Updates from April, 2020 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 0 on 2020.04.04 Permalink | Reply
    Tags:   

    Зүв зүгээр байсан цэцэрлэг … 3,2 тэрбум … “Ю Би констракшн” 

    Уг асуудал маш энгийн. Сүхбаатарын талбайн урд бүтэн жарнаас урт удаан налайж байгаа жижигхэн цэцэрлэгт хүрээлэнг дахин дахин ухаж төнхөх ямар ч шаардлагагүй, тэр тусмаа гурван тэрбумыг зарах ёсгүй.

    Зах зээлийн эхээр ундуй сундуй болж хогонд дарагдан өнгө зүс муухан байснаа улс, нийслэл мөнгөтэй болохын хэрээр хоёр ч удаа тохижуулж хамгийн сүүлд Э.Бат-Үүлийн үед одоогийн (хашаагаар далдлахын өмнөх) тэр төрхийг олжээ. Дүүрэн мод, хөндлөн гулд огтлолцсон явган замууд, хаа сайгүй зөндөө сандал. Өөр юу хэрэгтэй юм бэ?! Хоёрхон дутагдал байсан. Нэг нь ихэнхдээ хаалттай нийтийн бие засах газар, нөгөө нь АСЕМ-ийн буюу аймшгийн хөшөө. Эхнийхийг ажилд оруулаад (төвийн шугаманд холбогдоогүй гэж муулсан, тэгвэл холбох), хоёрдахийг нь устгадаггүй юм аа гэхэд АСЕМ Вилла руу ч юм уу хаа нэг тийш зөөхөд хангалттай. Нийслэлийн хагас зуун жилийн түүхийн гэрч, ой санамжийг агуулсан хуучин төрхийг, завтай хүмүүс цугларч шатарддаг саравч зэргийг үгүйлдэг хүмүүс бий, гэхдээ нэгэнт тохижуулсныг хэн ч шүүмжлэхээ больж бүгд дассан байв. Харин ноднин уржнангаас нийслэлийн зөвхөн төв хэсгийн зай завсар, замын уулзвар болгон дээр, тэр дотор энэ цэцэрлэгийг өөрчлөх элдэв зураг загвар гаргахад дарга нарыг мөнгөө барж ядаж байна, цагаа тулбал том яриа өрнөнө гэж бодсоноос биш яг хийнэ, тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна гэж хэн ч зүүдлээгүй.

    Гэтэл 3-р сарын 31-нд уг цэцэрлэгийг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчлэх тухай хэвлэлийн хурал зарлаад сөхөө өгөхгүйгээр маргааш өглөө нь гадуур хүрээлсэн тавцангуудыг хэмхлэн хашаалж эхэлснийг залуучууд шууд эсэргүүцлээ.  Тэдэнтэй маш олон хүн нэгдэв. Эрдэмтэн, докторууд өргөх бичигт гарын үсэг зурцгаав. Хариуд нь Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайхан хилэнтэй мэдэгдэл хийж энэ цэцэрлэгт хамаатай хамаагүй элдэв асуудлыг хольж хутгаж байгаад бүгдийг загналаа. Хамгийн ноцтой нь гэвэл:

    “Сүхбаатарын талбайн урд хэсэг 2006 онд хувийн эзэмшилд олгосон байсныг 2019 онд газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд авсан… Улс төрийн зорилгоор иргэдэд буруу мэдээлэл өгч, төрийн захиргааны байгууллага иргэдийг хооронд нь талцуулж, улс төрийн болон хувийн, бизнесийн ашиг сонжоо хайсан хүмүүс бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна … Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг эзэмшиж байсан “Ю Би констракшн” компанийнхан шүүхээр заргалдаж эхэлсэн бөгөөд газрыг буцааж авахын тулд зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна..  Сүхбаатарын талбайн урд хэсгийн нийтийн эдэлбэрийг ногоон байгууламж болгож тохижуулах ажил зогсохгүй … “

    Иргэдээ бараг л мафийн  сүлжээнд буруутгах энэ тэр дүүрч. Бид харин юуг мэдэж авсан бэ гэвэл нөгөө “Ю Би констракшн” компани газрыг нь буцааж авахаар шүүхдэлцэж байгаа аж. Тэгвэл асуудал бүр ноцтой бөгөөд иймэрхүү заргаар компани үргэлж ялж, хот дандаа ялагддаг. Яагаад гэвэл ийм газрын бичиг цаасыг ширхэгчлэн бүрдүүлж, гарын үсэг зуралцаж байгаа өгч авалцсан байдаг бол цуцлах болохоороо “цуцалсугай” гэсэн ганц өгүүлбэр бичдэг. Түүнийгээ дэлхийгээр нэг зарлахыг яана. Хэрвээ С.Амарсайхан дарга Д.Эрдэнэбилэгээс баталгаатай буцааж авахыг хүссэн бол Засаг дарга асан Ц.Батбаяр захирамжаа (тэрхүү Ю Би-тэй компанийн нэр хэдэн жилийн дараа, харин цаана нь Д.Эрдэнэбилэг гэгч байгаа нь уржнан тодорсон) нууцлан гаргахдаа юуг үндэслэсэн, ямар гэрээ байгуулсан, цааш яасныг нэгд нэгэнгүй илчилж, үг үсэггүй шалгаж, шалгуулж байж сая хөдлөх байлаа. Шүүх болбоос хотын болоод хэний зөв буруу, нийтийн эрх ашиг хохирсон эсэхийг бус, үндсэндээ бичиг цаас, гарын үсэг, тамга нь бүрэн байгаа эсэхийг үздэг газар шүү! Энэ бүхэн Ю Би констракшн-ы ардах Худалдаа, хөгжлийн банкны хуульчдын гарт бүрэн байж таараа. Тэгээд ч энэ газрыг бараг 10 сая долларын барьцаанд тавьсан учраас нэг зууснаа яасан ч тавихгүй …  

    Мөнгөтэй компани үргэлж ялж ирсний жишээ С.Амарсайхан даргад өөрт нь хамаарна. 2006 онд тэдний гэр бүлийн “Собт трэйд” компани Богдхан уулын Зайсан толгойн баруун хойд энгэрийн газрыг Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбортой давхардуулан аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яамны сайд У.Барсболдоос авчээ. Харин олон нийтийн шахалт шаардлагаар 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх уг зөвшөөрлийг цуцлахад компани захиргааны хэргийн шүүхэд өгч улмаар Улсын дээд шүүхээр өөрийн талд шийдвэрлүүлсэн байдаг. Сүүлдээ компани өөрт учирсан хохирол гэж 800 гаруй сая төгрөг нэхэмжлэн айлгахад яам бүрэн бууж өгч эвлэрлийн гэрээ байгуулан гэрчилгээг нь буцаан олгож дахин таван жилээр сунгаж өгсөн юм. Тэр үед МАХН, АН хоёр их бага эвслийн Засгийн газруудыг байгуулж нэг хөнжилд шургачихаад байсан учраас асуудал замхарсан. Хэрвээ тэр газар Л.Гансүх сайдын юм уу хэн нэгэн албан тушаалтны хувийн эзэмшилд байсан бол хэзээ ч ялагдахгүй байлаа.

    Одоо “Ю Би констракшн” компани Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгийн газрыг буцааж авах ихээхэн магадлалтай. Улаанбаатарын олигарх С.Амарсайханы хувьд тэр хамаагүй, сонгуулиас өмнө иймэрхүү “бүтээн байгуулалт”-аар шоудаж байгаад УИХ руу арилж өгөх мөрөөдөлтэй.

    Зөвхөн энэ биш. Тун удахгүй, бүр өнөө маргаашгүй Улаанбаатар хотын урдуурх Туул голын эргийг амралт зугаалгын бүс болгож тохижуулах гоё зураг төслүүдийг гаргаж ирнэ. Энэ удаад төсвөөс мөнгө гаргахгүй байж магадгүй, харин уг газрыг компаниудад хувааж (бас Рио Тинтогийн нэр дуулдаж байсан) өгөөд бужигнуулж өгнө. Эцсийн зорилго нь Их тэнгэрийн амны эсрэг талд Туул голын онцгой хамгаалалтын бүс дотор Монгол Улсын байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, усны бүх хууль журмыг иж бүрнээр нь зөрчин босгож эхлээд ноднин зогссон, “Зүүнбаян рефайнери” компанийн гэгдэх амины орон сууцны хотхоныг энэ дуулианаар барьж дуусгах явдал юм.

    Бас болоогүй, дараачийн “бүтээн байгуулалт” сэмхэн дөхөж байгаа. Энэ бол нийслэлийн энд тэндээс Зайсан руу тавих агаарын дүүжин тээвэр бөгөөд Францын Засгийн газраас 60 сая еврогийн зээл авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн, тэр тусмаа өргөн уудам хөндийд налайсан хотын төвөөрөө ингэж хүн тээвэрлэдэг солиотой улс дэлхийн хаана ч байхгүй гэж мэргэжлийн хүмүүс нотлоод байгаа. Байгууллаа ч түүгээр иргэд өдөр тутам ажилдаа ирж очихгүй, сайндаа л Зайсан хилл цогцолбороор үйлчлүүлэх зарим хүмүүсийг хүргэх унаа байхаас хэтрэхгүй. Мөн гэнэт гарч ирсэн (арван жил судалсан гэнэ, хэн ч мэдээгүй) Тэнгэрийн замыг нэмэх юм бол та бидний толгой дээгүүр төмөр хэлхэлдсэн “галзуу хулгана”-ын хот болох нь ээ?

     
  • Mongold 0 on 2020.04.02 Permalink | Reply  

    Улаанбаатарын түүхэн төв рүү дайрч байна 

    2020.04.

    Хавар болохоор нийслэлийн иргэний хувьд тэнийдэг биш түгшдэг болоод олон жил өнгөрчээ. Нийслэлийн төвийг тайван байлгаад өгөөч ээ. Одоо болоо юм биш үү?

    Энэ жилийн дайралтуудын эхлэл

    -Дүүжин зам,

    -Тэнгэрийн гүүр,

    -Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн

     
  • Mongold 0 on 2020.02.23 Permalink | Reply  

    Хотод юу өөрчлөгдөв? 

    2020.02.23.

    Энэ сараас олон нийтийн телевиз нийслэл Улаанбаатар хотод зориулсан хэд хэдэн нэвтрүүлэг явуулж эхлэв. 

    2020.02.18-ны Мягмар гаригийн 19:40 цагаас “Хотод юу өөрчлөгдөв..?” гэж Баянгол дүүргийн бүтээн байгуулалтын тухай магтаалын нэвтрүүлэг гарав. Төгсгөлд нь ямар ч нэр хаяг байхгүй, зөвхөн “2020 он” гэжээ. 

    2020.02.22-ны Бямба гаригт гарсан “Хотод юу өөрчлөгдөв..?” дугаараар Баянгол дүүрэг хогныхоо асуудалд дорвитой өөрчлөлт гаргасангүй гээд дүүргийн хөрөнгө оруулалтыг шүүмжиллээ.

    Бас энэ орой нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан санаачилж, нийслэлийн ЗДТГ-ын захиалсан “Нийслэлийн соён гэгээрүүлэх цаг” цуврал нэвтрүүлэг эхэллээ.

     
  • Mongold 0 on 2019.09.20 Permalink | Reply  

    Улаанбаатар хотын түүхийн төгсгөл. Төгсгөл 

    2019.09.20.

    2001 оны эхээр Афганистаны талибуудын засгийн газрын Сайн үйлсийг түгээн дэлгэрүүлж ба буруугаас сэргийлэх асуудал эрхэлсэн сайд Абдул Валигийн тушаалаар Кабулаас зуу гаруй километрийн зайл орших Бамияны хөндийд сүрлэг хадан цохионд манай эриний VI зуунд ухаж гаргасан Бурхан буддагийн нэг нь 55 метр, нөгөө нь 37 метр өндөртэй хоёр хөшөөг устгах болсныг зарлав. Харьцуулахад Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөө дангаараа 46 метр.

    Үүнийг дэлхий даяараа, тухайлбал, НҮБ, ЮНЕСКО, талибуудтай ижил шашинтай Саудын Арабаас эхлээд хөрш Иран, Пакистан хүртэл буруушааж, бас АНУ, Энэтхэг, мэдээж Далай лам хүртэл эсэргүүцээд зогсоож чадаагүй. Хөшөөг устгах ажиллагаа хориод хоног үргэлжилжээ. Эхлээд автомат буу, зенитээр шүршиж ихэд гэмтээсэн боловч нурсангүй тул хөшөөний суурь хэсэгт танк устгагч мина булж дэлбэлэхтэйгээ нэгэн зэрэг их буугаар буудаад бас болсонгүй. Сүүлд нь энд тэнд гарсан нүхнүүдэд бөмбөг шургуулан дэлбэлсэн ба бүр төгсгөлд нь хагас үлдсэн толгойг пуужингаар харваж гүйцээсэн ажээ. Ийнхүү 1500 жилийн турш энэ нутгийг дайрсан буруу зөв номтны элдэв сүйтгэлийг давж өдий хүрсэн түүхийн агуу дурсгал 21-р зууны соёлт хүн төрөлхтөний нүдэн дээр үгүй болов.

    2019 оны 9-р сарын 13-нд Монгол  Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд баахан дарга нар, архитекторчдийг цуглуулж хэдэн макет тойрон ярилцжээ. Тэгснээ ойрын үед шинээр барих Үндэсний урлагын их театрын барилгын макетийг арван жилийн хүүхэд ч ийм юм хийхгүй гэж загнасныхаа дараа Улсын төв номын сан, дуурь бүжиг ба драмын эрдмийн театр гурвын барилгыг аж ахуйн аргаар барьсан, мөөгөнцөрт идэгдсэн, муудсан учраас жүжигчид нь орох газаргүй болсон гэж оношлоод гэхдээ оронд нь яг тийм дүр төрхтэй, яг энэ дизайнаар нь шинэчилж барина, зураг төсөлд нь Засгийн газраас 1,2 тэрбум төгрөг гаргасан тухай дуулгах нь тэр. Хэдэн жилийн өмнө иймэрхүү битүү сураг чих дэлсээд замхарсан бол өнөөдөр хэдийнэ шийдчихсэн ажээ.

    Үндэсний номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ба Улсын драмын эрдмийн театр бол зүгээр нэг БСШУСЯ-ны эхний С үсгийн харьяа албан байгууллага төдий биш, XX зууны монголын сэргэн мандлын гэрч бөгөөд дүр төрхийг илэрхийлэх сүүлчийн гурван барилгад гар хүрвэл нийслэл Улаанбаатар хотын түүхийн төгсгөл төгсөх юм. Одоо бол энэ төгсгөл эхэлчихээд яваа. Ийм юманд нураагаад ”яг тэр хэвээр” босгоно гэж байдаггүй ч манайд бол байлгадаг болсон. Өнөөдөр сүндэрлэж байгаа Сүхбаатарын хөшөө, Чойбалсангийн хөшөөнүүд бол яг үнэндээ жинхэнэ биш. XI зууны Киданы үеийн Хэрлэн барс хотын туурийн цамхагийг “яг тэр хэвээр” нь босгоод юу болж хувирсныг бид мэднэ.

    Бамияны хөндийн хоёр Буддаг устгасны дараа дэлхий даяар ”яг тэр хэвээр” сэргээн босгох тухай ярьж эхэлжээ. Арваад жил маргалдсаны эцэст ЮНЕСКО сэргээхгүй гэж шийдсэн. Үүний шалтгааныг тус байгууллагын ерөнхий захирлын орлогч, дэлхийд алдартай түүхэн барилга байгууламжийн эксперт Франческо Бандарин тайлбарлахдаа ”Жинхэнэ материал нь алга болсон учраас яаж ч сэргээн босгоод мөн чанартаа хуурамч юм бий болно. Хүмүүст хуулбар биш, жинхэнэ дурсгал хэрэгтэй байдаг. Даанч жинхэнэ хөшөөнүүд одоо байхгүй болсон. Бид яаж ч харамсаад, тэднийг устгасан нь нэгэнт болж өнгөрсөн хэрэг” гэжээ.

    Энэ гурван, бас өөр нэг барилгыг засч шинэчилж болох ч яагаад сольж болохгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Ерөнхий сайд барилгын макетуудыг үзэх дундаа гэнэт хилэгнэж ”Ажил хийвэл хий, хийхгүй бол больцгоо. Төрийн ордонд оруулж ирсэн Үндэсний урлагийн их театрын тэр макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй. Та нар Чингис хааны музей шиг ганц юм, хүн ойлгохоор юм хийгээд тавьж болохгүй байсан юм уу” хэмээн цамнасан нь анхаарал татлаа.

    Хэргийн учир энд байх шиг. Урлагийн их театрын макет нэртэй хэдэн зүсмэл мод үнэхээр хөгийн байсан. Гэхдээ Чингэс хааны музейн макет сайн гэдэгтэй би санал нийлж чадахгүй нь. Харваас хэмхэрсэн хайрцаг шиг (яахав дээр нь нэг титэм шовойлгосон), бас энд тэнд нь нүхэлсэн сав. Би уран барилгачин биш хэдий ч Төрийн ордны урд цэцэрлэгт босгосон АСЕМ-ийн хөшөөг аймшгийн болсныг мэдээд байгаа. Улам бүр олон хүн надтай санал нийлдэг болсон. Хорт хавдрын эс яг ийм байдаг гэсэн. Энэ бол төрийн өндөр албан тушаалтан мэргэжлийн юм руу хошуу дүрэхлээр  юу болдгийн нотолгоо. Харин одоо Чингэс хааныг музейн макетыг Ерөнхий сайд таалав бололтой.  Тэгээд толгой түрүүгүй загнаад шавдуулсан болохоор цаадуул нь айгаад дуугарахгүй. Бодоод үз. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаад оронд нь Чингис хааны музейг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар шийдчихсэн. Сарын өмнө буюу 8-р сарын 7-ны Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцох үүргийг сайд Ё.Баатарбилэгт даалгасны дагуу 400 сая төгрөгийн тендер зарлагдаад 9-р сарын 30-нд шалгаруулах юм. Тэртээ тэргүй өвөл хаяанд ирээд байхад ийнхүү адгаж яаруулахын нэг л учир бий. Одоохондоо бүдэг бадаг таамаг…

    2013 онд Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоосноос хойш албан тушаалтнууд “буулгаад шинийг барих”, ингэхдээ солонгосоос мөнгө зээлэх тухай ярьдаг бол бусад нь дуугарахдаа дүр төрхийг нь хэвээр үлдээн сэргээн засварлах талдаа байсан. Монголын архитекторчдын эвлэл бүр мэдэгдэл гаргасан удаатай.

    ”Нураагчдын” хэлдэг зүйл бол уг барилга хуучирч муудсан, дээврээс ус гоождог, газах хөдөлбөл тэсэхгүй гэх мэт. 1952-1956 оны үед Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан энэ барилга хуучирсан нь үнэн. Гэхдээ зэрэг шахам баригдсан, үндсэндээ яг ижил загварын Санхүүгийн техникум буюу одоогийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг мянга мянган оюутан бужигнаад барахгүй байна.

    Нийслэлийн төвд байсан (одоо ч байгаа) Архивын ерөнхий газрын барилга 1959 онд ашиглалтанд оржээ. 2000-аад оноос хойш нурлаа, сүйрлээ хэмээн байн байн зарлахыг сонсох бүрийд маргааш өглөө хүртэл лав тэсэхгүй юм байна гэж бодогддогсон.  Ашгүй 2016 онд Буянт-Ухаагийн дэнж дээр шинэ архив барьж тийшээ нүүж санаа амраав. Харин хуучин байрыг нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь авсан, миний мэдэхээс буулгаагүй, хүчитгэл энэ тэрийг хийгээгүй, зүгээр л нүүрэн талд нь хавтангууд зүүж будаг шунх түрхээд гоё болгосон. Өнөөдөр нэгдүгээр давхар нь тэр чигээрээ хэдэн төрлийн хоолны газрууд, паб, кафе болж 24 цагийн турш халуун хоол, хүйтэн пиво харшиж, дээд давхруудад компьютер тоглоомын газар, караоке, биллиард гээд зуу зуун залуучууд өглөө үдэшгүй дэвсэлж байхад нурах барихаа бүрмөсөн мартсан байна.

     
  • Mongold 0 on 2019.07.30 Permalink | Reply  

    100 айлын барилгын материалын гудамж 

    2019.07.30.

    Энэ зун Цагдаагийн гудамж буюу 100 айлын замын уулзвараас хойш 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын засвар, шинэчлэлийн ажил ид үргэлжилж байна.

    Намар гэхэд бидний мэдэх барилгын материалын гудамж өөрчлөгдөж сүүлийн хорь гаруй жилийн турш жинхэнэ зах зээлийн жамаар оршин тогтносон энэ дүр зураг шинэчлэгдэнэ.

    (More …)

     
  • Mongold 0 on 2019.07.30 Permalink | Reply  

    2019.07. Олон нийтийн телевизээр 

    2019.07.30. Мягмар

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ-ийн уран бүтээлчид АНУ-ын Ментора коллежэд 50 хувийн хөнгөлөлттэй суралцахаар болсон тухай. Тус сургуулийн сурталчилгааны сурвалжлага байна.


    2019.07.03. Лхагва

    19:00 “Уурхайчдын хот Бэрх”


    2019.07.01. “Цагийн хүрд” 

    -МҮОНРТ-ийн хөтлөгч Баярмаагийн аудио ном гарсан тухай сурвалжлага


    Сүүлийн өдрүүдэд “Цагийн хүрд”-ээр МҮОНРТ-ийн өөрийн талаар хэд хэдэн сурвалжлага явуулжээ

     
  • Mongold 0 on 2019.06.14 Permalink | Reply  

    Дүүрэг 

    2019.06.14.

    Саяхан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд зарим хороог хуваах замаар нийт 17 хороог шинээр байгуулахаар шийдвэрлэжээ. Ингээд бид Улаанбаатар 152 биш, 169 хороотой гэж ярьж сурах хэрэгтэй боллоо. Хотын хүн ам зогсоо зайгүй өссөөр 1,4 саяд хүрч зарим хороод хэт томорсон  тул  оршин суугчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ зэргийг харгалзан жижиглэсэн хэрэг. Гэхдээ зөвхөн Сонгинохайрхан, Хан-Уул ба Налайх гурван дүүрэгт хуваалт явуулсныг “зөвхөн Ардын нам ялсан дүүргүүдийн асуудлыг шийдлээ” хэмээн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч эсэргүүцээд бараагүй ажээ. Үнэхээр Сонгинохайрхан шиг 300 мянга давсан хүнтэй аварга том Баянзүрх дүүрэгт АН бараг ялсан, бас өчүүхэн нутагтай Баянгол дүүрэгт бүрэн ялсан ба тэд бас хороогоо хуваалгах гээд чадаагүйг бодоход “буруу намын” асуудал үнэхээр байсан бололтой.

    Түүх сөхвөл, өнгөрсөн зууны дундуур Улаанбаатар хот 10 хороотой байсныг 1965 онд татан буулгаж Сүхбаатар, Октябрь,Найрамдал, Ажилчин, бас Налайх гэж бүхэл бүтэн үеийн дасал болсон 5 районыг байгуулж районы намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаатай болгожээ. 1990 оны намар намыг зайлуулж коммунист нэрсийг засахдаа нэгмөсөн бужигнуулж нийслэлийн төвийг 6 хувааснаар нар зөв тойруулж нэрлэвэл, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, мэдээж Налайх дүүрэг, нэмээд хотыг нүүрсээр хангах уурхайтай Багануур, махаар хангах үйлдвэртэй Багахангайг найм, есдэх дүүрэг болгон нэгтгэв ээ. Зуугаад км-ийн цаана таслагдсан дүүрэг гэдэг тун сонин, бас нийслэлийн төвийн дүүрэг хуваалт бас сонирхолтой.

    Тэр үед зах зээл гэдэг хэцүү юманд орж өөрсдөө мөнгө олж амьдарна гэж тайлбарлаад үйлдвэр, аж ахуйн газруудын татвар орлогын хэмжээ, байгууллагуудын тоог дүүргүүдэд ойролцоо байлгах, мөн дүүрэг тус бүр байшин ба гэр хороолол хосолсон байна гэх мэтээр их л утга учиртай эсгэж нийслэлийн төв хэсгийг  бялуурхуу маягаар зүсчээ. Сүхбаатар дүүрэг гэхэд Бэлх, Сэлхээс эхлээд зуслангаас орж ирдэг төв замын зүүн талаар долоон буудал, таван буудал, 100 айл, 11-р хороолол, Бага тойруугийн дотоод бүс тэр чигээрээ, түүний дотор Сүхбаатарын талбай, МУИС, ШУТИС, Спортын төв ордон, УБДС гэх мэтээр Сэлбийн голын баруун эргээр явсаар Энх тайвны өргөн чөлөөг давж нэгдүгээр төрөх, хуримын ордон, Хүүхдийн паркийг багтааж, улмаар баруун тийш тахийж 220 мянгат, Улсын цирк, тавдугаар хороолол, хүүхдийн 100, 40,50 мянгатын урд хэсэг 100-г хамж явсаар Голомт хотхоныг гүйцээж Баруун дөрвөн зам тулаад зогсож байгаа юм.

    Дүүргүүд хотыг хаа нэгтээгүүр хувааж хиллэх нь тодорхой ч Энх тайвны өргөн чөлөө, дөч, тавин мянгат хэмээх нэг цогцыг тасалж ийш тийш хишиг мэт хүртээсэн нь өнөөдөр биш болжээ. Байршил нь нэг төдийгүй утааны өтгөн шингэн нь яг адилхан зэргэлдээ хашаа өөр өөр дүүрэг. Хот жамаараа хэмжээ хязгааргүй тэлж байхад дүүргүүд төвөөсөө холдох үнэхээр дургүй. Нотолгоо нь гэвэл дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын “Иргэдэд үйлчлэх төв”, “Нутгийн удирдлагын ордон” гэх мэт нэртэй барилгууд юм. (Нийслэлийн төр захиргаа бол өөр хэрэг. Нүхт рүү нүүнэ гэдэг ч цагаа тулахаар худлаа)

    Одоо нийслэлийн нутаг дэвсгэрийн нэгжийг бялуудаж биш байршлаар нь хуваах цаг болсон. Баянхошуу бол де-факто тусдаа дүүрэг. Яармаг мөн адил. Урд дэнж дээр нь болж байгаатай нийлүүлээд хараарай. Таван буудал, долоон буудлаас хойшоо “бие даасан” нь дээр. Тэртээ тэргүй тусдаа амьдрал харагддаг. Яг тэнд, утаан дунд ордонг нь барьж өгөөд дарга нарыг нь суулгах юмсан. Хойт зүгт эцэс төгсгөлгүй үргэлжилсэн зуслангуудад өөр удирдлага, зохион байгуулалт шаардлагатай. Улиастай, Гачууртын захын хороонд ба Сансар хороололд амьдардаг иргэд яагаад Баянгол дүүрэгт хамаарах ёстой вэ? Үе үе марзан юм болдог. 2012 оны сонгуулиар Сүхбаатар дүүргийн зарим хороо ба 150 км-ын зайтай Багануур дүүргийн хэдэн гудамжийг нэг тойрог болгож дураараа дургисан билээ.

    Дүүргүүдийг байршлаар хуваана гэдэг бол олшруулна гэсэн үг. Улмаар нэг талдаа хотын төвийн барилгаар дүүрсэн, нөгөө талдаа ундуй сундуй гэр хорооллын гэх мэт элдэв ялгаа гарч ирнэ. Өөр аргагүй. Тэгвэл тус бүрт нь тохирсон бодлого, төсөв, дэд бүтцийг хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Жишээлбэл, Улаанбаатар хотын үлдсэн түүхэн дүр төрхийг хадгалах үүднээс төвийн дүүрэгт нэмж барилгажуулахыг хязгаарлах, харин Баянхошууг бол тэр чигээр нь дахин төлөвлөх.

    Энэ бол нарийн тооцоо судалгаагүй ерөнхий санаанууд. Ямар ч байсан өнөөдрийн нөхцөлд дүүрэг гэдэг бол засаг захиргааны хэтэрхий томдсон нэгж болжээ. Дүүргийн Засаг даргын тамгын газар гэж жижигхэн улсын Засгийн газар шиг ордонд суудаг нөхдийг тараан байршуулж иргэдэд нь ойртуулах, үүний тулд хороог биш дүүргийг хуваах ёстой бус уу? Дүүргийн сонгуульд УИХ-ынхаас дутахааргүй ширүүн өрсөлдөөн болж дүүргийн хурлын төлөөлөгчид гэж дахиж хэзээ ч үзэгддэггүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, хороо гудамжаараа биш, гадаад дотоод аялсан нөхдүүд байна. Эрх мэдэл, төсөв мөнгөө үргэлж чамлана, тэгсэн хэрнээ ордон барих, тансаглах, үрэн таран хийх болохоороо хэнээс ч дутахгүй. Дүүргийн улс төр гэсэн балай юмыг зогсоох цаг болсон. Ерөөсөө дүүрэгт хурал гэж байхгүй болчихвол би лав харамсахгүй. Өнгөрсөн хавар Баянзүрх дүүрэгт хувьсгал хийж Засгийнхаа ордонг эзлэхийг оролдсон байна. Тэр нь аль эрт доошоо халдварлаад хороон даргын суудлын төлөө амь дүйсэн тэмцэл өрнөж, тэр ч бүү хэл хэсгийн ахлагчдыг намаас томилон бужигнуулж байна.

    “Сүхбаатар дүүргийн 50 жилийн ой”, “Баянзүрх – нэг зүрх”, дүүргийн сүлд дуу, өндөрлөг энэ тэрээр оршин суугчдаа огшоох гэж оролддог хэдий ч би тэр дүүргийн уугуул гэж хэн ч хэлдэггүй. Энэ хавар Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний замын хойно байдаг хөшөөгөө нураагаад орон сууц бариулж байгаа бол Баянбүрдийн тойрогт гацсан жолооч бүр Чингэлтэй дүүргийн хөшөөг буулгаж зам чөлөөлөх юмсан гэж үглэдэг.

     
  • Mongold 0 on 2019.03.20 Permalink | Reply  

    Нэгдсэн Үндэстний гудамж 

    2019.05.20.

    Өчигдөр өглөө баруун талыг нь Кубын элчин сайдын яам эзэлдэг хоёр давхар барилгын хажуугаар өнгөртөл зүүн талын зарим цонх шилгүй, засвар орсон харагдав. Тэгээд олон байгууллагын гар дамжсан энэ хэсгийн түүхийн нэгээхэн хэсгийг гэнэт санав. Нээрээ яг энд далаад оны эхээр Өмнөд Вьетнамын үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгчийн газар байсан. Тэгэхэд газрын зураг дээр эрэг дагасан, шахцалдаад далай руу уначихдаггүй юм байх даа гэж дуу алдмаар харагдсан нарийхан зурвас энэ улс хоёр хуваагдсан, өмнөд нь бас дахин хоёр хуваагдсан, тэгээд Америктай, бас хоорондоо дайтаж байсан вьетнамын дайны ид үе. Төлөөлөгчийн газрын үүдэн дэх самбарт, өнгөрсөн сард ӨВҮЧФ-ийн дайчид америкийн төчнөөн тооны түрэмгийлэгч, тэдний гар хөл болсон Сайгоны төчнөөн цэргийг (өмнөдүүдээ хэлж байна) устгав, дайсны онгоцыг пуужингаар буудаж сөнөөгөөд нисэгчийг олзлов, дайснууд жирийн тосгон сууринг шатааж харгислав гэсэн тайлбар бүхий аймшигтай зургуудыг тавьдаг байсан. Нэг мэдэхэд дайн дуусч төлөөлөгчийн газар алга болсон. Бодвол Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх БНСВУ-ын Элчин сайдын яамтайгаа нэгдсэн байх.

    Барилга болгон түүх байдаг. Харин гудамж бол бүр том түүх.

    Энэ гудамжаар би сурагч байхаасаа эхлээд дөчин хэдэн жил нааш цааш алхжээ. Хичээлдээ өдөр бүр явдаг байсан, одоо ч ажилдаа явдаг. Анх ямар нэртэй байсныг таг мартсан ч 1990 онд Нэгдсэн үндэстний гудамж болсныг санадаг. МУИС-ын дөрөвдүгээр байр буюу Эдийн засгийн сургуулийн урдуурх Бага тойруугийн замын  урдаас эхэлж хагас дугуйраад, тэгснээ тэгширч явсаар дахиад дугуйрч 5-р сургуулийн урдуурх Бага тойруугийн зам хүрээд дуусдаг нумарсан гудамж. Ганц километр ч хүрэхгүй болов уу.

    Нэгдсэн үндэстний гудамжны бол 1960-аад оноос XXI зуун гаран гартал Улаанбаатарын хамгийн аятайхан гудамж байжээ. Ялангуяа амралтын өдөр эртхэн гараад явбал ганц ч хүн тааралдахгүй, ширхэг ч машин өнгөрөхгүй, цочмоор нам гүм байдагсан. Энэ нь учиртай. Гудамжны хойт талаар БНАГУ ба БНАСАУ-ын элчин сайдын яамд байрлаж, гаднаа сэргийлэгчтэй, харин зах зээлээс хойш эхнийх нь ХБНГУ-ын Элчин сайдын яам болж, харин Хойт Солонгосынхыг буулгаж оронд нь UN House нэртэй НҮБ-ын байр болгоод цагдаагаар мануулсаар өдий хүрчээ. Урдхан талд нь Сүхбаатар дүүргийн цагдан сэргийлэх, дараа нь Цагдаагийн хэлтэс бэлэн. Ийм байхад наад зах нь чимээ шуугиан тариад явах хүн олдох уу? Нийслэлийн төв дэх “их амар амгалан”.

    Харин өнөөдөр энэ гудамжны өмнөх түүх төгсөж байна. Гудамжны нүүрэн талын барилгууд дунд хэсгээрээ өмнөх төрхөө ерөнхийдөө хадгалсан ч нам гүм нь алга. Хоёр эгнээ зам нь өдрийн цагаар гурван эгнээ машин тавьдаг зогсоол болсон. Барилгуудын араар байсан нийтийн эзэмшлийн газар, хүүхдийн тоглоомын талбайг квадрат метр ч үлдээхгүйгээр өндөр барилгаар чигжсэнээр машинууд нь бүлтэрч гудамжийг эзэгнэсэн хэрэг. МТ компанийн 12 давхар офис бүр нүүрэн талд баригдсан бол Герман элчингийн чанх урд Гацуурт компанийн лав 15 давхар офисын цутгалт дуусаад зэргэлдээх оршин суугчдын эсэргүүцлээр зогсоод хэдэн жил болж буй, гэхдээ нураахгүй нь мэдээж. Сүхбаатар дүүргийн тамгын газрын байрны оронд концесс нэрээр 16 давхар барилга босч байна. Тун удалгүй гудамжийг сүүдэрлэдэг болно. Гудамжны баруун тийш алхвал алдарт Шилэн дэлгүүрийн навтгар одоохондоо хэвээрээ. Гэхдээ өндөр барилгаар солих зураг хэдийнэ гарчихсан харагдсан. ШУА-ийн хэвлэх үйлдвэрийн байр хувьчлагдаж Шинэ иргэншил дээд сургууль, ноднингээс давхар МСҮТ болжээ.

    Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын барилгуудыг Улаанбаатарын бусад бүх гудамжны нэгэн адил ханыг цоолж, эсвэл сунгаад ресторан, баар, зоогийн газар, кофе шоп гаргасан нь шинэ цагийн түрлэг. Харин тэд маш их өөрчлөгддөг, байн байн нэр хаягаа сольж, солигдож харагддаг. (Зөвхөн Герман элчингийн чанх өөдөөс харсан даатгалын газрууд бизнесээ дагаад огт хөдөлдөггүй). Хүүхэд байхдаа уншсан сонгодог романуудын үйл явдал өрнөдөг, одоо ч хэвээрээ дуулддаг европын кафе, ресторанууд шиг түүх үлдэхгүй юм байна. Үүнийг илтгэх мэт Нэгдсэн үндэстний гудамжны хамгийн төгсгөлийн урд талын барилгын үзүүрийг хятадын “Найрамдал” ресторан аль хэдийнэ эзэгнэсэн бол хойт үзүүрт америкийн байх Circle K сүлжээний нэг дэлгүүр саяхан улаан өнгөө мандууллаа. Шинэ цагийн найрамдал, нэгдсэн үндэстнүүд гэж ийм болжээ.

    Гэхдээ Нэгдсэн Үндэстний гудамжны хамгийн чухал хэсэг бол төрийн олон яам, агентлаг. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тавуулаа Нэгдсэн үндэстнээр хаягладаг учраас бичихгүй үлдээж боломгүй. С.Чинзориг сайдын яам машины зогсоол огт байхгүй ч С.Эрдэнэ сайдын үед яамны архив нэрээр ардаа 15 давхар хоёр өндрийг бариулсан нь үнэн хэрэгтээ орон сууц бололтой. Яагаад гэвэл хүүхдийн тоглоомын талбайтай. Эсвэл ажилтнууд нь үдийн цайгаараа гулсаж тоглодог юм болов уу. НХХЯ-ны булан тойроод урагшаа эргэвэл яамдын дундын том талбай байдаг ч сайд дарга нарын томоос том жипүүд болон ажилтнуудын машинуудаар пиг дүүрэн. Тэр олон машин хэрхэн орж гарч чадаад байдгийг тусгайлан судалмаар санагдсан.

    1970-аад оны эхээр яг энд манай гэр байсан. Нарийвчилбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ба Байгаль орчны яамны барилгыг холбосон хэсгийн яг тэнд. Томоо гэгч хашаанд эмнэлэг, диспансер, тэгээд 3-4 айл. Хашаанаасаа гараад зүүн хойш эргэхэд гурван давхар барилга угтдаг. Одоо бол ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар. Харин тэр үед эзгүй, нэг, хоёрдугаар давхрын цонхнуудын зарим хагарсныг жижиг нүхтэйгээр төмөр торлож хамгаалсан аятай, харин гуравдугаар давхрын цонхнууд торлоогүй хэрнээ ихэнх нь бүтэн. Чулуу шидээд хүрдэггүй байжээ. Одоо санахад хүрмээр юм даа. Эсвэл тэр үеийн хүүхдүүд бид турь муутай байв уу? Ямар ч байсан улс орныхоо төлөө хэрэндээ л улс төржиж байсан ухаантай. Нов ногоон хувцастай, малгай дээрээ улаан тэмдэгтэй, гартаа Мао-гийн бяцхан улаан номтой хятад сургуулийн хүүхдүүдтэй бие биенээ муухай харж зөрдөг байсан тэр үеийг санаарай. Ингэсхийгээд зогсоё. Үүнээс цааш цуурвал өнөө цагт улс төрийн алдаа болно. Саяхан хэвлэгдэж гарсан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомгоос тэр гурван давхар тухайн үеийн хятад зочид буудал байсныг сая л мэдлээ. Хоёр орны харилцаа муудаад тэд орхиод явсны дараа нэг хэсэг эзгүйрсэн хэрэг. Надаас ахмадууд түүхийг нь сайхан яриад өгөх биз. Сая дурдсан номыг судалсан чинь 50-60-аад оны Улаанбаатарын ихэнх барилгыг БНХАУ-ын  тусламжтайгаар босгожээ. Бүр санаа зовмоор ч юм шиг. Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын бүх барилгыг, түүний дотор Германы ЭСЯ-ны барилгыг бас. Бид ч яахав, социализмаа байгуулаад зав муутай явжээ.

    Өнөөдөр Улаанбаатарын муухай харагдаж байгаа, “ашиглалтын шаардлага хангахгүй”, “газар хөдөлбөл дарж ална” гэж амлаад байгаа барилга байшин бүр өөрийн түүхтэй.  Та бидний нүдний өмнө баларч байгаа энэ түүхийг ядахдаа ганц нэг гудамж, арга ядвал хэдэн барилгаар төлөөлүүлж хадгалж үлдээх боломжтой хэсэг Төрийн ордноос хойш Бага тойруу дотор байна. Тэднээс хамгийн магадлалтай нь Нэгдсэн Үндэстний гудамж юмсан.

     

     
  • Mongold 0 on 2019.02.26 Permalink | Reply  

    Улаанбаатар хотын дарга 

    2019.02.26.

    Он дамнаж эзэнгүй байсан хот даргатай болох нь. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ Засаг даргыг тодруулж байгаа. Өнгөрсөн сард заалнаас өөрийгөө дэвшүүлээд олонхийн санал авсан ч Ерөнхий сайдад таалагдаагүй С.Мөнхчулуун дахин өрсөлдөхөө мэдэгдсэн ч нэмэргүй, намаараа дахин сойлгуулсан С.Амарсайхан яаж ийгээд томилогдох биз.

    Хууль нь тийм юм. Үндсэн хуулинд заасан нутгийн өөрөө удирдах ёсны дагуу дөрвөн жил тутам орон нутгийн сонгуулиар нийслэлд 45 “мангуу” (нөгөө 76-гаас илүү ухаантай гэж бодохгүй байна)-г сүйд болж байж гаргадаг. Тэдний үндсэн ажил нь жилдээ ганц удаа төсөв, төлөвлөгөө батлахаар хуралдах, бас Засаг дарга хэн байхыг шийддэг мэт харагдавч үнэн хэрэгтээ үгүй ажээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бол УИХ-ын гишүүнээс илүү ач тустай албан тушаал. Бүр социализмын үед аж ахуйн ажлаас гадна үнэ төлбөргүй орон сууцыг хуваарилдаг онцгой эрхтэй байжээ. Жаахан наашилбал, одоогийн Ерөнхийлөгчөөс эхлээд ардчиллын 13 гээд бүгд зөвхөн үүний төлөө хотын Ардын депутатуудын ба Ардын хурлын гүйцэтгэх захиргааны коммунист дарга нарт дотроо залбирч явдаг байх ёстой. Өнөөгийн хөрөнгө мөнгөний өндрөөс бага харагдаж болох ч тухайн үедээ амьдралын үндсэн асуудлыг шийдэж өгсөн учраас тэр. Хотын захиргаанд орон сууц хуваарилах хэлтэс, товчоо ажиллаж байв. Энэхүү буянтай ажил 1990 оноос хойш Л.Энэбиш, Ц.Баасанжав нараар, зөвлөлтүүдийн барьж өгсөн, эсвэл буцахдаа үлдээсэн орон сууцуудыг шавхагдаж дуустал үргэлжилсэн билээ.

    Анхны “ардчилсан” Засаг дарга Ж.Наранцацралт төдийлөн удаагүй. Харин 90-ээд оны сүүлчээс “газрын наймаа” брэндийн даргын үе эхэллээ. М.Энхболд хотоор явж газар метрлэж өгөөд цүнхтэй мөнгө сугавчлаад харьдаг байсан гэсэн үг огтхон ч биш, гэхдээ үр дүн нь яг тэгсэн мэт болсныг нийслэлчүүд амсахаараа нэг амсаж байна.

    Том дарга өөрийнхөө фонон дээр дутуу харагдах хүнийг орондоо үлдээдэг зарчмаар нийслэлийн хамгийн хөдөөний бөгөөд микро дүүргээс Ц.Батбаярыг авчирч тавьсан нь 2005 он. Цаадах нь “цол дагаж бяр нэмдэг”-ийг нотолж “газрын наймаа”-ны эрчийг нэг их сулруулаагүй. Асар үнэ цэнэтэй энэ суудалд түүнийг удаан суулгаж эрхлүүлээгүй бөгөөд хоёр жилийн дараа хүчээр буулгаж Т.Билэгтээр солив. Гэхдээ нийслэлийн ИТХ-ын дарга байсан түүнийг Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн тамгын газрын ба хотын даргаар тус бүр хэдэн сар ээлжлүүлсэн нь нөгөө дуулиантай нийслэлийн мэдлийн хэвлэх үйлдвэр ба “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдоно. Дараачийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажилласан 2008-2012 онуудад “газрын маргаан” нэртэй хэрүүл зодоон оргилдоо хүрсэн нь нийслэлд дэл сул газар үндсэндээ дуусч нийтийн эзэмшил, СӨХ-ийн газар, хүүхдийн тоглоомын талбайг хуй дээрэмдсэн хэрэг юм.

    2012 онд УИХ-ын гишүүний суудлаас хотын даргынхыг илүүд үзэж алмайруулсан Э.Бат-Үүлийн үед бүтээн байгуулалтад асар их мөнгө хөрөнгө зарцуулсан ч юм болгоныг мөнгөөр шийдэх боломжгүйг харуулаад буусан. 2016 онд халааг нь авсан Су.Батболд үүнийг ухаарч магадгүй байтал намын дарга нь хөөн явуулав.

    Улаанбаатар бол өөрөө хөгждөг хот. Монгол Улсын тэн хагас. Улс төр, эдийн засаг, санхүү, үйлдвэрлэл, боловсрол, соёл гээд хамаг юмны төв, зогсоо зайгүй тэлж байдаг зах зээл. Зарим жил бүтэн аймгийнхтай тэнцэх тооны иргэд хөдөөнөөс ирж суурьшиж байлаа. Гаднын зочид, жуулчид, ажил хэрэгч хүмүүс эхлээд Улаанбаатарт бууж мөнгөө үрэх, хөрөнгө оруулахыг эндээс эхэлдэг.

    Хотын дарга нар яаж ч сүржигнээд, яаж ч нэрээ наагаад бүтээн байгуулалтын жинхэнэ эзэд тэд биш. Өнөө цагт барилгын арга технологи, барилгын бизнес суга хөгжөөд Улаанбаатарт барилга бариулах бус, бариулахгүй байх нь хэцүү болжээ. Сөөм газар эзэнгүй харагдвал цемент цутгачих гээд байдаг. Араас нь хувийн өмчөө хамгаалаад тэмцэж гарна. Ийм байхад хотын даргын үүрэг бол алсын хараатай бодлого, хууль дүрэм, бүтэн хагас сая хүнтэй энэ хотын эмх цэгц, ажил амьдралын зохион байгуулалт, нийтийн ба хувийн эрх ашгийн тэнцвэр. Хоёр үгээр илэрхийлбэл сайн засаглал.

    Манайд засаглал ямар байхыг хүнээс биш тогтолцооноос хамаарна гэдэг. Минийхээр бол эсрэгээр байдаг. Үүний нотолгоо бол албан тушаалтнууд буруу юмандаа үргэлж сайн, үүний төлөө ямар ч тогтолцоог хууль дүрэмтэй нь аргалж, алгасч, зай завсар гаргаж, хүсвэл бүр өөрчилж чаддаг. Энэ утгаараа нийслэлд засгийн эрхийг Засаг дарга барина. Элдэв хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг, газрын наймаа гэхэд халхавч болохоос хэтэрдэггүй, Засаг даргаа ч сонгох мэдэлгүй, сайндаа л гацааж чаддаг, эцсийн эцэст огт хариуцлага хүлээхгүй, ийм учраас тэднийг тоож ч шүүмжилдэггүй Иргэдийн төлөөлөгчдийн хурал яав ч биш. Дашрамд дурдахад, өчигдөр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засаг дарга нарыг иргэдийн төлөөлөгчдийн барьцаанаас гаргах хэрэгтэй” гэж ярьсан байна.

    Төрийн эрх барих дээд байгууллага – өнөөгийн УИХ-ыг хараад гутсан хэсэг эрхэм 2020 оны сонгуулиар бие даагчдыг ахиухан гаргах Электорат хөдөлгөөнийг санаачилсан билээ. Энэ бол бас орон нутагт, нийслэлд бүр ч хэрэгтэй санаачлага. Засаг даргаа иргэд нь сонгодог болох тухай үе үе яригддаг. Сум, хороо, дүүрэгт бүү хэл аймаг, нийслэлд улс төрийн хэрэг алга. Гэхдээ хууль тэгэж өөрчлөгдөх эсэхээс үл хамааран нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аль болох олон бие даагч нэрээ дэвшүүлж орох, тэгээд дундаасаа Засаг даргад дэвшүүлэх, чадвал сонгуулах зүгт явах байх.

    Тийм бие даагчид харагдана уу? Би өөрийн мэдэх хүмүүсийг дотроо шүүж үзэхэд хамгийн түрүүнд Дефакто Д.Жаргалсайхан санаанд орлоо. Тэрбээр бүр 2007 оны хавар “Газраа байраар солих 6 алхам” буюу “Миний газар – миний хөрөнгө” нэртэй хөтөлбөр боловсруулж гэр хорооллын иргэдэд уулзалт, ярилцлагаар танилцуулж байсныг мэднэ. Үүнээс хойш буюу Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 27-р тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээг удирдан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Ерөнхий сайд С.Баяраар ахлуулан байгуулсан түүхтэй. Улаанбаатар сан, Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал компанийн хувьчлал, тэгээд хамгийн ноцтой сэдэв – нийслэлийн газрын наймааны талаар арав гаруй жилийн турш тасралтгүй дуугарч, шүүмжилж, санал дэвшүүлж байгаа хүн бол Жаргалсайхан. “Зайсандах” бол түүний гаргасан нэр томъёо. Хэдхэн жилийн өмнөх нэгэн хэлэлцүүлэг дээр “өнөөдөр 40 мянган орон сууц хоосон хонож, гэтэл 170 мянган айл байранд амьдрахыг мөрөөдөж байгаа. Хэнд зориулсан хот вэ?” гэж тэр асуугаад хариулт эрсэн бичлэг байдаг.

    Би нэр дэвшигчийн сурталчилгаа шиг юм бичээд байна уу? Үгүй ээ. Хавь ойрд сонгууль байхгүй. Хүн бүр, сонгогч болгон орчин тойрноо сайн харвал хэрэгтэй хүмүүсийг олж болно гэсэн санаа.

    Харин энэ удаад нийслэлийн Засаг даргаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн таалалд нийцсэн нэгэн тавигдана.

     
  • Mongold 0 on 2018.10.17 Permalink | Reply  

    Хэнийг хэн хэрхэн төлөөлдөг тухай – 2 

    2018.10.17.

    Одоо биднийг албан ёсоор төлөөлдөг хэсэг хүмүүсийн талаар бичье. Үйлийн үртэй 76, бүр дээр заларсан нэг нөхрийг биш, харин орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг хэлж байна. Саяхны мэдээгээр Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэл, түүний 9 дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 8066 хүн сонгогдон ажиллаж байна. Би сонгогчдоо төлөөлөх эрхтэй гэж хэлэх бүрэн эрхтэй хүмүүс, тэд. Эрх нь тус тусын орон нутгаар хязгаарлагддаг хэдий ч тэндээ яах аргагүй эрхтэй.

    Нэгэн дүүргийн ИТХ-ын хэдэн төлөөлөгч бааранд согтож эрүүлжигдсэнийхээ маргааш дүүргийнхээ цагдаагийн даргыг “танай цагдаа нар төлөөлөгчөө таньдаггүй, хүндэтгэлтэй хандах ёстой байсан” хэмээн загнасныг санав. Тэд орон нутгийнхаа төсвийг хэлэлцэж баталдаг, хамгийн гол нь ямар ч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд дарга нарт байдаггүй – газар олгох эрхтэй Засаг даргыг томилох эрхтэй хүмүүс. Газар бол улсын үндэс гэсэн шүү. Бас  нэг дүүргийн төлөөлөгчид хуралдаанаараа Төв аймгийн Баянчандмань сумын нутагт өөрсөддөө зориулж газар авах тухайгаа ярилцаж байсан. “Төлөөлөгчдийнхөө нийгмийн асуудлыг шийдэх” гэсэн томъёоллоор.  Хоёр засаг даргаар дамжуулж тохиролцлоо гэж ойлгогдсон.

    Мартсанаас, Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд бас Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гэж тус бүрт нь 5 хүн сонгогддог. Орон нутгийн 1615 баг, нийслэлийн 152 хорооны тоогоор үржүүлбэл дахиад 8835 иргэдийн төлөөлөгч бидэнд байна.

    Барагтай улс ийм ардчилсан байж чаддаггүй биз. Саяхан америк судлаачийн ярьснаар бол, тэндхийн хот, хөдөө нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг хэдий ч намуудаас өрсөлдөн сонгуульдсан том том хурал гэж үгүй. Хот, дүүрэг, тосгоны зөвлөл нь голдуу тав, арван хүнээс хэтэрдэггүй цомхон. Хуульч, бизнес эрхлэгч, эмэгтэй.. тэгэсхийгээд гүйцдэг гэнэ.

    Хэрвээ үнэхээр тийм бол орон нутагт төлөөллийн ардчиллаар манайх Америкийг хол ардаа орхижээ. Даанч ид шидийг нь үзэж чадахгүй юм. Нийслэлд газрын маргаан дэгдэхэд, хөдөөд малчид нутаг усаа хамгаалж тэмцэхэд сонгосон төлөөлөгчид үзэгдэх нь өдрийн од шиг. Ноднин Битлз-ийн хөшөөтэй Цэрэндоржийн гудамжийг хавь ойрын оршин суугчид барилгын компаниудад алдах шахсан тэр өдрүүдэд УИХ-ын гишүүн байтугай (том даргад жижигдсэн асуудал гэж бодьё) нийслэл, дүүргийн ИТХ-д суугаа төлөөлөгчид, бүр хорооны нийтийн хурлын төлөөлөгчдөөс ч үзэгдээгүй. Номоороо бол, хаа хамаагүй идэвхтэнүүд, дараачийн сонгуулиа хүлээж суугаа сөрөг хүчнийхэн, Даяар Монгол энэ тэр биш, яг тэндээс сонгогдсон нөхдүүд өөрсдөө ирчихсэн, “яахуу?” гээд зогсож байх учиртайсан.

    Ажиглаад байхад тэд сонгогдсоныхоо дараа төрөл арилжиж, иргэдийнхээ төлөөлөл байхаа больж, дарга нарын талд гараад суучихаж байна.

    Нийслэлийн ИТХ-ын цахим сайт руу шагайв. Тэргүүлэгчдээс гэхэд Д.Мөнхжаргал сургуулийн захирал байснаа 2016 онд төлөөлөгчөөр сонгогдоод удалгүй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч, МАН-ын улс төрийн ажилтан байсан Н.Батсүмбэрэл “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын даргаар очжээ. Бас “Нарантуул” захын дэд захирал байсан С.Эрдэнэтуул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдож, намын судлаач байсан Ц.Байгальмаа нь АХБ-ЕХОБ- УБ-ын гурвалсан санхүүжилттэй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дэд зохицуулагч болжээ. Бусад төлөөлөгчдийн дундаас Хот тохижилтын газрын дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал, Нийслэлийн ЖДҮД-ийн төвийн дарга, нийслэлийн ОСНААУГ-ын дарга,  Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга, нийслэлийн Геодези, усны барилга байгууламж НӨААТҮГ-ийн дарга, УСУГ-ын дарга, бүр нийслэлийн Засаг даргын орлогч хүртэл мэндэлсэн байх юм. Сонгогчид өөрсдийгөө төлөөлүүлж, дарга нарыг хянуулах гэж илгээгээд байхад шүү! Бас тэдний нийслэлийн албан байгууллага, нийслэлийн өмчит компаниудын зөвлөл, ТУЗ-д орсон нь тоймгүй. Давхар дээлийн орон нутгийн хувилбар нэг иймэрхүү.

    Нутгийн өөрөө удирдах ёс гэж сайхан юм бий. Харин үүнийг тэд юу гэж ойлгож ирсний нэг жишээг хэлье. Өнөөдөр орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсөддөө урамшууллын мөнгө баталж авцгаадаг нь хавтгайрч тоо нь өссөөр. Зарим жил нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч тус бүр 80 саяыг авсан удаатай. Нэг нь түүнийгээ халааслаад Азийн 3, 4 орноор зугаалаад ирсэн байдаг. Ер нь огт тайлагнадаггүй учраас бусад нь юунд зарцуулсныг хэн ч үл мэднэ. Дүүрэгт бол арай даруу, гэхдээ зарим газарт 20 сая хүрдэг болжээ. Зугуухан ахиж л байна. Хааяа нэг хуралддаг хэрнээ байнгын ажиллагаатай парламент болох УИХ-ийн гишүүдтэй барьцаж байгаа хэрэг.

    Бичээд байх уу? Бичихгүй ээ. Яагаад гэвэл барагдахгүй. Уудлаад байвал их юм гарна шүү. Нийслэлд иргэд, оршин суугчдөө төлөөлөх эрхээ ингэж эдэлдэг хүмүүсийн дээр нийслэлийн утаатай тэнгэр биш, сонгосон иргэд нь байх ёстой юм шиг байгаа юм.

    Аймгуудад ч ялгаагүй.

     
  • Mongold 0 on 2018.05.16 Permalink | Reply
    Tags:   

    Монгол сэтгүүлч 

    2018.05.16.

    Туулын эрэг дээр барьж буй хууль бус барилгын эзэн, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “25-р суваг телевизийн “Ам нээвэл …” нэвтрүүлэгт орсныг сонсоод хотын энэ улс төрчийн карьер ерөнхийдөө дууслаа гэж бодсон шүү. Гэтэл…

    Уг нь Г.Мөнхтуул сайн сэтгүүлч. Даанч энэ удаагийн ярилцлагын асуултууд Туулын эрэгт ганц барилга арайхийж буулгасан тухай өгүүлбэрээсээ эхлээд буруу зөрүү, байн байн хариулт дэвсэж өгсөн, бүгд мэддэг баримтуудыг шууд асууж зүрхлээгүй, нэг ч тоо, нэр, га, огноо нэхээгүй. Хэрвээ сэдвээ судалсан бол Зайсан толгойн энгэрийг “Оюуны ундраа” хэрхэн хэдийд авсан, яагаад шүүх зарга болсон, тэр барилгууд нь хуулийн аль заалтаар зөвшөөрөгдсөнөөс эхлээд 2016 онд нийслэлийн ИТХ-аас тогтоол гаргаж Туул голын хамгаалалтыг бүсийг өөрчлөхдөө С.Амарсайханы барилгын урдуур байсныг хөдөлгөж араар болгосноор барилга барьж буйгаа зөвтгөх нэг боломжийг олгосон, одоо яагаад хууль зөрчиж барьсаар байгааг асууж тодруулах байсан юм. Нэгэнт тэгэж чадаагүйгээс хойш цаадах нь өөрийгөө хууль, шударга ёсны билэг тэмдэг, авлигын эсрэг тэмцлийн манлайд өргөмжилж, дундуур нь баахан барьцаа, шантааж шургуулсан төдийгүй хууль бус барилгыг нь бараг баталгаажуулсан ярилцлага болчихов.

    Тэрүүхэн хэсгийг сийрүүлбэл,

    Сэтгүүлч: Туул голын  бургасыг бас тайраад л одоо барилга бариад эхэллээ гэдэг асуудал бас яригдаад л байсан. Хамгийн сүүлд гэхэд л Туул голын эрэг дээр барьсан барилгыг  цагдаатайгаа нийлээд нураах гэж нэлээн бараг УИХ-ын түвшинд ярьж байж арай гэж нэг юм эхлэх шиг болсон. Тэхээр энэ асуудал дээр цаашдаа ер нь Туул голын бүсийг хамгаалах асуудал дээр Хотын захиргаа яаж анхаарах юм?

    С.Амарсайхан: Туул голын бүсийг хамгаалах асуудал дээр тал талаас нь анхаарах ёстой бодлого шийдвэрийг нь нэгтгэх ёстой.  Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг үг байдаг. Анхнаасаа энийг  бодлоготой төлөвлөгөөтэй зохион байгуулалттай

    Сэтгүүлч: Газрын нь хууль бусаар олгосон юмаа даа, янз нь

    С.Амарсайхан: Хууль бусаар олгосон гэж би хувьдаа бол ойлгохгүй байгаа. Иргэд хууль бусаар олгоно гэхээр  нэг бол хулгайлаад авахыг, эсвэл хууль зөрчөөд  булаагаад  авахыг хэлдэг байх.

    Сэтгүүлч: Тодорхой албан тушаалтан бас эрх мэдлээ хэтрүүлээд, одоо өгөх ёсгүй газар …

    С.Амарсайхан: Би өөрийн чинь асуултыг бас ерөнхийд нь гадарлаж байна. Над руу чиглүүлсэн асуулт  байх шиг байна. (Сэтгүүлч инээв). Би албан тушаалаа аваад Иргэдийн Хурлын дарга болоод энэ хувийн компанитай холбоотой газартай холбоотой, нийслэлтэй, Туулын голтой холбоотой ямар ч асуудалд  орооцолдоогүй, оролцоогүй

    Сэтгүүлч: Газар олгох зөвшөөрөл өгөөгүй …

    С.Амарсайхан: Зөвшөөрөл өгдөг хүн нь ч би биш, өгсөн ч би авахгүй.

    Сэтгүүлч: Тийм л дээ.

    С.Амарсайхан: Тэр битгий хэл манай олон газруудыг одоо байдаг энэ тэр гээд гүтгээд доромжлоод явж байгаа зүйлүүд зөндөө бий.

    Сэтгүүлч: Таныг  ч бас энэ Туул голын эрэг дээр бас нэг барилга барьсан, барих гэж байгаа асуудал хэл ам яриад л байх шиг байна л даа.

    С.Амарсайхан: Зайсанд барилга барилаа, Туулын голын бутыг хугаллаа, сүйтгэлээ гээд л байгаа.  Тэр асуудал дээр жаахан бодитой мэдээлэлтэй, тэгээд  үндэслэлтэй тодорхой зүйлүүдийг гаргаж яривал уг нь зүгээр байгаа юм.  Миний хувьд бол  бизнес хийгээд явж байсан хүний хувьд хотод нэг ч гэсэн хүнд хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй  нийгмийн бүтээн байгуулалт хийчихий гэж  манай компани үндсэндээ Зайсан хавийн энэ хөрөнгө оруулалтыг хийгээд, үнэхээр амиа бодсон хувиа бодсон бол энэ архины  пиво тэгээд  хуушуурны хогонд дарагдчан байсан  Зайсанг бол  орон сууц бариад  зараад явчихуул  бусдын адил  зараад явчих боломж нь байж л байсан

    Сэтгүүлч: Та газрын зөвшөөрлийг яг ном журмын дагуу авсан уу. Яаж авсан?

    С.Амарсайхан: Ном журмынх нь дагуу, ер нь Байгаль орчны яам чинь  газраа  олгохдоо  байгаль орчны үнэлгээ хийлгэдэг.

    Сэтгүүлч: Зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр?

    С.Амарсайхан: Аялал жуулчлалын чиглэлээр. Тэгээд зөвшөөрлийг нь өгөөгүй байхад  хэн нэг нь очоод тэнд булаагаад нэг сайдынх нь гарыг барьж байгаад  зуруулаад  авсан, эсвэл  Хотын захирагчийнх  нь толгой дээр буу тулгаад авсан юм байхгүй гэж бодож байна.

    Сэтгүүлч: Эсвэл мөнгөөр цохиод авсан ч юм уу тээ …?

    С.Амарсайхан: Эсвэл мөнгөөр худалдаад авсан юм байхгүй гэж бодож байгаа. Буулгана гэвэл Улаанбаатар хотын Туул голын дагуу байгаа  River garden –аас  эхлээд энэ Villa Vista  гээд бүгдийг нь буулгах хэрэг гарах байх

    Сэтгүүлч:  Богдхан уулын орчимд уул нь  аялал жуулчлалын зориулалтаар газар  авчихаад бүхэл бүтэн орон сууцны хороолол барьчихаад тэгээд хэн ч  ямар ч хариуцлага тооцохгүй, тооцуулах ч үгүй гээд сүүлдээ бүр Богд уулыг дархан цаазат  тусгай хамгаалалтын бүсийг  болиулъё,  суурьшлын бүс болгоё гээд ийм асуудал хүртэл яригдаад эхэллээ л дээ

    С.Амарсайхан: Одоо суурьшлын бүс  угаасаа болцон ш дээ. Богд уулын энэ …

    Сэтгүүлч:  Уул нь дархан цаазат газар биз дээ.  Яагаад?

    С.Амарсайхан: Яагаад гэдгийг  анхнаасаа тэр бодлого шийдвэрийг газар өмчлүүлсэн, эзэмшлүүлсэн, хяналт тавьсан гар хөлийн үсэг зурсан нөхдүүдтэй нь эхэлж асуудал ярих. Тэд нараас нь тодруулбал надаас илүү оновчтой хариулт өгөх байх гэж бодож байна. Одоо жишээ нь  Богд уулын орчимд  40 гаруй мянган, бараг  50-иад мянган  иргэд оршин суурьшдаг юм билээ. Орон сууцаа барьчихсан  энэ олон бизнес эрхэлж   байгаа  энэ олон  барилга байшин барьсан ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг бүгдийг нь гэмт хэрэгтэн гээд дуудах гэж  байгаа юм уу. Бүгдийг нь хууль цаазын байгууллагуудаар аваачиж шийтгэж  яллах ёстой гэж яриад  байгаа юм уу, би бол энийг ойлгохгүй байгаа.  Мэдээж Туул голоо  хамгаалах асуудал гэдэг дээр бид хамгаалах  ёстой.  Хамгаалах ажлуудыг хийх ёстой, хийж ч байгаа гэж ойлгож байгаа. Бодитой шийдлээ гаргаад хийсэн ажилгүй, дэмий улстөржүүлж хийрхээд эцэст нь ямар ч үр дүн байхгүйгээр албан тушаалтнууд нь  авилгачид нь улс төрөө хийгээд хожоод явдаг тэгээд их шударга царайлаад  улс төрийн оноо аваад явдаг, ард нь хохирдог хүмүүс нь  аж  ахуйн нэгжүүд, иргэд байдаг ийм дүр зурагтай бид нар  хорин жил, гучин жил явж ирсэн ш дээ.

    Сэтгүүлч: Магадгүй би бас таныг Зайсан орчимд том барилга бариад явчихлаа, энийг  магадгүй  цаашдаа аялал жуулчлалын зориулалтаар биш өөр зориулалтаар ашиглаад  томоохон ашиг сонирхлын үүднээс өөрчлөөд явчихвий гэсэн хардлага байна?

    С.Амарсайхан: Уг нь бол би төрийн алба хашиж байгаа хүн.  Хувийн компанийн талаар өөрийн ч бай, хүний ч бай хүний юм яриад байх тийм шаардлага сонирхол ч байхгүй гэж бодож байгаа. Гэхдээ  нэгэнт яриа энэ тал руугаа орчихсон учраас  хувийн компанитай холбоотой, “Оюуны Ундраа” компанитай холбоотой  төсөл хөтөлбөр бүтээн байгууллалтын … Зайсан хийлгээд  байна  .. Зайсан  Square гээд бий  энэ бол яг л  одоо зориулалтынхаа дагуу үзвэр үйлчилгээ аялал жуулчлалын, тэгээд энэ гадаад дотоодын зочин гийчин  ирээд бас ороод аяга кофе уучихдаг, алжаалаа тайлчихдаг  энд элдэв янзын орон сууц яриад бариад эсвэл  болох бүтэхгүй зүйл хийгээд тавьсан  бол эцэст нь зүгээр  хэлэхэд яг зориулалтаар нь энэ газрыг  ашиглаж байгаа ганц  компани л бий… Бусад нь  эргэн тойрон одоо  бүгд орон сууц  байгааг та хэд ер нь харж байгаа.

     
  • Mongold 0 on 2018.04.07 Permalink | Reply  

    Өнөөдөр Сэлбийн гол олдохгүй байна. 

    2018.04.07

    Энэ өдөр Энх тайвны гүүрэн дээрээс Сэлбийн голыг хайж авсан зураг

    1956 онд Сэлбийн гол үерлэдэг байжээ

     
  • Mongold 0 on 2018.04.04 Permalink | Reply  

    Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Энх тайвны өргөн чөлөөний гүүр 

    2018.04.04.

    Хэдэн жилийн өмнө би яг энэ сэдвээр бичиж байжээ. “Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Цагаан хаалга” Бас “Сүйтгэн байгуулалт”. Одоо үргэлжлүүлэхээс.

    Хавар ирлээ, Улаанбаатарчууд аа. Утаагүй тэнгэр, дулаахан өдрүүд. Удахгүй зүлэг мод ногоорно. Бас нөгөө алдарт “газрын маргаан” эхэлж байна. УИД-ийн өмнөх Цэрэндоржийн гудамжнаа Битлз-тэй хөшөөтэй талбайн дор үйлчилгээний төв байгуулах барилгын компаниуд ба эсэргүүцсэн иргэд хоёр талаасаа бэлтгэлээ  базаажээ. Хажууханд нь машин өнгөрөх замыг таглаж “Зан интернэйшнл” компани барилга барихаар завдахад оршин суугчид жижиг гэр бариад тэмцээд эхэллээ.

    Нөгөө пэрээзэрийн төмөр гүүрийг хамгаалах кампанит сурталчилгаа дэгдээд байна. Ийм гүүргүйгээр нийслэл хот сөнөх юм байна. Бүтээн байгуулалтаа үг дуугүй дэмжих, ухамсраараа жил хагас тэсэх хөдөлгөөн ч өрнөлөө. Энэ тэнэг шийдэлд 42 сая долларыг зээлдээд авчихсан, буцах аргагүй тул гүрийхээс өөр яахав.  Залгуулаад 2018 онд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтыг тэнгэрээс харуулсан 6 минутын бичлэгийг баруун солгойгүй цацлаа. Үзэхэд юу байсан гээч!  Автомашинд зориулсан гүүрэн замыг Офицеруудын ордон, Баруун дөрвөн зам, Нарантуул, Дүнжингарав, Бөхийн өргөө,  Арслантай гүүр, Багшийн дээд, Гадаад харилцааны яамны уулзвар дээр угсруулан босгохоор төлөвлөжээ. Бусад нь дүүрч, гэхдээ Энх тайвны өргөн чөлөө гүүрэн замаар хэдэнтээ хэрчигдэх нь. За бүр Энхтайваны өргөн чөлөө дүүрч. Гадаад яамны уулзварын гүүр арай ч дээ. Сүхбаатарын талбай маань дэргэдээ автомашины гүүртэй болох нь. Ажил энэ онд эхлэнэ. Тийм ээ, энэ бол эхлэл, гэхдээ нийслэл Улаанбаатар хотын XX зууны түүхэн дүр төрхийн жинхэнэ төгсгөлийн эхлэл.

    Хотын удирдлага нэг гараараа түгжрэлийн эсрэг замаа өргөтгөж, автомашиныг ээлжээр явуулж, одоо төмөр гүүр, гарцаар үргэлжлүүлж байна. Харин нөгөө гараараа өчүүхэн төдий завсар зайг ч хамаагүй барилгаар чигжсээр байна. Орон зай огт үлдээгүй харагдавч эрх мэдэлтнүүд яаж ийгээд олоод байдаг нь гайхалтай. Эхэндээ зайчилдаг байсан бол сүүлдээ шуудхан таглаж, дээгүүр доогуур шургаж, одоо бол зүв зүгээр байшин барилгыг элдвээр цоллож нураагаад оронд нь хэд дахин том өндрийг босгож байна. Жишээлэхэд гал командын барилгыг нурааж  Онцгой байдлын ерөнхий газрын тансаг офисыг барихаар болсон. Төв шуудангийн баруун талд Макс-ийн ээлжит, паркийн бөөрөнд Наранхүүгийн 100 давхар цамхаг босно. Урьд нь зуун офис, мянган айл байсан газарт өнөөдөр мянган офис, түмэн айл төвхнөлөө. Ажиллаж амьдардаг, ирж очдог хүмүүсийн тоо, дагаад автомашины тоо төдийчинээ нэмэгдэнэ. Арга алга гээд дараачийн хязгаарлалт, дахиад гарц, гүүр. Өөр юу бодож олохыг таашгүй.  “Крантны усыг нээх тусам их л ус гардаг юмдаа, өшөө зам, өшөө машин, өшөө түгжрэл” гэж нэгэн уншигч бичжээ.  

    Дэлхийн ямар нийслэл төв гудамжаа автомашинд зориулан тасчиж, хоёр давхарлаж, төв талбайдаа автомашины зогсоол барьдаг байна аа? Уг нь Улаанбаатар бол зөв эхэлсэн хот. Цэлгэр гудамж талбай, эмх цэгцтэй мянгатууд, хорооллууд, хэдэн арван жил хүрэлцэж буй эрчим хүч, шугам сүлжээг бид өнгөрсөн зуунаас өвлөж авсан. Нийслэлийн хамгийн сайхан газар бол Сүхбаатарын талбай. Бид азаар Зөвлөлт, тэдний цаанаа Европыг дууриаж төв талбайтай хоцорчээ. (21 аймгийн төвийн хамгийн сайхан газар нь бас л төв талбайнууд) Гэтэл үүнийгээ хороох гэж янз янзаар үзэж буй. 2003 онд Сүхбаатарын талбайд шинээр хучилт хийхдээ урд хэсгийг нь үлдээсэн. Тэнд ямар нэгэн юм босгож ашиглах санаа байнга цухалздаг. Одоогоор машины зогсоол. Дасгаж байгаад хийж л таарна. Талбайн өмнөх цэцэрлэгийн газрыг авсан компанийн шунал нь ихдээд юу ч барьж амжилгүй хураалгасан. Тэрхүү цэцэрлэгийг сэргээсэн нь сайшаалтай боловч нэгэн гамшиг тохиолдсон нь АСЕМ-ын хөшөө.  Далайн гүнээс тэмтрүүлээ сарвагнуулан өндийж буй аймшгийн ногоон наймаалж. Арван таван толгойтой атгаалжин хар мангас хамаагүй дээр байсан юм. Өнөөдөр тэр хурлыг хэн ч санахгүй (худлаа, санах юм байна, хэдэн зуун тэрбумыг үгүй хийсэн гэж). Даанч хэдэн арван жилийн турш жирийн хүмүүс цугларч буу халдаг, шатарддаг түүхийн гэрч болсон гэм зэмгүй тэр саравч устсан.

    Нийслэлийн түүхэн дүр төрх, ой санамжийг хадгалсан хэдхэн барилгыг хэрхэн гоочилж (яг үнэндээ барилгыг биш, түүхийг) буйн ганц нэг жишээ.

    Зуун жилийн түүхтэй, хэрэндээ л хийцтэй хэвлэх үйлдвэрийн хоёр давхар барилга авлигачдын гар дээр хэсэг саатаад хувьд очлоо. Уг нь хамгийн багаар бодоход л Улаанбаатар хотын төгс музей байхсан.  Төрийн ордны барилга. Ноднин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонсоод хэсэгчлэн буулгаж шинэчлэх шийдвэр гаргасан. Парламентийн ордонтой болох байж ингэх шаардлагагүй бус уу?

    Маргаашаас нэг их хэтрэхгүйгээр нурж монголын түүхийн сан хөмрөгийг ажилтнуудтай нь дарж мэднэ гэсээр Үндэсний төв архивыг Яармагын дэнж рүү нүүлгэснээс хойш хоёр  жил өнгөрчээ. Монголын түүх аврагдсан нь сайн хэрэг. Хачирхалтай нь архивын барилга өнгө зүс ороод гялалзаж байна гээч. Одоо тэнд худалдаа үйлчилгээ, тоглоомын газар гээд оюутан залуучууд пижигнэж, нурах сураг ч сонсогдохоо больжээ.

    Ноднин спортын төв ордны барилга 60 нас хүрлээ, яг нурлаа, авраарай, яаралтай буулгаж шинийг баръя гэж хэсэг  шуугисан. Телевизүүдийг дуудаж таазнаас гоожсон борооны дусал бүрийг баримтжуулсан. “Ямар сайхан мэдээ вэ? Бушуухан бариасай” гэж нэгэн эрхэм уулга алдсаныг санаж байна. Одоо тэр барилга бодлоо өөрчилсөн бололтой. Төр засаг мөнгө муутайг мэдээд ухамсраараа тэгсэн биз ээ.

    Нийслэлийн хэт ачааллыг багасгахын тулд их, дээд  сургуулиудыг нүүлгэнэ гэж дээр доргүй шийджээ. Чадахгүй л байгаа болохоос биш. Гэхдээ МУИС, ШУТИС, АУИС ХААИС бол тус тусын барилга байшинтайгаа Монгол Улсын нийслэлийн салшгүй хэсэг юм. Тийм учраас Улаанбаатар хот боловсролтой, соёлтой яваа, эсрэгээрээ анх Улаанбаатарт байгуулагдсан, одоо Улаанбаатарынх учраас тэд манлайд явдаг.

    Үргэлжлүүлэх үү, яах уу? Нэмэргүй биз. Улаанбаатар хотын түүхэн дүр төрх аажим аажмаар баларч байна. 50,100 жилийн өмнөх үйл явдлын кино зургийг шууд авч болдог эсэхээр нь тухайн хотыг дүгнэдэг гэсэн. Гэтэл гучаадхан жилийн өмнөхийг харуулсан Ж.Батмөнхийн тухай “Бүү март” киноны хотын төвийн хэсэг тэр чигээрээ компьютер график. Одоо XX зууны гудамж байтугай барилга ч үлдэхгүй нь. Сүхбаатарын талбайг тойрсон Дуурийн театр гээд ганц хоёр, урагшаа Драмын театр сүүлчийн бэхлэлт торойно. Төв номын сан хоёр талаасаа хавчуулаад чанх урдаасаа л бүтэн харагддаг болов. Тэртээ урд Богдын ордон музей эргэн тойрны хамаг газраа алдсаар хагас бүслэгджээ. Захирал нь хааны нэрийг барьж тэмцээд ч бараагүй гэсэн.

     
  • Mongold 0 on 2018.03.20 Permalink | Reply  

    Кино шиг “бүтээн байгуулалт” 

    2018.03.20.

    Нийслэл Улаанбаатар хотын XX зууны бүтээн байгуулалтын нэгээхэн зурвас үеийг харуулсан ер бусын сайхан кино бол “Аман хуур” билээ. Дөч, тавин мянгатыг барихын тулд айлуудыг хөөж хашаа байшинг нь нураахдаа юун нөхөн төлбөр, ядахдаа газар зааж буулгаагүй явдлыг зохиолч Д.Дожоодорж, найруулагч Б.Жамсран нар шүүмжлээгүй, зүгээр л харуулжээ.

    Гэрийн эзэн Соном дуулгавартай, охин Бадам ухамсартай ч Дарь авгай тэр хоёртоо байтугай жанжин. Зад тулаад “суух байтугай хэвтээд ч байж дөнгөх” нэгэн. Даанч ганц хүн учраас дийлдэж л таарна. Тухайн цаг үед жаахан хэтрүүлбэл цензуурдуулж мэдэх байсан эгзэгийн жин панг тааруулж чадсан кино. Хамгийн хурц нь Дарь авгай “хот тохижуулах газар биш, хот бусниулах газар” гэж тасхийгээд гэмших битгий хэл “яадгийм”. Цаашаагаа үг болгон нь зүйр цэцэн монгол эмэгтэйн яриа. Хашаа байшингаа алдаж Хүрхрээгийн зусланд зуныг өнгөрүүлээд хот руу буцаж нүүхээр ачаалах үеэр Соном өвгөн намрын шувуудыг хараад сэтгэл хөдөлж залуугийн явдал бодогдсоныг хэлэхэд Дарь “Шувуу буцна уу, буцахгүй ч бай, бидэнд ямар хамаа байна… Чи бид хоёрын залуугийн явдал өнгөрсөн байх аа” хэмээн сэхээ оруулж тэнгэрээс буулгах.

    Ингээд тэднийх Газ-51-ээр хөдөлж явсаар төмөр замын гарц өнгөрөөд зогслоо. Бид үүнийг олон жил пэрээзэр (зарим нь фрезер)-ээр нэрлэж ирсэн. Уг нь переезд хэмээх орос үг.

    Харин хоёр хөгшин үзэлцсээр.
    -Соном оо, Дамдингийн хашаанд буух болж байна уу?
    -Өөрөө л мэдэхгүй юу дээ.
    -Чи юу ярьж байна аа, өглөөхөн хоршооллын хороонд бууна гээгүй юу.
    -Чи өөрөө албан газрын хашаанд буугаад хөл үймээн ихтэй дэмий гээгүй юу.
    -Тэгээд хаа буух юм бэ?
    -Өөрөө л мэдэхгүй юу. Надад ямар хамаатай юм.
    Ард машинууд овоорч сигналдаж гарлаа. Галт тэрэг ч түчигнэн орж ирнэ.
    Жолооч арга буюу “Одоо тэгээд яах болж байна. Хот орвол чигээрээ явлаа. Хоршооллын хороо бол зам саллаа”


    -Сономоо, үгүй ээ хө чи минь амьд байна уу?
    -Амьсгаатай л байна.
    -Тэгвэл дуугараач ээ дуугараач. Хоршооллын хороонд буух уу? хот руу орох уу?
    -Би таньд саналаа хэлсэн шүү дээ.
    -Санал гэнэ шүү пээ мөн дүүрчихсэн өвгөн шүү ямар их лай ланчгаар би ийм амьтантай учрав аа.
    Жолооч “За авгай минь, одоо тэгээд яаж шийдэхэв”.
    -Яв яв
    -Хаашаа?
    -Хаашаа ч хамаагүй
    -Тойргоор уу? чигээрээ юу?
    -Хамаагүй ээ хамаагүй…

    Ингээд машин зүүн эргэж Энхтайвны гүүрийг зүглэв.  Хотын нүүдэлчин бас нэг монгол айл бууриа сэлгэж хоршооллын хорооны ямар нэгэн Дамдингийн хашаанд ханаа хатгахаар хөдлөх нь тэр.

    Гэхдээ би зөвхөн кино биш, харин тэр пэрээзэрийн хувь заяаг ярих гэсэн юм. 1963 онд яг ийм байсныг “Аман хуур”-аас олж буулгав. Замын хажуугийн тэмдгүүд бүрэн. Цаана нь Зайсан толгой бүдэгхэн дүнсийнэ.

    Харин яг 55 жилийн дараа буюу өнөөдөр ийм байна.

    Кинонд үлдсэн алдарт пэрээзэр маань ерөнхийдөө хэвээрээ. Гэхдээ тун удахгүй. Төмөр замын хоёр талаар орон сууцнууд битүү баригдаж мянга мянган машин өдөр шөнөгүй урагш хойш зорчиход түгжрэл дэндүү болсон учраас хотын дарга нар удаж удаж нэг юм шийджээ. Тэр нь төмөр гүүрэн гарц.

    Үүнийг 42 сая доллараар барина. Бараг 100 тэрбум төгрөг. Мөнгө БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл. Ноднин хавар шав тавьсны дараа тэд хоёр талаар нь хашаалаад бүтэн жил ямар нэгэн юм хийж байгаа.

    Надад нийслэл хотын төв зам дээгүүр тавьж байгаа төмөр гүүрүүд огт таалагддаггүй. Ялангуяа 120 мянгатын автобусны буудлын хажуудах гамшгийг харах бүртээ гутдаг. Эхлээд дэлгүүр, дараа нь “Их хуралдай” болсон, ил захидалд хүртэл орсон дугуй барилгыг нураагаад тэс хөндлөн босгосон Сономпилийн барилгатай нийлээд Чингэсийн өргөн чөлөөг ганц багалзуурдсан даа.

    Одоо “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц” хэмээх боловсон нэртэй, дөрвөн талаас ирэх урсгалыг өнгөрүүлэх гэж хоёр давхарлаж орооцолдсон төмөр могой нэмэгдэх нь. Энэ хавийн зам, хөдөлгөөнийг жил хагас хааж наагуур цаагуур өнгөрүүлэх эх адаггүй ажил, маргаан хэрүүл эхэлж байна.

    Тэгвэл “Гудамж” төслийнхөн ийм хувилбар дэвшүүлсэн байх юм. Хятадын төсөлтэй харьцуулж зураг харуулжээ. Тайлбар хэрэггүй юм биш үү!? (Харин “Гудамж” төсөл тарсан, захирал байсан Батболдын утас олдоогүй тул ярьж амжсангүй)

    Уг нь пэрээзэр давсан энэ замыг хоёр тийш тэлж өргөтгөөд 2,4 байтугай 8,12 эгнээ замыг Богдхан уул хүртэл тавих боломж байсан ч 15 жилийн өмнө М.Энхболдын үед цэвэр усны хамгаалалтын бүсээс гаргаж байгаад алсын хараагүй, сувьдаг сэтгэлтэй хотын дарга нарын гарын үсгээр хоёр талаас нь барилгаар шахаж, сүүлд яг голд нь нэг зантгар барилга (Home Plaza  гэсэн) босгож хаагаад гүйцээж хорлосон байгаа юм. Дарь авгай тэгэж хэлж чадсан байхад би “яадгийм”.

    Уржнан Төв шуудангийн өмнөх Монгол Улсын төв уулзвар дээгүүр төмөр гүүр барьж явган зорчигчид шатаар авирч гараад битүү хоолойгоор явж замын нөгөө талд гардаг болох зураг төсөл гаргаж жигтэйхэн сурталчлаад байсан. Удалгүй баруун, зүүн дөрвөн замыг бас төмрөөр торлох сураг бий. Хэрвээ иймэрхүүгээр үргэлжлүүлээд байвал хотын захиргаа, ялангуяа хот төлөвлөлтийнхөн Яармаг руу биш, харин бүр зүүн тийшээ, Да хүрээ захаас дахиад зүүн тийшээ, нэгэн эмнэлэг рүү дөхөж буувал өлзийтэй.

    Гэхдээ нэг сайн юм байна. Пэрээзэрийн төмөр гүүрийн ачаар Монголын кино урлагт бяцхан эргэлт гарч магадгүй. Манай киночид гоё байшин, тансаг ресторан, галзуу машинаас эхлээд үйлдвэрийн балгаст зураг авах талаараа Холливудыг бараг гүйцсэн. Харин энэ л дутаад байжээ. Санаж байна уу? Муу хүмүүс ийм төмөр гүүрний дор хамаг ажлаа амжуулдаг. Хоёр талаас хар машинууд ирж дотроос нь хар шилтэй баахан шкафууд гарч бие биенээ анаж зогсох ба хоёр босс өөд өөдөөсөө гарч нижгээд дипломатыг нээхэд нэгэнд нь цагаан өнгөтэй хар тамхи, нөгөөд нь бөөн доллар. Уутыг цоолж амтална, харин долларыг имэрч шажигнуулна. Тэгээд буудалцахгүй болж салж одно…

    2018.03.20

     

     
  • Mongold 0 on 2017.08.11 Permalink | Reply  

    Миний төрсөн байшин, гудамж, талбай 

    2017.08.17.

    Монгол хүнд унасан газар угаасан ус гэж нэг юм бий.  Хөдөө газар хорвоод мэндэлсэн хүмүүс эхийн хэвлийгээс ойчсон гэрийн буурь, өвөлжөө бууц, уулын энгэрийг нандигнан дурсдаг, заримдаа хэдэн зуу, мянган километрийг туулан хүрч тэрийн унаж хөрвөөдөг, айл гэр болж тоглож өссөн хэдэн чулуу нь бараг хэвээрээ торойхыг хараад самсаа сархирч нулимс унагадаг гэж байгаа.

    Тэгвэл хотод төрж өссөн бид? Мэдээж нэг юмуу хоёрдугаар төрөхийн цагаан ханыг налаад уярч зогсдоггүй. Бидний хувьд төрсөн нутаг бол бага насны ой тойноос үлдсэн тэр хавийн барилгууд, он жил хичнээн өнгөрөвч нэр нь салж өгдөггүй Хүүхдийн парк, Ленин клуб, Багшийн дээд, хүнсний нэг, дөчин мянгат, бүр заналтайгаар нураасан  Цагаан хаалга, тэнгэр тулсан барилгуудад бүслэгдсэн Сүхбаатарын тэргүүтэй хэдэн талбай, ийш тийш хөөгдөж туугдсан хэдэн хөшөө болно. Даанч арилж баларсаар дуусах тийшээ ханджээ.

     
  • Mongold 0 on 2017.01.12 Permalink | Reply  

    Иргэд ээ, хорооныхоо сонгуульд оролцогтун! 

    2017.01.12.

    Энэ удаад сонгууль гэж хэдхэн сарын дараа нүргэлэх Ерөнхийлөгчийн биш, харин хэдхэн хоногийн дараачаас сэмээрхэн эхлэх, тэгсэн хэрнээ хожим сонсоход бөөн будлиантай шуураад өнгөрсөн байдаг нийслэлийн хороодын иргэдийн нийтийн хурлуудыг хэллээ. Хурал нэртэй ч түүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч таван хүнийг сонгож, бас хорооны Засаг даргад нэр дэвшүүлдэг учиртай. Хорооны ардчилал ингэсхийгээд дуусах бөлгөө. Дараачийн дөрвөн жилд бүртгэл, шилжүүлэг энэ тэр гэж хуруу дарам удаа ороод гардгийг эс тооцвол хороо хорин бидэнд нэг их падлийгүй. Аа тийм, орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлэг гэж сүр дуулиантай эхэлсэн, сүүл рүүгээ замхарч буй нэг ажил буй.

    Хорооны хурлыг намууд өрөөсөн нүдээрээ ч тоож хардаггүй мэт харагддаг хэдий ч цаагуураа бол булаацалдаад үзэж тарсан байдаг. Тэр хавиас сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн дүүргийн хурлын төлөөлөгч, Засаг дарга нарт өөрийн талын хорооны Засаг дарга тун хэрэгтэй байдаг бололтой. Уг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд баг, хорооны иргэдийн нийтийн хуралд намууд оролцох, нэр дэвшүүлэх тухай үсэг ч байхгүй. Харин бодит байдал дээр хорооны засгийн эрхийн төлөө жинхэнэ улс төрийн сонгууль болдог тул жирийн иргэд дайжиж анхнаасаа маш муу оролцож ирсэн. Арга бараад 20-30 өрх тутмаас нэг хүн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж хуулинд оруулаад орхисон билээ. Нийслэлийн 152 хороо тус бүр дунджаар 8000-9000 хүн, барагцаалбал 2000-аад өрхтэй гэж үзвэл зуу хүрэхгүй хүн цуглахад хүчин төгөлдөр болчихож байгаа. Бас хэн ямар өрхийг төлөөлж ирснийг бүртгэдэггүй, давхардсан эсэхийг тоолдоггүй эмх замбараагүй цугларалт болж өнгөрдөг.  Тэгээд завааруулж өгнө дөө.

    Урьд жилүүдийн иргэдийн нийтийн хурал тойрсон адал явдлуудаас зарим нэгийг тоймолбол:

    • Иргэдийн нийтийн хурлын зарыг урьд өдрийн орой, хүмүүс гэртээ орсон хойно наадаг. Маргааш өглөө нь ажил, сургуульдаа яарсан оршин суугчид олж хардаггүй, харсан ч ажлаа зохицуулаагүй тул амжихгүй. Тэр тусмаа голдуу ажлын өдөр байдаг. “Оршин суугчид өөрсдөө идэвхгүй, голдуу ахмадууд оролцдог” гэдгийн үндсэн шалтгаан энэ.
    • Ирц хүрсэн, зааланд багтахгүй нэрээр нэмж ирсэн хүмүүсийг оруулдаггүй. Би орох ёстой гэж зөрүүдлэвэл хорооны байцаагч хэв журам сахиулаад бэлэн зогсож байх. Хуулинд “хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно” гэж байдаг ч хэзээ ч тэгдэггүй.
    • Хорооны нийтийн хуралд нийслэл, дүүргийн төлөөлөгчид ирээд сүр бараагаа харуулж, бас үг хэлж чиглүүлдэг, тэр байтугай намууд хурлын тэргүүлэгчид, Засаг даргад албан ёсоор хүмүүсээ дэвшүүлж санал хураалгадаг.
    • Тухайн хороон дахь МАНАН-гийн хоёр үүр тус тусын намын гишүүдийг олонхи байлгахын тулд есөн шидийн арга хэрэглэнэ. Өөрийн намын үүрийн гишүүдэд ширхэгчлэн зарлаж тэднээр ирц бүрдүүлээд хуралддаг. Эсвэл тулгаж байгаад хурлын байр, цагаа өөрчлөхөд нөгөөдүүл нь мэдэж амждаггүй, амжсан ч олуулаа ирж чадахгүй. Намын үүрийн хурал гэж эхлээд түүнийгээ иргэдийн нийтийн хурал болгож хувиргадаг. Зарим иргэн сэжиглээд хүрч ирвэл намын үүр хуралдаж байна гээд буцаана. Ням гаригийн өглөө эрт Иргэдийн нийтийн хурлыг гэнэдүүлж хуралдуулсныг нөгөө намынхан мэдэлгүй гэртээ унтаж байгаад чадуулсан өрөвдөлтэй түүх бий. Нэгэн удаа 300-аад хүн цугларч зааланд багтахгүй байсан тул хойшлуулахаар шийдээд тараасны дараа нэгэн намын үүрийнхэн сэм тохирч үлдээд хуралдсан гэх мэт.

    Иймэрхүү тохиолдолд тамга атгаж суугаа нь дийлэх талдаа, гэхдээ дүүргийн Засаг дарга нөгөө намынх бол хорооны Засаг даргыг батламжлахгүй, ажлаа өгөхийг шахна, гэнэт халагдсаны 10 саяар даллаж өргөдөл бичүүлнэ, үүрэг гүйцэтгэгч томилно гээд арга мундахгүй.

    Монгол улсын хуулинд баг, хороо гэж цугтаа бичигддэг. Хөдөөний ба аймгийн төвийн багийн иргэдийн нийтийн хурлуудын талаар элдэв сураг дуулддаг, гэхдээ сайн мэдэхгүй учраас орхисугай.

    Үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль гэж ярьдагсан. Тэгвэл өнөө цагт баг, хороо (бас Сууц өмчлөгчдийн холбоо) ардчиллын сургууль баймаар санагдана. Харамсалтай нь тэгэж өгөхгүй байна. Харин энэ удаагийн хорооны иргэдийн нийтийн хурлууд яах бол? Маргааш, нөгөөдөр буюу энэ амралтын өдрүүдэд энд тэндгүй эхэлж байгаа даа…

    Төгсгөлд нь зураг үзүүлье. Швейцарийн иргэд хуралдаж саналаа өгч байгаа нь гэнэ ээ.

    swiss-democracy

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel