаа мэдээллийг…” гэж гүйцээх нь тэр.

    Монголчууд буруу ярьж зөв ойлгодог ховорхон авъяастай ард түмэн учраас тоогоод яахав. Тэр тусмаа жирийн иргэдийг. Гэхдээ сүүлийн үед телевизийн сэтгүүлч, хөтлөгчдийн дунд дэлгэрч буй нэг хэллэг чихэнд тороод болдоггүй ээ. Би амжиж цаасны захад хэдийг тэмдэглэж авснаа сонирхуулья.

    Бас тэр орой “Цагийн хүрд”-ээр сурвалжлагч Эрдэнэбүрэн “.. хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй хориод төрлийн бага насны хүүхдүүдийн дэлгүүрээс байнга худалдан авч иддэг хатаасан жимс …

    Нэлээд хэд хоногийн өмнө Цогтоо тоймч “Хэрвээ Эр Риад зэвсэг худалдан авахаас татгалзсан тохиолдолд … гэв.

    Eagle телевизийн “Поп мэдээ”-ны хөтлөгч: … Хэрхэн байгаа эсэхийг …

    Бас тус телевизийн мэдээгээр:  Хэрвээ түрээсийн орон сууц олгосон тохиолдолд …

    25-р сувгийн “Ёо Ёо-г анагаах нь” нэвтрүүлэг: … Хэрвээ тэгсэн тохиолдолд …

    Бүр ДеФакто дээр нэг нөхөр: .. хэрвээ би ингэсэн тохиолдолд …

    Эхэндээ ийм өчүүхэн өө сэвээр хөөцөлдөх дэмий санагдавч илт алдаатай хэллэг тархсаар төдийгүй дэлхийн түвшинд гарах шинжтэйг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Швейцарьт хийсэн айлчлалын сурвалжлагад сэтгүүлч Т.Маралмаа “… Монгол Улс хоёр томоохон хөрш улс орны дунд ямар хэрхэн харилцаагаа хадгалж ажиллаж байгаа эсэх тал дээр …” хэмээн дуржигнуулж, өнөөдөр олон улсын тоймч Ганбаяр “Кремль Трампийн энэ урилгад ямар хариу өгсөн эсэх нь тодорхойгүй …” гэхийг сонсоод ухаарч, тэсэлгүй хэлэхээр шийдсэн минь энэ.

    Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Билэгт ээлжит уран бүтээлээ “Дотооддоо хэрэглэж болох маш их бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирж байна” хэмээн туурвисан байна.

    Оносон оноогүй үг, өгүүлбэр, хэллэгийн тухай цааш үргэлжлүүлье.

    Үг хүчтэй. Гэхдээ үг олдохоороо хүч нь сулраад явчихдаг байж таарна. Социализмын үед “улс орон буруу замаар тууж явна” гэж дуугарах аюултай байсан бол одоо бол зүгээр л хөөс. Юу дуртайгаа хэлэх эрх чөлөө ба зуу дөхсөн телевизийн сувгууд, дээрээс нь нийгмийн сүлжээ холилдоод хутгаж өгч байна. Ярилцлага гэж чалчих буюу пан гөрөхийг хэлдэг болсон. Хайран цаг зав, гэхдээ үгийн цаана юу байгаа, байхгүй нь чухал хэвээрээ.

    XX зууны Монголын тусгаар тогтнолыг Ардын нам, ардчиллыг Ардчилсан тус тусдаа өмчлөөд авсан. Одоо ардчилал бол Ардчилсан нам биш гэж мянга нотлоод нэмэргүй. Сонгуулиар ялбал ямар ч эргэлзээгүй “Ардчилал яллаа”. Бас “Монгол ялав” гэж цаана хэн, юу байгаа нь тов тодорхой хэрнээ зарлаж болдоггүй нэг хэцүү юм байх. Дээрхэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Төмөр зам бариулахгүй байгаа этгээдүүдтэй хатуу тэмцэнэ” гэж айлгасан, албан тушаалаа илт ашиглаж буй нийслэлийн өндөр албан тушаалтан “Та нар авлигалын мөнгөөрөө намайг дийлэх гэж оролдвол гонжийн жоо” хэмээн сийхгүй мэдэгдсэнийг яах ч арга алга.

    Яаж нэрлэхээс их зүйл хамаарна. Нэр солиход хандлага өөрчлөгддөг. Тахир дутуу гэдэг байсныг хөгжлийн бэрхшээл болгосон. Одоо ижил хүйстэн нөхдүүд “бахархлын  жагсаал”-аар айсуй. Удалгүй тиймэрхүү нэртэй болох биз.

    Бүтээн байгуулалт, бүтээн байгуулагч, баялаг бүтээгч гэж сайхан нэршлүүд байна. Социалист бүтээн байгуулалт гэж байгаад хөсөр хаягдсаныг өөд татаад авсан түүхтэй. Чухам энэ хэллэг өнөөдөр манай бизнесийн нэр хүндийг өөд татаж байна. Одоо барьж босгож овоолж байгаа бүхэн гарцаагүй бүтээн байгуулалт. Гагцхүү төсвөөс мөнгө сааж, авлигаар газар авч, булааж, хууль бусаар хийснийг ялгахгүй. Одон тэмдгийг жинхэнэ гавъяатан ба хулгайч дээрэмчинг ялгахгүйгээр бөөнддөг шиг. Нийслэлийн баруун хэсэгт Туулын эргийг ухаж хайрга олборлон сүйрүүлж байгаа компаниудыг эсэргүүцсэн иргэдийг “бүтээн байгуулалтыг саатууллаа” гэж буруутгасан байдаг. Уг нь бүх зүйл ажил, барилга, бизнес  юмсан. Одоо үйлдвэрлэж үйлчилж байгаа хүнийг баялаг бүтээгчид гэж өргөмжилдөг болжээ. Бусад нь? Тэгвэл ядахдаа эмч нарыг “баялаг бүтээгчдийн эмч”, багш нарыг “баялаг бүтээгчдийн хүүхдийн багш”-аар нэрлэвэл нэрлэвэл шударга ёсонд нийцэхсэн.

    Ноос ноолуур, арьс шир, газар тариалан, шатахуун импортын компаниуд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” мэтийн гоё нэр зүүж байгаад төсвөөс хэдэн зуун тэрбумаар салгадаг аргатай.

    2015 онд нэр нь үл мэдэгдэх компаниуд татвар, гааль, нийгмийн даатгалын өр төлбөрөө цайруулахын тулд УИХ-аар дамжуулан 32 их наяд буюу тухайн жилийн ДНБ-ээс 1,5 дахин давсан мөнгөө өршөөлгөж өөрсөддөө үлдээжээ. Бусад оронд бол зөвхөн шийтгэл, торгууль, алдангиас чөлөөлдөг болохоос биш төлөх ёстойг төлүүлдэг юм байна. Түүгээр зогсохгүй хэн хэдийг өршөөлгөснөө байтугай зүгээр нэрсийг нь хүртэл төрөөр нууцлуулсан. Тэгээд энэ бүгдийг юу гэж нэрлүүлсэн бэ гэвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Ёстой нөгөө аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг.

    Энэ бүх асуудал ганц нэрнээс болоогүй, цаагуураа ил далд зөндөө “хөдөлмөрлөсөн” нь мэдээж боловч “хэрвээ нэр оносон тохиолдолд” буюу хүчтэй үгийг бодож олох, ганц нэр солих төдийд мянга мянган хүнийг толгой эргүүлэх арга ухаан, PR, ухуулга сурталчилгаа дэндүү хөгжиж хулгайч, худалч болон авлигачдыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ба УИХ-ын гишүүд болгон хувиргадаг болжээ.

    Сүүлийн өдрүүдэд шуугиулж буй дараачийн нэршил бол Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сан. Аливаа бизнесийн том жижгийг бид тэртээ тэргүй баримжаална. Босго, хэмжүүр нь хуулинд бий. Ийм учраас Монголын төрийн том зүтгэлтнүүд, эсвэл сиймхий гарвал хусчих гээд байдаг жижиг гарын хэцүү нөхдүүдийн алин болохоо яруу тод харуулсан УИХ-ын эдгээр гишүүдэд талархая.

    P.S.

    Монголын цаг хугацаа хүртэл тоондоо таардаггүй. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээг 11 цагт товлосон бол 11 хагасаас наашгүй. Заримдаа үүнийг шийдэх мэргэн арга олсон нь 10.30-д эхлэнэ гэж зарлах. Гэхдээ энэ худлааг бүгд дотроо мэднэ.

     
  • Mongold 0 on 2018.07.16 Permalink | Reply  

    Улсын наадам 

    2018.07.16.

    Наадмын өдөр. Гэнэт стадионы урд талын хашаа пирхийн нурж үерийн ус мурилзан орж ирлээ.

    Хүмүүс хашгирч үймэлдэхэд авга ах Бямбаа намайг шүүрэн авч хойшоо зүглэн Төв цэнгэлдэхийн баруугаар эгнэсэн жижиг цагаан мухлагуудын хажуугаар, өвдгөөр татсан усыг туучсаар Энх тайвны гүүрэн дээр гарч билээ. Ийнхүү миний санах анхны наадам, 1966 оны гамшигт үер хоёр нэг дурсамж болж үлдсэн юм. Стадион гэж Төв цэнгэлдэхийг биш, харин түүний баруун урд, өнөөгийн Олимпийн хорооны хавийг багтаасан модон стадионыг хэлж байна. Гадуураа гоёмсог хаалга бүхий модон хашаатай. “Хүний мөр” кинон дээр хэсэгхэн зуур харагдаад өнгөрдөг. Өвөл нь мотоциклийн мөсөн замын уралдаан болж, зун нь эргэн тойрны модон байшингуудад дээлтэй, дээлгүй хүмүүс цугларч шагай харвадагсан. Үер буусан тэр өдөр Төв цэнгэлдэхэд маргааш нь Мөнхбат аварга түрүүлсэн бөх барилдаж, харин энэхүү Бага цэнгэлдэхэд янз бүрийн тэмцээн уралдаан болж байсан болов уу.

    Би түүнээс хойш Улаанбаатартаа ихэнх, 1991 оноос хойшхи бүх наадмыг алгасалгүй үзэж, Төв цэнгэлдэхийг нар зөв тойрон хуушуурдаж, наадмын нээлт ба тавын даваанаас хойшхийг ядахдаа зурагтаар, заримдаа дэргэдээс үзэж, сурын талбай, шагайн асруудаар шагайж, бас Хүй долоон худгийг зүглэн соёолонгийн биш юмаа гэхэд хавь ойрын тоосонд даруулсаар өдий хүрсэн байна. Уяачдын наадмыг сонирхдог ч үгүй. Харин хөдөөний наадам нэгийг ч үзээгүй шүү.

    Ийм арвин туршлагатай улсын наадамчны хувьд хэлэхэд наадмаа шинэчлэх юмсан. Начны найраа, сэрвээний өндөр сэлт миний мэдэх асуудал биш, шөвгийн дөрөв, үзүүр түрүү, айргийн тав, баян ходоод тэртэй тэргүй сайхан, гэхдээ эмх цэгц, зохион байгуулалт нь үнэхээр тааруу. Хэзээ хаана юу хэн ямар тухай мэдээлэл, зар үндсэндээ байхгүй.  Телевиз, гар утас, дэлгэц хөгжөөд хэд дахин гоёор, мэдээлэл тайлбартай үзүүлж байхад нөгөө багадаад байгаа, жуулчдад тасалбар олддоггүй Төв цэнгэлдэхэд хоосон суудал есийн даваагаар ч зөндөө болжээ. Төрийн наадам юм бол нээлт нь хатуу дэг жаяг бүхий ёслол баймаар санагдана. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх рүү хүндэтгэсэн шиг хүндэтгэж залах. Түүнээс биш хэн дуртай нь дагаж гүйлдэх биш. Наадмын нээлт хэмээх концертыг гоё болгох гэж оролдох тусам тансаг хэдий ч ядаргаатай шоу болон хувирч байна. Үүний оронд начин, харцага, заан, гарьд, арслан, аварга, тэр дундаа далай, даян, дархан аваргуудыг Төв цэнгэлдэхийн ногоон зүлгийг (жинхэнэ зүлэг болгомоор) дүүргэж танилцуулах, хүндэтгэх. Сүүлийн жилүүдэд бөхийн өргөөнд бөх болгоны нэрийг бүтэн дуудаж танилцуулдаг болсон, 2011 онд 6002 бөхийг жагсааж Гиннесийн номонд бичүүлсэн нь Р.Нямдорж тэргүүнтэй Үндэсний бөхийн холбооны хийсэн хоёр сайн зүйл билээ. Гэтэл өнөөдөр наадмын нээлтээр Хорлоогийн Баянмөнх тэргүүтэй аваргууд дарга нарын өмнүүр зүгээр явж өнгөрөх нь даанч жол. Харин индрийн эсрэг талын цахим дэлгэц дээр барилдааны дүрс, бусад мэдээллийг гаргаж харуулдаг болсон, энд тэндгүй дэлгэц зоож байгаа нь маш сайн. Гэхдээ хангалтгүй. Наадмаа яаж шинэчлэх талаар яриа хөөрөө эхлэх цаг болсон байна.

    Гол асуудал бол Төв цэнгэлдэх өөрөө. Тэртээ 1959 онд баригдсанаас хойш огт шинэчлэгдээгүй. Саяын наадмаар буюу 59 жилийн дараа таваас есийн давааг яг шпротны загас шиг нягтралтай сууж үзлээ. Орж гарах нь бүхэл бүтэн даваа. Ноднин уржнан төв замаас харагддаг байсан Төв цэнгэлдэх энэ жил өндөр барилгуудаар бүрэн таглагдаж хорооллын дундах тоглоомын талбайн зиндаа руу дөхөж байна. Эргэн тойрон ундуй сундуй. Тэр өдрүүдэд хөл бөмбөгийн аварга стадионуудын үзэж тансагласан бидний хувьд арай дэндүү…

    Шинэ стадион хэрэгтэй! Төв цэнгэлдэх нэгэнт өнгөрсөн, ийм учраас хаа нэгтээ шинийг, бүр томыг барихаас өөр аргагүй гэж бүгд ярьж байна. Гэхдээ ойрын жилүүдэд бүтэхгүй, бүтээд ч нэмэргүй. Ямар сайндаа хятадууд нисэхийн дэнж дээр тийм сайхан Спортын ордон барьж бэлэглээд байхад бүгд хуучнаасаа холдож өгөхгүй, бушуухан буулгаж шинийг барих тухай хэрүүлтэй байхав.

    Ойрын тав, арван жил эндээ наадах нь гарцаагүй учраас одоо, дараа жил юу хийхээ бодох цаг. Төв цэнгэлдэхийг өөд нь татахгүй байгаагаа нийслэлийн дарга нар 51 хувийг нь Нямдаваа гэдэг хувь хүн эзэмшдэгээр тайлбарладаг. Үнэхээр тийм. Цаадах нь наадам бүрийн өмнө төсвөөс бага сага мөнгө нэхэж будаг түрхэж жижиг сажиг засвар үйлчилгээ хийлгэдэг. Төв цэнгэлдэх бол зөвхөн ганц стадион биш,  түүнээс хэд дахин том эргэн тойрны талбай байсан. Хөрөнгө оруулж гадагш нь өндөрлөн тэлж хэд дахин том болгоход хүрэлцэх тэр орон зай хаачсан бэ? Нийслэл өөрөө, Нямдаваа хоёр ээлжлэн барилгын компаниудад сэмхэн өгч (мэдээж зарсан байж таарна) орон сууц бариулаад барж буйн гэрчүүд нь наадамчин олон бид юм. Одоо сул харагдаж байгаа газрууд дараа жилийн наадмаар очиход байх уу? Хэрвээ манайд жинхэнэ төр засаг, сайн хот байсан бол Төрийн наадам  хийдэг Төв цэнгэлдэхийнхээ 51 хувийг алдчихаад дөрлүүлж явахгүй байсан.

    Уг нь хамгийн сайхан наадмын талбай бол Яармагийн дэнж. Төв цэнгэлдэх баригдах хүртэл буюу бүр 1930-аад оноос 1960-аад оныг тултал Төрийн наадам энд болдог байжээ. Хотод ойрхон, хүүхэд хөгшидгүй хүрээд очиж чадахаар цэлийсэн сайхан энгэр. Хэдэн ч цэнгэлдэх багтана. Жилдээ нэг удаа наадмынхаа ёслолыг хийгээд бусад цагт нь амралт зугаалга, өвөл нь цана чарга. Ердөө хоёрхон жилийн өмнө ингэж болох байсан. Гэтэл одоо үй түмэн барилгаар дүүргэж байна. Дархан цаазаас нь гаргаагүй байж шүү! Дээр үеийн барилгуудаас хуучирсан, сүйтгэсэн хэдэн балгас, бас голд нь нэгэн хөшөө үлдсэн. Түүнийг 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор ёслол төгөлдөр нээсэн ажээ. Оройд таван хошуу нь байсан нь алга. Баруун тийш харсан энгэрт нь  Лувсаншарав гуайн дурссанаар ийм шүлэг бичсэн байж. Одоо бүрэн баларчээ.

    Үрийн үрээс эрх чөлөөг хүсээд

    Үеийн үеэс тэмцсэн ардын тэмцэлд

    Ачит Ленин, Сталин дэмжиж туслаад

    Ардын төртэй Монгол улс тогтов оо.

    Түүнээс хойш яг 72 жил өнгөрчээ. Ленин, Сталин яахав ээ. Муу, сайн ч гэсэн Төрийн наадам болж байсан газар.

     
  • Mongold 0 on 2018.05.09 Permalink | Reply  

    Яг мэдэх 

    2018.05.09.

    Гадуур ширүүн юм болоод өнгөрчээ. Монголоос гадуур гэсэн утгаар хэлэв. Оросын тагнуулын ажилтан байгаад урвасан нэгэн хурандааг өнгөрсөн гуравдугаар сард Солсбери хотод охинтой нь хамт хордуулсны буруутнаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй шууд ОХУ-ыг нэрлээд хэсэг дипломатчийг нь хөөснийг барууны бусад орнууд дэмжин нэмж хөөж, оросууд хариу хөөж хэсэг бужигнав. Урьд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлөхийг оролдсон гэж зарласны дараа төстэй явдал болсон билээ. Дөрөвдүгээр сард Сирийн Засгийн газрын цэргийг Дума хотод энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгасан Англи, Америк, Франц гурван улс бөөн пуужин харваж шийтгэлээ.

    Гэтэл тэр тагнуулчийг оросууд хордуулсны нотолгоо байхгүй, Сирид хордуулсан нь шал худлаа болж таарав. Одоо барууны хэвлэл мэдээлэл худалч улс төрчдөө балбах нь гэтэл тэгсэнгүй. Хордсон хүүхдүүдийг усаар шүршин аварч байна гэсэн бичлэгийг CNN, BBC-гээр зогсоо зайгүй үзүүлж, зургийг нь сонинууд тэргүүн нүүрэндээ нийтэлж улс төрчдийг хөөргөсөн хэрнээ тэр явдал жүжиг байсныг илчилсэн бичлэг гарч ирэхэд таг дуугүй өнгөрч байх юм. Ерэн оноос хойш бидэнд хараат бус байдал, гурваас доошгүй эх сурвалж, гарцаагүй баримт нотолгоог заасан багш улсууд яав аа?

    Манайхны тавьдаг “энэ олон телевизийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх юм алга” гэсэн гомдлыг “энэ хэдэн улсуудын аль нь үнэн …” гэж өөрчлөхөд хүрлээ. Монголын нэг, хоёр, гуравдугаар хөршүүд болох том гүрнүүд хоорондоо муудалцаад байхад бид аль нэг талд орж цод цод хийхгүй, дуугүй байгаа.

    Телевиз үзэхэд даян дэлхийд энх тайван биш fake news – хуурамч мэдээ мандаж байна. Тийм мэдээг илчилдэг тусгай нэвтрүүлэг, сайтууд гарчээ. Тэр нь бас хуурамч мэдээгээр дүүрэн. Өнөө цагт ямар ч мэдээ секундын дараа дэлхийг бүрхдэг, мэдээгээр хүний толгойг эргүүлэх арга ухаан дээд цэгтээ хүрсэн учраас дайн дэгдэж, дайныг дэгдээж ч мэдэхээр байна. Манайхны хувьд худлаа нээрээ ярих нь ихсэж багасгаагүй хэвэндээ л байгаа. Гэхдээ бусдыг хэлэлтгүй, дотроо болж буй элдэв явдлыг бид яг мэдэж, үнэн мэдээлж чадаж байна уу? Хуурамч гэхийн оронд шууд худлаа мэдээ гэвэл илүү ойлгомжтой байна.

    Эрдэнэтийн 49 хувийн талаар хоёр жил шуугилаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ээлжит төлбөртэй нэвтрүүлэг бүх том сувгаар цацагдав. УИХ-аас асуух ёстой юмыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дур мэдээд хувь хүмүүст аваад өгчихсөн хэрэг билээ. Улс дамнасан ер бусын хувьчлал учраас эсвэл эдийн засаг, бизнесийн сурах бичигт орох үлгэр жишээ, эсвэл XXI зууны шилдэг луйвар. (XX зууных бас Эрдэнэтийнх байжээ). Одоо УИХ, Засгийн газар ба компанийн тал шүүхдэлцэж байна. Үнэн олдох уу? Шүүх бол аливаа хэргийг хуулийн заалттай тулгаж үздэг байгууллага учраас хуулинд харыг цагаан, цагааныг хар гээд бичсэн бол түүгээр шийднэ. цоорхой байвал түүгээр гоожуулна. Энэ хооронд эрх мэдэл ба их мөнгө бие биенээ он жилээр гацаана, эцэстээ “улс орны эрх ашгийн төлөө” талууд буулт хийж хувь процент дээр тохиролцоод салах, биш ээ нийлэх байх. Мөрдөн шалгалт (хэрвээ явж байгаа бол) хүрсэн тэр цэгтээ зогсоно.

    Эрдэнэт үйлдвэрийн манай талын 51 хувийг цэнхэр тасалбараар түгээх, бас хувьчлах тухай яригддаг байсан. Харин Оросын 49 хувийг очоод авах санаа үнэхээр хосгүй учраас нэгээс илүүгүй хүний толгойд орсон байж таарна. Тэгээд хоёр, магадгүй гурван хүн маш нууц уулзалт болсон. Тагнуулын ерөнхий газрын даргыг дуудаж үүрэг өгсөн… Ажлаа хуваарилж бизнесийн тал мөнгөө яаж босгохоо, Ерөнхий сайд УИХ-ын “садаа”-нуудыг яаж аргалахаа хариуцсан. Хэлэх хэлэхгүй, итгэлтэй итгэлгүй хүмүүсийн жагсаалт гаргасан… Энэ бүх үйл явдал тов тодорхой овог нэр, ажил, албан тушаал, он сар өдөр, минут секунд, амнаас гарсан үг, албан бичгийн өгүүлбэр, гарын үсэг, үнийн дүнтэй. Гагцхүү энэ түүхийг бид мэдэхгүй өнгөрнө.

    Нэн шинэ түүхийн олон үйл явдлын жинхэнэ түүх нь бичигдээгүй байна. Хэрвээ цагдаа шүүхээр орсон, гэрч оролцогч нь сонин хэвлэлд ярьж амжсан бол тэр хэмжээндээ үлдсэн. Яахав, зарим нэг нь уран сайхны кино болсон. 90 саяын Гансүхийн хэргээр “Бодлын хулгайч”-ийг хийсэн. Бас 2007 оны Ми-8-ын ослын мөрөөр “Ми-15” (амиа алдсан аврагчдын тоогоор) нэртэй кино гарчээ.

    1991 оны алдарт 20-р тогтоолын нууц задарсан, 1993 онд Ми-8-ыг хил зөрчиж оруулаад улсад шахсан, 1993-1994 оны Айбекс-Молам-аар тэнгэрээ зарах шахсан эсэх, 1995 онд ажил хаясан багш нарыг тагнасан, Гүнтийн буудалцаан, төрийн өмчийн хачирхалтай хувьчлалууд (өөрөө өөртэйгээ өрсөлдөж ялсан тендер, шөнийн 02 цагт гарсан шийдвэр, эгзэгтэй мөчид тог тасарсан, танд арай үнэтэй заржээ гээд тал мөнгийг буцаасан гэх мэт), 1997-1998 онд нам даруулсан казино, 2002 оны Центрпойнтын зодоон, 2003 онд монголын тагнуулчид Европоос иргэнээ хулгайлсан, 2004-2006 онд Хадгаламжийн банкны 14 тэрбумаар казинодож чадсан, 2007 онд Симба Батаа дахиад нэг нисдэг тэрэг унагасан гээд дуулиант хэрэг явдлуудыг бид ерөнхийд нь сонссон, гэхдээ яг мэдэхгүй. Зарим дурсамж ба захиалгат дурсамжууд бүтэн үнэнийг хэзээ хэлэхгүй. “Арван долоон чингэлэгийн нууцыг тайлахуй” мэтийн жинхэнэ бестселлер номнууд зохиогчоо хүлээсээр. Цаг нь хараахан болоогүй байж магадгүй, гэхдээ 20,30 жил тийм ч бага хугацаа биш.

    Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 17-18 жил  мөрдөсний эцэст хэдэн хүнийг баривчилж шүүхээр оруулж ял сонсгосон ч яг юу болсныг бид мэдэхгүй. Хүн амины иймэрхүү хэргээс бид юу мэдэж авдаг вэ гэвэл тэр өдрийн төдөн цагт гэрт нь очсон, тэнд тийм хүмүүс байсан, хутга шөвгө гаргасан, амь насанд хүрсэн, гараад зугатсан. Ердөө л энэ. Хэдхэн өгүүлбэр. Гэтэл хамгийн дуулиантай энэ хэрэг дээр байхгүй. Гүйцэтгэх ажлын нууц гэнэ. Уг хэргийг илрүүлэхийн тулд тагнаж чагнасан нууцыг хэн ч нэхээгүй, зөвхөн аллага хүртэл юу болсныг товчхоон дурдахыг хүлээж байгаа.

    2008 оны 7-р сарын 1-ны түүх огт бичигдээгүй. Таван хүний амийг хөнөөсөн, бөөнөөр баривчилсан, тэдэнд ус өгөхгүй зовоосон, дараа нь өршөөсөн бүхэн 7-р сарын 2-ны 00.00 цаг буюу Онц байдал тогтоосны дараа болсон хэрэг.  Яг долдугаар сарын нэгний түүх байхгүй. Улс төрчдийн намтар хагас дутуу, бүр худлаа учраас нүглээ наманчилж Ганданд насаараа суух ёстой хүн нам төр толгойлоод манаргаад явж байх шиг.

    Сүүлийн өдрүүдэд Их тэнгэрийн амны эсрэг талд, Туулын эрэг дээр “Зүүнбаян рефайнери” компани хууль зөрчин барьж байгаа орон сууцны хотхон анхаарлын төвд байна. Ноднин газрын эрхийг нь цуцалсан ч барьсаар байгаа. Байгаль хамгаалагчид байтугай сайд, сайд байтугай УИХ-ын гишүүн очоод зогсоож чадаагүй. Бас 2016 онд нийслэлийн ИТХ-аас тогтоол гаргаж энэ барилгыг голын хамгаалалтын бүсээс гаргасан байна. Ямар мундаг эрх мэдэл, далдын хүч вэ? Хаяг нь “Оюуны ундраа” групп, нэр нь нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан,  бас УИХ-ын гишүүн асан, хамгийн сүүлд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байсан С.Отгонбаяр нар гэж бүгд мэднэ. Монголын нэг, хоёр, гуравдахь засаглал яаж ч чадахгүй байна. Дөрөвдэх засаглал? Бусад орны жишгээр ийм эрхмүүдийг ажлаасаа, гэрээсээ гарахад нь камер, аппарат, диктофоноо агсаад хүлээж баймаар.

    Уг нь манай сэтгүүлчид эгзэг нь таарвал улс төрчдөөс сүрхий асуудаг. Иймэрхүүгээр.

    -Энэ тендерийг авсан компанийн ард таныг бий, урьд орой нь үнэлгээний хорооны даргатай таныг уулзсан гээд байх юм?

    Одоо хэдэн секундын пауз авч хариугаа хүлээх хэрэгтэй. Гэтэл чухал эрхмийг эвгүй байдалд оруулахаас санаа зовдог уу, бүү мэд, залгуулаад,

    -Та олон жил бизнес эрхэлсэн үү? Тантай холбоотой иймэрхүү яриа гарахад хэрхэн хүлээж авдаг вэ?

    Улс төрч маань аврагдах нь тэр. Хэнгэнэтэл санаа алдаад бүх амьдралаа базаж,

    -Тийм ээ, олон жил чөмгөө дундартал зүтгэлээ. Яахав, миний үүсгэн байгуулсан компанийг ах дүү нар маань авч яваа. Тэд ямар тендерт оролцож байгааг би ямар мэдэх биш. Улс төрд орсноосоо хойш элдвээр хэлүүлж явна. Миний эсрэг яриа гаргасан хүнийг мэднэ, одоохондоо нэрийг нь хэлэхгүй

    Ам нь халбал,

    онголын төр өөртөө зүтгэсэн хүндээ халтай гэж үнэн шүү.

    Бүр халбал,

    -1937 оны хэлмэгдүүлэлт битгий эргэж ирээсэй … 

    Уг нь жижигхэн баримт асуусан юм шүү дээ. Бид юу ч мэдэж авсангүй. Уул шугамандаа мэднэ, тэр тусмаа яг мэднэ гэдэг бол мянган үгний таглаа.

     
  • Mongold 0 on 2017.06.22 Permalink | Reply  

    Баримт, баримт, баримт … 

    2017.06.22.

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улангасч оргилдоо хүрлээ. Орой бүр нэр дэвшигч гурав ямар адгийн новш болохыг илчилсэн шинэ шинэ баримт, эсвэл өмнөх баримтыг дэлгэрүүлсэн бичлэг, нэвтрүүлгүүд урсаж байна. Хажуугаар нь тэдгээр баримтыг дүрсэлсэн зурагт хуудсууд. Гэхдээ цаасан дээр хэвлээгүй, цахим зурагт хуудсууд нийгмийн сүлжээгээр. Гудамжинд сурталчилгааны хөлтэй самбар хааяа нэг тааралдана. Жинхэнэ тулаан дэлгэцэн дээр, цахим фронт дээр өрнөж байна.

    Энэ удаагийн сонгууль бол баримт фактын сонгууль. Хамгийн том 60 тэрбумаас эхлээд төмөр зам, тэрбумын офшор, 50 сая вон хүртэл цул баримт. Ийм учраас аль ч тал нэг ч баримтыг няцаасангүй. Оронд нь “өөрөө муухай” гэсэн ээлжит шинэ баримтаар хариу барьж байна. Сонгуулийн дарааа олон сар жил ярих, судлах, бас мөрдөн шалгах баримтууд.

    Ямар азаар хэдхэн хоног үлдэв ээ. Бусад телевизээр бүтээгүй халз мэтгэлцээн Олон нийтийн телевизээр явахаар болжээ. Үзэгч сонгогчдоос ирсэн асуулт гэж байгаад хөтлөгчид байдгаараа “соёлтой” асуулт тавина, харин нэр дэвшигчид бэлтгэсэн захирагдах юу л бол. Чи би-дээ тулах бол зүгээр л нөхөрсөг яриа. Х.Баттулгын зүгээс дараачийн элдэв фактыг гаргаж үхэр буугаа тавихад М.Энхболд нүүрний ямар ч хувиралгүйгээр няцаана. Гэхдээ хараал ерөөлдөө хүрэхгүй болов уу. С.Ганбаатар (өнөө маргааш нэрсийн жагсаалтаас хасагдахгүй бол) хажуунаас нь хэсэг лоозогнох биз. Сүртэй юм болохгүй.

    Жинхэнэ сүртэй юм санал хураалтын маргаашнаас болж магадгүй. Миний хувьд түгшиж л байна…

     
  • Mongold 0 on 2016.11.28 Permalink | Reply  

    Бид агуу …. 

    2016.11.28.

    Бид агуу. Хүний түүхийг хэсэг зуур манлайлсан болоод тэр үү, өнөөдөр хоёр гүрний завсарт хавчуулаастай хэрнээ хүзүү сунган шоволзож, юм л бол монгол хүний генээс эхлээд дуучныхаа хоолойг дэлхийд зарлаж, Гиннесийн ном, Дэлхийн банк, стратегийн ордоос доош, их наядаас бага, 2030, 2040 оноос нааш юм ярихаа больжээ. Дээдсийн захиснаар мориноосоо буугаад тогтож хайрлахын оронд сав л хийвэл буцаж мордсоор өдий хүрлээ.

    Бид том үйлтэй улс байж магад. Ер нь зорьсон хэрэг өчүүхэн аваас юу хүлээхэв. Их ашиг том наймаанаас л унах нь гарцаагүй. Оготнын нүх сахивал оготно л гарч ирнэ гэж үг бий. Даанч монголын том, их, агууг дандаа жижигхэн юмаар баллачихаад байна. (Англиар The devil is in the detail, оросууд “Дьявол в деталях” гэдэг, харин манайхны орчуулснаар “Чөтгөр жижиг юмны цаана нуугддаг” гэж яг үнэн) Тэр жижигхээн юм бол ердөө л ганц хүн, өчүүхэн санаа, бяцхан худал хуурмаг сэлт байх юм.

    Бид агуу юм чинь дээрээс эхлэе. 2016 оны УИХ-ын сонгуулиар хэдэн зуун мянган хүний санал гээгдэж нэг нам хэт давамгайлсны шалтгааныг сонгуулийн тогтолцоо гэж бүгд оношлоод байна. Хуулиа эхний удаад батлахдаа сонгуулиас өмнөх 6 сарын дотор өөрчилж болохгүй тухай заалтыг А.Бакей нэртэй ганц гишүүн далд санаагаар сэмхэн хасч мэдэн будлиагүйсэн бол хавар нь УИХ-ын дарга З.Энхболд бүх суудлыг сөрөг хүчиндээ амсуулалгүйгээр хамах ховдог тооцоогоор шургуулсан өөрчлөлтүүд орохгүй, улмаар өөрсдөө онхолдохгүй байсан. “Болохгүй” гэсэн хуулийн ганцхан өгүүлбэрийн үнэ цэнэ!

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Риогийн олимпын чөлөөт бөхийн 65 кг-ын төгсгөлийн хэдхэн секундэд хөөрцөглөж байж медальгүй хоцорсон Мандахнаранг шүүгчид шийдчихээд байхад эсэргүүцэн хувцсаа тайлж шидэлсэн хоёр дасгалжуулагчийг зад өмөөрсөн билээ. Ерөнхийлөгчийнхөөр бол, тэд эх орноо нүцгэн цээжээрээ хамгаалсан баатрууд. Золтой л улсын баатрын тэмдэг зүүсэнгүй. Гэхдээ барилдаан яавч 5 мин 41 секунд биш, бүр 5 минут 56 секунд ч биш, яг 06 минут 00 секунд үргэлжилдэг дүрэмтэйг хааш нь хийх вэ? Дөрөвхөн секунд!

    Наймдугаар сарын 30-нд Хөвсгөл нууранд 26 настай залуу хамгийн бага нь зургаан настай дөрвөн жаалыг суулган зугаалж явсан моторт завь хөмөрч бүгд амиа алдсан билээ. Ослын мөрөөр телевизийн хэлэлцүүлэг болов. Хянаж шалгадаг хүмүүсийн тоо цөөддөг хэмээн арай баримжаатай эхэлснээ завины дүрмийг монголоор орчуулья, эрх зүйн орчин дутуу байна, нуурын эргээрх жуулчны баазуудыг холдуулах хэрэгтэй гэхчлэн дээш хөөрсөөр Хөвсгөл нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх Азийн хөгжлийн банкны гурван том төсөл хэрэгжүүлэхийг зарласнаар өндөрлөв. Завинд суусан хүн бүр аврах хантаазийг гэрээсээ гарахдаа гутлаа угладаг шигээ заавал өмсөх, бас өмсүүлж байх аргыг банк манкнаас өмнө олох ёстой байсан биш биз? Нөгөө осолдсон хүүхдүүдийн хэн ч тийм хантааз өмсөөгүй, гэтэл завины урд хайрцагнаас хүүхдийн 4, том хүний 5 хантааз гарч ирсэн гэж тэнд очсон сэтгүүлчид ярьжээ. Азийн хөгжлийн банк уу, аврах хантааз уу? (Найзыгаа уснаас аварсан сурагч хүүгийн нэгэн түүх. Багш нь ангийнхний нь өмнө баатарлаг явдлыг магтахын хажуугаар, ийм сайн хүү хичээлээ давтдаг, үймүүлдэггүй байх ёстой гэх мэтээр далимдуулахад бяцхан гомдсон хүү тэсгэлгүй хэлсэн нь: усанд сайн сэлдэг байхад болохгүй юм уу?)

    Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчийн хэдэн өдөр хэвлэл мэдээллээр замын хөдөлгөөний шинэ хууль журам 9-р сарын 1-нээс хэрэгжинэ, зөрчвөл хатуу шийтгэдэг болох тухай шуугисан билээ. Нэг нь эхлүүлж бусад нь давалгаалуулсан хэрэг. Хайлтын системд үлдэж хоцорсон зарим мэдээний гарчгийг огноотой нь дурдваас:
    “Aug 30, 2016 – Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль нөгөөдрөөс буюу 9-р сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Шинээр хэрэгжиж эхлэх энэхүү хуулиудтай …”
    “Sep 1, 2016 – Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон. 9-р сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн …”
    Aug 4, 2016 – Есөн сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Aug 30, 2016 – 9 сарын 1-нээс ЖОЛООЧ таны баримтлах 24 дүрмийг танилцуулж байна
    2016 оны 08-р сарын 30. Есдүгээр сарын нэгнээс Замын хөдөлгөөний дүрмийн хатуу чанга 24 заалт … 1. … Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48.000 төгрөгөөр торгоно…
    Замын цагдаагийн газраас арга буюу залруулга гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүйг анхааруулсан. Хүчин төгөлдөр болоод бүтэн жил өнгөрсөн хуулийг бидний нэг хэсэг огт мэдээгүй тууж явсан байна. Юун хэрэгжүүлэх…

    “Хэн нэгнийг буруутгахдаа биш, гол нь тогтолцоог өөрчлөх хэрэгтэй” гэж гоё тайлбар биднийг эзэмджээ. Ингээд хамаг улсаараа бодлого, хөтөлбөр, стратеги, хууль ярих ажилтай. Шинэ хууль батлангуут боловсронгуй биш, цоорхойтой тухай дуугарч эхлэнэ. Яг хэрэгжүүлэх болохоороо өөрчилж орхино. Эцэстээ гол буруутанг олж тогтоогоод давшилж буй нь Үндсэн хууль гуай. Нэгэнт тогтолцооны буруу юм чинь хэн ч хариуцлага хүлээхгүй. Нам дамнасан олигархууд гэж том цоллодог ч нэрлэдэггүй. Эрдэнэт үйлдвэрт 10 жилийн цаас шахсан, шахуулсан нөхдийг зарлахад л бүх асуудал шийдэгдэх байтал “хэн нэгнийг буруутгаад яахав”. Элдэв эрхмүүд зурагтаар “энэ хэний шидсэн чулуу болохыг мэднэ” гэж даналзах авч төдөлгүй мэдэхээ байчихна.

    Нийслэлд барилга байшин чихэлдэж зам бөглөрсөн явдал 30-40 жилийн өмнө зөвлөлтүүд Улаанбаатарыг 600 мянган хүн амьдрахаар тооцоолсноос болсон гэж гомдоллодог монгол заншил дэлгэрчээ. (Нээрээ яагаад 1,3 сая хүний орон сууцыг барьж бэлтгээд түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд яваагүй юм бол? Бүр машины зогсоолтой нь!) Ингэж хэлмэгц 1990 оноос хойшхи нийслэлийн бүх Засаг дарга нар хөөрхий хохирогч болцгоож байгаа юм. Газрын мафи гэж байх ч үгүй. Уг нь газар, барилгын зөвшөөрөл тус бүрийн дор гарын үсгээ тавьдаг албан тушаалтнуудаас ядахдаа цор ганц нь хууль, журам, норм стандартын хэдхэн тоог ягштал бариад “үгүй” гэсэнсэн бол нийслэлийн бүх орон сууцны тоглоомын талбай бүтэн, тухайлбал, Зайсангийн ам чигжигдэхгүй байсан. Хуулиараа бол тэндхийн барилга, байгууламж аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон учраас хоорондоо 5 км-ийн зайтай байх ёстой, гэхдээ өнөөдөр ядахдаа 5 метрийн зайтай баригдсан нь яамай даа. Бас Туул голын хамгаалалтын бүс дотор хайрга олборлохгүй байсан. Өнөөдөр эксковатораар ус самардах нь холгүй ухаж байгаа. Саяхан УИХ-аас байгуулсан ажлын хэсэг түүгээр үүгээр явж үзээд голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох хэрэгтэй гэжээ. Агуу нээлт хийсэн байна шүү! Анх зөвшөөрөл хүсэхэд нь Ашигт малтмалын юмуу байгаль орчны хэн нэгэн албан тушаалтан “болохгүй ээ, хууль зөрчинө” гээд зогсоож болох байсан. Хувь хүний түүхэнд гүйцэтгэх үүрэг гэж энэ. Заавал эзэн хаан юмуу жанжин байх албагүй.

    Саяын сонгуулиар нэр дэвшигчид Монгол Улсыг хямралаас аврах аргыг уралдан хэлж өгсөн билээ. Тэр арга бол: НАМАЙГ СОНГОЧИХ. Даанч УИХ-ын орон тоо ердөө 76 тул бусдыг нь унагаад үлдээсэн хэд маань сонгуулийн дараа олигтой мэдэхгүй болж таарлаа. Чухам мэдэхгүй байгаа учраас хаа сайгүй нэвтрүүлэг, чуулган, уулзалт, клуб, өглөө оройны цай ундаар энэ асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулалт татах, зээлийн хүүг бууруулах талаар уралдаан тэмцээн хүртэл зарладаг болов. Юу хийх ёстойг бүгд хэлж байна, гагцхүү чадах уу? Өнгөрөгч есдүгээр сард нэгэн арга хэмжээн дээр германы элчин сайд Монгол Улс “гайхамшгийг бүтээх” гэхийн оронд “гэрийн даалгавраа сайн хийхэд л хангалттай хөгжинө” хэмээн зөвлөжээ. Учиртай хэлсэн байна. Хууль, дүрэм, журмын яг заалт, түс тас овог нэр, алгасаагүй бүртгэл, хөдөлшгүй тоо цифр, минут, секунд мэтийн “жижиг сажиг” асуудал Монголыг аврах болж байх шиг …

    Бидний агуу арай хэтрээд байна.

     
  • Mongold 0 on 2016.05.29 Permalink | Reply  

    Юун хөөрөг … 

    2016.05.29.

    Хэдэн жилийн өмнө Сүхбаатар аймгийн орон нутгийн музейд дарьгангын урчуудын бүтээлийг үзэж билээ. Мужаан цех, дархны газар байсан гэж төсөөлөхөд ч бэрх ийм хөдөө хээр яаж чадсан юм бол доо гэмээр ер бусын гоё сийлбэртэй мөнгөн хэт, хутга, эмээл хазаарын тоног, бүр модон оёдлын машин хүртэл байсан шүү. Тийм ээ, бидний ээжүүдийн торжигнуулдаг байсан Kohler, Singer шиг машин шүү! Бас мэдээж элдэв хөөрөгнүүд.

    Би шагшраад гарч билээ. Хөөрөг гэснээс дотрыг ухаад гадрыг бага сага чимсэн энэ чулуу манайд хүний гараар бүтсэн урлагийн хосгүй бүтээлд тооцогддог. Саяхан телевизийн нэгэн сувгаар зарах гэж арван хэдэн саяас дуудаж харагдсан.

    Тэгвэл би өнөөдөр швейцарь цагны энэ механизмын зургийг олж хараад “үүнийг гайхамшиг гэхгүй юм бол, өөр юуг гайхамшиг гэх юм бол доо” гэж дуу алдлаа. Хэдэн зуу, магадгүй хэдэн мянгаар тоологдох өчүүхэн хүрд, араа, пүрш, холбоосуудыг бодож олоод, аль хүрдний шүднүүд нөгөө хүрднийхтэй хэрхэн уулзаж холбогдохыг ширхэгчлэн тооцоолж, дараа нь хэрчим төмөр (байлгүй дээ)-ийг тасчин миллиметрийн арав, зууны нэгний нарийвчлалтайгаар хайлуулж юмуу зорж бэлтгээд, эцэст нь нэгд нэгэнгүй эвлүүлж угсарч чадсан нь шагшмаар. Бэлэн болонгуут баадууг үл мэдэг чангалах төдийд энэ олон хэлхээтэй төмөр амь орж хөдлөхдөө хорвоогийн өдөр, шөнө, өглөө, оройг цаг, минут, секундээр “швейцарь цаг” шиг хэмжиж эхэлдэг швейцарь цагийг юу ч гэхэв дээ. Би урьд нь швейцарь цаг гэнгүүт автоматаар магтдаг байсан бол энэ удаад жинхэнээсээ! Та энэ зургийг тогтож ажиглаарай. Төгс!

    Watch. Grandmaster Chime

    Өнөөдөр бүх юм цахимжаад цагийг гэхэд нүдэнд үл хөдлөх чипээр хөдөлгөдөг болжээ. Урдаас харахад зүүнүүд тойрч даялаад байдаг, харин задлахад амьгүй хэдэн схем, чип. Тоон нүүртэй бол бүр гуниг. 1980-аад оны сүүлчээр алганд багтах сэтгүүлчийн жижиг диктофоныг анх хараад дотор нь багтсан хэрнээ хуурцаг эргүүлж чаддаг ямар мундаг мотор байдаг бол доо хэмээн төсөөлөхийг оролдож байлаа. Харин өнөөдөр бүх диктофон дижитал болжээ. Задлаад үзэхэд шал урамгүй. Иймээс саяхан хуучны диктофон тааралдангуут ум хумгүй худалдаж авлаа.

     
  • Mongold 0 on 2016.01.24 Permalink | Reply  

    Жинхэнэ эзэн нь хэн бэ? 

    2016.01.24.

    Юунаас болсон биш, хэний буруу вэ? Энэ бол өнөөдрийн хамгийн чухал асуулт. Бүх юманд, тэр ч бүү хэл, ардын дуунд хүртэл эзэн байж таарна. Мартагдсан болохоос биш. Манайд юм л бол асуудал хүндээ биш, тогтолцоондоо гэдэг. Үгүй дээ, тогтолцоог хэн нэгэн, сайндаа л хэсэг бүлэг хүмүүс алхам алхмаар бий болгоод байна.

    Төрд хамаатай тогтолцоог яавч гурван саяулаа биш, тэр байтугай яг одоо Төрийн ордонд суугаа хүмүүс бүгд биш. тэр бүү хэл УИХ-ын гишүүд бүгд биш, ерөнхийдгөө төрийн гурван өндөрлөг зохиож байна. Тэд эрх мэдлээрээ яаж ч өөрчилж чадах, бас өөрчлүүлэхгүй байж чадахыг бид харж байна. Нэрлэвээс төрийн тамга дардаг, гарын үсгээ мутарладаг Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг гурав. Энэ жагсаалт доошоогоо нэг их явахгүй… Манай аливаа шийдвэр гайгүй болвол булаацалдана, бүтэлгүйтвэл эзэн олдохгүй. Шилэн данс гэсэн том нэрийн дор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр гарцаагүй байна. Харин ил тод болгох босго 5 сая төгрөг байсныг 1 сая болгосон эзэн нууц. Энэ хуулийг УИХ-ын 76 гишүүн баталсан ч бай, 1 саяын саналыг эхлээд нэг л хүн гаргасан, эсвэл сэмээрхэн шургуулсан. Тэрнээс биш хоёр хүний толгойд 1 сая гэдэг тоо зэрэг орж ирээд ам булаацалдан дуугараагүй.

    Энэ олон марзан томилгооноос эхлээд хууль болгон, тэр дундаа Өршөөлийн хуулиуд бүгд эзэнтэй. Нууц л байгаа болохоор биш. Хэн баталсан бэ гэвэл Улсын Их Хурал гэдэг. Биш ээ, жинхэнэ эзэн нь хэн бэ?

     
  • Mongold 0 on 2015.12.14 Permalink | Reply  

    “Ном”-ын дагуу хийх нь 

    Д.Цэцэнгийн “Үр ашигтай менежментийн эрэлд …” (Монголын компаниудад юу дутагдаг вэ?) номонд би ийм өмнөх үгийг бичлээ

    Тэртээ 1979 онд Ренчингийн Чойном нас барахаасаа өмнөхөн бичсэн нэгэн захидалдаа “манайх шиг итгэл төрүүлдэггүй шуудан харилцаа дэлхий дээр байдаг болов уу” хэмээн  “Монгол шуудан”-г бололтой хачирхаж халагласан байдаг. Тухайн үедээ ертөнцийг харах ганц цонх болж байсан зөвлөлтийн сонин хэвлэл захиалахад дэндүү уддаг, эсэхүл дундаас нь дугаар алга болдог, бас хөдөө, хотын хооронд илгээсэн захиа занаа саатан бухимдуулж байсны аль алинийг хэлжээ. Чойном цааш нь “Ер нь монгол хүний хариуцан хийж байгаа ажил бүхэн үхээнц хариуцлагагүй байдаг. Ер нь монгол хүн юмыг хийж чаддаггүй, хийлгэж ч чаддаггүй, ганцхүү туршлагын амьтад байвал зохих улс ажээ. Хичнээн сайхан юмыг тоохгүй сүйтгэж мэдэхгүй баллаж байгааг нь хараад уур хүрэх юм. Би ч эдний нэг нь мөн” гэж дуусгажээ.

    Түүнээс хойш хэдэн арван жил урсан одож, бүр нийгэм солигдож ихэнх ажил, алба, аж ахуй, үйлчилгээ хувийн болж зах зээлийн шидэт гар, өрсөлдөөн, эзний сэтгэл, гадаад дотоодын арга ухаан монгол хүний хийж байгаа бүхнийг өөрчилсөн хэдий ч “манайхан бас л болоогүй байна”-ыг бид алхам тутамдаа мэдэрч шүүмжилж байгаа билээ. Одоо тэгээд яах ёстой вэ? Юуны өмнө удирдаж зохион байгуулдаг, тэр дундаа аливаа байгууллагыг  даргалдаг, ялангуяа бизнес эрхэлдэг хүн болгон нэг юм бодох хэрэгтэйг Д.Цэцэнгийн “Үр дүнтэй менежментийн эрэлд” ном ухуулж байна..

    “Өөрчлөлт шинэчлэлийг өөрөөсөө эхэл”, эсвэл “өөрчлөлт нь чи өөрөө бай” гэх мэт ухаантай үгс бий. Зохиогчийн онцолсноор, хувийн салбарынхан хэнээс ч асуухгүй, төр засаг, албан тушаалтнуудаас хамаарахгүйгээр байнга шинийг сэдэж тэргүүлж  явдаг болохоор энэ удаад ч бас манлайлах үүрэгтэй.

    Барилгын компанийн захирлуудын амны уншлага болсон “хятад барилгачид илүү, манайхан залхуу, хариуцлагагүй, цалин буухлаар уугаад алга болчихдог” гэсэн гомдол бий. Үүнийг шийдэх арга зам энэ номонд байх шиг. Хятад хүн юугаараа илүү юм бэ? Өчигдөрхөн тосгоноосоо явсан, манайхаар бол ТМС ч төгсөөгүй сая сая залуучууд хятадын үй түмэн том жижиг үйлдвэрийг хөдөлгөж дэлхийн хамаг барааг, түүний дотор дээд зэргийн нарийн түвэгтэй машин техник, тоног төхөөрөмж, гар утас, IPhone-ийг ч хамаагүй угсарч чадаж байна. Яаж? Нууц нь гэвэл тэд “номоор нь” хийж чаддаг. Хоёр утас холбох юмуу эрэг шурагдахыг яг хийдэг, хятадчилдаггүй. (Манайхаар бол монголчилдоггүй). Гэхдээ энэ хангалтгүй. Тэдний яаж ажиллах, хоёр утсыг хэрхэн холбох, залгах, угсрахыг миллиметр, секундээр нь тооцоолоод хамгийн  оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай байхаар дээрээс нь зохион байгуулаад өгдөг. Өөрөөр хэлбэл ямар ч ажилчны дагаж мөрдөх сайн “ном” бэлэн байдаг. Үүнийг Хятадад тэр бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлж байгаа барууныхан хийж өгдөг. Эсвэл барууныхнаас хуулсан.  Хулгайлсан ч бий байх. Энэ бол технологи, менежмент юм. Ингээд бүх ажил тов тодорхой, дэс дараатай, цэгцтэй бөгөөд үр ашигтай, улмаар “залхуурах”, “уугаад арилах” нөхцөл байхгүй. Энэ номын эхний уншигчийн хувьд миний толгойд хамгийн түрүүнд төрсөн бодол ийм.

    Би зохиогчийг нэлээд хэдэн жилийн өмнөөс таних ба өмч хувьчлал, хот төлөвлөлт, менежментийн чиглэлээр судалгаа хийж зөвлөгөө өгч ажилладгийг мэднэ. Түүнээс улс орны эдийн засгийн хямралын учир шалтгааны талаар маш сонирхолтой хэдэнтээ сонссон. NHK-гээр үзүүлдэг  “The Professionals” буюу манай телевизүүдээр “Мэргэжлийн замнал” нэрээр орчуулагдан гарч байгаа цувралын талаарх сэтгэгдлээ хуваалцаж япончууд юмыг яг “номын дагуу” хийдэг төдийгүй тэр “номыг” зохиож чаддаг улс гэдэг дээр санал нийлж билээ.

    Тийм ээ, монгол хүн аливаа ажлыг “номын дагуу” хийж чадна. Гагцхүү өнөөдөр монгол хүний дагах ёстой “ном” нь тэр болгон байхгүй, яахав ажлаа явуулдаг эрхбиш ямар нэгэн “ном” байвч тэр нь тааруу, төгс биш байна.

    Гаднын сайн “ном”-ыг шууд хуулах арга бий. Олон компани, байгууллага үүний ачаар амжилтанд хүрч байгаа. Гэхдээ монголын бизнес эрхлэгчид, ер нь аливааг удирдаж зохион байгуулдаг хүмүүс өөрсдөө тэр “ном”-ыг зохиож сурах цаг болсон. Миний хийсвэрлэн нэрлээд байгаа энэ “ном” чухам ямар байх, юуг яаж оруулах, бас оруулахгүйг энэхүү авсаархан бөгөөд жинхэнэ номонд дэлгэж яриа хэлэлцүүлэгт өдсөн дэг горим, систем, үйлдэл, гүйцэтгэл, формализаци, парадигм зэрэг ойлголтууд хэлээд өгч байгаа юм.

    “Номын дагуу хийх” гэдэг бол зөвхөн бизнес эрхлэгчдэд төдийгүй бүгдэд, тэр тусмаа өнөөдрийн улс төрчид, сайд, дарга, албан тушаалтнуудад  хэрэгтэй. Харамсалтай нь хууль, журам, дүрэм, стандарт хэмээх “ном”-нууд байсаар атал тэгэж чадахгүй байгааг бид хардаг. Тэд “муу ажилчид”  юм. Гэхдээ энэ бол дараачийн номын сэдэв биз ээ.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel