Updates from May, 2020 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 0 on 2020.05.04 Permalink | Reply  

    “Төр бол би” 

    2020.05.04.

    Тэртээ 2002 онд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны захирагчийн албаны нэгэн залуу “Дэлхийн зөн”-д ажилд оржээ. Монголд хүүхэд, гэр бүл, орон нутгийн иргэдэд чиглэсэн буяны үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагын нэрэнд их учир байжээ. Тэр залуугийн зөн чанар гэнэт идэвхжиж “Алсын хараа” хэмээх ном бичлээ. Алс гэдэг бол цаг хугацаанаас гадна орон зай тул төдөлгүй Улаанбаатарт шилжин ирж Баянзүрх дүүргээр дамжаад МАХН-ын шинэ ордонд тухлав. Цаашихыг бид мэднэ. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2016 онд МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Гэвч тайвширсангүй. 2018 оны төгсгөлөөр УИХ-ын даргаа огцруулах тэмцэлд босч, хачирхаж гайхсан хүмүүст “Би албан тушаалд дурлаагүй, яасан ч дарга болохгүй” хэмээн тангарагласан боловч дурлана, болно гэдгээ зөнгөөрөө мэдэж байжээ. Сарын дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болов.

    Тэгтэл Л.Оюун-Эрдэнийн холын хараа огцом хурцдаж Монгол Улсад ирээдүйн замыг нь зааж өгөх ажилд идэвхийлэн орлоо. Ингээд ноднин намраас хойш “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг даргалан боловсруулж энэ өдрүүдэд УИХ-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулж байна. Түүнд оролцсон гэх 1500 эрдэмтэн мэргэд хэдий аугаа байж болох ч 30 жилийн алсыг хардаг хүмүүс лав биш хэрнээ эрх мэдэлтэй даргыг дуулгавартай дагалаа. Олон нийтийн телевиз түүний алсын харааг тойрсон мэргэн цэцнээр дүүрэв. Улс орон хэтдээ яаж амьдрах талаар ярьж хэлэлцэн, бүр цаасан дээр буулгаж байх чухал хэдий ч гурван сарын дараах короновирусын цар тахлыг харж бараагүй нөхдүүд гучин жилийн турш яаж амьдрахыг зааж өгөв.

    Ийм онигоо байдаг. Хамтралын хурал эхлэхэд дарга босч,

    -Нөхөд өө, өнөөдөр хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, малын саравч барих тухай, хоёрдугаарт, коммунизм байгуулах зорилтын тухай. Гэхдээ саравч барих банз байхгүй учраас шууд коммунизм байгуулах асуудалдаа орцгооё.

    Харин эрхэм гишүүн, сайд Л.Оюун-Эрдэнэ хоёуланг нь чадлаа. Өөрийн сонгогдсон Хэнтий аймагтаа түүхэн аялал жуулчлалын бүс гэсэн алсын харааг бодож өгөөд сүүлийн гурван жилийн турш мөнгөөр усалжээ Зөвхөн 2020 онд улсын төсвийн 130 тэрбумын хөрөнгө оруулалтыг хуваарилсан нь бусад аймгуудынхаас хэд дахин их. Монголд эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас олгосон 38 сая долларын хөнгөлөлттэй зээлийн тэн хагасыг Хэнтий рүү урсгав. Ингээд баахан хөшөө дурсгал босгож өгч байна.

    Аялал жуулчлалын салбарын нэг бус судлаач, эрдэмтдийн ярихыг сонсоход, манай аялал жуулчлал өвөрмонголынхоос тэс өөр, тэднийг дууриан хиймэл хөшөө дурсгал босгож үй олон жуулчин авчирвал монголын байгаль сүйрнэ. “Манай байгаль өөрөө хамгийн сайхан хөшөө” гэж нэг нь хэлжээ. Тэгсэн хэрнээ амаа хамхиж ирсний учрыг сая оллоо.

    Жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ ингэж анхааруулсан байна.

    … энэ төслийг зориудаар сатааруулах ийм итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг би олж харсан өнөөдөр би бас тэр хүмүүсийн нэр төрд халдаад яахав нэрлээд яахав цаашаа энэ төслийг хэрвээ ийм байдлаар гацаах ийм бодлого явуулах юм бол тэр хүмүүсийг би хэвлэлийн бага хурал хийж дэлгэнээ. Чингис хаантай холбоотой энэ бүтээн байгуулалт зөвхөн Хэнтий аймгийн асуудал биш монголын асуудал ч биш байхгүй юу. Энэ бол дэлхйин асуудал. Хоёрхон мянган жил байгаа нэг мянган жилийг нь суут хүн… .Өөрсдөө түүхийн өмнө төрийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа хүмүүс гэж цаашдаа үзэх болно шүү… Үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал ш дээ. Ер нь бол хангалттай шүү. Энэ гурван үсэгтэй хэдэн компаний гар хөл уmсан хүүхэлдэй болсон хүмүүс та нар аятайхан байна шүү Монголд бас төр гэж байгаа шүү Компани төрийн дээр гарч байсан ийм түүх байхгүй шүү … Хатуу тэмцэх болно шүү энийг бас сануулчихий цаашаа хэрвээ энэ төслийг ийм байдлаар ямар нэг байдлаар Монгол улсын түүхийн эсрэг ийм үйлдэл явуулах юм бол улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү энийг би хариуцлагатай мэдэгдье.

    Хэн ч төрийн эсрэг гэмт хэрэгтэн болохыг хүссэнгүй. Маргаан, мэтгэлцээн, хэлэлцүүлэг юу ч болсонгүй. Зөвхөн ганц хүний эрх мэдлээр шийдэгджээ. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн алсын хараа хөдлөөгүй бол 2050 он гэсэн тэр баримт бичгийг хэн ч нэхэхгүй байсан. 400 сая жуулчин бол зөвхөн түүний ганцаараа бодож гаргасан тоо. Ичсэн хүн алав гэдэг шиг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр дэлхийн аялал жуулчлалын байгууллагын даргаас эхлээд Монголын эзэнт гүрний нэрийн өмнөөс баахан дүвчигнөсөн ч тоогоо нотолсонгүй. Магадгүй хэт холыг хардаг тулдаа зуун жилийн дараахыг хэлсэн байж болох.

    Юутай ч Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувийн зөн Монгол төрийн бодлого болох нь тэр. Тэртээ XVII зуунд Францын 14-р Людовик хаан “Төр бол би” гэж хэлсэн нь зөвхөн тухайн цагтаа байсан бол манай хүн цаг хугацаанд ч баригдсангүй.

    Хэнтий аймагтаа бол тэрбээр үнэхээр төр болжээ. 4000 гаруйхан хүнтэй өөрийн төрөлх Бэрх тосгондоо цутгаж байгаа хөрөнгө оруулалт зарим аймгийнхтай дүйсэн. Мөнгөө  багтааж ядаад Далд уурхайн музей, сургалт судалгааны төвийг тэнд байгуулах гэж байна. ТЭЗҮ-г нь дөнгөж сая баталжээ. Айхтар холыг хардаг хүн учраас Оюутолгойгоос гадаад дотоодын гүний уурхайчид очиж хичээл заалгана гэж тооцоолсон байж магадгүй.  Адилхан далд юм чинь. Дэргэд нь кембрижийн стандартыг хэрэгжүүлэх том сургуулийг тэнд барьж эхэлсэн. Зүүн гурван аймгийн хүүхдүүдийг энэ тосгонд цуглуулж сургана гэж ярьжээ. Гэхдээ үүнээсээ өөрөө ч гэсэн үл мэдэг санаа зовсон бололтой “шаардлагатай тохиолдолд дахин би тэр тойрогт чинь нэр дэвшихгүй гэдгээ амлая” гэж мэдэгдэж байсан ч сийхгүй дэвших алсын хараа түүнд бий.

    АСЕМ байна. 2004 онд Вьетнамд, 2012 онд Лаост илүү дутуугүй болж өнгөрсөн арга хэмжээг зүв зүгээр явуулахын оронд манай нэг нөхөр төрийн өндөр албан тушаалаасаа буухын өмнө өөрийгөө ганц сайн рекламдья гээд хэтрүүлсэн билээ. Тэртээ найман зууны өмнө Чингэсийн монгол дэлхийн талыг эзэлж Ази, Европын улсуудыг хурааж удирдагчдын толгойг бөхийлгөсөн бол одоо Цахиагийн Элбэгдорж хоёрдахь удаагаа цуглуулах нь … гэж эхэлсэн дээ. Хэдэн зуунд цуурайтах арга хэмжээ гэж бодогдсон шүү. Гэтэл өнөөдөр АСЕМ-ийг төсвийн мөнгийг зөв буруу зарцуулсныг шалгасан аудитынхнаас өөр хэн ч дурсахаа больжээ. Үр ашиггүй үрсэн нэрээр хэсэг нөхдийг шоронд хийчих шахсан.

    Ноднин дараачийн чингэсчин гарч ирсэн нь Ухнаагийн Хүрэлсүх. Чингэсийн төрсөн нутгаас сонгогдсон нь багадсан түүний толгойд Чингэс хааны музейг санаачлан байгуулж түүнтэй нэрээ хавсрах мэргэн санаа орж ирэв. Эрх мэдэл байхад тооцоо судалгаа, тэр тусмаа олон нийтийн санаа бодол хэрэггүй. Ингээд хамгийн түрүүнд нүдэнд өртсөн Байгалийн түүхийн музейн барилга руу дайрч оров.

    Хэрвээ Чингэс нэрийг үнэхээр хүндэлсэн бол ямар ч орон зайгүй, зогсоолгүй, ногоон байгууламжгүй энд биш, уул ус тэгширсэн, өндөр тэнгэрийн дор холоос сүр жавхлантай харагдахуйц, ойртохийн хэрээр амьсгаа давхцах тийм уужим орон зайг сонгох байсан юм. Гэтэл хажуугийн орон сууцнуудын дундах хүүхдийн тоглоомын талбай, бяцхан цэцэрлэгийг булааж босгосон хувийн “Хүрээ” төвтэйгээ Чингэсийг хөрш буулгалаа.

    Төрийн том шийдвэрийг мэргэн түшмэд, ухаантнууд туйлын нарийн бодож тооцоолон гаргадаг гэж иргэд боддог байх. Заримдаа тийм. Заримдаа бол үгүй. 2006 оны алт, зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн татвар бол фортуна Батбаярын сэдсэн санаа гэх. Тэрхүү 68 гэсэн тоог тогтооход хорин мянган байтугай хоёр хувьсагчтай ч томъёо бодох шаардлагагүй, зүгээр л телевиз үзээд японы сумод Асашорюү хэд дэх аварга болсныг мэдэхэд л хангалттай. Дубайн гэрээ гэгчийн буруу зөвийг орхиж хэлэхэд энэ бол “шийдлийн” Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдэг ганц хүний “зоримог шийдэл” байжээ. Ийм гэрээг УИХ-аас нууцаар хийх эрх түүнд байгаагүй учраас шалгагдаж буй.

    Хэвтээ төмөр зам, Сайншандын цогцолбор, Майдар хот бол Халтмаагийн Баттулга гэдэг ганц хүний санаа. Тэрнээс биш “Женко” компанийхан судалж судалж эзэндээ санал болгосон юм биш. Ноднин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав хуралдаад тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан нь 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгохдоо иргэдийн зээл тэглэхийн төлөө ажиллана гэж амалсан зөвхөн түүний шаардлага. Түүнд дөрлүүлсэн Улсын Их Хурал, Засгийн газар дуулгавартай дагажээ. Ноднин Хятадад огцом бэлэглэсэн 30000 хонь бол зөвхөн Ерөнхийлөгчийн “гоё” санаа. Жирийн иргэн ийм санал дэвшүүлсэн бол онигоо болох байсан.

    Бид тэднийг яагаад зогсоож чаддаггүй вэ? Ерөөсөө тийм дур зоргоороо хүмүүст анхнаасаа эрх мэдэл өгөхгүй, эсвэл тэр дор нь буцаагаад авчихаж болохгүй юу? Болохгүй, наад зах нь дөрвөн жил тэвчихээс өөр аргагүй. Яагаад гэвэл тэднийг бид сонгосон, харин улс төрийн намууд бидэнд санал болгосон. Өөрөөр хэлбэл, манай намууд зөв хүмүүсийг шилж дэвшүүлдэг бус, худалч, хулгайчид, бүр дээрэмчдийг сонгогч бидэнд шахдаг болсон байна.

     
  • Mongold 0 on 2020.04.03 Permalink | Reply
    Tags: Занданбат Д.   

    Д.Занданбат чадах уу? 

    Арваад хоногийн өмнө арван таван нам, дөрвөн эвсэл 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт гардуулсан юм. Тэдгээрийг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд, бас санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан зорилтуудыг хэрэгжүүлэх зардлын хэмжээ Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг хянаад 2020 оны 04 дүгээр сарын 25-ны дотор дүгнэлт гаргах ёстой.

    Нарийвчилсан тоонууд одоогоор хаалттай ч тэр өдөр эрх баригч болон бусад намуудын танилцуулснаар бол тэд сонгогчиддоо гар татсангүй. Монгол Ардын мөнгөний тооноос зайлсхийсэн ч нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүр орон сууцанд орох боломжийг бий болгоно гэжээ. Эхнэр, нөхөр, бас ажил хийдэг хүүхдүүд тусдаа байртай болох нь ээ? Тэгвэл Ардчилсан Нам дундаж цалин, орлогыг 3 сая төгрөгт хүргэж аж. Орон сууц амлаагүй, гэхдээ иргэд өөрсдөө орон сууцтай болох юм гэнэ. Яаж ч бодсон амалсан л байна. Харин МАХН, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам гурвын эвсэл хоёрын хооррнд нарийлаад байлгүй цалин орлогыг шууд 5 сая төгрөгт хүргэхээр болжээ. Тэд ноднин үнэгүй орон сууц өгөхөө зарлаж бүртгэл явуулж эхэлснээ энэ удаад давтаагүй, гэхдээ үгүй гээгүйг бодоход албан ёсны мөрийн хөтөлбөрийн хажуугаар хууль зөрчихгүйгээр хүч нэмээд явах шинжтэй. Байр горьдсон хүмүүсийн ачаар Н.Энхбаяр нарын ганц хоёр дарга сонгогдоход энэ бүхэн хэрэгтэй, бас аюулгүй, учир нь тэртээ тэргүй олонхи болохгүй учраас юу ч амалсан хамаагүй юм.    

    Цалин орлогын тоог нэмэх дэндүү амархан. Наад зах нь мөнгө хэвлээд тараахад ханш унаад талх 5 мянгад хүрчихвэл дундаж цалин аяндаа нугараад явчихна. Гагцхүү “2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг яаж төлөхөө намууд мөрийн хөтөлбөртөө итгэж болохуйцаар тусгасан уу гэдэг бол хамгийн чухал. 

    Намын биш бөгөөд нэр дэвшихгүй эдийн засагчдын хэлж буйгаар арай дэндүү амалж байна гэж. Үнэхээр тийм бол дээрх хэдэн намыг залилан мэхлэх аргаар Засгийн эрхийг хууль бусаар авахаар завдсан гээд татан буулгасан ч болно. (Саяхан М.Энхсайхан Тавантолгойг яахыг ч юм завдсан гээд хэрэг үүсгэсэн билээ) 

    Одоо Үндэсний аудитын газар яахыг харья. Дарга нь Д.Занданбат. Намтрыг нь үзтэл 2017 оны 7-р сард Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж явцдаа НӨАТ-ын буцаан олголтын журам дүрмийг зөрчин арилжааны банкуудтай гэрээ хийж татвар төлөгчдийн хувийн мэдээллийг өгсөн үндэслэлээр 2019 оны 1-р сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүнийг халж орхижээ. Энэ эрхмийн карьер ингээд дуусдаг байжээ гэтэл 2019 оны 5-р сард Үндэсний аудитын газрын даргаар томилсон байх юм. Бүр УИХ-аар шүү. Хэлэлцүүлгийн явцад тэрбээр “Энэ ажлыг хариуцлагатай, сэтгэл гаргаж хийнэ гэсэн ийм зорилготой байгаа” хэмээн мэдэгдэж байжээ. Нэг л итгэл төрөхгүй байна.

    Тэгэж хэлэх бас нэг шалтгаан байна. 

     
  • Mongold 0 on 2020.04.02 Permalink | Reply  

    “Бүрэн зураглал: Үндсэн хуулийн өөрчлөлт” нэвтрүүлэг 

    2020.04.02

    Өнөөдөр оройн ETV, Eagle, VTV, NTV, ТВ8 телевизээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хөтөлсөн Бүрэн зураглал: Үндсэн хуулийн өөрчлөлт нэвтрүүлэг гарлаа. Ойрын 2-3 өдөр бусад үндсэн сувгуудаар гарч дуусах байх. (Ням гаригт UBS ба ТМ телевизээр гарч байв) Эрх баригчид команд өгвөл монголын хэвлэл мэдээлэл, ялангуяа телевизүүд “Гүйцэтгэе” хэмээн ёсолж нэг эгнээнд жагсдагийн ээлжит жишээ. Зүгээр л мөнгө, мөнгө, мөнгө.

    Нэвтрүүлгийн эхлэлийг харахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 5-р сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар огцрохгүй, шинээр зохион байгуулагдахгүй, давхар дээлтэй дөрвөн сайд үлдээд бусад нь чөлөөлөгдөхгүйг нотлох явдал бололтой. Занданшатараар эхэлж, үзэгчдийн анхаарлыг татаж чадах элдэв хүмүүстэй хийсэн Занданшатарын ярилцлагаар үргэлжилж, Занданшатараар төгсөж байна. Одоо цагт үзэгчдийн буюу иргэд сонгогчдын толгойг ийм тансаг ухуулгаар гурван цагий турш бөмбөгддөг болжээ. Үүнийг хэн захиалсан ба хэн цацаж өгсөн нь тодорхой. Харин хэн хийснийг нэвтрүүлгийн төгсгөлд хэлсэнгүй. “Херо энтертэйнмент” биз.

     
  • Mongold 0 on 2020.02.22 Permalink | Reply  

    “Ирж буй Монгол” 

    2020.02.22.

    Телевизийн нэвтрүүлгийн хамгийн оргил цагаар, 2020 оны 02-р сарыг 22-ны Бямба гаригийн 21.20 цагаас Олон нийтийн телевизээр гарсан “Ирж буй Монгол” нэвтрүүлэг Монгол Улсын гадаад харилцааны түүх болон орчин үеэр дамжуулан, нэр нөлөөтэй хүмүүсийн яриагаар чимэглэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дээд зэргээр магтаж өглөө. Төгсгөлд нь “2020 он” гэснээс өөр нэр хаяг байсангүй. Хаанахын хэн бэлтгэсэн нь нууц үлдэв. 

    Энэ нэвтрүүлгийн дахин давтаж, бас бусад сувгуудаар ээлж дараалан гарав. Манай телевизүүдийг командлах ийм амархан.

     
  • Mongold 0 on 2020.02.18 Permalink | Reply  

    Өмч хувьчлалыг шалгасан гэв 

    2020.02.18.

    Энэ оройн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн зочноор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ уригдаж УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр, ягаан тасалбараар хийгдсэн зэрэг 1990-ээд оны өмч хувьчлалыг шалгасан дүнгийн талаар танилцуулахаар болов.

    Үзлээ. Харамсалтай нь ямар нэгэн тодорхой дүгнэлт хэлсэнгүй. Тоо, баримт, жишээ, нэр ус ширхэгийг ч дурдсангүй. 

    Яг нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сайд болохын тулд, сайд болсныхоо дараа сүр дуулиантай зарласан тэр шалгалт тэгээд хаачив? Тэр үдэш үүнийг асуух олон нийтийн сэтгүүлч байсангүй.

     
  • Mongold 0 on 2019.11.01 Permalink | Reply  

    “Украины ард түмний тусламж” 

    2019.11.01.

    “Хөгжлийн нэгдсэн бодлого” нэвтрүүлэг 2019 оны 10-р сарын 29-ны Star, Эх орон, Парламент гэсэн гурван телевизийн сувгаар гарчээ. 

    “Парламент” сувгийн тоймч Т.Болд, сэтгүүлч Э.Чинзаяа нар бэлтгэж хөтөлсөн байна.  

    Титрүүд:

    Д.Бямбасүрэн, Ерөнхий сайд асан

    Б.Жаргалсайхан, Бүгд Найрамдах намын дарга

    Д.Уламбаяр, улс төр судлаач

    А.Ундраа, УИХ-ын гишүүн, цөмийн физикч

    Д.Баярхүү, Ахмад дипломатч, нийтлэлч, профессор

    Т.Доржханд, Хүн намын удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч

    МӨНХИЙН ХӨРШ ОРОС

    Д.Аюуш, ахмад дипломатч, доктор

    Д.Бямбасүрэн, Монгол Улсын ерөнхий сайд асан

    Д.Уламбаяр, ХИС-ийн ОУХНСС-ын захирал, доктор, профессор

    Украин.

    Э.Чинзаяа, сэтгүүлч

    Т.Болд, тоймч

    -Манай сурвалжлах хэсэг Киев хотод гурав хоног ажилласан. Энэ хугацаанд Киевийн өнгө аясыг харахад Оросын явуулж байгаа импер бодлогыг үнэхээр эсэргүүцэж бүх зарим нь бүр жигшсэн ийм хандлагатай байгаа нь ажиглагдлаа.

    Украин улс, Киев хотын иргэд

    -Тийм ээ бид үнэхээр муу харилцаатай байгаа. Оросууд Украины зүүн өмнөд хэсэгт түрэмгийлэл хийж байна… 15 мянган Украиныг оросууд хөнөөсөн байхад яаж дэмжих билээ… Дайны дэмждэггүй

    С.И.Доротич, Украины ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГ-ын дэд сайд асан

    -Одоогийн байдлаар Украин бол Оросын холбооны улс дайны байдалтай байгаа… Хуулийн хувьд биднийг дайны байдалтай байна гэдгийг батлах зүйл байхгүй. Гэхдээ дайн бол бодит байдлаар болж байна. Дайны үйл явдал манай улсын зүүн зүгт болж байна. Өдөр болгон бид хэдэн хүнийг нас барсан шархадсан байдлаар алдаж байна. Дайны үйл явдал нь ОХУ-ын бэлтгэж зэвсгээр хангасан хөлсний цэргүүдээр хийгдэж байна. Энэ нь олон улсын томоохон шалгалтуудаар батлагдсан. Харамсалтай нь дэлхийн дайны практикт хөлсний цэргүүд мөнгөний төлөө дайтдаг. Тэд нарт ямар нэгэн сонирхол байхгүй бөгөөд тэд нарт хүн л ал гэж мөнгө өгдөг.

    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    -Дайны эхний үеийн талаар ярихгүй юу?

    -Эхлээд тэд өөрийн хөлснийхнийг оруулж хот суурингуудын засаг захиргааг эзэлж авсан. Тэр үед Майданы дараа Украины нутаг дэвсгэр дээр шинэ засаг захиргаа үүсэн бий болсон үе. Дараа нь тэд Донецк Луганский мужийн КГБ-г эзэлсэн. Энэнээс өмнө КГБ-г анекс хийсан байсан. Эхлээд тэд оросын нутгаас буудаж эхэлсэн…  … Украинчууд сайн дурын арми байгуулж фронт руу арми байгуулахаар явцгаасан. Энэний дотор би, миний найз нар байсан. Дараа нь Украины арми, сөрөг тагнуулын газар ажиллаж эхэлснээр эзлэгдсэн нутгийнхаа нэлээн хэсгийг булааж авсан… Манай аюулгүй албаны байшингийн бүтэн нэг давхарт нь оросын КГБ байсан.

    С.И.Доротич, Украины ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГ-ын дэд сайд асан:

    -Бид хоёр өөр ертөнцийн зааг дээр байна. Дорно ба өрнө. Бидний нөхцөл байдалтай төстэй. Нэг талаар танайд Хятад…

    -Тийм болохоор бид танай Украинд ирсэн байгаа

    -Харин нөгөө талаас Оросын холбооны Улс. Танайд ч гэсэн зөрчилдөөн байж байгаа. Магадгүй одоо илүү тод биш байж магадгүй. Ямар нэгэн геополитикийн хувьд Монголын газар нутаг хэрэгтэй болбол ноён Путин “Би тэгээд Монголыг авчихья, тэгээд Хятадтай наймаа хийе, дараа нь монголын Хятадтай ямар нэгэн зүйлээр Хятадтай сольчихьё гэж магадгүй…  Яг ийм байдлаар Украинд явагдаж байна. Яг ийм байдлаар Украинд явагдаж байна. Бид бол солилцох зоос юм. ОХУ ба АНУ-ын дунд. Тэнд яаж ч зөвшилцөж магадгүй.

    С.Антонюк, Украин, улс төрийн тоймч:

    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    С.Антонюк, Украин, улс төрийн тоймч:

    -… Хэн нь илүү хараат бус байдлыг сонгоно, тэр улс руу ОХУ-ын зүгээс дарамт ирэх болно.

    Д.Товуу: Киев хотод гурав хоног ажиллалаа…

    Э.Чинзаяа, сэтгүүлч.

    • … Украин залуучууд буюу 18-25 насны залуучуудын цусанд эх орноо гэсэн үзэл маш их буцалж байна. За хэрхэн оросуудын нөлөөллөөс гарах вэ гэсэн үзэл санаатай залуус маш их болсон байна гэж хэлж болно. Ялангуяа 2014 оны Майданы хувьсгалаас хойшоогоо эдгээр залуучууд оросын талаар үзэх үзэл баримтлал эрс өөрчлөгдсөн байна гэж харагдаж байна.

    Украин улс, Кие хотын иргэд

    Т.Болд: Миний асуулт дууслаа. Танд нэмж хэлэх зүйл юу байна?

    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    -Тува, Буриад, Халимаг гэх мэтийн үндэстнүүд монгол гэдгээ ойлгосон. Монгол Улстайгаа нэгдэх хөдөлгөөн өрнүүлнэ гэж найдаж байна. Хэрвээ тийм юм болбол Украины ард түмэн бүх талаар туслах болно.


    Д.Аюуш, ахмад дипломатч, доктор

    Ю.Кручкин, монгол судлаач

    Э.Чинзаяа, сэтгүүлч.

    -Манай сурвалжлах групп Сири хүмүүс амьдардаг …


    ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

    Т.Доржханд

    Ч.Хашчулуун

    Г.Ганхүү

    Д.Уламбаяр

    Б.Цэнддоо

    Д.Баярхүү

    ……….

    Е.Е.Трифонов, ОХУ, түүхч, архивч

    Г.Ганхүү, аялагч

    Б.Жаргалсайхан

    Ю.Кручкин

    -… Нэг ч хүн цэргүүдийг гарга гэж яриагүй..

    А.Ундраа, УИХ-ын гишүүн, цөмийн физикч

    Л.Хангай

    Д.Аюуш, ахмад дипломатч


    ЭГИЙН ГОЛ

    Д.Одхүү, Эгийн голын УЦС-ийн төслийн удирдагч асан, 2013-2016

    Г.Ёндонгомбо, эрчим хүчний экспертъ

    О.Бямбадэлгэр, шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн


    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    -Тува, Буриад, Халимаг гэх мэтийн үндэстнүүд монгол гэдгээ ойлгосон. Монгол Улстайгаа нэгдэх хөдөлгөөн өрнүүлнэ гэж найдаж байна. Хэрвээ тийм юм болбол Украины ард түмэн бүх талаар туслах болно.

     
  • Mongold 0 on 2019.06.07 Permalink | Reply  

    Улс төрчдийн намтар 

    2019.06.07.

    Дунд ангид багш маань гурван үеийн намтраа бичиж ирэхийг даалгаж билээ. Аав чемоданаас хэдэн цаас гаргаад, энийг хараад бич дээ гээд өгснөөс санаанд үлдэж хоцорсон нь өвөөг “лам хувраг яваагүй, хувьсгалын эсэргүү бослогод оролцож байгаагүй” гэсэн өгүүлбэр. Тэртээ 1930-аад оны цуурай!

    Намтар бол хүний өнгөрсөн явдал учраас тов тодорхой зүйл. Он, сар, өдөр, нэр, хаяг, тоо дугаар яаж ч мартагдсан, өөрчилж засварласан ч цаанаа хөдөлгөөнгүй зүйл. Хэзээ нэгэн цагт гаргаад ирнэ. Нэгд нэгэнгүй нягталж өө сэвийг нь зүлгүүрдсэнээс эхлээд бусдаар улайтлаа бичүүлсэн намтар хүртэл байх.

    Манай улс төрчдийн намтар бол хоёр нүүртэй өвөрмөц төрөл зүйл юм. Сонгуульд нэр дэвших болохоороо бүрэн нүцгэлж саймшрах мөртлөө сонгогдсоныхоо дараа хэдэн огноо, нэрийг хагас дутуу хэлхээд бусдыг нь далд хийчихэж байна. УИХ-ын цахим сайт руу ороод гишүүдийн намтрыг хараарай. Эмэгтэй байтугай эрэгтэй гишүүний ядахдаа төрсөн он байхгүй. Тэгвэл сонгуулийн сурталчилгааны намтар бараг л эхээс төрсөн цаг минут, хөрвөөсөн шорооноос эхэлсэнсэн. Одоо болохоор шууд дээд сургууль, хааяа арван жил төгссөнөөс эхлүүлжээ. Төрийн түшээдийг бүгд таних учраас Интернэтийн зайг гамнасан байж мэдэх ч гэтэл аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн намтар мөн тиймэрхүүгээр товчлогджээ. Одоогоор ганц баталгаатай бөгөөд бүрэн байдаг мэдээлэл бол овог нэр ба хүйс.

    Өнөөдөр энд тэнд тааралдсан эрхэм гишүүд, төлөөлөгчдийн намтрыг үзээд хийсэн дүгнэлт бол манайхан намтрыг ёстой гурилддаг юм байна. Жишээлбэл,

    -Нэг хүн яаж амжив аа хэмээн биширмээр олон мэргэжил, дэндүү өндөр боловсролтой. Их, дээд сургууль, магистрын сургалт, дотоод гадаадын гурав, зургаан сарын дамжаанууд сертификатын зааг ялгааг гаргахгүйгээр холиод биччихдэг. Үндсэн мэргэжлийн хажуугаар есөн шидийн хуульч юм эрх зүйч, бас “улс төрийн дээд боловсролтой”. Яаж авдаг боловсрол вэ?

    -Төгссөн он байдаг хэрнээ элссэнээ орхидог. Хэрвээ бүрэн бичвэл бүтэн суралцсан, эсвэл гүйцээгээгүй, мөн сургалт дамжаа сургалт байсан эсэх нь шууд харагдана.

    -Тухайн үеийн нэршлийг орчин цагийг болгож бичдэг. Марксизм-ленинизмын оройн дээд, Намын дээдийг Удирдлагын академи болгож, ОХУ-д төгссөн “коммунист” нэртэй хот, сургууль соёлынхоо нэрийг шууд “ардчилладаг”. Энэ нь “бүдүүн дуут” Цэдэндамба гуай маазрахдаа, Чингэс хаан бид хоёр Хэнтий аймгийн Дадал сумын нэг бригадад төрсөн гэсэнтэй адил юм.

    -Зарим хүний намтарт хэдэн жилийг ор тас алгасчээ. Хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгээгүй бол юундаа нуудаг байна аа? Бусад монголчуудын нэгэн адил гадаадад ажиллаж амьдарсан бол бахархмаар хэрэг баймаарсан.

    -УИХ-ын гишүүн, яамны сайд, даргын зөвлөх, туслахаар ажилласнаас чухам хэний гэдгээ хэзээ ч хэлдэггүй. Ж.Эрдэнэбатын юмуу Д.Эрдэнэбатын зөвлөх гэдгийн цаана том ялгаа бий.

    -Төрсөн газраа (аймаг, сумаа) бичихээ бараг больжээ. “Хөдөөнийх” гэдгээ ичдэггүй баймаар. Манайд олон хүний ажил албан тушаал, томилгоо, элдэв үйлдлийн тайлал чухам энд байдаг.

    -Хаана амьдардаг вэ? Улсын Их Хурлын гишүүд хөдөө, хотоос сонгогдсон ялгаагүй Улаанбаатарт суудаг учраас асуудалгүй. Харин нийслэл, дүүрэгт сонгогдсон төлөөлөгчид хаана амьдардгийг (байшингийн дугаар, хаалганы тоот байх албагүй ч дүүрэг, хороо ба хороолол, хотхоноор) мэдэх ёстой нэг шалтгаан бий. Хувь хүний нууц байж болох ч тухайн сонгуулийн тойрог буюу дүүрэг, хороо, гудамж хорооллын иргэдийг хаанахын хэн төлөөлөөд байгааг мэдэхэд хэрэгтэй.

    Ажиглахад, нийслэлийн хүн амын тэн хагас болсон гэр хорооллынхон, тэр дундаа Яармаг, Баянхошуу, долоон буудал, Дэнжийн мянга, Чингэлтэй, Бэлх, Улиастайд буюу сонгогчдынхоо дунд амьдардаг төлөөлөгч олдохгүй байна. Хэрвээ олдвол, сонгогчидтойгоо утаатай ч гэсэн нэг агаараар амьсгалдаг гэж мэтээр алдаршуулах юмсан.

    Ийм учраас намтар бичих стандарт биш юмаа гэхэд наад захын шаардлага тавих цаг болсон бус уу? Тийм юмгүйн улмаас фэнгшү С.Ганбаатар баахан сургуулийг дутуу төгсгөж халтуурдсан нь хожим илэрсэн. Санаснаас, яагаад фэнгшү болсноо намтраасаа бүрэн арилгажээ. Хотын Засаг дарга С.Амарсайхан 1994-2000 оны хооронд АНУ-д гурван коллежийг хоёр хоёр жилээр хувааж төгсгөөд эрх зүйн магистр болж, тэндээсээ шууд Бээжин дахь ЭСЯ-нд атташегаар томилогдсоны нууц тайлагдаагүй хэвээр.

    Улс төрч хүний төгс биш юмаа гэхэд зүгээр л бүтэн намтар ямар байхыг овог нэрээс гадна дараах байдлаар төсөөлж байна.

    • Төрсөн он сар өдөр
    • Төрсөн газар
    • Аль дунд сургууль элссэн, төгсгөсөн он
    • Элссэн дээд сургууль, анги, салбар, он, төгссөн он, эзэмшсэн мэргэжил, хамгаалсан дипломын сэдэв
    • Магистр, мастер, докторт суралцсан буюу эхэлж дууссан он, эрдмийн ажлын сэдэв.
    • Ажилласан байгууллага, аж ахуйн нэгж, эрхэлсэн ажил, албан тушаал, тус бүрийн эхэлсэн ба дууссан огноо. Ямар нэгэн зөвлөх туслахаар ажилласан бол хаана бөгөөд хэний?
    • Сонгуульт ажил. Удирдлагад нь багтдаг байгууллага, аж ахуйн нэгжийн нэр ба эхэлсэн, дууссан цаг.
    • Төрийн одон, медаль, цол, шагналууд, тэдгээрийг авсан он гэх мэт.

    Дараачийн ээлжинд хөрөнгө чинээ. Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуйг нийтэлдэг нь зөвхөн сэжүүр төдий юм. Одоо задалж дэлгэрүүлэх цаг болсон.

    Аливаа намтар гэр бүл, хүүхдийн тоо гэсхийгээд төгсдөг.

    Цаашаагаа хүссэн, хүсээгүй хэвлэл мэдээлэл, олон нийт дэлгэрүүлээд явна. Жирийн иргэний намтар хувийн хэрэг боловч улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, нэр нөлөөтэй хүмүүсийнх бол сонгогчдийн хэрэг. Юуны өмнө “Соронз”, “Гранд ньюс”, People of Mongolia, “Папараци” гээд сэтгүүлүүд тэдний хувийн амьдралыг өнгөтэйгөөр дэлгээд өгнө.

    Намтарт нь орох ёстой ишлэл гэж байна. Улс төрчид буруу зөв их бурна, дараа нь мартахыг хүснэ, гэхдээ хэвлэл мэдээлэл хэзээ ч мартуулдаггүй. Хийсэн бүтээснийг нэмж болно. УИХ-ын гишүүн Ч.Улаан арваад жилийн өмнө Сэлэнгэ аймагт нэг гэр бүлийн 4 хүнийг уснаас аварсан шиг баатарлаг үйлс орох ёстой. Нөгөө талаар улс төрч болгонд байдаг нүглийн жагсаалт, жишээлбэл, ЖДҮ-гээс сэмхэн амжуулаад баригдаж АТГ-аар цолоо дуудуулсан нь багтах ёстой.

    Сүүлийн үед хүний хүмүүжил 3-5 насандаа шийдэгддэг гэж их бичдэг болжээ. Цаашаагаа тэр чигээрээ явдаг. Том хүн дээр буулгаж хэлбэл хэзээ ч засардаггүй. Хулгайч байсан бол ерөнхийлөгч болсон ч үргэлжлүүлнэ. Арай боловсон бөгөөд өндөр түвшинд. Харин тэднийг тогтоож байх цорын ганц арга бол урьдах нүгэл буюу намтрыг  мэдэж байгаад тасралтгүй сануулан хянах явдал юм.

    Улс төрчид юуг нууж байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай. Энэ утгаараа улс төрч;ийн намтартаа оруулахыг хүсдэггүй жижигхэн фактуудад тэдний мөн чанар оршино. Дэлгэцэн дээр хэдэн цагаар, эсвэл сонин сэтгүүлийн 10-20 нүүрээр чалчсан хэрнээ хамгийн ноцтойгоо нуугаад, эсвэл засаад, тэмээг ямаа, ямааг тэмээ болгож чаддаг хүмүүс бол улс төрчид.

    Цаг өөр болжээ. Улс төрчид, нэр дэвшигчид намтраа өөрсдөө үнэн зөв бөгөөд бүрэн бичиж цэгцрэх хэрэгтэй. Урьд нь худлаа нээрээ залж байсан бол эртхэн буруугаа хүлээж уучлал гуйх. Эс тэгвэл сонгуулийн сурталчилгааны үеэр сэтгүүлчид, сонгогчид, бас дайснууд нь дурайтал бичээд өгнө.

    P.S:

    Улс төрчдийн намтрын асуудлаар санал сэтгэгдлээ хэлэх хүн байх аваас http://www.ajiglalt.mn сайт дээр зэрэг байршуулсан тул тэнд бичиж үлдээнэ үү. Арай дэндүү юм бичсэн хүнийхийг би хасах байх. Энд болохоор хараал ерөөл нь хэтрээд байдаг тул хүлцэл өчсүгэй.

     
  • Mongold 0 on 2019.01.17 Permalink | Reply
    Tags: Алтай З., Элбэгдорж Ц.   

    Бие даагчдын баг ба “Электорат” хөдөлгөөн 

    2019.01.17.

    Саяхан “Электорат” нэртэй хөдөлгөөн байгуулагдсаныг зарлалаа. Тэд зорилгоо ингэж тодорхойлжээ.

    1.Төрийн эрх баригчдын дотор эзлэх хууль зөрчигчдийн тоог огт үгүй болгож чаддаггүй юм гэхэд цөөлөх.

    2.Нэгэнт улс төрийн намуудын нэр хүнд унасан энэ тохиолдолд тэдний хүртэж чадахгүй суудлыг эмх замбараагүй байдлаар талын нэг тараачихгүйн тулд бие даан нэр дэвшихээр шийдсэн хүмүүсийг аль болох төвлөрүүлэх.

    3.Нэр дэвшигчийг олон түмнээр хэлэлцүүлэн ил тод байдлыг эрхэмлэх төдийгүй, сонгууль болгоноор нэр дэвшигчид сонгогчиддоо хэлдэг улиг болсон үл бүтэх хий хоосон амлалтыг биш, хувь хүнийхээ хувьд ямар зарчим болон ёс суртахуунтай байх андгай тавиулах.

    Тэгвэл энэ хөдөлгөөн сонгууль дөхөхөөр дэлгэрдэг шилдэг 76, улс орноо аврах 99-ээс юугаараа ялгаатай вэ?

    Улс төрийн намууд гэж авч ч болохгүй хаяж ч болохгүй юмнуудтай боллоо. Намгүй ардчилал, сонгууль гэж байхгүй ч манай намууд бүтэхгүй ээ. Сүүлдээ дотоод хэрүүл, алдаа дутагдал, мөнгө санхүүгээ хүртэл төрөөр шийдүүлдэг, төрийг багалзуурддаг болж байна. Намууд задарч бутрах нь маньдаа түй ч хамаагүй боловч тэднийг хөл толгойгоо олохыг хүлээх цаггүй болсон тул “Электорат” хөдөлгөөн бие даагчдад найдаж байна гэж би ойлгосон.

    Бие даах хүмүүсийг одооноос нэрлэх нь хоёр талтай. Муугаас нь эхэлбэл, сонгуулиас жилийн өмнөөс хэл амны бай, довтолгооны объект болно, дайрна, гутаана, илчилнэ. Гэхдээ үүнийг нөгөө талаас нь харвал сонгогчиддоо сайн. Тэд гэнэдэхгүй. Учир нь сонгуулийн кампанит ажлын улам бүр богиноссоор байгаа хэдхэн хоногт нэр дэвшигч хичнээн гоё ярьж, агууг амалсан ч зөвхөн тэдний урьд хийсэн үйлдлүүд хэн болохыг нь харуулна. Сурсан юмыг сураар боож болохгүй. Урьд нь хулгай хийсэн л бол дээш гарсан ч заавал үргэлжлүүлнэ. Хэрвээ үнэхээр том но-той бол эртхэн больсон, болиулсан нь дээр. Хэрвээ алдаа дутагдал байгаа бол түүнийгээ эртхэн мэдүүлэх. Хэнд ч но байна, но биш гэж бодсон зүйл нь но байж мэднэ. Хожим Их хурлын гишүүн болчихоод яг сайхан мандах гэж байтал хэн нэгэн заавал илчилж таарна. Урьтаад “Миний амьдралдаа хамгийн харамсаж явдаг зүйл бол … Надад үнэхээр сургамжтай зүйл болсон… Дахиж алдахгүй” гээд очих нь жинхэнэ шударга бус уу? “Миний хамгийн том дутагдал бол худлаа ярьж чаддаггүй, бас хэлэх гэсэн юмаа шулуухан хэлчихдэг, үүнээсээ бол нүд үзүүрлэгддэг” гэх мэт марзан яриануудаа эртхэн шүүлгэсэн нь дээр.

    Системийн онолоор бол дан сайн хүмүүсийг баг болж цуглуулахаар тэр дотроо дахиад сайн муу болж ялгардаг болов уу. Төгс хүнийг хаанаас ч олохгүй, гэхдээ арай тулхтай, илүү зөв хүмүүс Их хуралд орог. Мөнгө, боловсрол, туршлага, нэр нөлөө дутвал дутаг, хамаагүй. Яагаад гэвэл цол дагаж бяр нэмдэг учраас нэгэнт үүрэг хариуцлага хүлээсэн хүн түргэн өсдөг. Харамсалтай нь худлаа ярих, хуурах, хууралцах нь хамт өсөөд байдаг ч гэхдээ сонгогчид өмнөхийг мэддэг, шалгасан, тэгээд айлгаж сэрэмжлүүлсэн байвал бас учиртай.

    Энэ бүх шалгуурыг давж чадсан нь бие даагчдын багт орох байх. Харин тэднийг яаж нэг баг болгож эвлүүлэх нь сонин санагдаад байна. Хэрвээ 500, 1000 бие даагчийн нэр цуглавал яаж цөөлөх вэ? Бодож байгаад саналаа бичнэ ээ.

    Төгсгөлийн хачир:

    Ерээд оны сумын сонгуульд нэгэн нэр дэвшигч цорын ганц санал авсан буюу эхнэр нь хүртэл түүнд өгөөгүй тухай онигоо шиг юм сонсоод жигтэйхэн өрөвдөж билээ.

     
  • Mongold 0 on 2019.01.17 Permalink | Reply  

    Түй! 

    2019.01.16.

    Нэг мэдэхэд дараачийн сонгууль ойрхон болжээ. 2020, 2021 онд дахиж сайхан бужигнаад дахиад хууртах биз. Тэгээд өнгөрсөн хойно нь одоогийнх шиг харамсана. Яаж ийм нөхдийг сонгосон байна аа гэж. Бид бүх нийтээрээ шигшиж өргөмжилсөн өмнөх дөрвөн ерөнхийлөгчөө төдийлөн сайнаар дурсдаггүй.

    П.Очирбат. Өмнөх нийгмээс дөнгөж мултарсан хүмүүст албархуу дүртэй дарга нарын дэргэд хөгжилтэй хүн учраас таалагдаж сонгосон. Зарим нь гүндүүгүй ч гэдэг. Одоо түүний хийж бүтээснийг Азийн бар, тос түрхсэн дээл, бас зурхайч Дашцэрэн зөвлөхөөр нь ихэнхдээ шоолж дурсдаг. Харин ганц хэрэг болдог нь “төрийн төмөр нүүр”.

    Н.Багабанди. Найман жил ерөнхийлөхдөө эхэндээ баахан гацаах ажил хийжээ. Эрдэнэтийн 100 хувийн анхны хувьчлалыг буцаалгахгүй гэж ил далдуур их үзсэн, тэгсэн мөртлөө Үндсэн хуулийн хулгайг гацаагаагүй, харин хугацааныхаа сүүлийн хагаст урт шар дээлтэй нэг нөхөртэй үзэлцсээр байгаад таарсан. Ойрын жилүүдэд Оюутолгой ТУЗ-д багтаж өндөр цалингийнхаа төлөө чичлүүлж байгаа, гэхдээ ганц үг ган хийдэггүй. Мундаг тэвчээр!

    Н.Энхбаяр. Дээр дурдсан шар дээлт нь энэ хүн. Ойр дотныхон нь үндэсний удирдагч, үндэсний удирдагч гээд байхаар нь дүрдээ бараг итгээд явж байтал гай болж Хэвлэх үйлдвэрийн барилга, “Өргөө” зочид буудал нүдэнд нь өртсөн. 2016 онд буцаад төрд гарч УИХ-ын дарга юмуу Ерөнхий сайд болоход ганц хуруу дутуу байтал …. бас нэг гайтай таарсан. Одоо “Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч” гэдэг ажилтай.

    Ц.Элбэгдорж. Найман жилийн турш Ерөнхийлөгчийн хууль санаачлах, эсвэл хориг тавих, бас нэр дэвшүүлэх эрх, дээрээс нь хошгируулах авъяас гэсэн дөрвөн сэлмийг баруун солгойгүй эргэлдүүлсний дүнд түүний үлдээсэн өв болох өнөөгийн улс төр, энэ улс төрчид, энэ намуудын байгаа царай нь.

    Манайхан түүнийг хэрхэн харааж ерөөж буйг онигоогоор илэрхийлбэл,

    Сэтгэл санаагаар навс унасан нэгэн залуу найздаа гомдол мэдүүлж гэнэ.  

    Би сая нэг хүүхэнд хайртай гэсэн чинь зөвшөөрсөнгүй ээ. 

    -За яахав дээ. Битгий тоо.

    -Харин тийм, гэхдээ зүгээр хайргүй гэхийн оронд “түй” гэж байгаа юм даа…

    Туйлын харамсалтай. Одоо бидний толгой дээр сууж байгаа нөхдүүд, ялангуяа оодорч байгаа хоёр нь араасаа энэ байтугай түй-лгэж таарна.

    Спортод шигшээ гэж олон багуудаас хамгийн сайнуудыг түүж бүрдүүлэхийг хэлдэг. Бас шилдгийн шилдгүүдийг цуглуулсан байна гэж төсөөлсөн мөрөөдлийн баг гэж бий. Тэгвэл улс төрд тийм баг боломжтой юу? Сайн, зөв, шударга улс төрч гэж хэн бэ? Ямар нэгэн зөвлөл, форумд нэр дэвшүүлэх, уулзалт хэлэлцүүлэгт оролцуулах сайн хүнийг хайсан яриа энд тэндгүй болж байдаг. Надад тааралдсанаар бол ахмад үеийнхээс Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнг олонтаа нэрлэдэг байлаа. Уг нь улс төрд шанстай байсан ч 1997 онд нэг нөхөр өмнөөс Ерөнхийлөгчид дэвшүүлж сүүтэгнээд карьерийг нь баллаж орхисон. Иргэн Д.Ламжав бол гарцаа байхгүй нэр хүнд, гэхдээ цаадуул нь урдуураа оруулаагүй. Хөгжмийн зохиолч Жанцанноров 1992 онд сонгогдооод “хөгжмөө бичье” гээд больсон ч одоо хүртэл нэр нь дэвшээд л байдаг. Тухайн цагтаа сүрхий явсан олон хүн улс төрөөс холджээ. Үзвэл үзчихдэг улс төрчийн нэг болох С.Баяр бие муудлаа гээд гэнэт больсон хэрнээ Лондонгийн бүрхэг цаг агаарыг зүв зүгээр тэсвэрлэж ирээд монголын хорих газраар орж гараад зүв зүгээр яваад байх юм.

    Одоогийн улс төрчдөөс хэн нь гайгүй вэ? 2016 онд Ардын намаас гайгүй залуучууд УИХ-д орж харагдсан ч ЖДҮ-гээс болж ташраараа тараа таниулав. Тэр Т.Аюурсайханыг сүрхий юм болов уу гэтэл сая Батзандангийн түвшинд очоод уначихсан хэвтэж байгаа. АН-д Р.Амаржаргал гэж их мундаг хүний сураг бараг гучин жил дуулдсан ч ид шид нь гаргахгүй өнөөг хүрчээ.

    Сонгууль болгоноор гуравдахь хүчин гээд бөөн сүр, итгэл найдвар. Даанч нэмэргүйн жишээ бол Иргэний зориг ногоон нам. Тус нам доторхи бүр тодорхой жишээ бол сэтгүүлч З.Алтай. Их хурлын танхимд дөрвөн жилийн турш “хоёр намын хулгайчид” гэж цамнаж байснаа Ерөнхийлөгчийн сонгуулиар нэгийг нь дэмжээд элчин сайдаар шагнуулаад арилж өгсөн.

    Эмэгтэйчүүд ямар вэ? АН-ын З.Нарантуяа зөв хүн гэснийг олон удаа уншсан. Магадгүй. Гэхдээ эмэгтэй гишүүд сайд, дарга болчихоороо хүмүүсийг халж солихдоо эх хүний нинжин сэтгэл, төсөв мөнгө зарцуулахдаа хатан ухаанаар ханддаг нь лав надад ажиглагдаагүй. (За би ч жендерийн асуудлаар бараг “явчих” шиг боллоо)

    Ерөнхийдөө Их хурлын гишүүнд итгэснээс хэнд ч хамаагүй итгэ!

    Улс төрийн мөрөөдлийн баг шударга, мөнгөтэй, өндөр боловсролтой, залуу, эсвэл туршлагатай хүмүүсээс бүрдэх учиртай. Харамсалтай нь энэ бүх шинж нэг хүнд цогцолдоггүй. Нэг нөхрийг санхүүгийн эрх чөлөөний оргилд хүрсэн гэж бодох шахтал ЖДҮ-чин байж таарсан. Нөгөө эрхмийн Харвард, Кембрижийн боловсрол нь эх орондоо татвар төлөхөөс зугтааж оффшорт мөнгөө нуухад бүрэн зориулагджээ. Бас жигтэйхэн шударга хэрнээ юу ч хийдэггүй хүн хэрэгтэй юу? Залуу мөртлөө парламентад 30 жил суусан туршлагатай байж чадах уу? Ёстой нөгөө махтай ч болоосой, тэгвэл гурил зээлээд түмпэн олоод хоол хийх юмсан, даанч давс алгын үлгэр.

    Ингээд сонгууль болгоноор хууртаад л байж байг уу?

     
  • Mongold 0 on 2019.01.10 Permalink | Reply  

    Тараад! 

    2019.01.10.

    Цэрэгт ийм нэг команд байдаг. Эхлээд шинэ цэргүүд биесийнхээ өндөр намыг таньж гүйцээгүй, хөл толгойгоо олохгүй будилдгаас муруй сарий хөрөөний ир шиг эгнэхлээр түрүүч жа нарын өгдөг команд. Чадахгүй бол дахиулна. Гэхдээ хэзээ ч олон дахидаггүй бөгөөд ганц хоёр удаагийн дараа шугамдсан мэт тэгш сайхан жагсаал гарч ирдэг. Шалтгаан нь бараг байгалийн хуулиар тайлбарлагдах байх шүү.

    Өнөөдөр манай парламентын дийлэнх олонхи болсон МАН дотроо хагараад өшөө хорсолдоо хүрч эвлэрэх ямар ч найдлагагүй болсныг бүгд харлаа. Хэрвээ УИХ-ыг тараагаад дахин сонгууль явуулбал хамгийн зөв шийдэл байхсан.

    Харамсалтай нь тарахгүй. Төрийн өндөр албан тушаал гэдэг найрын ширээнээс холдохыг хэрхэвч хүсэхгүй. Нэг очиж суусан бол үхэн хатан зууралдана. Тэр тусмаа Ордонд орохыг мөрөөдсөн хүмүүс эргэн тойрон оочирлож байхад. Хамгийн чанга дуутай Ж.Батзандан гишүүн, огцорьё, гэхдээ Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч шударга ёсыг тогтоосны дараа л огцорно гэж нохойтож харагдсан.  Дахиад 10,20 жилээр суухад ч бэлэн ажээ.

    Тэгвэл нам тарах уу? Уг нь бүлэг, фракцаараа зад үсэрвэл эргээд яасан сайхан жагсах бол? Андуураад өөр намд элсчихсэн, анхнаасаа л ардчиллыг сэмхэн дэмжсэн, эсвэл 28 жил буруу тууж явснаа гэнэт ухаарсан нөхдүүд хаваржааны хашаанд хонь хурга нийлж байгаа мэт гоё юм болно. Энд ч дуу дуугаа авалцана,  тэнд ч чи зайл гэж хөөнө… Гэхдээ л дараачийн сонгууль гэхэд гарааны шугаман дээр бүгд ярайтал жагссан байж таарна.

    Гэхдээ намууд бас тарахгүй. Яагаад гэвэл нам бол хулгайч, дээрэмчин хэнийг хамаагүй гоёж гоодоод төр лүү шургуулж өгдөг машин учраас түүнийг эвдэх тэнэг хүн байхгүй.

    Японд зарим үйлдвэр, офисын хаа нэгтээ эзэн юм уу захирлынхаа  мануухайг байршуулж, ажилтнууд нь дуртай цагтаа балбаж бухимдлаа тайлдаг. Ажилтнуудын гомдол зөрчил эрс багасч, хөдөлмөрийн бүтээж нэмэгддэг учраас тэр. Өнөөдөр УИХ-ын хэсэг гишүүд манлайлан талбай дээр балбаж буй мануухай нь УИХ-ын дарга М.Энхболд болжээ. Тэрбээр огцрох ёстой, гэхдээ ингэж биш. Хоёр жилийн өмнө өөрсдөө өргөмжилж сонгочихоод МАНАН-гийн толгойлогч байсныг сая мэдсэн нь инээдэмтэй. Тэгээд УИХ-ын дарга болсноосоо хойш лав лиценз олгож, газраа зарж чадахаа больсон байж таарна. Энэ удаад АН хэт цөөнх учраас МАНАН гэж бидний ойлгодог МАНАН байхгүй. Ядахдаа ЖДҮ-гээсээ АН-ынханд хүртээгээгүй байгаа юм даа.

    МАНАН бол зүгээр л хөшиг юм.  Тов тодорхой овог нэр, албан тушаал, эрх мэдэл бүхий хүмүүс дуртай цагтаа татаж байгаад юу дуртайгаа хийдэг, дургүй цагтаа сөхөж гэмгүй царайлдаг хөшиг юм. Монголын хамаг муу муухайг МАНАН руу чихэхийн аюул бол тэр хүмүүсийг далдалж зүгээр өнгөрүүлж байгаа явдал юм. Одоо МАНАН-г зүхэж байгаа гишүүдийн тухайд наад зах нь УИХ-ын гишүүдийн ЖДҮ-гийн бүлэг хэрэг, цаад зах нь У.Хүрэлсүх ЖДҮ-гийн анхдагч байсан, Х.Баттулгын Төмөр зам зэргийг ярьж чадахгүй, тэдний “гарын гишүүд” болох нь. Ингээд МАНАН-гийн оронд УИХ дахь хоёр намын төлөөлөл ба Засгийн газар, Ерөнхийлөгчийн хөл гар орсон гал уугиж, элдэв шалтгаанаар бухимдсан хүмүүсийг Төв талбайд цуглуулж байгаад самууруулж мэдэх аюултай хий  дэгдэж мэдэхээр байна.

    Хувь заяаны шоглоом. Өнөөдөр очиж очиж М.Энхболд төрийн тогтвортой байдлын тулгуур болж байх шиг Түүнийг яаж ийгээд огцруулсны дараа тунаж үлдэх Хоёрт улс орныг үлдээх аюулгүй биз?

    Элдэв жагсаал цуглаанаас сонин юм их үзэх юм. Өчигдөр нөгөө ЖДҮ-чидтэй ясаа цайтал үзэхээ тангарагласан “Нэхүүл” хөдөлгөөн тэр тухайгаа огт дуугарахгүйгээр чимээгүй жагслаа. Индэр дээрээс хатуу ширүүн дуугаа өргөсөн хамтлагийн хэдэн залуу “Хараал идсэн 76”-г бутниргэлээ. Уг нь ард зогссон тавыг хасаад “Хараал идсэн 71” гэх байсан юм.

    Өчигдрийн цуглааныг TV5 телевиз өмнөхийн адил нэг ч секунд алгасахгүйгээр дээрээс дрон, дэргэдээс ярилцлага, Ордноос оруулгатайгаар шууд дамжуулав. Харин МҮОНРТ бол сэм сэмхэн, завсарлагатайгаар.

    P.S.

    Өнгөрсөн 12-р сарын 27-ны цуглаанд хичнээн хүн оролцсон тоогоор хоёр долоо хоног маргалдав. УИХ-ын гишүүд өөрсдөө 25, 30 мянга гэж зарласан. Харин цагдаагийн удирдлага 3600 орчим гэж хэлснийг Д.Тэрбишдагва гишүүн уламжлаад өвлийн хувцас энэ тэрээр тайлбарласнаасаа болж баахан балбуулав. Харин өчигдрийн цуглаан дээр Ж.Батзандан нар яг тоо хэлэхгүйгээр, “хэдэн арван мянган хүн”, “энэ талбайд хөл гишгэх зайгүй байна” гэв. Шөнө болсон чуулган дээр тэрбээр 50 мянга гэжээ.

    Би зураг хараад барагцаалж эхэлсэн чинь арай л цөөхөн гарахаар нь цуглаан зохион байгуулагчдын өмнөөс санаа зовоод болив. Аливааг судалдаг, камер, дрон, өгөгдөл, тооцоололтой ажилладаг хүмүүс яг тоолоод зарлаасай.

     
  • Mongold 0 on 2018.12.27 Permalink | Reply  

    2018.12.27 ба 2008.07.01. 

    Монголд болж буй улс төрийн хэрэг явдлыг судлаач, тоймчид асар ухаан зарж тайлбарладаг. Ардчиллын үндсэн зарчим, шилжилтийн үе, коммунист сэтгэхүй, улс төрийн намуудын төлөвшил, намын доторх бүлэглэлүүд, хүчний харьцаа, сонгуулийн хууль, мажоритар ба пропорционал тогтолцоо, улс төрчдийн ёс зүй, намын санхүүжилт, бас мэдээж ард түмэн гэх мэт үгийг хутгаж байгаад мянган юм болдог.

    Өнөөдрийн цуглаан юу байв? Том үгс огтоос хэрэггүй. Ердөө л ичсэн хүн хүн алахын үр дагавар. Жирийн оёдлын цех, цагаан идээний үйлдвэр, шинэ монгол брэнд, start-up-уудад очих байсан ЖДҮ-гийн сангаас хэдэн зуун сая, тэрбумаар нь сэмхэн бөгөөд зохион байгуулалттайгаар хуйвалдаж аваад хувийн бизнесээ тэтгэсэн нөхдийн эхлүүлсэн ажил. Бүгдээрээ УИХ-ын бөгөөд Засгийн газрын гишүүд. Тэднийг Ерөнхий сайд өөрөө манлайлснийг Н.Номтойбаяр гишүүн нэмж илчиллээ. Ингээд бараг үйлдэл дээрээ гардуулсан нөхдүүд үнэхээр ичсэндээ (сайхан чанар шүү!) бүр том дуулиан дэгдээж байгаад сонгогчдын анхаарлыг сарниулах сонирхлууд нь МАН-ын доторхи элдэв зөрчил, М.Энхболдын эсрэг У.Хүрэлсүхийн хорсолтой нийлж урвалд ороод энэхүү цуглаан болж хувирчээ.

    Гэхдээ зөвхөн М.Энхболдыг онилж Монголын хамаг муу муухайг түүн дээр овоолох нь хэт үнэмшилгүй учраас МАНАН-г сонгон авчээ. МАНАН гэж юу ч юм, энэ үг Монголд болж бүтэхгүй болгоныг чихдэг хогийн тантан, сүүлдээ хоёр намын нэрний нийлбэрээс цаашгүй улиг домог болж гүйцлээ. Эзэн бие, ганц ч овог нэр байхгүй учраас чанга чангаар дүвчигнэхэд ямар ч хал балгүй. Монголын бүх асуудлын шийдэл – МАНАН сөнөтүгэй. Ашгүй М.Энхболд олдож бөөн завшаан. Ингээд хаврын хавсаргаар төдийгүй зун, намар, өвөл хэдийд ч хэзээд бэлхэн байдаг огцруулья, зайлуулья, сөнөтүгэйчүүдэд хандсанаар өнөөдрийн арга хэмжээ бүтжээ.

    Зарим хүмүүс 60 тэрбумынхан ба ЖДҮ-чид  хоорондоо үзэлцлээ гэж дүгнээд байгаа. Тэр нууц ярианд М.Энхболдоос гадна У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар байлцсан гэж Ц.Сандуй нь нотолсныг юу гэхэв? Тийм учраас л цуглаан дээр 60 тэрбумын яриа огт гараагүй төдийгүй ЖДҮ-гийн эсрэг лоозон барьсан хэсэг нөхдийг индэрт гаргаагүй ажээ.

    Харин ч сүрхий цуглаан боллоо. Иргэний хөдөлгөөнөөс хойш арваад жил ингэж цуглаагүй гэнэ. Хэдэн хүн цугларсан тухайд Л.Оюун-Эрдэнэ, огт зохион байгуулаагүй байхад 20 мянган хүн ирлээ гэх эхэлсэн бол Аюурзана 25 мянга, Батзандан 30 мянга гэж өсгөлөө. Цагдаагийнхан тоолсон байх, удахгүй зарлах биз.

    Харин ч сайн зохион байгуулжээ. Урьд өдөр нь Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Лу.Болд нар цагдаа, тагнуулын удирдлагыг хүлээн авч хэв журам, хамгаалалт, аюулгүй байдлыг хэлэлцсэн тул талбайн эргэн тойронд хүмүүсийг шалгасхийн нэвтрүүлэв. Энэ бол 2008 оны 7-р сарын 1-ны сургамж. Тэгэхэд ялагдсанаа мэдсэн улс төрчид санал хураалтын маргаашнаас Сүхбаатарын талбай дээр гарч “сонгууль булхайтай боллоо, луйвардуулчихлаа” гэж өдөржин шөнөжин “гачаалдахад” хөөрсөн түмэн хяналтаас гарч цагдаа нарыг дийлээд МАХН-ын байрыг шатааж эхлэхэд анх уриалж дуудагсад гэртээ эсвэл албан өрөөндөө суугаад зурагтаа үзэж суусан байдаг.

    Аливаа цуглаанд  халуурсан нөхдүүд заавал байлцдаг. Энэ удаад индэр дээрээс “Өнөөдөр бид ганцхан хүнийг албан тушаалаас огцруулж чадахгүй юм бол дараачийн тэмцэл гэж байхгүй шүү”, “Улсын хулгайч Энхболд Монгол Улсаас зайл”, тэр ч битгий хэл хажуунаас “Төрийн ордныг дайръя” хэмээн үе үе орилж байсан ч эрхэм гишүүд, бид аль хэдийнэ ялсан, тэмцэл үргэлжилнэ, он гараад нэгдүгээр сарын 10-нд жагсаал хийнэ, араас нь суулт, өлсгөлөн зарлана гэхчлэн амалж, МАНАН нэртэй шинэ дуугаар илбэдэж, Сүхбаатарын хөшөөг тойрч Чингэс хааны хөшөөнд мөргөөд тарья гэж уриалсныг жагсагчид бага зэрэг хэтрүүлж хөшөөг биш, Төрийн ордныг тойрч гороолоод тарах шиг болов.

    Уул шугамандаа М.Энхболд огцрох хэрэгтэй. Огцрох бүү хэл, анхнаасаа дээш гаргаж ирэхгүй байсан юм. Хотын газрыг түгээж эхлэнгүүт, Туул голын ундны усны бүсийг Б.Наранхүүд өгөөд  байхад нь намаараа гар дээрээ өргөсөөр шадар сайд, Ерөнхий сайд, намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч хүртэл явуулсан. Харин одоо ингэж огцруулахгүй ээ. Гуйгаад гувшаад ирсэн улс төрчдийг сонгогчид УИХ-ын танхимд оруулж тэндээ үзэж тараарай гээд байхад (Жишээлбэл, өргөж гаргадаг туршлагыг яагаад ашиглахгүй байна? Даахгүй л дээ) гудамжинд хальж гарч ирээд байх юм. Систем, тогтолцоо энэ тэр гээд бас л том тайлбарлах байх, гэхдээ яг одоо МАНАН байхгүй. Лу.Болдыг эс тооцвол АН-ын оролцоо байхгүй. Тийм учраас Төрийн ордны зай завсраар нь уугиад байгаа энэ бүхэн сайндаа л МАНанЦАР юм. Нарийн бүтэц, уяаны үзүүр энэ тэрийг хэн нэгэн хэлж өгөх буй заа.

    Аливаа юм үргэлж сайн тал руугаа явдаг. Нурж сүйрч байгаа мэт санагдавч ухарч буцаж байгаад ч хамаагүй эцсийн эцэст урагшилдаг. Одоо ч ялгаагүй. Сүүлийн хэдхэн сарын дотор та бидний урд донгоддог нөхдүүдийн хэн нь хэн болох, хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг мэдэж авч байна. Өдөр болгон шинэ баримт.

    Хэвлэл мэдээллийн тухайд. Өчигдрийн цуглааныг телевизүүд МҮОНТ-ийн хоёр сувгаас эхлээд бараг бүгд шууд дамжуулан үзүүлж эхэлсэн боловч хэсэг явуулж байгаад залхсан мэт завсарлаж өөр нэвтрүүлэг оруулж, тэгснээ дахин харуулж, сүүлдээ больцгоов. Харин TV5 телевиз ганцаараа ганц нэг секунд ч таслалгүй бүрэн дамжууллаа. Бас TV9 яаж зүгээр байхав. Тус намын Ц.Оюунбаатар индэр дээр гараад үг мүг хэлж харагдсан. МАНАН-г лав магтаагүй байх.

    P.S:

    Сүүлийн үед М.Энхболдыг дэмжсэн бүү хэл хатуу шүүмжлээгүй хүмүүсийг сайтын сэтгэгдлээр будаа болгож байгаа сурагтай. Ийм учраас надад санал бодлоо хэлэх хүн байх аваас http://www.ajiglalt.mn сайт дээр зэрэг байршуулсан энэхүү нийтлэлийн дор бичээрэй. Арай дэндүү юм бичвэл би хасаад өгөмз. Дээрхэн нэг уншигч, би тантай санал нэг байна, тэр нээрээ үхсэн нь дээр маягийн юм бичээд гээд хам хэрэгтэн болгох шахсан удаатай.

     
  • Mongold 0 on 2018.10.17 Permalink | Reply  

    Хэнийг хэн хэрхэн төлөөлдөг тухай – 2 

    2018.10.17.

    Одоо биднийг албан ёсоор төлөөлдөг хэсэг хүмүүсийн талаар бичье. Үйлийн үртэй 76, бүр дээр заларсан нэг нөхрийг биш, харин орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг хэлж байна. Саяхны мэдээгээр Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэл, түүний 9 дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 8066 хүн сонгогдон ажиллаж байна. Би сонгогчдоо төлөөлөх эрхтэй гэж хэлэх бүрэн эрхтэй хүмүүс, тэд. Эрх нь тус тусын орон нутгаар хязгаарлагддаг хэдий ч тэндээ яах аргагүй эрхтэй.

    Нэгэн дүүргийн ИТХ-ын хэдэн төлөөлөгч бааранд согтож эрүүлжигдсэнийхээ маргааш дүүргийнхээ цагдаагийн даргыг “танай цагдаа нар төлөөлөгчөө таньдаггүй, хүндэтгэлтэй хандах ёстой байсан” хэмээн загнасныг санав. Тэд орон нутгийнхаа төсвийг хэлэлцэж баталдаг, хамгийн гол нь ямар ч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд дарга нарт байдаггүй – газар олгох эрхтэй Засаг даргыг томилох эрхтэй хүмүүс. Газар бол улсын үндэс гэсэн шүү. Бас  нэг дүүргийн төлөөлөгчид хуралдаанаараа Төв аймгийн Баянчандмань сумын нутагт өөрсөддөө зориулж газар авах тухайгаа ярилцаж байсан. “Төлөөлөгчдийнхөө нийгмийн асуудлыг шийдэх” гэсэн томъёоллоор.  Хоёр засаг даргаар дамжуулж тохиролцлоо гэж ойлгогдсон.

    Мартсанаас, Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд бас Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гэж тус бүрт нь 5 хүн сонгогддог. Орон нутгийн 1615 баг, нийслэлийн 152 хорооны тоогоор үржүүлбэл дахиад 8835 иргэдийн төлөөлөгч бидэнд байна.

    Барагтай улс ийм ардчилсан байж чаддаггүй биз. Саяхан америк судлаачийн ярьснаар бол, тэндхийн хот, хөдөө нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг хэдий ч намуудаас өрсөлдөн сонгуульдсан том том хурал гэж үгүй. Хот, дүүрэг, тосгоны зөвлөл нь голдуу тав, арван хүнээс хэтэрдэггүй цомхон. Хуульч, бизнес эрхлэгч, эмэгтэй.. тэгэсхийгээд гүйцдэг гэнэ.

    Хэрвээ үнэхээр тийм бол орон нутагт төлөөллийн ардчиллаар манайх Америкийг хол ардаа орхижээ. Даанч ид шидийг нь үзэж чадахгүй юм. Нийслэлд газрын маргаан дэгдэхэд, хөдөөд малчид нутаг усаа хамгаалж тэмцэхэд сонгосон төлөөлөгчид үзэгдэх нь өдрийн од шиг. Ноднин Битлз-ийн хөшөөтэй Цэрэндоржийн гудамжийг хавь ойрын оршин суугчид барилгын компаниудад алдах шахсан тэр өдрүүдэд УИХ-ын гишүүн байтугай (том даргад жижигдсэн асуудал гэж бодьё) нийслэл, дүүргийн ИТХ-д суугаа төлөөлөгчид, бүр хорооны нийтийн хурлын төлөөлөгчдөөс ч үзэгдээгүй. Номоороо бол, хаа хамаагүй идэвхтэнүүд, дараачийн сонгуулиа хүлээж суугаа сөрөг хүчнийхэн, Даяар Монгол энэ тэр биш, яг тэндээс сонгогдсон нөхдүүд өөрсдөө ирчихсэн, “яахуу?” гээд зогсож байх учиртайсан.

    Ажиглаад байхад тэд сонгогдсоныхоо дараа төрөл арилжиж, иргэдийнхээ төлөөлөл байхаа больж, дарга нарын талд гараад суучихаж байна.

    Нийслэлийн ИТХ-ын цахим сайт руу шагайв. Тэргүүлэгчдээс гэхэд Д.Мөнхжаргал сургуулийн захирал байснаа 2016 онд төлөөлөгчөөр сонгогдоод удалгүй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч, МАН-ын улс төрийн ажилтан байсан Н.Батсүмбэрэл “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын даргаар очжээ. Бас “Нарантуул” захын дэд захирал байсан С.Эрдэнэтуул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдож, намын судлаач байсан Ц.Байгальмаа нь АХБ-ЕХОБ- УБ-ын гурвалсан санхүүжилттэй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дэд зохицуулагч болжээ. Бусад төлөөлөгчдийн дундаас Хот тохижилтын газрын дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал, Нийслэлийн ЖДҮД-ийн төвийн дарга, нийслэлийн ОСНААУГ-ын дарга,  Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга, нийслэлийн Геодези, усны барилга байгууламж НӨААТҮГ-ийн дарга, УСУГ-ын дарга, бүр нийслэлийн Засаг даргын орлогч хүртэл мэндэлсэн байх юм. Сонгогчид өөрсдийгөө төлөөлүүлж, дарга нарыг хянуулах гэж илгээгээд байхад шүү! Бас тэдний нийслэлийн албан байгууллага, нийслэлийн өмчит компаниудын зөвлөл, ТУЗ-д орсон нь тоймгүй. Давхар дээлийн орон нутгийн хувилбар нэг иймэрхүү.

    Нутгийн өөрөө удирдах ёс гэж сайхан юм бий. Харин үүнийг тэд юу гэж ойлгож ирсний нэг жишээг хэлье. Өнөөдөр орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсөддөө урамшууллын мөнгө баталж авцгаадаг нь хавтгайрч тоо нь өссөөр. Зарим жил нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч тус бүр 80 саяыг авсан удаатай. Нэг нь түүнийгээ халааслаад Азийн 3, 4 орноор зугаалаад ирсэн байдаг. Ер нь огт тайлагнадаггүй учраас бусад нь юунд зарцуулсныг хэн ч үл мэднэ. Дүүрэгт бол арай даруу, гэхдээ зарим газарт 20 сая хүрдэг болжээ. Зугуухан ахиж л байна. Хааяа нэг хуралддаг хэрнээ байнгын ажиллагаатай парламент болох УИХ-ийн гишүүдтэй барьцаж байгаа хэрэг.

    Бичээд байх уу? Бичихгүй ээ. Яагаад гэвэл барагдахгүй. Уудлаад байвал их юм гарна шүү. Нийслэлд иргэд, оршин суугчдөө төлөөлөх эрхээ ингэж эдэлдэг хүмүүсийн дээр нийслэлийн утаатай тэнгэр биш, сонгосон иргэд нь байх ёстой юм шиг байгаа юм.

    Аймгуудад ч ялгаагүй.

     
  • Mongold 0 on 2018.10.17 Permalink | Reply  

    Хэнийг хэн хэрхэн төлөөлдөг тухай – 1 

    2018.10.17.

    Нэг.

    Ижил цагаан малгайгаар гоёсон гурван мянган эмэгтэйг цуглуулсан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тавдугаар чуулганыг тойрсон бөөн маргаан, төрийн дэд сайдыг хүртэл оруулаагүй тухай мэдэгдэл, Интернэтээр шаагисан live-уудыг анзаарваас бүх монголчуудын биш юмаа гэхэд лав тавин хувийнх нь хувь заяа шийдэгдэж байгаа мэт түгшүүртэй хоёр өдөр өнгөрөв. Ашгүй, хуучин нь тамга тэмдгээ бултуулж барихгүйгээр шинэ Ерөнхийлөгчдөө ажлаа хүлээлгэн өгснөөр манай эхнэр хүүхнүүд аврагдах шиг болов.

    Эмэгтэйчүүдийн эрх ашгийг одоо л жинхэнээсээ хамгаалахаар шийдсэнээ зарлав. Ялангуяа хүчирхийлэлтэй зад тэмцэх ажээ. Хожимдсон ухаарал! 1924 онд байгуулагдсан энэ холбоо 94 жилээр хоцорсон байна. Шинэ үеийн эмэгтэйчүүдийн байгууллагууд бүр хорин хэдэн жилийн өмнөөс тэмцэж эхэлсэн билээ. Миний мэдэхээр Ч.Сосормаа, Д.Энхжаргал нар зүтгүүлснээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд гаргуулж, тэгснээ дутуудсан байна гэж үзээд 2016 онд шинэчлэн батлуулснаар авгайдаа гар хүрсэн нөхрүүд шууд л ачигддаг болсон билээ. (Чухам ийм нөхдөөс болж биднийг дээрхэн үе “хар хүн” гэж дажгүй дууддаг байсан одоо шууд л “хар юм”: Нөгөө “хар юм чинь” согтуу ирээд … гэх мэт). Бас арав гаруй жилийн өмнө агсан, согтуу, харгис нөхрүүд, аав нараас хамгаалах байрыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв дэргэдээ анх байгуулж тэр нь удалгүй улс даяар дэлгэрсэн. МЭХ одооноос хүч нэмэхээр зориглосон нь юутай завшаан.

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэхлээр УИХ-ын эрхэм гишүүн хатагтай нараас эхлээд бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн эмэгтэйчүүдийг нэгтгэсэн лут дүр зураг нүдэнд харагдана. Үнэн хэрэгтээ МЭХ нь эмэгтэйчүүдийн 70 шахам байгууллагын дээвэр юм байна. Энэ утгаараа гишүүнчлэлтэй ч юм шиг. Тэгсэн хэрнээ хувь эмэгтэйчүүд элсдэггүй учраас эмэгтэйчүүдийн байгууллагуудын холбоо гэвэл илүү зохилтой. Нарийн яривал, дээрх далаад байгууллага бас л хувь гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг гэсэн статустай, тус бүрийнх нь цаана үүсгэн байгуулагч цөөхөн хүн бий. Нэмээд үзвэл хэдхэн зуун эмэгтэйн байгууллага юм. Дээрх 3000 төлөөлөгчөөс зөвхөн 160 нь санал өгөх эрхтэй байсан нь ийм учиртай.

    Төстэй хувиралтын өөр нэг жишээ бол Монголын залуучуудын холбоо. 1991 он гэхэд 300 гаруй мянган гишүүнтэй, хүүхэд залуучууд тангараг тавьж элсдэг байснаа больсон тул үлдсэн гишүүдийн нас хэтэрсээр яваандаа тэднээс салж чаджээ. Одоо аймгууд дахь залуучуудын холбоо нэртэй (тэд бас гишүүн элсүүлдэггүй) байгууллагуудын холбоо юм. “Гишүүдээ цуглуулж чуулганаа хийнэ”, “гишүүд сонгоно” гэх мэтээр ам бардам ярьж явдаг.  Магадгүй Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын нэр дээр бүртгэлтэй байж ч мэднэ.

    Төрийн бус байгууллагууд юугаа хийх, хийхгүй нь бусдад падгүй боловч ганц асуултанд бүгд хариулах хэрэгтэй. Тэд Монголын … мөн үү? Хятадын биш, оросын биш, монголынх гэдэг нь ойлгомжтой ч зарим нь монголын нэрийг урдаа зүүдэг, бусад нь тэгдэггүйн учир юу вэ? Хэдэн аймаг, сум, байгууллага, хүнээс төлөөлөлтэй байж Монголын … байх тухайд ямар нэгэн босго, шалгуур алга. Арваад жилийн өмнө хуулийн этгээдийн нэр авахаар очиход Монголын …, Үндэсний … гэсэн үг оруулж болохгүй гэсэн.  Тэгтэл араас Монгол нэртэй телевиз, сонин, компани (ганц жишээ: Монголын санхүүгийн групп), холбоо гэсэн хуулийн этгээдүүд эцэс төгсгөлгүй цувахлаар тухайн үед сайн хөөцөлдөж, арга барагдвал тулж ажиллах хэрэгтэй байснаа хожим ойлгосон.

    Та өнөөдөр Монголын гэж эхэлсэн …. явган зорчигчдын холбоо, ер нь юуг ч хамаагүй байгуулахад хорихгүй байх. Хамаг Монголын байсан ч яахав. Эзэнт гүрний театр хүртэл сонсогдсон. Таны амбицийн хэмжээ мэдэх хэрэг. Сүүлийн үед байн байн хурал цуглаан хийсэн Монголын худалдаачдын холбоонд Баян-Өлгий юм уу, Дорнод аймгийн төлөөлөл лав ороогүй. Гэхдээ цаадуул нь Монголын казах худалдаачдын юм уу Дорнод Монголын худалдаачдын холбоо, бүр томоор сэтгэвэл “Монголын худалдаачдын нэгдсэн төв холбоо”-г санаачлах чөлөөтэй. Цаашилбал, нэрээ тодотгох чөлөөт, хараат бус, шинэ, 21-р зууны, залуучуудын, мэргэжлийн, эсэхүл төгсгөлд нь зүүх нийгэмлэг, ассоциаци, эвлэл, төв, хөдөлгөөн гээд боломж хязгааргүй. Харин спортын болон нарийн мэргэжлийн холбоодын тухайд хүмүүс нь тодорхой учраас асуудал үүсдэггүй байх.

     
  • Mongold 0 on 2018.07.16 Permalink | Reply  

    Улсын наадам 

    2018.07.16.

    Наадмын өдөр. Гэнэт стадионы урд талын хашаа пирхийн нурж үерийн ус мурилзан орж ирлээ.

    Хүмүүс хашгирч үймэлдэхэд авга ах Бямбаа намайг шүүрэн авч хойшоо зүглэн Төв цэнгэлдэхийн баруугаар эгнэсэн жижиг цагаан мухлагуудын хажуугаар, өвдгөөр татсан усыг туучсаар Энх тайвны гүүрэн дээр гарч билээ. Ийнхүү миний санах анхны наадам, 1966 оны гамшигт үер хоёр нэг дурсамж болж үлдсэн юм. Стадион гэж Төв цэнгэлдэхийг биш, харин түүний баруун урд, өнөөгийн Олимпийн хорооны хавийг багтаасан модон стадионыг хэлж байна. Гадуураа гоёмсог хаалга бүхий модон хашаатай. “Хүний мөр” кинон дээр хэсэгхэн зуур харагдаад өнгөрдөг. Өвөл нь мотоциклийн мөсөн замын уралдаан болж, зун нь эргэн тойрны модон байшингуудад дээлтэй, дээлгүй хүмүүс цугларч шагай харвадагсан. Үер буусан тэр өдөр Төв цэнгэлдэхэд маргааш нь Мөнхбат аварга түрүүлсэн бөх барилдаж, харин энэхүү Бага цэнгэлдэхэд янз бүрийн тэмцээн уралдаан болж байсан болов уу.

    Би түүнээс хойш Улаанбаатартаа ихэнх, 1991 оноос хойшхи бүх наадмыг алгасалгүй үзэж, Төв цэнгэлдэхийг нар зөв тойрон хуушуурдаж, наадмын нээлт ба тавын даваанаас хойшхийг ядахдаа зурагтаар, заримдаа дэргэдээс үзэж, сурын талбай, шагайн асруудаар шагайж, бас Хүй долоон худгийг зүглэн соёолонгийн биш юмаа гэхэд хавь ойрын тоосонд даруулсаар өдий хүрсэн байна. Уяачдын наадмыг сонирхдог ч үгүй. Харин хөдөөний наадам нэгийг ч үзээгүй шүү.

    Ийм арвин туршлагатай улсын наадамчны хувьд хэлэхэд наадмаа шинэчлэх юмсан. Начны найраа, сэрвээний өндөр сэлт миний мэдэх асуудал биш, шөвгийн дөрөв, үзүүр түрүү, айргийн тав, баян ходоод тэртэй тэргүй сайхан, гэхдээ эмх цэгц, зохион байгуулалт нь үнэхээр тааруу. Хэзээ хаана юу хэн ямар тухай мэдээлэл, зар үндсэндээ байхгүй.  Телевиз, гар утас, дэлгэц хөгжөөд хэд дахин гоёор, мэдээлэл тайлбартай үзүүлж байхад нөгөө багадаад байгаа, жуулчдад тасалбар олддоггүй Төв цэнгэлдэхэд хоосон суудал есийн даваагаар ч зөндөө болжээ. Төрийн наадам юм бол нээлт нь хатуу дэг жаяг бүхий ёслол баймаар санагдана. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх рүү хүндэтгэсэн шиг хүндэтгэж залах. Түүнээс биш хэн дуртай нь дагаж гүйлдэх биш. Наадмын нээлт хэмээх концертыг гоё болгох гэж оролдох тусам тансаг хэдий ч ядаргаатай шоу болон хувирч байна. Үүний оронд начин, харцага, заан, гарьд, арслан, аварга, тэр дундаа далай, даян, дархан аваргуудыг Төв цэнгэлдэхийн ногоон зүлгийг (жинхэнэ зүлэг болгомоор) дүүргэж танилцуулах, хүндэтгэх. Сүүлийн жилүүдэд бөхийн өргөөнд бөх болгоны нэрийг бүтэн дуудаж танилцуулдаг болсон, 2011 онд 6002 бөхийг жагсааж Гиннесийн номонд бичүүлсэн нь Р.Нямдорж тэргүүнтэй Үндэсний бөхийн холбооны хийсэн хоёр сайн зүйл билээ. Гэтэл өнөөдөр наадмын нээлтээр Хорлоогийн Баянмөнх тэргүүтэй аваргууд дарга нарын өмнүүр зүгээр явж өнгөрөх нь даанч жол. Харин индрийн эсрэг талын цахим дэлгэц дээр барилдааны дүрс, бусад мэдээллийг гаргаж харуулдаг болсон, энд тэндгүй дэлгэц зоож байгаа нь маш сайн. Гэхдээ хангалтгүй. Наадмаа яаж шинэчлэх талаар яриа хөөрөө эхлэх цаг болсон байна.

    Гол асуудал бол Төв цэнгэлдэх өөрөө. Тэртээ 1959 онд баригдсанаас хойш огт шинэчлэгдээгүй. Саяын наадмаар буюу 59 жилийн дараа таваас есийн давааг яг шпротны загас шиг нягтралтай сууж үзлээ. Орж гарах нь бүхэл бүтэн даваа. Ноднин уржнан төв замаас харагддаг байсан Төв цэнгэлдэх энэ жил өндөр барилгуудаар бүрэн таглагдаж хорооллын дундах тоглоомын талбайн зиндаа руу дөхөж байна. Эргэн тойрон ундуй сундуй. Тэр өдрүүдэд хөл бөмбөгийн аварга стадионуудын үзэж тансагласан бидний хувьд арай дэндүү…

    Шинэ стадион хэрэгтэй! Төв цэнгэлдэх нэгэнт өнгөрсөн, ийм учраас хаа нэгтээ шинийг, бүр томыг барихаас өөр аргагүй гэж бүгд ярьж байна. Гэхдээ ойрын жилүүдэд бүтэхгүй, бүтээд ч нэмэргүй. Ямар сайндаа хятадууд нисэхийн дэнж дээр тийм сайхан Спортын ордон барьж бэлэглээд байхад бүгд хуучнаасаа холдож өгөхгүй, бушуухан буулгаж шинийг барих тухай хэрүүлтэй байхав.

    Ойрын тав, арван жил эндээ наадах нь гарцаагүй учраас одоо, дараа жил юу хийхээ бодох цаг. Төв цэнгэлдэхийг өөд нь татахгүй байгаагаа нийслэлийн дарга нар 51 хувийг нь Нямдаваа гэдэг хувь хүн эзэмшдэгээр тайлбарладаг. Үнэхээр тийм. Цаадах нь наадам бүрийн өмнө төсвөөс бага сага мөнгө нэхэж будаг түрхэж жижиг сажиг засвар үйлчилгээ хийлгэдэг. Төв цэнгэлдэх бол зөвхөн ганц стадион биш,  түүнээс хэд дахин том эргэн тойрны талбай байсан. Хөрөнгө оруулж гадагш нь өндөрлөн тэлж хэд дахин том болгоход хүрэлцэх тэр орон зай хаачсан бэ? Нийслэл өөрөө, Нямдаваа хоёр ээлжлэн барилгын компаниудад сэмхэн өгч (мэдээж зарсан байж таарна) орон сууц бариулаад барж буйн гэрчүүд нь наадамчин олон бид юм. Одоо сул харагдаж байгаа газрууд дараа жилийн наадмаар очиход байх уу? Хэрвээ манайд жинхэнэ төр засаг, сайн хот байсан бол Төрийн наадам  хийдэг Төв цэнгэлдэхийнхээ 51 хувийг алдчихаад дөрлүүлж явахгүй байсан.

    Уг нь хамгийн сайхан наадмын талбай бол Яармагийн дэнж. Төв цэнгэлдэх баригдах хүртэл буюу бүр 1930-аад оноос 1960-аад оныг тултал Төрийн наадам энд болдог байжээ. Хотод ойрхон, хүүхэд хөгшидгүй хүрээд очиж чадахаар цэлийсэн сайхан энгэр. Хэдэн ч цэнгэлдэх багтана. Жилдээ нэг удаа наадмынхаа ёслолыг хийгээд бусад цагт нь амралт зугаалга, өвөл нь цана чарга. Ердөө хоёрхон жилийн өмнө ингэж болох байсан. Гэтэл одоо үй түмэн барилгаар дүүргэж байна. Дархан цаазаас нь гаргаагүй байж шүү! Дээр үеийн барилгуудаас хуучирсан, сүйтгэсэн хэдэн балгас, бас голд нь нэгэн хөшөө үлдсэн. Түүнийг 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор ёслол төгөлдөр нээсэн ажээ. Оройд таван хошуу нь байсан нь алга. Баруун тийш харсан энгэрт нь  Лувсаншарав гуайн дурссанаар ийм шүлэг бичсэн байж. Одоо бүрэн баларчээ.

    Үрийн үрээс эрх чөлөөг хүсээд

    Үеийн үеэс тэмцсэн ардын тэмцэлд

    Ачит Ленин, Сталин дэмжиж туслаад

    Ардын төртэй Монгол улс тогтов оо.

    Түүнээс хойш яг 72 жил өнгөрчээ. Ленин, Сталин яахав ээ. Муу, сайн ч гэсэн Төрийн наадам болж байсан газар.

     
  • Mongold 0 on 2017.12.11 Permalink | Reply  

    2017 оны онцлох гурван хүн минийхээр 

    2017.12.11.

    “Үндэстний тойм” сэтгүүл асуулга явуулж байна. Сайн, эсвэл муу гээгүй, зүгээр л “онцлох” хүмүүс гэж асуулаа. Миний хариулт:

    1.Монголчуудад татгалзахааргүй санал тавьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан Х.Баттулга,

    2.Миний дуустал үзсэн цорын ганц нэвтрүүлэг – Shark Tank-ийн эзэн – “Гацуурт”-ын Л.Чинбат,

    3.Тагнуулын ерөнхий газрын даргаас сүр дуулиантай буусан Б.Хурц.

     
  • Mongold 0 on 2017.08.10 Permalink | Reply  

    Албан ёсны мафи 

    2017.08.10. 

    Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафийг их Наран улсад якуза гэдэг. Ямар ямар бүлгүүд байдгийг япончууд байтугай бид мэддэг болсон байх. Гагцхүү тэднийг японы цагдаа нар шоронд байршуулалгүй тэвчээд байдгийг ойлгоход бэрх. Энэ бүлгийн якуза нар цуглаад тэрийг толгойлогчоо болгов, эсвэл хоорондоо муудалцаад алалцаж байна гэхчлэн дэлхийгээр нэг цацаад байхад шүү. Би бага сага уншаад юу ойлгов гэвэл тэдний хэн нь хэн болох, хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг мэдэж байхын тулд тэвчдэг юм шиг байна. Нэг ёсондоо, үргээдэггүй. Хар шилээ зүүж, шивж эрээлсэн бие хаагаа цухуйлгаад явж л байг. Харин даварвал шууд бариад авна. Мэдэж байгаа юм чинь.

    Тэгвэл манайд тийм “сайн эрчүүд” байна уу? Хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс юм хойно байж л таараа. Дээрхэн хэд гурваараа нийлж зодоон, хулгай дээрэм хийдэг байсан бол зах зээлийн эхээр дэл сул юмыг үгсээд сэмхэн туучихдаг, харин одоо татгалзахааргүй санал тавьдаг, тэгээд чаддаг хэсэг бүлэг хүмүүс яах аргагүй байна. Гэхдээ тэд гудамжинд алга. Утасны үзүүрийг хайхлаар явсаар байгаад дээшээ хөврөөд харагдахаа больсон байх юм.

    Ерээд онд Өмнөговь аймаг дахь “Таван толгой” хувьцаат компанийн хувьцаагаар тараасан 49 хувийн ихэнхийг бөөн зарга заальхайн дунд цуглуулсан, дараа нь Өмнөговь аймгийн Засаг даргын зөвлөх болж орон нутгийн мэдлийн 51 хувийн өмнөөс төлөөлөн удирдах зөвлөлд орж дарга нь болсон, тэрбумын татвараас зугтсан зэрэг олон дуулианы эзэн эрхэм 2012 оны сонгуулийн дараа Батлан хамгаалахын сайдаар томилогдсоныг сонсоод Монгол улсын зэвсэгт хүчний генерал, офицер, байлдагчид түүний өмнө тэвхийтэл ёсолж зогсоно гэж бодоход сонин санагдаж билээ.

    Одоо сонин биш болжээ. Мэдсээр байж “мэргэн сонголт” хийцгээж байна. Монгол жижиг улс болоод тэр үү үргээчихсэн бололтой. Тэд далд ороод гоё хувцсаа өмсөөд боловсон дүрээр гарч ирсэн байна.

    Урьд нь тэд буруу зөрүү юм хийж амжаагүй байхдаа өндөр албан тушаалд очоод дараа нь задардаг байсан бол одоо амжуулчихаад очиж байна. Саяхан нийслэлийн ИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдов. Түүний эзэмшдэг “Оюуны ундраа” компани тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын Зайсан толгойг таллан эмтэлж аваад “Хувьсгалт Монгол” танк, Зөвлөлийн дайчдын хөшөөг цэнгээний газрынхаа манаач томилсон билээ. Тэрбээр одоо өндөр суудалд очоод ариун мөрийн замд орох болов уу? Бараг үгүй биз. Ийм хүмүүс урьд нь хууль зөрчөөд хийж байсан үйлдлээ өнөөдөр тушаал, захирамж, тогтоол, бүр хууль болгож байгаад хийж чадна. Албан ёсны мафи гэмээр санагдаад явчихлаа.

     
  • Mongold 0 on 2017.06.14 Permalink | Reply
    Tags: Баттулга Х.   

    Маргаашийн Ерөнхийлөгчийн хүмүүжил 

    2017.06.14.

    Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг зөвхөн гурван нэр дэвшигчийн халз мэтгэлцээн шийднэ гэсэн хүлээлт бий болжээ. Хэнээр хөтлүүлэх гээд бөөн шалгаруулалт. Урьд нь МҮОНТ онцгой эрхээр тасралтгүй зохион байгуулаад олигтой чаддаггүй байсан бол энэ удаад арилжааны телевизүүд холбоогоороо нийлээд гурван удаа явуулахаар зарласан ч өнгөрөгч Бямба гаригийн үдэш товлосон эхний мэтгэлцээн цуцлагдлаа. Зарим улсад одоо тэр албыг хашдаг, эсвэл илүү рейтингтэй нэр дэвшигч мэтгэлцээнд ирэхгүйгээр томордог тактик бий. Жишээлбэл, Путин хэзээ ч оролцдоггүй. Харин манай гурвын хоёр нь ойролцоо яваа байх, гэхдээ Х.Баттулга М.Энхболдтой нүүр тулахад арай эрт гэж үзсэн. Магадгүй зайнаас балбасаар байгаад мэтгэлцэхгүй дуусгана. Бас нэг тактик.

    Хэрвээ мэтгэлцээн болбол ямар байх вэ? Соёлтой, дайрч давшлаагүй, тэгээд хамгийн гол нь бодлогын мэтгэлцээн байх ёстой гэчихжээ. Бусад улс оронд хөтлөгчийг алгасаад өөр хоорондоо хэрэлдэх бол юу ч биш, үүнийг зурагтаар зөндөө харлаа. Манайх шиг, Ерөнхийлөгч болбол юу хийх вэ гэсэн асуултанд ээлжилж хариулсан үлбэгэр яриа байдаггүй. Ер нь мөрийн хөтөлбөр шиг худал хуурмагаар дүүрсэн хоосон цаас байдаггүй билээ. Манай гэрт хамгийн түрүүнд оруулж өгсөн М.Энхболд, Х.Баттулга хоёрын сурталчилгаа, мөрийн хөтөлбөрийн гарчгууд (“Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бүтээнэ”, “”Иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг дэмжинэ”, “Ажлын байрыг ахицтай нэмнэ”, “Олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа”), тэдгээрийн цаана буй “Иргэдийн. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж…” гэх мэт өгүүлбэрийн аль нь хэнийх болохыг шууд хэлэх хүн байна уу? Хамгийн сүүлд авсан С.Ганбаатарын мөрийн хөтөлбөр “Есөн хүсэл, есөн зорилт” нэртэй бөгөөд цаашаагаа “Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл ба ядуурлыг арилгана” гэхчлэн үргэлжлэв. Энэ гурваас уйгагүй хайвал, цэргүүдээр ажил хийлгэх зэрэг ганц хоёр содон санаа олдож магадгүй. Ерөнхийдөө, УИХ-ын сонгуулийн үеийн намуудын мөрийн хөтөлбөрөөс ялгаа алга.

    Ер нь манайд Ерөнхийлөгч гэж хэн бэ? Юу хийх ёстой, бас юу хийх ёсгүй бэ? Парламентийн засаглалтай Монгол Улсад энэ хүний хамгийн сайн хийх ёстой зүйл бол – УИХ нь, хууль шүүх нь, Засгийн газар нь хийх ёстой ажлаа хийх, харин ард иргэд амьдралаа өөрсдөө аваад явахад саад болохгүй байх явдал мөн. Зөвлөхөөрөө юмуу тамгын газартаа ажилд авах гээгүй юм бол “Ажлын байрыг ахицтай нэмэх” нь түүний үүрэг яавч биш. Дайн байлдаан, их цэрэг хөдөлгөх гээд онцгой юм тохиолдохгүй бол цэмбийгээд, Үндсэн хуулинд бичээд өгсөн билэг тэмдэг болоод сууж байх. Овоо тахиж, одон тараавал тараасхийгээд. Өмнөх ерөнхийлөгч шиг бүх юманд хөл, гар, хүзүүгээ шургуулж, жонхуу хутгахгүй, гарт таарснаа ийш тийш авч давхихгүй байх. Тогтуун, бат бэх, тайван байх. Дураараа дургидаггүй, хуульд захирагддаг байх.

    Нэр дэвшигчийн өөрсдийнх нь сурталчилгааг үзэх юм бол төгс гурван хүмүүн ажээ. Харин бие биенийхээ муу муухайг дэлгэсэн, эргүүлээд хариу барьсан гурвалжин дөрвөлжин хэрүүлийг үзэх юм бол жинхэнэ авлигач, хулгайч, худалч гурав нэр дэвшжээ. Төсөл сонгон шалгаруулж, эсвэл дуудлагаар худалдах учиртай нийслэлийн газрыг тэгэхгүйгээр баруун солгойгүй зарсан, хэдэн зуун тэрбумыг урсгасан төмөр зам, аж үйлдвэрийн цогцолбор баригдаагүй, ардын намынхны 60 тэрбумын яриа, өчигдөр уржигдар илэрсэн офшор хөрөнгө… Баримттай юм уу? АН-аас нэр дэвшигч “Женко” Х.Баттулга анхныхаа компанийн нэрийг олж авсан гэгдэх “Загалмайлсан эцэг” киноны гол дүрийн жүжигчин Аль Пачино “Хүний үйлдэл нь үгнээс нь үргэлж чухал байдаг. Зарим хүн чам руу хоёр цаг хашгичсан хэрнээ тусалдаг. Зарим хүн чамтай хоёр жил нялуурчихаад урвадаг” гэсэн бий. Өөр нэгэн суутан “Үг ярианд хэзээ ч бүү итгэ. Зөвхөн үйлдлийг нь хар. Тэгвэл бүх юм тодорхой болно” гэжээ. Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд улам ихээр цацагдаж буй эдгээр болон бусад “хар пиар”, “гүтгэлэг”, “хов жив”-үүдийн цаана гарцаагүй баримтууд байна. “Үнэний хувь” гэж ойлголт бий. Энэ хувь хэд болох тоон дээр маргаж болно, гэхдээ хараал ерөөл, гуйвуулга, хачрыг хассан ч дан баримтууд.

    Ямар ч хүн нэгэн сайхан өглөө босоод гэнэтхэн авлигач, худалч, хулгайч болдоггүй. Манай гурвын намтрыг сөхөх юм бол үүнд олон жилийг зарцуулж түүхэнд ул мөрөө үлдээжээ. Зах зухаас нь санаж байна. 1999 онд Миеэгомбын Энхболд нийслэлийн дарга болмогцоо хэдэн телевиз дагуулан хоттойгоо танилцах зуураа Хан-Уул дүүрэгт боксын холбооны нэрээр барьсан Сайхансамбуугийн SS клуб гэгдэх барилгууд илт хууль зөрчсөнийг хараад ихэд хилэгнэн шууд буулгах үүрэг өгч, түүний шударгыг дээр доргүй шагшсан билээ. Даанч буулгаагүй, тэр үеэс л эхэлсэн байх даа. Халтмаагийн Баттулга 17 чингэлэг спирт оруулж, Максимпекс, Баянгол, Талх чихэр-ийг хувьчилж авсан хэдэн сар. Сайнхүүгийн Ганбаатар гэдэг залуу “Би Англид банкинд дэд захирлаар дэндүү өндөр цалинтай ажилласаар залхлаа” гэсээр онгоцноос буусан тэр мөч. Энэ гурвыг манай энхрий хайрт намууд сонгогч бидэнд өргөн барьжээ. Уг нь иймэрхүү нөхдөд шүүлтүүр болж, тэртээ доохнуур тогтоож байхын тулд нам гээч юм баймаарсан. Гутармаар, гэхдээ азаар зөвхөн нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Харин үлдсэн авлигач ба хулгайч, эсвэл хулгайч ба худалч, эсвэл авлигач ба худалч хоёулаа ялагдана гэж тайвширсугай.

    Насанд хүрсэн хүнийг, тэр тусмаа улс төрчийг өөрчилж болно, үгүй бол өөрсдөө засарна гэдэгт би итгэхгүй. Эхлээд нэг худлаа ярьсан бол бол түүнийгээ далдлахын тулд дараа дараачийн худлааг хэлсэн, тэгээд шулуудсан байж таарна. Нэг урвасан бол дахиад урвана гэж үзээд толгойг нь авдаг байсан өвөг дээдэс бидэнд юуг захиж үлдээсэн гэвэл – сурсан юмыг сураар боож болдоггүй. Манай хэвлэл мэдээлэл аль ерээд оноос “Ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ” хэмээн амалж тун цовоо эхэлсэн ч барсангүй. Ядахдаа зарим нэг булчирхайг нь олигтой хөгжүүлж чадсангүй. Манайд улаан цайм баримтууд ямар ч үр дагаваргүй замхраад байх юм. Улс төрчид сонин хэвлэл, радио, телевизээс айхаа больжээ. Очиж очиж нэр дэвшигчид өөрсдөө баримт дэлгэж, сэтгүүлчдэд захиалга өгөн бусдыгаа илчилж, харин сонин хэвлэл, радио, телевизүүд зүгээр нэг дамжуулагч суваг төдий болжээ. Тэгтэл нийгмийн цахим сүлжээ гарч ирээд гүйцээчихэв..

    Харин энэ сонгуулиар телевизүүд ганц тусгаар ажил хийж магадгүй болсон нь мэтгэлцээн. Гэхдээ бодлогын биш баримтын мэтгэлцээн байвал зүгээр ч юм уу…

     
  • Mongold 0 on 2017.02.02 Permalink | Reply  

    Ердөө энэ үү?  

    2017.02.02.

    Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-нд төрсөн өдрөө тэмдэглэж байх учиртай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе-г албан тушаалаас нь түдгэлзүүлсэн, төдөлгүй бүрмөсөн огцорч мэдэхээр болоод буйн шалтгааныг сонсоход хачирхмаар. Тэрбээр далаад онд ээж, аавыгаа алуулсан, нөхөргүй, тэгээд бөө удган талын нэг сайн найз хүүхэнтэй, тэрэнтэйгээ хамаа намаагүй юм ярьдаг, Ерөнхийлөгч болсноосоо хойш төрийн хэрэг явдлаас хуваалцаж, заримдаа хэлэх үг, илтгэл, бичиг цаасаа үзүүлж зөвлөгөө авдаг байснаас буруутжээ. Бас солонгосын том компаниудаас найзынхаа мэдлийн хоёр санд мөнгө хандивлуулж байсан ч гэх шиг.

    Бидний жишгээр бол “ердөө л энэ гэж үү?” Манайд алба ажлынхаа талаар журмын нөхөр, ангийн анд, нутгийн дүүтэйгээ ярьж зөвлөдөггүй төрийн өндөр нам албан тушаалтан байдаг болов уу. Бүр шууд л дуудаж авчраад зөвлөхөөр томилчихож байгаа юм чинь. Харин Пак Кын Хе тэгээгүй. (Ерээд онд манай анхны Ерөнхийлөгч жинхэнээсээ үзмэрчтэй байсныг гэнэт санав). Нөгөө мөнгө төгрөгний асуудал бол ноцтой. Гэхдээ өөртөө ширхэг ч вон унагаагүй, бас найздаа мөнгө хандивлахыг үүрэгдсэн баримт хараахан олдоогүй. Бодвол, цаадуул нь нэгдүгээр хүний найз гэдгийг мэдээд “ухамсраараа” өгсөн биз. Тэгвэл Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч найзынхаа компанид “ахиухан туслаарай” гэж Эрдэнэт рүү өөрөө утасдсан, одоогийн Ерөнхийлөгчийн эхнэрийн мэдлийн санд хандив цуглуулах арга хэмжээг Рио Тинто компани бүр АНУ-д очиж зохион байгуулж өгсөн баримт, тоо, зураг хөрөг байж л байдаг. Мөн Оюутолгой компаниас байр сууц авсан, эрх бүхий байгууллага нь шалгаж эхлээ ч үгүй байхад Ерөнхийлөгч өөрөө Эрдэнэтийг сэм хувьчилж авсан нөхдийг өмөөрч цамнаад байсан гээд л…

     
  • Mongold 0 on 2017.01.12 Permalink | Reply  

    Иргэд ээ, хорооныхоо сонгуульд оролцогтун! 

    2017.01.12.

    Энэ удаад сонгууль гэж хэдхэн сарын дараа нүргэлэх Ерөнхийлөгчийн биш, харин хэдхэн хоногийн дараачаас сэмээрхэн эхлэх, тэгсэн хэрнээ хожим сонсоход бөөн будлиантай шуураад өнгөрсөн байдаг нийслэлийн хороодын иргэдийн нийтийн хурлуудыг хэллээ. Хурал нэртэй ч түүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч таван хүнийг сонгож, бас хорооны Засаг даргад нэр дэвшүүлдэг учиртай. Хорооны ардчилал ингэсхийгээд дуусах бөлгөө. Дараачийн дөрвөн жилд бүртгэл, шилжүүлэг энэ тэр гэж хуруу дарам удаа ороод гардгийг эс тооцвол хороо хорин бидэнд нэг их падлийгүй. Аа тийм, орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлэг гэж сүр дуулиантай эхэлсэн, сүүл рүүгээ замхарч буй нэг ажил буй.

    Хорооны хурлыг намууд өрөөсөн нүдээрээ ч тоож хардаггүй мэт харагддаг хэдий ч цаагуураа бол булаацалдаад үзэж тарсан байдаг. Тэр хавиас сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн дүүргийн хурлын төлөөлөгч, Засаг дарга нарт өөрийн талын хорооны Засаг дарга тун хэрэгтэй байдаг бололтой. Уг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд баг, хорооны иргэдийн нийтийн хуралд намууд оролцох, нэр дэвшүүлэх тухай үсэг ч байхгүй. Харин бодит байдал дээр хорооны засгийн эрхийн төлөө жинхэнэ улс төрийн сонгууль болдог тул жирийн иргэд дайжиж анхнаасаа маш муу оролцож ирсэн. Арга бараад 20-30 өрх тутмаас нэг хүн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж хуулинд оруулаад орхисон билээ. Нийслэлийн 152 хороо тус бүр дунджаар 8000-9000 хүн, барагцаалбал 2000-аад өрхтэй гэж үзвэл зуу хүрэхгүй хүн цуглахад хүчин төгөлдөр болчихож байгаа. Бас хэн ямар өрхийг төлөөлж ирснийг бүртгэдэггүй, давхардсан эсэхийг тоолдоггүй эмх замбараагүй цугларалт болж өнгөрдөг.  Тэгээд завааруулж өгнө дөө.

    Урьд жилүүдийн иргэдийн нийтийн хурал тойрсон адал явдлуудаас зарим нэгийг тоймолбол:

    • Иргэдийн нийтийн хурлын зарыг урьд өдрийн орой, хүмүүс гэртээ орсон хойно наадаг. Маргааш өглөө нь ажил, сургуульдаа яарсан оршин суугчид олж хардаггүй, харсан ч ажлаа зохицуулаагүй тул амжихгүй. Тэр тусмаа голдуу ажлын өдөр байдаг. “Оршин суугчид өөрсдөө идэвхгүй, голдуу ахмадууд оролцдог” гэдгийн үндсэн шалтгаан энэ.
    • Ирц хүрсэн, зааланд багтахгүй нэрээр нэмж ирсэн хүмүүсийг оруулдаггүй. Би орох ёстой гэж зөрүүдлэвэл хорооны байцаагч хэв журам сахиулаад бэлэн зогсож байх. Хуулинд “хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно” гэж байдаг ч хэзээ ч тэгдэггүй.
    • Хорооны нийтийн хуралд нийслэл, дүүргийн төлөөлөгчид ирээд сүр бараагаа харуулж, бас үг хэлж чиглүүлдэг, тэр байтугай намууд хурлын тэргүүлэгчид, Засаг даргад албан ёсоор хүмүүсээ дэвшүүлж санал хураалгадаг.
    • Тухайн хороон дахь МАНАН-гийн хоёр үүр тус тусын намын гишүүдийг олонхи байлгахын тулд есөн шидийн арга хэрэглэнэ. Өөрийн намын үүрийн гишүүдэд ширхэгчлэн зарлаж тэднээр ирц бүрдүүлээд хуралддаг. Эсвэл тулгаж байгаад хурлын байр, цагаа өөрчлөхөд нөгөөдүүл нь мэдэж амждаггүй, амжсан ч олуулаа ирж чадахгүй. Намын үүрийн хурал гэж эхлээд түүнийгээ иргэдийн нийтийн хурал болгож хувиргадаг. Зарим иргэн сэжиглээд хүрч ирвэл намын үүр хуралдаж байна гээд буцаана. Ням гаригийн өглөө эрт Иргэдийн нийтийн хурлыг гэнэдүүлж хуралдуулсныг нөгөө намынхан мэдэлгүй гэртээ унтаж байгаад чадуулсан өрөвдөлтэй түүх бий. Нэгэн удаа 300-аад хүн цугларч зааланд багтахгүй байсан тул хойшлуулахаар шийдээд тараасны дараа нэгэн намын үүрийнхэн сэм тохирч үлдээд хуралдсан гэх мэт.

    Иймэрхүү тохиолдолд тамга атгаж суугаа нь дийлэх талдаа, гэхдээ дүүргийн Засаг дарга нөгөө намынх бол хорооны Засаг даргыг батламжлахгүй, ажлаа өгөхийг шахна, гэнэт халагдсаны 10 саяар даллаж өргөдөл бичүүлнэ, үүрэг гүйцэтгэгч томилно гээд арга мундахгүй.

    Монгол улсын хуулинд баг, хороо гэж цугтаа бичигддэг. Хөдөөний ба аймгийн төвийн багийн иргэдийн нийтийн хурлуудын талаар элдэв сураг дуулддаг, гэхдээ сайн мэдэхгүй учраас орхисугай.

    Үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль гэж ярьдагсан. Тэгвэл өнөө цагт баг, хороо (бас Сууц өмчлөгчдийн холбоо) ардчиллын сургууль баймаар санагдана. Харамсалтай нь тэгэж өгөхгүй байна. Харин энэ удаагийн хорооны иргэдийн нийтийн хурлууд яах бол? Маргааш, нөгөөдөр буюу энэ амралтын өдрүүдэд энд тэндгүй эхэлж байгаа даа…

    Төгсгөлд нь зураг үзүүлье. Швейцарийн иргэд хуралдаж саналаа өгч байгаа нь гэнэ ээ.

    swiss-democracy

     
  • Mongold 0 on 2016.11.28 Permalink | Reply  

    Бид агуу …. 

    2016.11.28.

    Бид агуу. Хүний түүхийг хэсэг зуур манлайлсан болоод тэр үү, өнөөдөр хоёр гүрний завсарт хавчуулаастай хэрнээ хүзүү сунган шоволзож, юм л бол монгол хүний генээс эхлээд дуучныхаа хоолойг дэлхийд зарлаж, Гиннесийн ном, Дэлхийн банк, стратегийн ордоос доош, их наядаас бага, 2030, 2040 оноос нааш юм ярихаа больжээ. Дээдсийн захиснаар мориноосоо буугаад тогтож хайрлахын оронд сав л хийвэл буцаж мордсоор өдий хүрлээ.

    Бид том үйлтэй улс байж магад. Ер нь зорьсон хэрэг өчүүхэн аваас юу хүлээхэв. Их ашиг том наймаанаас л унах нь гарцаагүй. Оготнын нүх сахивал оготно л гарч ирнэ гэж үг бий. Даанч монголын том, их, агууг дандаа жижигхэн юмаар баллачихаад байна. (Англиар The devil is in the detail, оросууд “Дьявол в деталях” гэдэг, харин манайхны орчуулснаар “Чөтгөр жижиг юмны цаана нуугддаг” гэж яг үнэн) Тэр жижигхээн юм бол ердөө л ганц хүн, өчүүхэн санаа, бяцхан худал хуурмаг сэлт байх юм.

    Бид агуу юм чинь дээрээс эхлэе. 2016 оны УИХ-ын сонгуулиар хэдэн зуун мянган хүний санал гээгдэж нэг нам хэт давамгайлсны шалтгааныг сонгуулийн тогтолцоо гэж бүгд оношлоод байна. Хуулиа эхний удаад батлахдаа сонгуулиас өмнөх 6 сарын дотор өөрчилж болохгүй тухай заалтыг А.Бакей нэртэй ганц гишүүн далд санаагаар сэмхэн хасч мэдэн будлиагүйсэн бол хавар нь УИХ-ын дарга З.Энхболд бүх суудлыг сөрөг хүчиндээ амсуулалгүйгээр хамах ховдог тооцоогоор шургуулсан өөрчлөлтүүд орохгүй, улмаар өөрсдөө онхолдохгүй байсан. “Болохгүй” гэсэн хуулийн ганцхан өгүүлбэрийн үнэ цэнэ!

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Риогийн олимпын чөлөөт бөхийн 65 кг-ын төгсгөлийн хэдхэн секундэд хөөрцөглөж байж медальгүй хоцорсон Мандахнаранг шүүгчид шийдчихээд байхад эсэргүүцэн хувцсаа тайлж шидэлсэн хоёр дасгалжуулагчийг зад өмөөрсөн билээ. Ерөнхийлөгчийнхөөр бол, тэд эх орноо нүцгэн цээжээрээ хамгаалсан баатрууд. Золтой л улсын баатрын тэмдэг зүүсэнгүй. Гэхдээ барилдаан яавч 5 мин 41 секунд биш, бүр 5 минут 56 секунд ч биш, яг 06 минут 00 секунд үргэлжилдэг дүрэмтэйг хааш нь хийх вэ? Дөрөвхөн секунд!

    Наймдугаар сарын 30-нд Хөвсгөл нууранд 26 настай залуу хамгийн бага нь зургаан настай дөрвөн жаалыг суулган зугаалж явсан моторт завь хөмөрч бүгд амиа алдсан билээ. Ослын мөрөөр телевизийн хэлэлцүүлэг болов. Хянаж шалгадаг хүмүүсийн тоо цөөддөг хэмээн арай баримжаатай эхэлснээ завины дүрмийг монголоор орчуулья, эрх зүйн орчин дутуу байна, нуурын эргээрх жуулчны баазуудыг холдуулах хэрэгтэй гэхчлэн дээш хөөрсөөр Хөвсгөл нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх Азийн хөгжлийн банкны гурван том төсөл хэрэгжүүлэхийг зарласнаар өндөрлөв. Завинд суусан хүн бүр аврах хантаазийг гэрээсээ гарахдаа гутлаа угладаг шигээ заавал өмсөх, бас өмсүүлж байх аргыг банк манкнаас өмнө олох ёстой байсан биш биз? Нөгөө осолдсон хүүхдүүдийн хэн ч тийм хантааз өмсөөгүй, гэтэл завины урд хайрцагнаас хүүхдийн 4, том хүний 5 хантааз гарч ирсэн гэж тэнд очсон сэтгүүлчид ярьжээ. Азийн хөгжлийн банк уу, аврах хантааз уу? (Найзыгаа уснаас аварсан сурагч хүүгийн нэгэн түүх. Багш нь ангийнхний нь өмнө баатарлаг явдлыг магтахын хажуугаар, ийм сайн хүү хичээлээ давтдаг, үймүүлдэггүй байх ёстой гэх мэтээр далимдуулахад бяцхан гомдсон хүү тэсгэлгүй хэлсэн нь: усанд сайн сэлдэг байхад болохгүй юм уу?)

    Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчийн хэдэн өдөр хэвлэл мэдээллээр замын хөдөлгөөний шинэ хууль журам 9-р сарын 1-нээс хэрэгжинэ, зөрчвөл хатуу шийтгэдэг болох тухай шуугисан билээ. Нэг нь эхлүүлж бусад нь давалгаалуулсан хэрэг. Хайлтын системд үлдэж хоцорсон зарим мэдээний гарчгийг огноотой нь дурдваас:
    “Aug 30, 2016 – Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль нөгөөдрөөс буюу 9-р сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Шинээр хэрэгжиж эхлэх энэхүү хуулиудтай …”
    “Sep 1, 2016 – Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон. 9-р сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн …”
    Aug 4, 2016 – Есөн сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Aug 30, 2016 – 9 сарын 1-нээс ЖОЛООЧ таны баримтлах 24 дүрмийг танилцуулж байна
    2016 оны 08-р сарын 30. Есдүгээр сарын нэгнээс Замын хөдөлгөөний дүрмийн хатуу чанга 24 заалт … 1. … Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48.000 төгрөгөөр торгоно…
    Замын цагдаагийн газраас арга буюу залруулга гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүйг анхааруулсан. Хүчин төгөлдөр болоод бүтэн жил өнгөрсөн хуулийг бидний нэг хэсэг огт мэдээгүй тууж явсан байна. Юун хэрэгжүүлэх…

    “Хэн нэгнийг буруутгахдаа биш, гол нь тогтолцоог өөрчлөх хэрэгтэй” гэж гоё тайлбар биднийг эзэмджээ. Ингээд хамаг улсаараа бодлого, хөтөлбөр, стратеги, хууль ярих ажилтай. Шинэ хууль батлангуут боловсронгуй биш, цоорхойтой тухай дуугарч эхлэнэ. Яг хэрэгжүүлэх болохоороо өөрчилж орхино. Эцэстээ гол буруутанг олж тогтоогоод давшилж буй нь Үндсэн хууль гуай. Нэгэнт тогтолцооны буруу юм чинь хэн ч хариуцлага хүлээхгүй. Нам дамнасан олигархууд гэж том цоллодог ч нэрлэдэггүй. Эрдэнэт үйлдвэрт 10 жилийн цаас шахсан, шахуулсан нөхдийг зарлахад л бүх асуудал шийдэгдэх байтал “хэн нэгнийг буруутгаад яахав”. Элдэв эрхмүүд зурагтаар “энэ хэний шидсэн чулуу болохыг мэднэ” гэж даналзах авч төдөлгүй мэдэхээ байчихна.

    Нийслэлд барилга байшин чихэлдэж зам бөглөрсөн явдал 30-40 жилийн өмнө зөвлөлтүүд Улаанбаатарыг 600 мянган хүн амьдрахаар тооцоолсноос болсон гэж гомдоллодог монгол заншил дэлгэрчээ. (Нээрээ яагаад 1,3 сая хүний орон сууцыг барьж бэлтгээд түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд яваагүй юм бол? Бүр машины зогсоолтой нь!) Ингэж хэлмэгц 1990 оноос хойшхи нийслэлийн бүх Засаг дарга нар хөөрхий хохирогч болцгоож байгаа юм. Газрын мафи гэж байх ч үгүй. Уг нь газар, барилгын зөвшөөрөл тус бүрийн дор гарын үсгээ тавьдаг албан тушаалтнуудаас ядахдаа цор ганц нь хууль, журам, норм стандартын хэдхэн тоог ягштал бариад “үгүй” гэсэнсэн бол нийслэлийн бүх орон сууцны тоглоомын талбай бүтэн, тухайлбал, Зайсангийн ам чигжигдэхгүй байсан. Хуулиараа бол тэндхийн барилга, байгууламж аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон учраас хоорондоо 5 км-ийн зайтай байх ёстой, гэхдээ өнөөдөр ядахдаа 5 метрийн зайтай баригдсан нь яамай даа. Бас Туул голын хамгаалалтын бүс дотор хайрга олборлохгүй байсан. Өнөөдөр эксковатораар ус самардах нь холгүй ухаж байгаа. Саяхан УИХ-аас байгуулсан ажлын хэсэг түүгээр үүгээр явж үзээд голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох хэрэгтэй гэжээ. Агуу нээлт хийсэн байна шүү! Анх зөвшөөрөл хүсэхэд нь Ашигт малтмалын юмуу байгаль орчны хэн нэгэн албан тушаалтан “болохгүй ээ, хууль зөрчинө” гээд зогсоож болох байсан. Хувь хүний түүхэнд гүйцэтгэх үүрэг гэж энэ. Заавал эзэн хаан юмуу жанжин байх албагүй.

    Саяын сонгуулиар нэр дэвшигчид Монгол Улсыг хямралаас аврах аргыг уралдан хэлж өгсөн билээ. Тэр арга бол: НАМАЙГ СОНГОЧИХ. Даанч УИХ-ын орон тоо ердөө 76 тул бусдыг нь унагаад үлдээсэн хэд маань сонгуулийн дараа олигтой мэдэхгүй болж таарлаа. Чухам мэдэхгүй байгаа учраас хаа сайгүй нэвтрүүлэг, чуулган, уулзалт, клуб, өглөө оройны цай ундаар энэ асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулалт татах, зээлийн хүүг бууруулах талаар уралдаан тэмцээн хүртэл зарладаг болов. Юу хийх ёстойг бүгд хэлж байна, гагцхүү чадах уу? Өнгөрөгч есдүгээр сард нэгэн арга хэмжээн дээр германы элчин сайд Монгол Улс “гайхамшгийг бүтээх” гэхийн оронд “гэрийн даалгавраа сайн хийхэд л хангалттай хөгжинө” хэмээн зөвлөжээ. Учиртай хэлсэн байна. Хууль, дүрэм, журмын яг заалт, түс тас овог нэр, алгасаагүй бүртгэл, хөдөлшгүй тоо цифр, минут, секунд мэтийн “жижиг сажиг” асуудал Монголыг аврах болж байх шиг …

    Бидний агуу арай хэтрээд байна.

     
  • Mongold 0 on 2016.06.29 Permalink | Reply  

    Мэтгэлцэх шахав 

    2016.06.29.

    Сонгуулийн сурталчилгааны оргил бол мэтгэлцээн. Тэр тусмаа нэр дэвшигч намууд социализмын ялалт амжилт, бүтээн байгуулалт маягийн ухуулгаар сонгогчдыг булж, завсраар нь бие бие рүүгээ хөлсний сэтгүүлч, хэвлэл мэдээллийг хулгайгаар илгээж өрсөлддөг манайд ганц үзүүштэй юм байж болохсон. Нүүр нүүрээ харж суугаад (эсвэл зогсоод) үзэлцэнэ гэдэг бол шударга.

    2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа өндөрлөх мөчийг угтуулан МҮОНТ парламентад суудалтай намуудын дарга нарыг зэрэгцүүлж суулгасан нь болжээ. Нэгэн бичил намын дарга VIP хэмээн гомдонгуй цоллосон дөрвөл буюу АН, МАН, МАХН ба ИЗНН-ын даргын яриаг хөтлөгч нь мэтгэлцээн гэж хэлчихэж чадахгүй бөөрөнхийлж “мөрийн хөтөлбөр, бодлого зорилтондоо юу тусгасан талаар олон нийтэд мэдээлэл өгөх” гэж зарласан нь жол сонсдов.

    “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө”. Дараа дараачийн хүн мэдэж аваад хариу барих учраас тэр. Улс төрийн намын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал саналын хуудсан дээр бичигдэхэд давуу тал хэдий ч мэтгэлцээнд эсрэгээр ажээ. Энэ орой тэр дарааллаар сөөлжүүлэхэд таван удаагийн хоёрт нь ууган намын дарга түрүүлж дуугарахад хүрэв.

    Эхний асуулт. Уул уурхайн салбар улс орноо хөгжүүлэх цорын ганц хүчин зүйл биш, иймд улс орноо хөгжүүлэх талаар танай намын зорилт юу вэ?

    М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр гэсэн дарааллаар хариулав.

    Дээрх асуултыг дарга нарт урьдчилж өгсөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ З.Энхболд уул уурхай ба бусад салбарыг харуулсан хоёр өнгийн дүрс авчирчээ. Сонирхолтой…

    Хоёрдахь асуулт: Засгийн эрхэнд байсан намууд хийсэн ажлуудаа яг таг, баримттай хэл.

    З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд

    Бүгд л УИХ-д зэрэгцэн сууж, бас Засагт орж хөөгдөж гартлаа урт богино хугацаагаар эрхэлсэн учраас “их ч идсэн өмхий, бага ч идсэн өмхий” болоод явчихав.

    Гуравдахь асуулт: “Олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэдэг талаар. Өр үү, зээл үү?

    Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд

    Хамгийн сүүлд хариулсан З.Энхболд ноутбукийн дэлгэцэн дээр диаграм гарган харуулаад өмнөх гурвын шүүмжлэлийг няцаав. Бараг өргүй юм байна.

    Дөрөвдэх асуулт: Сүүлийн үед  иргэдийн хариулт хүсч байгаа … төрийн албан хаагчдыг сольж 60 тэрбум төгрөг авах тухай …

    Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг

    Эхний гурван асуулт том, “бодлогын” байсан бол энэ илт МАН-ын эсрэг байж Н.Энхбаяр, З.Энхболд хоёр ам нийлүүлэн МАН-ыг балбаж өглөө.

    Төгсгөлд нь намын дарга нараар дүгнэлт хэлүүлсэн дараалал нь М.Энхболд, З.Энхболд, Ц.Ганхуяг, Н.Энхбаяр.

    МҮОНТ арайхийж зохион байгуулсан энэхүү “мэдээлэл өгөх ярилцлага”-аа гүтгэж доромжлохгүй, яриаг нь таслахгүй гэхчлэн хайрцаглаж, хөтлөгч нь асуултуудаа бүтэн хэлж чадахгүй бувтнаж, тэр байтугай нэг удаагийн хариултыг АН-ын даргаар эхлүүлсэн хэрнээ түүгээр дуусгах шахаж будилсан ч З.Энхболд, Н.Энхбаяр хоёр М.Энхболд руу байн байн дайрч (гуравдахь ерөнхийлөгч маань бас дөрөвдэхийгөө чимхээд амжив), нөгөөдөх нь няцаахыг оролдсоноор бага сага мэтгэлцэх шинж орсон. Гүтгэж доромжлохгүй тухай зааврыг Н.Энхбаяр сүүлд нь “Би хэн нэгнийг дайрч шүүмжлэхийг бодсонгүй, харин буруу үйлдлийг шууд хэлж сурах хэрэгтэй” гээд нясалчихаж байгаа юм. Манай улс төрчид мэтгэлцэх түвшинд хүрсэн атал олон нийтийн телевиз гэж бөөн садаа …

    Сурталчилгааны хугацаанд олон нийтийн телевизээр гаргасанн УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн “мэтгэлцээн” нэртэй ярианууд өөр өөр тойрогт нэрээ дэвшүүлсэн, хоорондоо өрсөлдөөгүй эрээвэр хураавар нөхдийг (мөнгө төлснөөр нь юм болов уу) цуглуулж ээлжлэн яриулсан нь ямар юмны мэтгэлцээн байхав. Хэрвээ 60-р тойрогт нэр дэвшсэн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, эсвэл 61-р тойргийн С.Батболд, М.Батчимэг хоёрыг гэх мэтээр зэрэгцүүлж зогсоогоод (эсвэл суулгаад) үзэлцүүлсэн бол өөр хэрэг. Гаднын сонгуулийг ажиглахад, том намын юм уу өндөр рейтингтэй улс төрчид доошоо орж холилдох ашиггүй учраас мэтгэлцээнд ирэхгүй байх магадлалтай ч тойргийн бусад нэр дэвшигчид бүгд хүрээд ирнэ, ингээд ядахдаа гуравдагч нөхдийг хэн нь хэн болохыг сонгогчид харьцуулж харах байсан.

    Хэзээ нэг манай олон нийтийн телевиз мэтгэлцээн зохион байгуулж сурах юм бол? Дахиад нэг дөрвөн жилийг алджээ.

     
  • Mongold 0 on 2016.02.07 Permalink | Reply  

    Сонгуулийн өмнө хэвлэл мэдээлэлд онц байдал тогтооно 

    2016.02.07.

    2016 оны сонгуулиар хамгийн чухал мэдээллийн хэрэгсэл болсон телевизүүд зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооны хуваариар дуугарах үүрэгтэй. Эрхтэй биш үүрэгтэй! Тэндээс зангахад амаа нээж дахиад зангахад амаа хамхина. Биш ээ, тэдний ам нээгдэхгүй, зөвхөн нам, нэр дэвшигчдийг яриулна, өгсөн нэвтрүүлгийг гаргана. Сэтгүүлчид өөрсдөө юу ч хийж болохгүй. Тэр тусмаа байр сууриа илэрхийлэх, шүүмжлэх, эрэн сурвалжлах тас хориотой. Энэ бүхэн 2008 оны 7-р сарын 1-ны дараах Онц байдлын дөрөв хоногт МҮОНТ цагдаагийн ерөнхий газрын мэдэлд очсоноос огт өөрцгүй юм. Энэ удаад ялгаа гэвэл бусад телевизийг хаахгүйгээр бүгдийг Сонгуулийн ерөнхий хороо мэдэлдээ авна.

    Өмнөх сонгуулиар Интернэтийн сайтыг яаж хянахаа учраа олохгүй зүгээр орхисон бол энэ удаад нийгмийн сүлжээг хүртэл хаахад бэлэн. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ыг хориглосон байна. Ямар мэдээлэл бодьгүй, хуурамч гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тогтооход Харилцаа холбооны зохицуулах хороо хааж өгнө.

    Нэг л өдөр, тэр тусмаа ганц энэ сонгуулийн хуулиар ийм болчихоогүй. Эрх баригчид сонгууль болгоны өмнө хуулиа өөрчлөхдөө барьцаа чангаруулсаар явсаар ийм болов. 1990-ээд онд сонгуулийн сурталчилгаа хэдэн сараар үргэлжлэхэд хэвлэл мэдээлэл нэр дэвшигчдийг зоргоороо магтдаг, гэхдээ бас айж ичихгүй балбадаг, тэгээд алдаж оноод явдагсан.

     
  • Mongold 0 on 2016.01.24 Permalink | Reply  

    Сонгуулийн сурталчилгааны зургаан сар 

    Хуулиараа бол 2016 оны cонгуулийн сурталчилгаа тэртээ зургадугаар сард 17-хон хоног явагдаад дуусах ёстой юм гэсэн. Гэтэл 2014 оны төгсгөлөөр хууль батлагдмагц сурталчилгаа шууд эхэлж өнөөдөр ид буцалж байх юм. Тооцоолж үзэхэд, албан ёсны сурталчилгаанаас бараг 10 дахин урт хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ бол ноднин эрх баригчид сонгогчдын төлөө гэнэт санаа зовж тэдний саналыг мөнгөөр худалдаж авахаа болъё, сонгуулийн зардал дэндлээ гэх мэтээр үгсээр халхавчилж байгаад санасандаа хүрснийх. Эрх барилцагчид (сөрөг хүчин) бас дуртай байгаа тул татгалзсангүй.

    Өнөөдөр төрийн бүх ажил сонгуулийн сурталчилгааны горимд шилжлээ. Энэ олон мэдээ, сурвалжлага, ярилцлага, захиалгат, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгээр гаргаж байгаа магтаал тайлан, амлалтууд албан ёсоор сурталчилгаанд хамаарахгүй хэрнээ эрх баригчид, албан тушаалтнуудын гоё сайхан, мэргэн ухаан, халамж хайрыг харуулж байгаа учраас гарцаагүй сурталчилгаа юм. Цагаан сараар дээлтэй гарч мэндчилгээ шүлэглэгчид нь дандаа нэр дэвшигчид. Бүхэл бүтэн зургаан сарын ийм сурталчилгааны сая, тэрбум төгрөгүүд хаанаас гарч байгаа вэ? Зөвхөн төсвөөс. Ядахдаа албан ёсны сурталчилгаа эхэлмэгц мөнгө төлж эхлэх болов уу гэвэл үгүй. Хуулийн 77.13-д “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэсэн заалтыг бэлдээд тавьчихсан.

    Он гараад телевизээр тусгайлан гарч том дуугардаг, сэтгүүлчидтэй энд тэнд тааралдаад салж өгдөггүй, ажил дээрээ урьж гэртээ хонуулдаг, хоол унд бэлтгэхийг заадаг  таних танихгүй эрхмүүдийн тоо огцом нэмэгдлээ. Зарим нь телевизийн бүхэн бүтэн нэвтрүүлгийг худалдаж аваад өөрөө ороод суучихаж. Шууд хөтлөгч, телевизийн од. Заримдаа нэвтрүүлэг хүрэлцээгүй бололтой хэдүүлээ дундаа хуваан хэрэглэж харагдсан. Тэд Монгол Улсыг яаж хөгжүүлэхийг дэндүү сайн мэдэж байгаа тул бушуухан нэр дэвшүүлж дэмжихээс өөр яахав. Харин мөнгөө барж ядсанууд нь телевизийн нэвтрүүлгийг биш, телевизийн өөрийг нь худалдаад авсан учраас ямар нэгэн тайлбар шаардлагагүй.

    Сонгуулийн дараа тайлагнахдаа бүгд 17-хон хоногийн хэдхэн төгрөгөө бичээд өгнө. Тэр нь нийт зургаан сарын зардлын жинхэнэ зардлын тав, арван хувиас хэтрэхгүй. УИХ-ын гишүүд, иргэдийн хурлын төлөөлөгчид халааснаасаа огт мөнгө гаргахгүй байж мэднэ, гэхдээ ичсэндээ тав арван төгрөг тавих биз. Ингээд бас нэг “мөнгөний биш” сонгууль бэлэн боллоо. Гэхдээ жинхэнэ үнэнийг сонгуульд ялагдаж шатсан, мөнгө нь дутсан, бас хулхидуулсан зарим нь хэлж магадгүй юм.

     
  • Mongold 0 on 2016.01.24 Permalink | Reply  

    Монголын их авлига буюу тэд ялав 

    Ардчилсан, чөлөөт нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрхтэй, харин төрийн албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрч зохицуулсныг хийх үүрэгтэй. Гэтэл төрд гарсан хүмүүс хүссэнээ хийж байгааг юу гэх вэ?

    Тэд өнгөрсөн сонгуулиар гарч ирэхдээ амалсан болгоноо эсрэгээр хийлээ. Дээлээ дахин давхарлаж, төрийн албан хаагчдыг зогсоо зайгүй халж бүх албан тушаалд хүмүүсээ тавихаас эхэлж явсаар өнөөдөр шударга ёсыг нулимсан Өршөөлийн болон Сонгуулийн хуулиар үргэлжлүүлэв. Цаашаа бүр айхгүй хийнэ. Үндсэн хуулийг цэцтэй нь хамт өөрчилж хүмүүсээ шургуулна, УИХ-ын гишүүдийн тоог 99 ч юм уу болгоно, намууд хандив тусламж авахыг хэвээр үлдээгээд төсвөөс нэмж санхүүжүүлдэг болно гэх мэт. ТЭД ЯЛАВ.

    Ардчилал дутагдалтай гэдэг. Гэхдээ Монголд дэндлээ. Сонгуулиар гарч ирвэл дөрвөн жил зоргоороо. Уг нь бие биенээ хянах, давруулахгүй байлгах учиртай сөрөг хүчин байгаа, заримдаа чи би-дээ хүрч харагдавч нэмэр алга. Ингээд тэд “эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах” гэдгийг үзүүлж өгч байна. Танил ишлэл байгаа биз? Тийм ээ, энэ бол Авлигын эсрэг хуулинд байдаг тодорхойлолт. Тэгвэл яагаад баригдахгүй байна? Яагаад гэвэл энэ бүгдийг хууль, дүрэм, журам гаргаж буюу гаргуулж, эсвэл гаргуулахгүй саатуулаад хийж сурчээ. Өрөөндөө мөнгө тоолж сейфэндээ цоожлох ямар ч шаардлагагүй. Төгс авлига гэж үүнийг хэлэх байх. Бас цэвэрхэн. Хэн нэгэн албан тушаалтан төсвийн мөнгө, урамшуулал, тендер, газар, албан тушаалыг авахын тулд бусаддаа хүртээж хэдүүлээ, олуулаа, намаараа, байгууллага, хамт олноороо, салбараараа авч байна. Өөрт нь хариуцуулсан аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг зараад хаус, орон сууц, хотхон бариулаад хуваалцаж “төрийн албан хаагчдын нийгмийн асуудал”-ыг шийддэг нь үүний сонгодог жишээ. Эрсдэл нь тэг. Анх хэдэн олигарх өөрсдийгөө цайруулахын тулд сэдсэн өршөөлийг бүх нийтийнх болж хавтгайруулж байгаад тэр бужигнаан дунд хамаг ул мөрөө баллаж нуруугаа тэнийлгэв. Бас өөрсдийгөө өршөөх нь чамлагдаад хуулийг сийхгүй зөрчиж дураараа дургисан хойноо тэр хуулиа тааруулаад засчихаж байгаа юм. Энэ бүхэн өнөөдрийн МОНГОЛЫН ИХ АВЛИГА болой.

    Тэд төрийг эзэмшдэг тул авлига авах шаардлага ч үгүй болжээ. Авлигын тогтолцоо. Монголд авлига буурсан тухай судалгааны дүн гарвал бүү гайхаарай. Энэ бол сүүлийн жилүүдэд газрын маргаан багассантай төстэй юм. Зүгээр л байршил сайтай, хамгийн үнэ цэнэтэй газар дууссан хэрэг. Лав нийслэл, түүний эргэн тойрны хамаг газрыг эдлэн болгож дуусгаад одоо үлдсэнийг цахимаар суглуулан жигтэйхэн шударга аашлан даапаалж байна. Хамгийн сүүлчийн газар олголтоор лав Баянзүрх дүүрэгт нэг ширхэг 0,5 га газрын төлөө 8000 гаруй хүн өрсөлдөж харагдсан. Ядахдаа энэ зуундаа багтаад нийслэл орчимд газартай болох найдлага хүмүүст төрсөн нь яамай гэж тайвшрахаас.

     
  • Mongold 0 on 2016.01.24 Permalink | Reply  

    2016 оны УИХ-ын сонгуулалт 

    Ноднин, уржнангаас манай сонгогчид ууртай байгаа. Хямрал, үнийн өсөлт (он гараад НӨАТ-ын тооцооноос болж дахин нэмэгдэв), Тавантолгойн хулхи хувьцаа, найман хувийн зээл зогссон, авлигачдын толгой илэлт, улс төрчдийн дураараа дургилт.

    Ингээд сонгогчид 2016 оны зургадугаар сард эрх баригчидтай нэгмөсөн хариуцлага тооцохоор тэсч ядан хүлээж суутал дахиад чадуулчихав бололтой. Учир нь эрх баригчид сөрөг хүчинтэйгээ хамжаад сонгуулийн хуулийг өөрсөддөө яг тааруулан өө сэвгүй зүйж баталсан тул ууртай сонгогчдоос айлтгүй болсон. “Ханцуй нь уртдаад байна … жаахан хасчих … одоо яг болно”  гэдэг шиг жагсаалтаар хэдийг сонговол багтах багтахгүйгээ хүртэл тооцлоо. Эрх мэдэл томтой нь жагсаалтанд нэрээ сийлэх бол бусад нь сурталчилгаагаа аль хэдийнэ эхэлж гараанаас түрүүлээд гарчээ. Итгэхгүй байвал телевиз үз. Хуулинд заасан сонгуулийн сурталчилгааны 17 хоног бол зөвхөн хаалтын ёслол, нижигнэсэн алга ташилт төдий юм. Хэвлэл мэдээлэл зөвхөн “бодитой мэдээлэл цацах үүрэгтэй”, энэ юу болохыг төр тогтоож өгөөд тэр дор нь хатуу шийтгэх учраас шүүмжлэл байтугай өчүүхэн төдий эргэлзээ гаргаж болохгүй.

    Сонгуулийн хуулийн хамгийн эргэлзээтэй нь намаар сонгох. Анх 2012 оны намын жагсаалтаас болж Төрийн ордонд ойртуулж ч болмооргүй хүмүүс төрд гарахыг бид харлаа. Гайгүй санагдсан нэгнийг олж үзээд намыг нь дугуйлахад гайтай нөгөөдөх нь залгаастай орж ирнэ. Худалч хулгайч байсан ч салгахгүй, бөөндөнө. Намаар сонгох нь Үндсэн хуулиар тунхагласан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчмыг зөрчиж байгаа талаар дуугардаг улс төрчид байсан ч цагаа тулахад бүгдээрээ баталж орхив. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж ясаа цайтал үзэлцэнэ гэсэн жижиг намууд хүртэл дуугаа хураажээ. Бас л дарга нарт нь шанс учраас. Цаашилбал, бие даагчийг сонгосон мөртлөө намыг дугуйлаагүй бол санал нь хүчингүй болно гэх мэтээр эрх баригч, барилцагч намууд баталгаатай гарна. УИХ-ын гишүүд хууль болгоныг ингэж цоорхойгүй гаргадаг бол сайхан аа.

    Хэрвээ сонгогчдоос жагсаалтын талаар асуусан бол зуун хувь “Үгүй ээ, тойроггүй, золбин УИХ-ын гишүүн хэрэггүй” гэх байсан. Чухам иймээс сонгуулийн хуулийн төслийг ноднин жилжин үзүүлэхгүйгээр, хагас нууц байдалтайгаар, сайндаа л гоёор ярьж өгөөд хэлэлцүүлсэн нэр хэмээсэн билээ.

    2016 онд сонгогчдын саналыг амлалтаар худалдаж авахгүй хэмээн тангараг тавьж байсан улс төрчид он гарангуут амлалтын буухиаг эхлүүллээ. Жинхэнэ популизм гэж энэ дээ. Амлахаар барахгүй хүүхдийн мөнгийг бүгдэд өгнө, ипотекийн зээлийг 5 хувь руу буулгана гэхчлэн ээлж дараалан хууль болгоод баталж байна. Энэ явдал хаваржин үргэлжилнэ. Үүний тулд Хууль тогтоомжийн тухай хуулийг 2-р сарын 10-наас дагаж мөрдөх ёстой байсан атал дөнгөж сая нэн яаралтай дэгээр оруулж ирээд сонгуулийн дараа болгож хойшлуулж орхилоо. Уг хуулиар бол аливаа хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө заавал олон нийтийн хэлэлцүүлэг хийх тухай заалтууд байсан юм. Энэ хавар иргэдээс, сонгогчдоос юуг ч асуухгүй, дураараа дургина. Одоо зам нь шулуудаж, ирэх зургадугаар сард сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд бүгдийг амжуулсан байна. Тэд өөрсдийгөө сонгуулахад бэлэн болжээ.

     
  • Mongold 0 on 2015.12.15 Permalink | Reply  

    Оростой хэн ч найз биш. Юун найрамдал … 

    2015.12.15.

    Өнгөрсөн сард Сирид алан хядагчдыг бөмбөгдөж явсан оросын Су-24-ыг туркийн сөнөөгч онгоц араас нь гэнэдүүлэн буудаж унагасан билээ. Хоёр нисгэгч шүхрээр үсэрч доошлох зуур нэгийг нь Сирийн сөрөг хүчнийхэн гэгдэх дайнчид агаарт буудаж сийчээд газарт унасан цогцсон дээр нь орилолдсон бичлэг Интернэтэд тавигдав. (Нөгөө нисгэгч эсэн мэнд газардаж ойд нуугдсаныг орос, сирийн тусгай хүчнийхэн олж аварчээ). Хэд хоногийн дараа нисгэгчийн цогцсыг туркийн тал Орост хүлээлгэж өгсөн тухай мэдээлэв. Бараг хөдөлмөрийн хуваарь бололтой: нэг нь сөнөөж, нөгөө нь алж, шарилыг нь хоорондоо өгч авалцаад л …

    Дэлхийн хамаг алан хядагчид цугларсан Сирийн эх захгүй дайн бол бидний хувьд зүгээр нэг олон улсын мэдээ. Харин саяын үйл явдлын дараа Оросын зарим хөршид Туркийг буруутгасан жижгэвтэр жагсаал цуглаан ганц нэг болжээ. Монголд мэдээж нам гүм. Бид төвийг сахина. Байнга. Гэхдээ энэ юу ч биш. Орос, Хятадын толгойлсон Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг (ШОС) байтугай Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) хэмээх бараг цэргийн эвсэлд багтдаг холбоотнууд болох Армен, Белорус, Казахстан, Киргизстан, Таджикистан бас таг дуугүй өнгөрөв. Тэр ч бүү хэл Казахстаны нэг хотод орос нисгэгчийн дурсгалд зориулсан арга хэмжээг хориглож, бас болоогүй, Назарбаев ерөнхийлөгч нь онгоц сөнөөсөн асуудлыг намжаахад Орос, Туркийн хооронд зуучлах санал тавьсан дуулдана. (“Загалмайлсан эцэг” кинонд, хэн уулзалт зохион байгуулахыг санал болгоно, түүнээс болгоомжил гэж хэлдэг санаанд орлоо).

    Өнөөдөр Орос шиг муу улс алга. Ардчилал байхгүй, чөлөөт хэвлэл үгүй, ардууд нь уудаг, байгалийн хийгээр шантаажилдаг, хөрш улсууддаа дээрэлхдэг, Крымыг нэгтгэсэн, дээр нь суугаа Путин дарангуйлагч гээд барууныхан балбасаар. Бүр Орос улс хэзээ задрах тухай уралдан бичдэг болжээ. Зөвхөн амаараа хэлээд орхиогүй, эдийн засгийн хориг тавиад сүйрүүлж байна. Нэг намын системтэй коммунист Хятад, буруу дуугарсан хүмүүсийн толгойг огтолдог Саудын Араб (үүгээрээ Лалын улсын алан хядагчдаас нэг их дутахгүй)-ыг хүртэл тэгэхгүй байгаа…

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel