Updates from January, 2020 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 0 on 2020.01.01 Permalink | Reply  

    Өнгөрч буй жаран 

    2020.01.01.

    Одоо 17-р жаран дөнгөж дундаа орж, дуусах нь 2046 онд атал сүүлийн үед миний, манай, бидний жаран гэж олон хүн ярьж бичих болов.  Цувран урсаж буй он жилүүдээс өнөөдрийг хүртэлх хоёр жаран, хоёр зууныг дамнасан жаран жилийг сугалан авч онцлох нь түүхийн ямар нэгэн үе төгсгөж дараачийнх эхэлж байгааг тэд харж, ядахдаа зөнгөөрөө мэдэрснийх байж болох уу?

    Энэ бол миний жаран. Би оны төгсгөлөөр төрсөн болоод тэр үү, 1959 ба 1960 оны завсарт яваад байдаг. Үүнээс болж 30,40,50-иад оны “түүхэн” хүмүүсийн тоонд багтдаг ч нэг удаа 60,70,80-аад оныхны бүртгэлд тууж явсан удаатай.

    Юутай ч 1959,1960 он бол Монголын түүхэнд шинэ цагийн эхлэл байжээ. Ардын аж ахуйтны хувийн малыг нийгэмчлэх кампанит ажил 1959 онд үндсэндээ шувтарч нэгдэлжих хөдөлгөөн яллаа. Хожим Ю.Цэдэнбал дарга үүнийг 1921 оны ардын хувьсгалтай тэнцэх түүхэн үйл явдал гэжээ. Түүхэн, гэхдээ буруу байсныг маханд оочирлож, аавууд нь хөдөөнөөс яаж идэш оруулдаг байсныг мэдэх манай үеийнхэн хэлнэ. Яг энэ үеэс малгүй болсон хөдөөнийхөн Улаанбаатарыг бараадаж улмаар орчин үеийн хот, барилга, аж үйлдвэртэй болсон. Зөрүүлээд залуучуудыг хэдэн мянгаар нь хөдөө рүү илгээлтээр явуулсан нь атар газар эзэмших хөдөлгөөн. Энэ бүхэнтэй зэрэгцээд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гарч алдарт соёлын довтолгооныг  эхлүүлжээ. Багшийнхаа зарласнаар бямба гаригт ангиараа одоогийн Чингэс зочид буудлын хажуудах халуун усанд очиж ордог байснаа бодоход би энэ тулаанд оролцсон юм байна. 1950,60 оны зааг дээр XX зууны Улаанбаатарын агуу бүтээн байгуулалт эрчээ авч 40, 50, 220, 120 мянгатын орон сууцны хорооллууд сүндэрлэв. Нийслэлийн төв өнөөгийн төрхөө олсон. (Өнөөдөр эвдээд дууслаа!). Урлаг соёл, ялангуяа уран зохиол бол цэцэглэсээн. Дараа жил нь социалист үндсэн хуультай болж, дахиад нэг жилийн дараа БНМАУ НҮБ-д элсэв.

    1959 онд өөр ямар содон үйл явдал болсныг эргэн санавал (би юугаа санахав, энд тэндээс хайж үзэхэд) “Ардын элч”, “Морьтой ч болоосой” кинонууд дэлгэцнээ гарч, Астрид Линдгрены “Дээвэр дээр суудаг Карлсон, жаалхүү хоёр” номыг анх орчуулан хэвлүүлсэн байна. Бас цэвэр усны хамгийн анхны  2,6 км хоолойг 1959 онд Энх тайвны өргөн чөлөөнд татжээ. Солонгосын өнчин хүүхдүүдийг долоон жилийн дараа, 1959 онд нутаг буцаасан. Цагдаагийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан хамгийн анхны тохиолдол тэр жил гарчээ. Бас Вьетнамд бэлэглэсэн морь хэдэн сарын дараа нутагтаа гүйж ирсэн гэдэг. 1959 оны есдүгээр сард монголч эрдэмтдийн олон улсын анхдугаар хурал Улаанбаатарт болсныг бүгд мэднэ.

    Тэр үед Монголоос гадуур юу болсныг сонирхоод нэгэн зүйлийг олж мэдлээ. АНУ-ын архивын газраас саявтар ил болгосон нэгэн баримт бичигт (SAC (Strategic Air Command) Atomic Weapons Requirements Study for 1959) америкийн бөмбөгдөгч онгоцууд 1959 онд атомын бөмбөг хаяхаар төлөвлөсөн ЗХУ, Зүүн Европ ба Хятад дахь байнуудын жагсаалтанд “Ulaan Baatar, China” гэж оруулсан байна. China гэжээ! Хэрвээ Зөвлөлт, Америк хоёр дайтаад эхэлсэн бол миний жаран эхлэхгүй байж. Би капитализм, социализмын эвлэршгүй зөрчил тэмцлийн золиос болох шахсан байна. Ядахдаа хөдөөгүүр гайгүй өнгөрөх байсан байх гэж өөрийгөө золиосолж бодсон шүү.

    Миний жарны эхний гучин жил – 1960, 1970, 1980-аад он бол жинхэнэ социализмын он жилүүд.  Нярай, нялх, хүүхэд, тэгээд залуу байжээ. Коммунизм хэмээх гэрэлт сайхан ирээдүйн төлөө итгэлтэй явсан монголчуудын нэг би. Энэхүү жарны яг тэг дунд 1989,1990  онд ардчилсан хувьсгал гарчээ. Түүний хойшхи 30 жилийг бүгд мэдэх учраас олон үгээр яахав. Хоёр өөр нийгэмд яг тэнцүү хуваагдсан жаран жил.

    Одоо 2019, 2020 оны зааг. Чухам одооноос 1959, 1960 он, эсвэл 1989, 1990 оных шиг биш юмаа гэхэд дутахааргүй том өөрчлөлт гарах ёстой юм биш үү? Тэгвэл мэдээж 2020 оны сонгуулиас эхэлнэ.

     
  • Mongold 0 on 2019.10.02 Permalink | Reply  

    Дунд сургуулийн сурах бичгээс санаанд үлдэж хоцорсон 

    2019.10.02.

    Хүн болгон сурагч байсан. Тэгээд бага, дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн зарим нэгийг ийм хавтастай, дотроо тийм зурагтай гэх мэтээр санадаг биз.

    Барагцаалбал 6-7-р ангийн физикийн бодлого, дасгалын хураамжийн ном миний нүдэнд шууд бууж байна. Бусад сурах бичгээс арай жижиг, улаан хавтастай, орос зохиогчийн нэртэй, тэгэхээр зөвлөлтийн сурах бичгийн орчуулга байж таарна. Тэгээд хүндийн жин, газрын татах хүч, хурдасгал мэтийн уйтгартай дасгалуудаас ганцханыг одоо ч мартаагүй. Утга нь, эх орны дайны үед дайсанд оногдож гал авалцсан онгоцоо аврахын тулд нисэгч нь улам хурдалдаг байсан нь яагаад вэ гэж. Шууд л байлдаантай кино нүдэнд дүрэлзэхэд номын арын хуудсууд руу (хариутай, сайн ном байжээ) яаран хүрснээр, онгоц хурдлахад агаарын хүчтэй урсгал галыг цохиж унтраадаг болохыг мэдэж авсан.

    Дундад зууны дэлхийн түүхийн сурах бичигт оросын хотуудыг эзлэхээр ирсэн “царцаа шиг олон монголчууд” гэж бичсэнийг уншаад анх удаа сурах бичигтэйгээ санал нийлээгүй. Орчуулгын сурах бичиг байсан болов уу. Манай монголчууд анхнаасаа цөөхөн, одоо ч (1970-аад онд гэсэн үг) нэг хавтгай дөрвөлжин километрт нэг хүн ногддог гэсэн цээжилсэн байсан болохоор “оросууд ялагдчихаад л тэгэж байхгүй юу даа” гэж.

     
  • Mongold 0 on 2019.03.20 Permalink | Reply  

    Нэгдсэн Үндэстний гудамж 

    2019.05.20.

    Өчигдөр өглөө баруун талыг нь Кубын элчин сайдын яам эзэлдэг хоёр давхар барилгын хажуугаар өнгөртөл зүүн талын зарим цонх шилгүй, засвар орсон харагдав. Тэгээд олон байгууллагын гар дамжсан энэ хэсгийн түүхийн нэгээхэн хэсгийг гэнэт санав. Нээрээ яг энд далаад оны эхээр Өмнөд Вьетнамын үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгчийн газар байсан. Тэгэхэд газрын зураг дээр эрэг дагасан, шахцалдаад далай руу уначихдаггүй юм байх даа гэж дуу алдмаар харагдсан нарийхан зурвас энэ улс хоёр хуваагдсан, өмнөд нь бас дахин хоёр хуваагдсан, тэгээд Америктай, бас хоорондоо дайтаж байсан вьетнамын дайны ид үе. Төлөөлөгчийн газрын үүдэн дэх самбарт, өнгөрсөн сард ӨВҮЧФ-ийн дайчид америкийн төчнөөн тооны түрэмгийлэгч, тэдний гар хөл болсон Сайгоны төчнөөн цэргийг (өмнөдүүдээ хэлж байна) устгав, дайсны онгоцыг пуужингаар буудаж сөнөөгөөд нисэгчийг олзлов, дайснууд жирийн тосгон сууринг шатааж харгислав гэсэн тайлбар бүхий аймшигтай зургуудыг тавьдаг байсан. Нэг мэдэхэд дайн дуусч төлөөлөгчийн газар алга болсон. Бодвол Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх БНСВУ-ын Элчин сайдын яамтайгаа нэгдсэн байх.

    Барилга болгон түүх байдаг. Харин гудамж бол бүр том түүх.

    Энэ гудамжаар би сурагч байхаасаа эхлээд дөчин хэдэн жил нааш цааш алхжээ. Хичээлдээ өдөр бүр явдаг байсан, одоо ч ажилдаа явдаг. Анх ямар нэртэй байсныг таг мартсан ч 1990 онд Нэгдсэн үндэстний гудамж болсныг санадаг. МУИС-ын дөрөвдүгээр байр буюу Эдийн засгийн сургуулийн урдуурх Бага тойруугийн замын  урдаас эхэлж хагас дугуйраад, тэгснээ тэгширч явсаар дахиад дугуйрч 5-р сургуулийн урдуурх Бага тойруугийн зам хүрээд дуусдаг нумарсан гудамж. Ганц километр ч хүрэхгүй болов уу.

    Нэгдсэн үндэстний гудамжны бол 1960-аад оноос XXI зуун гаран гартал Улаанбаатарын хамгийн аятайхан гудамж байжээ. Ялангуяа амралтын өдөр эртхэн гараад явбал ганц ч хүн тааралдахгүй, ширхэг ч машин өнгөрөхгүй, цочмоор нам гүм байдагсан. Энэ нь учиртай. Гудамжны хойт талаар БНАГУ ба БНАСАУ-ын элчин сайдын яамд байрлаж, гаднаа сэргийлэгчтэй, харин зах зээлээс хойш эхнийх нь ХБНГУ-ын Элчин сайдын яам болж, харин Хойт Солонгосынхыг буулгаж оронд нь UN House нэртэй НҮБ-ын байр болгоод цагдаагаар мануулсаар өдий хүрчээ. Урдхан талд нь Сүхбаатар дүүргийн цагдан сэргийлэх, дараа нь Цагдаагийн хэлтэс бэлэн. Ийм байхад наад зах нь чимээ шуугиан тариад явах хүн олдох уу? Нийслэлийн төв дэх “их амар амгалан”.

    Харин өнөөдөр энэ гудамжны өмнөх түүх төгсөж байна. Гудамжны нүүрэн талын барилгууд дунд хэсгээрээ өмнөх төрхөө ерөнхийдөө хадгалсан ч нам гүм нь алга. Хоёр эгнээ зам нь өдрийн цагаар гурван эгнээ машин тавьдаг зогсоол болсон. Барилгуудын араар байсан нийтийн эзэмшлийн газар, хүүхдийн тоглоомын талбайг квадрат метр ч үлдээхгүйгээр өндөр барилгаар чигжсэнээр машинууд нь бүлтэрч гудамжийг эзэгнэсэн хэрэг. МТ компанийн 12 давхар офис бүр нүүрэн талд баригдсан бол Герман элчингийн чанх урд Гацуурт компанийн лав 15 давхар офисын цутгалт дуусаад зэргэлдээх оршин суугчдын эсэргүүцлээр зогсоод хэдэн жил болж буй, гэхдээ нураахгүй нь мэдээж. Сүхбаатар дүүргийн тамгын газрын байрны оронд концесс нэрээр 16 давхар барилга босч байна. Тун удалгүй гудамжийг сүүдэрлэдэг болно. Гудамжны баруун тийш алхвал алдарт Шилэн дэлгүүрийн навтгар одоохондоо хэвээрээ. Гэхдээ өндөр барилгаар солих зураг хэдийнэ гарчихсан харагдсан. ШУА-ийн хэвлэх үйлдвэрийн байр хувьчлагдаж Шинэ иргэншил дээд сургууль, ноднингээс давхар МСҮТ болжээ.

    Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын барилгуудыг Улаанбаатарын бусад бүх гудамжны нэгэн адил ханыг цоолж, эсвэл сунгаад ресторан, баар, зоогийн газар, кофе шоп гаргасан нь шинэ цагийн түрлэг. Харин тэд маш их өөрчлөгддөг, байн байн нэр хаягаа сольж, солигдож харагддаг. (Зөвхөн Герман элчингийн чанх өөдөөс харсан даатгалын газрууд бизнесээ дагаад огт хөдөлдөггүй). Хүүхэд байхдаа уншсан сонгодог романуудын үйл явдал өрнөдөг, одоо ч хэвээрээ дуулддаг европын кафе, ресторанууд шиг түүх үлдэхгүй юм байна. Үүнийг илтгэх мэт Нэгдсэн үндэстний гудамжны хамгийн төгсгөлийн урд талын барилгын үзүүрийг хятадын “Найрамдал” ресторан аль хэдийнэ эзэгнэсэн бол хойт үзүүрт америкийн байх Circle K сүлжээний нэг дэлгүүр саяхан улаан өнгөө мандууллаа. Шинэ цагийн найрамдал, нэгдсэн үндэстнүүд гэж ийм болжээ.

    Гэхдээ Нэгдсэн Үндэстний гудамжны хамгийн чухал хэсэг бол төрийн олон яам, агентлаг. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тавуулаа Нэгдсэн үндэстнээр хаягладаг учраас бичихгүй үлдээж боломгүй. С.Чинзориг сайдын яам машины зогсоол огт байхгүй ч С.Эрдэнэ сайдын үед яамны архив нэрээр ардаа 15 давхар хоёр өндрийг бариулсан нь үнэн хэрэгтээ орон сууц бололтой. Яагаад гэвэл хүүхдийн тоглоомын талбайтай. Эсвэл ажилтнууд нь үдийн цайгаараа гулсаж тоглодог юм болов уу. НХХЯ-ны булан тойроод урагшаа эргэвэл яамдын дундын том талбай байдаг ч сайд дарга нарын томоос том жипүүд болон ажилтнуудын машинуудаар пиг дүүрэн. Тэр олон машин хэрхэн орж гарч чадаад байдгийг тусгайлан судалмаар санагдсан.

    1970-аад оны эхээр яг энд манай гэр байсан. Нарийвчилбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ба Байгаль орчны яамны барилгыг холбосон хэсгийн яг тэнд. Томоо гэгч хашаанд эмнэлэг, диспансер, тэгээд 3-4 айл. Хашаанаасаа гараад зүүн хойш эргэхэд гурван давхар барилга угтдаг. Одоо бол ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар. Харин тэр үед эзгүй, нэг, хоёрдугаар давхрын цонхнуудын зарим хагарсныг жижиг нүхтэйгээр төмөр торлож хамгаалсан аятай, харин гуравдугаар давхрын цонхнууд торлоогүй хэрнээ ихэнх нь бүтэн. Чулуу шидээд хүрдэггүй байжээ. Одоо санахад хүрмээр юм даа. Эсвэл тэр үеийн хүүхдүүд бид турь муутай байв уу? Ямар ч байсан улс орныхоо төлөө хэрэндээ л улс төржиж байсан ухаантай. Нов ногоон хувцастай, малгай дээрээ улаан тэмдэгтэй, гартаа Мао-гийн бяцхан улаан номтой хятад сургуулийн хүүхдүүдтэй бие биенээ муухай харж зөрдөг байсан тэр үеийг санаарай. Ингэсхийгээд зогсоё. Үүнээс цааш цуурвал өнөө цагт улс төрийн алдаа болно. Саяхан хэвлэгдэж гарсан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомгоос тэр гурван давхар тухайн үеийн хятад зочид буудал байсныг сая л мэдлээ. Хоёр орны харилцаа муудаад тэд орхиод явсны дараа нэг хэсэг эзгүйрсэн хэрэг. Надаас ахмадууд түүхийг нь сайхан яриад өгөх биз. Сая дурдсан номыг судалсан чинь 50-60-аад оны Улаанбаатарын ихэнх барилгыг БНХАУ-ын  тусламжтайгаар босгожээ. Бүр санаа зовмоор ч юм шиг. Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын бүх барилгыг, түүний дотор Германы ЭСЯ-ны барилгыг бас. Бид ч яахав, социализмаа байгуулаад зав муутай явжээ.

    Өнөөдөр Улаанбаатарын муухай харагдаж байгаа, “ашиглалтын шаардлага хангахгүй”, “газар хөдөлбөл дарж ална” гэж амлаад байгаа барилга байшин бүр өөрийн түүхтэй.  Та бидний нүдний өмнө баларч байгаа энэ түүхийг ядахдаа ганц нэг гудамж, арга ядвал хэдэн барилгаар төлөөлүүлж хадгалж үлдээх боломжтой хэсэг Төрийн ордноос хойш Бага тойруу дотор байна. Тэднээс хамгийн магадлалтай нь Нэгдсэн Үндэстний гудамж юмсан.

     

     
  • Mongold 0 on 2017.08.11 Permalink | Reply  

    Миний төрсөн байшин, гудамж, талбай 

    2017.08.17.

    Монгол хүнд унасан газар угаасан ус гэж нэг юм бий.  Хөдөө газар хорвоод мэндэлсэн хүмүүс эхийн хэвлийгээс ойчсон гэрийн буурь, өвөлжөө бууц, уулын энгэрийг нандигнан дурсдаг, заримдаа хэдэн зуу, мянган километрийг туулан хүрч тэрийн унаж хөрвөөдөг, айл гэр болж тоглож өссөн хэдэн чулуу нь бараг хэвээрээ торойхыг хараад самсаа сархирч нулимс унагадаг гэж байгаа.

    Тэгвэл хотод төрж өссөн бид? Мэдээж нэг юмуу хоёрдугаар төрөхийн цагаан ханыг налаад уярч зогсдоггүй. Бидний хувьд төрсөн нутаг бол бага насны ой тойноос үлдсэн тэр хавийн барилгууд, он жил хичнээн өнгөрөвч нэр нь салж өгдөггүй Хүүхдийн парк, Ленин клуб, Багшийн дээд, хүнсний нэг, дөчин мянгат, бүр заналтайгаар нураасан  Цагаан хаалга, тэнгэр тулсан барилгуудад бүслэгдсэн Сүхбаатарын тэргүүтэй хэдэн талбай, ийш тийш хөөгдөж туугдсан хэдэн хөшөө болно. Даанч арилж баларсаар дуусах тийшээ ханджээ.

     
  • Mongold 0 on 2017.06.23 Permalink | Reply  

    Шөнө, гудамж, дэнлүү … 

    2017.06.23.

    Уг нь Александр Блокийн энэ шүлгийг 2012 оны 10-р сарын 10-ны өдөр, бичсэнээс нь хойш яг зуун жилийн дараа дурсъя гэж бодож байгаад мартсан байв. За яахав гээд 2017.10.10 болгон хойшлуулж дахин товлосон ч дөнгөж өчигдөр, 2017.06.22-ны хамгийн богино шөнө цонхоороо гудамж руу харангуутаа гэнэт саналаа.

    Ночь, улица, фонарь, аптека,

    Бессмысленный и тусклый свет.

    Живи ещё хоть четверть века —

    Всё будет так. Исхода нет.

    Умрёшь — начнёшь опять сначала

    И повторится всё, как встарь:

    Ночь, ледяная рябь канала,

    Аптека, улица, фонарь.

    10 октября 1912

    (Шөнө, гудамж, дэнлүү, аптек

    Бүдэгхэн, утгагүй гэрэл

    Хорин таван жил дахиад амьдар, хамаагүй

    Бүх юм яг хэвээрээ. Арга алга

    Үхсэн ч, бүр шинээр эхэлсэн ч

    Бүх юм хуучнаараа давтагдана

    Шөнө, мөстөж мяралзсан сувгийн ус,

    Аптека, гудамж, дэнлүү.

    1912 оны 10-р сарын 10)

    Намайг Ленинградад сурч байхад яг 1982 оны 10-р сарын 10-нд өрөөний маань орос шүлгийн төгсгөлд нь дурайлгасан “10 октября 1912” огноог үзүүлэхэд яг далан жилийн өмнө гэж бодоход ер бусын мэдрэмж төрж билээ. Дараа нь Петроградын хуучны төрхийг хэвээр хадгалсан саарал гудамжуудаар нааш цааш өнгөрөхдөө тэрхүү шөнө, гудамж, дэнлүү-г байн байн төсөөлдөгсөн.

     
  • Mongold 0 on 2016.02.02 Permalink | Reply  

    Гучин жилийн өмнөхийн өмнөх гучин жил 

    2016.02.02.

    Монголын нэн шинэ түүхийн эргэлтийн цэг бол гарцаагүй 1990 он. Түүнээс хойш даруй хорин таван жил өнгөрчээ. Хорин зургаа ч юм уу. Дахиад хэдэн жил өнгөрөхөд гуч болно.

    Тэгвэл 1990 оноос урагш бас гучийг тоолбол 1960 он! Малыг нь малчдаас хурааж дуусахад монголчуудын бүхэл бүтэн үе Улаанбаатарыг бараадаж улмаар орчин үеийн хот суурин, барилга, үйлдвэрлэл, соёл боловсрол цэцэглэсэн эхлэлийн цэг. Ингээд 25 жил өнгөрч 1985 он гарахад Монгол орон танигдахын аргагүй өөрчлөгдсөн хэрнээ дахиад таван жил өнгөрч 1990 он гарахад хямрал, дампуурлын ирмэгт тулсан байлаа. Ингээд гучин жилийн дараа нийгмээ солив.

    Яг тэр жил манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол улс Азийн бар болох тухай хээ шаагүй зарлахад монголчууд хоёр мянганы заагаар баримжаалсан санагдана. Нэг мэдэхэд 2000 он өөрөө түүх болж 25 жил өнгөрч Монгол улс дахиад танигдахааргүй өөр болсон хэрнээ биднийг гадна, дотноос хэн ч арслан бараар цоллохгүй байна.

    Миний үеийнхний үзэж өнгөрүүлж буй хоёр зууныг дамнасан 1960-аас 2020 оны хоорондох жаран жил дундаасаа яг хоёр тэнцүү тоонд хуваагдах болж байна. Тэр нь хоёр өөр нийгэм байж таарлаа. Одоо хэдхэн жил хүлээгээд гуч хүргэвэл … үгүй ээ, нийгэм солигдохгүй, гэхдээ Азийн бар болохгүй нь лавтай. 2020 гэсэн тоог бичихэд зарим зүйл санаанд орлоо. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намаас дэвшүүлээд сонгогдсон “Монгол хүн – 2020” хөтөлбөр бүрэн биелж долларын ханш 2020 хүрнэ гэх мэт. Тэр үед тав, ерэн ес, 888 гэх зэргээр тоо цифрийн утга учрыг тайлдаг нөхдүүд нэг юм хэлэх биз.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel