Recent Updates Page 2 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Д.Цэрэнжав 1:29 pm on 2022.03.10 Permalink  

    Украины эмгэнэлт явдлууд 

    2022.03.10.

    Нэг.

    1986 онд “Ард” кинотеатрт зөвлөлтийн “Хатыны эмгэнэлт явдал” хоёр ангит уран сайхны киног үзэж билээ (Дуусгаад үстэй малгайгаа суудал дээрээ мартаж гарсан учраас сайн санадаг, тэгэхээр өвөл байсан). Орос нэр нь “Иди и смотри”. Үйл явдал гэвэл Эх орны дайны үеэр германы СС-ийн отряд белоруссын хоёр тосгоны иргэдийг хядсан тухай юм. Эхний тосгоноос нэгийг ч амьд үлдээлгүй буудаад овоолсноор харуулдаг бол хоёр дахь тосгоны иргэдийг том амбаарт хөөж оруулан түгжээд, томчууд нь хүүхдүүдээ үлдээгээд гарч болно гэхэд зөвхөн Флёра гэдэг жаал, бас нэг залуу хүүхэн нялх хүүхдээ тэврээд цонхоор бууж гарч ирэхэд хүүхдийг нь булааж дотогш буцаан шидээд бүх хүнийг амьдаар нь шатаадаг.

    Миний мэдэх, дайны тухай хамгийн хүчтэй кино бол Алесь Адамовичийн “Хатынская повесть”-ийн  дагуу Элем Климовын найруулсан энэ кино. Одоо цагийн аймшгийн кинонууд дэргэд нь зугаа төдий. Дараа нь уг киног Германд болон европын бусад оронд үзүүлэхэд тухайн үедээ маш их дуулиан тарьж, хүлээн зөвшөөрөхгүй, бүр зөвлөлтийн пропаганда гэж үзсэн нь бий.    
    Үнэхээр пропаганда буюу нэг том гуйвуулга энэ кинонд оржээ. Жинхэнэ үйл явдал нь гэвэл 1943 оны 3-р сарын 22-нд Белоруссын нутаг дэвсгэрт германы цуваа руу дайрч гурван цэргийн албан хаагчийг алсан партизануудаас өшөө авч Хатынь тосгоны (эхлээд оршил болгож өөр нэг тосгоны 26 хүнийг хүйс тэмтрээд) бүх оршин суугчийг хамтралын сарай руу оруулж 149 хүн, тэдний дотор 75 хүүхдийг (ес, бас долоон хүүхэдтэй гэр бүлийг тэр чигээр нь) шатаасан нь германчууд биш, харин Schutzmannschaft Battalion 118 хэмээх отряд байсны дийлэнх нь Улаан армид алба хааж байгаад дайны эхээр сайн дураар бууж өгсөн зэрэг украинчууд, украины үндсэрхэг үзэлтнүүд байсныг тухайн үедээ зөвлөлтийн ард түмнүүдийн эв нэгдлийг эрхэмлэх үүднээс нуусхийж, германы СС-ын цэргүүд, хажуугаар нь нутгийн хэд гурван полицай оролцсоноор кинон дээр харуулдаг.

    Хоёр.

    2014 оны хавар Украинд Евромайдан хөдөлгөөний үр дүнд төрийн эргэлт гарсны дараа уг үйл явдлыг дэмжигч украины үндсэрхэг үзэлтнүүд болон хүлээн зөвшөөрөөгүй “антимайдан”-чууд буюу орос үндэстэн голдуу  иргэд гудамжинд жагсаал цуглаан хийж, хоорондоо сөргөлдсөн олон хотын нэг нь Одесса юм. Явсаар 5-р сарын 2-ны өдөр хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн ордны өмнөх Куликовын талбайд антимайдан-ы идэвхтнүүд олон палатка босгож Украиныг холбооны улс, орос хэлийг албан ёсны хэл болгох санал асуулга зохион байгуулах үеэр евромайданчууд дайрахад цаадуул нь ордон руу орж нуугдсан байна. Ингээд жинхэнэ аймшиг эхэлжээ. Ордныг битүү бүсэлж, талбай дээр шууд Молотовын коктейль бэлтгэн шидсэнээр байшин шатаж, амь тэмцсэн хүмүүсийг гаргахгүй  өөдөөс нь буудаж, цагдаа нар таслан зогсоогоогүйн улмаас албан ёсны мэдээллээр 48 хүн амиа алдсаны зарим нь цонхоор үсрэхдээ, бусад нь амьдаараа шатаж, бэртэж шархадсан хүний тоо 200 давжээ.  

    Энэхүү эмгэнэлт явдлаас хойш бараг найман жил өнгөрсөн ч мөрдөн шалгах ажил дуусаагүй ажээ. Ордныг хэрхэн шатааж, Молотовын коктейль бэлтгэн шидэж, буудсан зураг, бичлэгээ эзэд нь тухайн үедээ нийгмийн сүлжээнд бахархалтайгаар нийтэлснээ хэрэг бишэдмэгц нэгд нэгэнгүй устгасан боловч тэдний гар хүрэхгүй Интернэтийн булан тохойд хангалттай хуулбарлагдан үлдэж хоцорчээ. Гэвч ганц ч ял аваагүй өнгөрч, эрх баригчид антимайдан-чууд өөрсдөө буруутай, дотроосоо гал тавьсан гэж буруутгаж үзээд нотолж чадаагүй  

    2022 оны 2-р сарын 24-нд В.Путин Украинд цэрэг оруулахаа мэдэгдэж хэлсэн үгэндээ “энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд шийтгэл хүлээгээгүй. Тэднийг хэн ч эрж хайхгүй байгаа. Гэвч бид тэднийг нэр усаар нь мэднэ. Тэднийг олж шүүхэд өгч шийтгэхийн тулд бүгдийг хийх болно” гэжээ.  

    Гурав.

    Евромайданыг Одесса төдийгүй Украины зүүн өмнөд нутгийн орос хүн ам зонхилсон муж, хотууд хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийг ашиглан Оросын Холбооны Улс санал асуулга явуулах замаар Крымын хойгийг өөртөө нэгтгэв. Харин Украины шинэ засаг эсэргүүцлийн хөдөлгөөнийг төдөлгүй дарж авсан ч нүүрсний уурхай, хүнд үйлдвэр зонхилсон Донецк ба Луганскийн мужуудийн зүүн хэсэг өөрсдийгөө тус бүрдээ Бүгд Найрамдах улс хэмээн тунхаглаж амжсан. Киев цэрэг хөдөлгөж байлдааны ажиллагаа эхлүүлэв.  

    Найман жил үргэлжилж байгаа энэ дайнд 13 мянган хүний амь үрэгджээ. Үүнийг зогсоохын тулд Украин, Орос, Герман, Франц дөрвөн улсын удирдагч нар уулзалт хийж, улмаар 2015 онд Минск хотноо тохиролцоонд (гал зогсоож хэлэлцээр эхлүүлэх, орон нутгийн сонгууль явуулж энэ хоёр мужид онцгой эрх олгох гэх мэт) хүрсэн боловч Украины тал хэлэлцээрт орохоос татгалзжээ. Хамгийн том саад тотгор нь Украины байнгын армийн ангиудаас илүүтэй дайнч, нацист үзэл суртлаа ил дэлгэж туг, далбаа, тэмдгээрээ нотолсон Азов, Айдар, Правый сектор нэртэй  зэвсэгт бүлгүүд тэргүүн шугаманд байрлан дайтаж ирсэн явдал юм.

    Фронтын шугам Донецкийн хот суурингуудад ойрхон, олон тосгодын захаар өнгөрч амиа алдсан зөвхөн хүүхдийн тоо 150-д хүрчээ.  Оросууд үүнийг геноцид хэмээн үзэж дэлхий нийтийн анхаарлыг татахыг оролдож түгшүүр зарладаг ч Москвад нэг хүнийг бороохойдоход сүйд болдог барууныхан таг дуугүй явж ирсэн, тэнд юу болж байгааг Путин геноцид гэж тодорхойлсон нь инээдтэй хэрэг гэж Германы шинэ канцлер Олаф Шольц хэлээд оросуудыг хилэгнүүлээд авсан.

    Дөрөв.

    Оросын эзэнт гүрэн, дараа нь ЗХУ-ын хэсэг байсан, хүн ам нь тэр чигээрээ славян  (слав)-чууд, ихэнх нь орос хэлтэй, тал нь орос байсан Украин улс нэг мэдэхэд бүрэн форматлагдаж Оросоос тусгаар төдий бус Оросын эсрэг улс болон хувирчээ. Украин хэлийг цорын ганц албан ёсны хэлээр зарлаж, дунд сургуульд орос хэлээр сургалт явуулахыг бүрэн хориглосон бол сүүлдээ оросоор ярихыг албан ёсоор хязгаарлаж эхлэв. 2021 оны 6-р сард баталсан уугуул иргэдийн жагсаалтаас оросуудыг хаслаа. Украинд оросууд хэн ч биш болов. Киевийн гудамжаар Орос, оросуудыг устгаж сөнөөнө гэж 1930-аад оны фашистын Германых шиг бамбартай жагсдаг хэт үзэлтнүүд украинчуудын оюун санааг хордуулж, энэ улсыг барьцаанд авснаас ялгаагүй болсон байна.  

    Украин бол Оросын эсрэг үзэл, үйлдлийн зөвхөн үзүүр нь. Хүйтэн дайнаас хойш Оросыг зогсоо зайгүй доош хийж, коммунизм, тоталитаризмаар далимдуулан түүхийг нь үгүйсгэж, 27 сая амиар олдсон Их ялалтыг Гитлерийн Германтай хутган гутааж, дотоод хэрэг явдалд нь эрээ цээргүй оролцож, эцэс  төгсгөлгүй олон хориг тавьж, сүүлдээ оршин тогтнох эрхийг нь хасч хаагуур хэд хуваахыг төлөвлөж, цэрэг зэвсгээ тулгаж байршуулан овоо хараандаа оруулж гэтсэний хариу эцэстээ тултал шахагдсан пүрш тавигдах мэт Украин дээр буув. Оросуудын хэлж буйгаар, баруун зүгээс өөрсдийг нь төхөөрөх гэж ирэхийг 1941 он шиг хүлээхгүйгээр шийдээд хөдөлсөн нь энэ дайныг авчирлаа. Путины хэлсэнчлэн орос, украинчууд яг нэг үндэстэн биш юмаа гэхэд славяны хоёр том  үндэстэн хоорондоо алалцаж, цаанаас нь энэ галыг өрдөж өгч байгаа. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол …

    Тав.

    2022 оны 2-р сарын 24-нд Путины Украинд халдаж эхлүүлсэн байлдааны ажиллагаа хоёр долоо хоног үргэлжилж байна. Урьдчилж тооцоолсон төлөвлөгөөний дагуу яв цав явагдаж байгаа гэж Путин өөрөө мэдэгдсэн, Оросын Украины нисэх буудал, онгоц, танк, их буу, холбооны цамхаг төхөөрөмж, зэвсгийн агуулах зэргийг эхний өдрүүдэд л устгаж жагсаалаас гаргасан гэж Батлан хамгаалах яам нь зарласан ч санаандгүй ширүүн эсэргүүцэл, хүмүүнлэгийн болоод бусад бэрхшээлтэй тулгарч, зурагтаар харагдаж байгаа шиг шаварт суусан болов уу. Байлдаан эхлээд долоо хоносны дараа буюу 3-р сарын 2-ны байдлаар ОХУ-ын 498 цэргийн албан хаагч алагдаж 1597 нь шархаджээ.  

    Бараг 500. Энэ бол маш өндөр тоо, асар их хохирол. Зөвлөлт Холбоот улс 1980-аад онд Афганистанд найман жил байлдахдаа 15 мянган хүнээ алдсан. Тэгвэл Украинд долоохон хоногт хагас мянга. Одоо дахиад долоо хоног өнгөрөхөд алагдсан цэргийн тоо хэд болсныг зарлаагүй байна. 1990-ээд оноос хойш дампуурч байсан Оросын зэвсэгт хүчнийг 2012 онд сайд болмогцоо буцаагаад хөл дээр нь босгосон хэмээн сүүлийн арван жил тэнгэрт тултал магтуулж (манайхан хүртэл монгол цустай, Сүбээдэйн удам гэж) ирсэн Сергей Шойгу жанжин цэргүүдээ мянга мянгаар алдана гэж “яв цав” төлөвлөөгүй байх.

     
  • Д.Цэрэнжав 7:22 pm on 2022.02.28 Permalink  

    Хэн хүчтэйгийн зөв 

    2022.02.28.

    Оросууд юу хийчихэв ээ? Өөрсдөө дэлхий дээр хамгийн том нутаг дэвсгэртэй, Уралын нуруунаас зүүн тийш эзгүйрэх шахсан хэрнээ яагаад Украинаас эмтлээд зогсохгүй дайрч орсон бэ? Барууны ертөнц тэр чигээрээ Путиныг буруутгаж хатуу хориг тавьж эхэллээ. Орос дотроо ч бөөн эсэргүүцэл.

    1991 онд ЗХУ задарч тусгаар тогтнолоо авчихсан хэрнээ Украин улс алхам алхмаар Орост, оросын соёл, түүх, иргэншил, орос хэл, тэгээд оросоор ярьдаг хүмүүс, орос үндэстэнд дайсагнасан улс болж хувирсан гэж Оросын тал нотолдог. Тэгтэл Украин 2019 онд Үндсэн хуулиндаа тунхагласнаа хэрэгжүүлж Умарт Атлантын гэрээний байгууллага – НАТО-д элсвэл тэндээс америкийн пуужинг Москваг тав зургаахан минутын зайнаас (тив алгасах пуужинд гучин минут шаардагдана) харвах тул үүнийг болиулж аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхийг ОХУ шаардахад цаадуул нь хүлээж авсангүй. Украин зүгээр нэг Оросын эсрэг бус, Оросын эсрэг дайн байлдааны түшиц улс болно гэсэн дүгнэлт.

    Түүх санахад, зуун жилд нэгээс хоёр удаа европын улсууд хүчээ хавсарч Орост халддаг, хамгийн сүүлд 1941 онд оросууд Москвад тултлаа ухарч байж зогсоосон. “Мы за ценой не постоим” гэж зөвлөлтийн дууны үг бий. Бид ялахын төлөө ямар ч гарз хохирол амсахад бэлэн гэсэн утгатай. Харин өнөөдрийн Орос тэгэж чадахгүй, хүн амын тоо жилээс жилд тасралтгүй цөөрч, эрчүүдийг сая саяар нь дайнд илгээдэг байсан хөдөө тариачны Орос орон, орос тосгод хэдийнэ байхгүй, одоо Москва хүртэл ухрах орон зай, цаг хугацаа, бас гарздах хүн ч үгүй тул оршин тогтноход аюул учирлаа гэж тэд үзжээ. Путины хэлснээр “Зачем нам такой мир, если там не будет России?”.

    Үйл явдлын өрнөл юунд хүргэснийг бид одоо дэлгэцээр харж байна.

    Хэний зөв вэ? Хэн хүчтэйгийн зөв. Хэрвээ оросын цэрэг украины эсэргүүцлийг цөөн хоногт дарж, Киев дэх дэглэмийг солиод өөрийнхөөрөө тохинуулж чадвал Путины зөв болно. Наад зах нь төвийг сахисан, жийрэг улс гарч ирнэ. Цаашилбал Украиныг хэд хуваах магадлал өндөр. Хэрвээ барууны орнууд Украиныг тултал дэмжиж энэ дайн эх захгүй үргэлжлэх буюу Орос дийлдвэл Украин НАТО-гийн дээвэр доор оруулах ба хориг тавих замаар эдийн засгийг нь сүйрүүлж чадвал Оросын төгсгөл ирнэ. Тэгвэл Украины төдийгүй барууныхны зөв болно. Халдсан, сүйтгэсэн, урсгасан цусаар тооцоход тэд хангалттай нүгэл үйлдсэн ч хэнд ч дийлдэхээргүй хүчирхэг явж ирсэн. Түүхийг хүчтэй нь бичдэг.

     
  • Д.Цэрэнжав 6:10 pm on 2022.02.28 Permalink  

    Монголын байрлал 

    2022.02.28.

    Хувь заяаг газар зүй тодорхойлдог гэж Наполеон Бонапарт хэлжээ. Бас геополитикийг газар зүй захирдаг гэсэн арай номын хувилбар байна. Бүхэл бүтэн улс орны хувь заяаг дэлхийн бөмбөрцөг дээрх байрлал шийддэг. Манай Монголыг бодохоор яг шүү. Бид хойгуураа Зөвлөлт, Орос, урдуураа БНХАУ-тай хиллэдгийг бага балчраасаа сурах бичгээс цээжилдэг, хадан дунд хавчуулагдсан халиуны зулзагатай зүйрлэн хөөрхийлдэг, гуравдахь хөршийн зүгт хараагаа чилээж гараа сарвайдаг …

    Хэрвээ 1930-аад онд Зүүн хойт Хятадад япончуудын байгуулсан Манж-го тоглоомын хэмээх улс тогтсон бол манай гуравдагч хөрш болох байсан уу? Бас япончууд Халх голд ялаад БНМАУ-ын зүүн нутгаас эмтэлж аваад цааш нийлүүлсэн бол дараа нь юу болох? Бүү мэд, харин Википедиа-гаас гүйлгэж харахад Манж-Го-гийн хүн амын нь 90 хувь тэртээ тэргүй хятадууд байжээ. Бас нэг Хятад гэсэн үг. ЗХУ задрахад газар зүй талаасаа бараг гуравдахь хөрш гарч ирсэн нь ​Казакстан. Баян-Өлгийгөөс цааш гучаадхан км зайтай боловч тэр зайд Хятад, Оросын хил уулздаг. Төвөөс сайд, дарга нар очиход Өлгийн зарим иргэд Орос юм уу Хятадтай хэсэгхэн газар солилцоод Казакстантай хиллэе гэж санал тавьдаг. Үл бүтэх.

    Бид бусдаас хол оршдогоо сайн талаас нь харвал дайн дажинтай бүс нутаг, хүн нь багтаж ядсан тийм улстай хил залгадаггүй, мянга мянган цагаачдын урсгал дайрч өнгөрдөггүй. Бусдад түвэг саад учруулахгүй тийм байрлалтай тул Монголд халтай, ямар нэг юм булаацалдсан улс алга. Яаж ч муудалцаад Орос, Хятадыг даваад хэн ч довтлохгүй, холоос нударга зангахаас өөр юу ч болохгүй. Бид дэлхийд хамгийн нэр хүндтэй улс байх. Бие биенээ үзэж чаддаггүй нөхдүүд ч нааш харахаараа эелдэг болдог. Коммунист, дарангуйлагч гэж цоллуулдаг бүх улстай сайн харилцаатай. Бодоод байхад, бид барууныханд эзэн Чингэсийн үр сад, “уудам азийн цээжинд гялалзсан” ардчилал гэхээсээ илүү тэдний геополитикийн өрсөлдөгчид, бараг дайсан нь болсон ОХУ, БНХАУ-ын дунд зоочихсон мэт байрлалаараа хайрлагддаг. 

    Монгол Улс хоёр хөршдөө жийрэг болж ирсэн хувь заяатай ч ирээдүйн тухай битүү түгшүүр монгол хүн бүрийн сэтгэлд оршдог. 

     
  • Д.Цэрэнжав 12:12 pm on 2022.01.17 Permalink | Reply  

    Коммунист сонинуудын тухай 

    2022.01.17.

    Өнөөдөр социализм, коммунизм болон түүнтэй холбоотой үгс бараг хараал болжээ. Саяхан коммунист байсан нам, хүмүүс ингэж цоллуулах дургүй. Дашдоржийн Нацагдоржийн шүлэглэснээр байн байсаар бүх дэлхийг бүрхэж гагцхүү нарыг хэвээр үлдээх (дараа нь Ангараг гаригтай ураг барилдах) шахсан нийгэм журам бол амьдралыг төгс журамлаж, хүнийг өв тэгш засан хүмүүжүүлж болно гэж үздэг, түүнийгээ хэрэгжүүлэхээр хаа сайгүй баахан хувьсгал үйлдэж бүтэлгүйтсэн тийм оролдлого. Даанч хүн төрөлхтөн төгс бус байж таарсан. Гэрэлт ирээдүй, үзэл санааныхаа төлөө амиа ч золихоос буцахгүй хүмүүс бол коммунистууд гэсэн ойлголт түгээмэл. Ном, кинонд тэгэж харуулдаг. Энэ оргүй биш. Дэлхийн 2-р дайнаар хэдэн арван сая хүнээ золиосолж байж гитлерийн Германыг хэн нугасалсан бэ гэвэл Зөвлөлт Холбоот Улс. Европ даяар фашизмтай хамгийн тууштай тэмцсэн хүмүүс бол коммунистууд. Партизанууд ихэндээ тэд байсан. Харин дайны дараа АНУ баруун европын орнуудыг сэргээн босгох Маршалын төлөвлөгөө хэрэгжүүлж тусламж үзүүлэхийн өмнө тавьсан ганц болзол нь коммунистуудыг Засгийн газарт оруулахгүй байх…

    Намайг 1970-1980-аад оны заагаар Ленинградад оюутан байхад сонины киоскуудаар социалист орнууд, бас зарим капиталист орны коммунист намын хэвлэлүүд зарагддаг байж билээ. Монголоос “Новости Монголии” ирдэг ч хамгийн өнгө зүс муутай нь байсанд хамт сурч байсан Бүдрагчаагийн Оюунчимэг санаа зовсондоо Невский проспект-оос бүх дугаарыг нь худалдаад авчихсан удаатай.

    Далим гаргаж тэр хэвлэлүүдийг жагсааж эргэн дурсъя гэж бодлоо. Би чинь тухайн үедээ коммунист ба ажилчны намуудын хэвлэлийн түүхийг бүтэн улирал судалсан хүн.

    Neues Deutschland (“Шинэ Герман”) – БНАГУ-ын эрх баригч Германы Нэгдсэн Социалист Намын төв хэвлэл. Эрих Хонеккероор дүүрсэн дугаарууд өдөрт нэг сая хувь гардаг, офсетоор маш чанартай хэвлэгддэг. Хожим 2013 онд Германд очихдоо, Neues Deutschland хэр гарч байгааг асууж мэдэмхийрэхэд хөтөч эмэгтэй тийм сонин мэдэхгүй гэснээр амаа таглуулсан ч маргааш нь өндөр барилгын оройд Neues Deutschland гэсэн неон гэрлэн бичиг үзэгдэж миний нэр нэр хүнд сэргээж билээ. Өнөөдөр 20 мянгаас цөөн хэвлэгдэг боловч социалист үзэл баримтлалтай өдөр тутмын сонин хэвээрээ.

    Trybuna Ludu (“Ард түмний индэр”) – Польшийн Ажилчны Нэгдсэн Намын төв хэвлэл. 1990 онд намтайгаа хамт татан буугдсан. Сэтгүүлчид нь өөр нэрээр сэргээх гэж оролдоод бараагүй.

    Rudé právo (“Улаан эрх”) – Чехословакийн коммунист намын төв хэвлэл. 1989 оны хувьсгалын дараа намаасаа салж, редакторууд нь сониныхоо нэрнээс улааныг авч хаяад Právo болгожээ.

    Népszabadság (“Ард түмний эрх чөлөө) – Унгарын Ажилчны Социалист Намын төв хэвлэл. 1980-аад оны сүүлчээр социалист орнуудын төв хэвлэлүүдээс хамгийн түрүүнд зүүний үзэл баримтлалтай чөлөөт сонин болсноо зарлахад “Үнэн” сонинд байсан ганц нэг нөхөд бид “манайх бас тэгэх ёстой” гэж хэсэгхэн зуур цуураад өнгөрсөн. 2016 онд хаагдсан байна.

    Работническо дело (“Ажилчны үйл хэрэг”)- Болгарын коммунист намын төв хэвлэл. 1990 онд нам нь, сонин нь ч татан буугдсан.

    Scinteia (“Оч”) – Румыны коммунист намын төв хэвлэл гэж мэдэхээс цаашгүй байв. Чаушеску ЗХУКН-тай үзэл суртлын маргаантай, онцгойрч явдаг учраас ЗХУ-д үзэгддэггүй байсан биз. 1989 оны 12-р сард Николая Чаушеску хэдхэн хоногийн дараа эхнэртэйгээ хамт буудуулахаасаа өмнө ард түмэндээ хандаж хэлсэн үгийг нийтэлсэн сүүлчийн дугаараа гаргаад намтайгаа цуг алга болсон.

    Дээрх сонинууд бүгд манай “Үнэн” шиг нам, засгийн төв хэвлэл төдийгүй улсдаа өдөр тутмын хамгийн том сонин байжээ. Харин хөрөнгөтөн орны коммунист намын хэвлэлүүд өдөр тутмын том сонинуудтай яаж зэрэгцэхэв.

    L’Humanité (“Хүн төрөлхтөн”) – Францын коммунист намын төв хэвлэл. 1980-аад онд барууны хамгийн нөлөөтэй (Засгийн газарт орж байсан) коммунист намын том сонин, дэлхийн 2-р дайны үед фашистуудад эзлэгдсэн жилүүдэд нууцаар гарч байсан гээд жинхэнэ коммунист хэвлэл. Оргил жилдээ хувь ширхэг нь 100 мянгыг давж байв. Манай “Үнэн” сонины төлөөлөгчид жил бүр баярт нь уригдаж очдог байв. Одоо нам нь нэрээ солиогүй, сонин нь жижгэрсэн ч өдөр тутмын хэвээрээ, мэдээж цахим хувилбартай.

    L’Unità (“Эв нэгдэл”) – Италийн коммунист намын төв хэвлэл. Христийн ардчилсан намын дарга Алда Моро 1976 оны парламентийн сонгуулиар өөрсөдтэй нь адил гуравны нэгийн саналыг авсан Италийн коммунист намыг Засгийн газарт оруулахаа зарласныг зогсоох гэж “Улаан бригад”-ийнхан түүнийг хулгайлж сар гаруй барьцаалаад хөнөөсөн. Ийм эгзэгтэй, хатуу ширүүн тэмцлийн толь болж 200 мянган хувь хэвлэгдэж байв. Харин 2017 оноос цаасан дээр хэвлэгдэхээ больж зөвхөн цахимаар гардаг болжээ.

    Avante! (“Урагшаа”– Португалийн коммунист намын төв хэвлэл. Би Ленинградын оюутны байранд Португалийн Мадейра арлаас ирсэн Мигель гэж коммунист залуутай нэг өрөөнд ороход Альвара Куньяал гэж намын дарга, Аванте нэртэй сониноо магтаж ярьдагсан. Одоо долоо хоног тутам хэвлэгддэг гэсэн.

    Mundo Obrero (“Ажилчдын ертөнц”) – Испанийн коммунист намын төв хэвлэл. Үзэж харж байгаагүй, еврокоммунизм хэмээх үзлийг баримталж ЗХУКН-тай зөрчилддөг, байн байн задарч нийлдэг эсэргүүдүү коммунист намын хэвлэл гэж мэдэхээс цаашгүй. Одоо цаасан дээр гарсаар байна.

    Unsere Zeit (“Одоо цаг”) – Германы коммунист намын төв хэвлэл. Авсаархан, А3 хэмжээтэй хэвлэгддэг, бас час улаан толгойг санаж байна. Дөрөвхөн нүүртэй бөгөөд арын нүүрэнд Бундеслиг-ийн тоглолтын мэдээг тэвхийтэл хайрцаглаж зурагтайгаар мэдээлдэгт нь дуртай байсан. Энэ нам, энэ сониныг хоёуланг нь БНАГУ-аас санхүүжүүлдэг байжээ. Өнөөдөр жижигхэн намын жижигхэн сонин.

    Wahrheit (“Үнэн”) – Баруун Берлины Социалист Нэгдсэн Намын төв хэвлэл. Одоо энэ сонин байтугай Баруун Берлин байхгүй.

    Morning Star – Их Британийн коммунист намын төв хэвлэл. Баруун Европод америкийн дунд тусгалын Першинг пуужин байрлуулахын эсрэг олон нийтийн хөдөлгөөн, жагсаал цуглаан нэг гол сэдэв байлаа. Мэдээж английн хөл бөмбөгийн тоглолтын мэдээ. Бас жижигхэн, А3 хэмжээтэй энэ сонины дугаар бүрийн бараг талыг ЗХУ худалдаж авах замаар санхүүжүүлдэг байжээ. Одоо хараат бусаар, гэхдээ арайхийж гардаг гэнэ.

    The Daily World – АНУ-ын Коммунист намын хэвлэл. New York Times, Washington Times-ийн хажууд өчүүхэн боловч Ленинградын сонины мухлагт зарагддаг байсан цорын ганц америк сонин. Америкийн засаг төрийг шүүмжилсэн, дайны эсрэг агуулгатай Оливер Харрингтоны улс төрийн хурц шог зургуудаараа алдартай. Хожим өөр нэг сонинтой нэгдэж People’s World нэртэй болсон ч 1990-ээд оны эхээр хаагджээ. Харин Гэсс Холл, Анжела Дэвис нарын энэ нам тэсч үлдсэн ба хориод жилийн өмнө Монголын коммунист намын (ийм нам үнэхээр байсан) дарга нэг нөхөр их хуралд нь очиж сууснаа ярьж байв.

    Бас азийн коммунистууд, коммунист намууд гэж байсан. Тэд бас хэвлэлтэй байж таарна.

    Жэньмин Жибао (“Ардын өдөр тутмын сонин”) – Хятадын коммунист намын төв хэвлэл. Гартаа барьж үзээгүй. 1980-аад оны эхээр дэлхийн хоёр коммунистын нэг буюу 40 саяын 20 сая нь нь хятад байжээ. Коммунистуудын тоо нь олшрохоор нэг коммунистын чанар муудахгүй биз гэсэн шог асуулт сонссон. 1980-аад оны дундуур 3,6 сая хувиар хэвлэгддэг байсан бол сая Интернэт орж шалгахад 3 саяас нэг их буугаагүй байв.

    Акахата (“Улаан туг”) – Японы коммунист намын төв хэвлэл. Коммунистууд хэдий ч ЗХУКН-аас нөгөө дөрвөн арлыг буцааж өгөхийг шаарддаг учраас харилцаа муутай байсан нь одоо ч хэвээрээ. Японы Асахи, Иомури гэж тус бүр бараг 10 сая хувь хэвлэгдэх шахаж байсан (одоо буурсан байх) аварга том хоёр сонины дэргэд “Улаан туг” хэдий жижиг ч тухайн үед 2 саяар гарч байжээ.

    Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын төв хэвлэл “Правда” сонин 10 сая гаруй хувь хэвлэгдэж байснаа 1991 онд ЗХУ задарсны дараа редакцийн хамт олны мэдэлд очиж, хувьчлагдаж, хоёр хуваагдан шүүх зарга болж явсаар ОХУ-ын Коммунист Намын албан ёсны төв хэвлэл болж сая нэг тогтсон. Манай “Үнэн” сонин нүдний өмнө байгаа учраас орхиё. Коммунист байсны төлөөх одонгууд зүүлттэй харагддаг.

    Гүйцээж хэлэхэд, коммунист намуудын дундын маягийн “Проблемы мира и социализма” хэмээх онолын сэтгүүл олон хэлээр (монголоор “Энх тайван, социализмын асуудлууд” нэрээр} гарч тухайн цаг үед агуу санагдахуйц гүн гүнзгий өгүүллүүдийг нийтэлж, хажуугаар нь Испанийн коммунистуудын еврокоммунизм, 1979 оны сүүлчээр зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулсныг эсэргүүцсэн Италийн коммунист Намын дарга нь Энрико Берлингуэр гэх мэт буруу зөрүү бодол, гуйвж дайвсан нөхдийг ниргэдэг байсан.

    Ийнхүү 1980, 1990 оны заагаар дэлхийн социалист систем нуран унахтхй зэрэгцэн коммунист ба ажилчны намууд, хэвлэлүүд нь уналтанд орж, ядаж байхад энэ цахим гарч ирээд бүр хүндрүүлжээ. Энэ бүхэн бол мартагдсан түүх. Өнөөдөр, 21-р зуунд тэднийг бөөнд нь эргэн дурсаж буй ганц хүн бол би.

    Орчин цагт аливаа мэдээллийн харилцаа, төв хэвлэлийн үүргийг фэйсбүүкийн пэйж, цахим сайт гүйцэтгэдэг болжээ. Төдөлгүй виртуал, мета-г зүглэнэ. Коммунист нам, коммунист хэвлэлүүд ч мөн адил. Зуу гаруй жилийн өмнө Европоор тэнэж явсан хий үзэгдэл шигээ замхрах уу?

     
  • Д.Цэрэнжав 2:28 am on 2021.11.25 Permalink | Reply  

    Маш Том Албан Татвар 

    2021.11.25.

    Нэг.

    Манайд сүүлийн хэдэн жил болж бүтэж байгаа хэдэн юмны нэг нь Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ) гэнэ. Үүний ачаар далд эдийн засгийг орвонгоор нь эргүүлэн ил гаргаж эхлэв. Сугалаатай болгосноор иргэд худалдан авалт болгондоо и-баримт шаардаж нэхэл хатуутай татварын байцаагчид болж хувирлаа. Орой бүр айлуудад “баримтаа оруулах” нэртэй ажил ундардаг болов. Улсаараа хөдөлж байна.

    Ер нь НӨАТ гэж яг юу вэ? Энд тэндээс уншаад ерөнхийд нь ойлгосон. Гэхдээ олон улсад ч маргаан дэгдээдэг татвар юм байна. Харин манай эдийн засгийн хүмүүсийн яриагаар бөөн будлиан. Зарим нь НӨАТ бол жинхэнэ татвар биш, зөвхөн бүртгэлийн зорилготой дамжлага учраас бүрэн буцааж олгох ёстойг нотолжээ. Манайд ямар ч байсан хоёр хувийг буцааж олгохоос гадна сугалаа явуулж урамшуулдаг. Гэсэн ч иргэд буцаадаг хувийг нэмэхийг байнга шаарддаг ажээ. Харин тун саяхан Сангийн сайд Б.Жавхлан тэр хоёр хувийг хэзээ ч нэмэхгүй, ер нь НӨАТ-ын 10 хувийг нэмэгдүүлж ч магадгүй гэж хатуурхаад зогсохгүй энэ асуудалд бүдүүн гэгчийн цэг тавилаа. Тэрбээр НӨАТ-ыг бүрэн буцааж олгохгүй юм бол цуцалбал ямар вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд,

    -Энэ бол төсвийн орлогын гуравдах (дөрөвдэх гэсэн байж ч магадгүй, яг санадаггүй ээ) том эх үүсвэр учраас цуцлахгүй.

    Гүйцээ. Төр асуудлыг ингэж “зангарагтай” шийддэг юм байна. Элдэв маргаан мэтгэлцээнээ зогсоо гэж байна.

    Хоёр.

    Сар бүрийн хорьдоор НӨАТ-ын баримтын сугалааны тохирол зурагтаар явагдаж байна. Өнгөрсөн Ням гаригт ээлжит тохирол “Боловсрол” суваг телевизээр гарахыг үзлээ. Гучаад мянган азтанг аравхан минутын дотор гялс шалгаруулж чаддаг нь гайхалтай. Хэд хэдэн сонин тоог мэдэж авлаа. Нэг сарын 56 сая баримт гэсэн тоог үржүүлэхэд жилдээ 700 сая шахам баримт хэвлэгдэн гардаг. Үүнээс 60 гаруй хувийг л бүртгүүлж сугалаанд оролцуулдаг. Үлдсэнийг бүртгүүлдэггүй, хаядаг, мартдаг, бас бус шалтгаантай байх.

    Аравдугаар сарын 34 сая 956 мянга 869 баримт энэ удаагийн тохиролд оролцлоо. Үндсэн сугалаагаар 31555 хүн тус бүр 30 мянга, 3181 хүн 100 мянга гэх мэтээр өссөөр гурван сая төгрөгийг гурван хүн хожив. Хамгийн том 20 сая төгрөгийн азтан тодроогүй. Дараа нь Супер сугалаа явуулахад 30 саяыг хэн ч хожсонгүй. Хэдэн жилийн өмнө НӨАТ-ын сугалаа эхлэхэд анхны супер шагнал 500 сая байсан төдийгүй түүнийг хэн нэгэн хожсон бол одоо хэд дахин багассан энэ шагнал эзнээ олохоо больсон гэлцэнэ.

    Яагаад юм бол? Найман шилэн хорго тус бүр 10 бөмбөлөгтэй, тэндээс нэг нэг тоо тохиолдлоор үсэрч гардаг. Тэгэхээр нийт 99.999.999 баримтын дугаар таарах магадлалтай гэсэн үг. Харин оролцсон баримтын тоо 34.956.869 гэхлээр тохирлын гуравны хоёр нь тэртээ тэргүй огт байхгүй баримтын дугаарууд дээр таарч байна. Ийм учраас супер сугалаанд хожих магадлал өчүүхэн. Арай шударга бус уу? Нэгэнт бүртгүүлсэн 34 сая баримтын дундаас заавал нэг нь хожихоор тохирлоо явуулж болох уу? Иргэд тэртээ тэргүй худалдан авалтаа хийсэн, НӨАТ-аа төлсөн, сайн дурын байцаагчийн ажлаа хийсэн ч Б.Жавхлан сайдын үед найдваргүй биз.

    Харин сугалааны тохирлын үйл явцын шударга нь дэндүү. Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтэн, ЦЕГ-ын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын байцаагч гурвын хурц хараан дор, тэгээд орон даяар шууд явагдлаа. Хөтлөгчийн амнаас өөр юу ч оролцоогүй.

    Гурав.

    Улс төрийн сонгууль бас төстэй санагдав. Санал хураалт өө сэвгүй, төгс явагддаг болжээ. Хар машин өчүүхэн ч алдаа мадаг гаргадаггүйг бүгд хүлээн зөвшөөрч хоёр гараа өргөлөө. “Сонгуулиар хэнд хэдэн санал өгсөн нь бус, яаж тоолох нь чухал” гэх 90-ээд оны хардлага хүчингүй боллоо. Бидэнд таалагдсан, таалагдаагүй сонголтын дүн санал хураалтаар биш, түүнээс өмнө шийдэгдсэн байдаг.

     
  • Д.Цэрэнжав 1:11 am on 2021.11.15 Permalink | Reply  

    Төрийн байгууллагын мэдээллийг яавал өгөхгүй байх тухай хууль 

    2021.11.15.

    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы хуралдаан дээр “Миний гар утасны дугаарыг хаанаас олж авсныг мэдэхгүй, над руу тоос сорогч авах уу гэж залгасан” тухай гомдоллоод өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг шаардсан байна. Шаардлага нь энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар шууд биелэнэ. Томчуудын утасны дугаарыг мэддэг хүмүүс бушуухан мартсугай.

    Урьд нь би эрхэм гишүүд утасныхаа дугаарыг ард түмэндээ, тэр дундаа тойргийнхоо сонгогчдод амлалт шигээ түгээдэг, шөнийн гуравт залгасан ч үсэрч босоод сонсдог хүнд хүчир ажилтай гэж боддог байлаа. Үүний төлөө ярианы төлбөрийг нь улсаас төлж, чуулганы хуралдаан дээр утсаар чөлөөтэй ярьж болдог. Гагцхүү сонгогчдын тоо мянга түм учраас дуудлага болгоныг авч чадахгүй байж болох. Тэгвэл туслахдаа даатгана биз. Харин утсаа авч ярьчихаад түүнийгээ орон даяар задалж сүржигнэх хэрэг юун. Ер нь Их хурлын гишүүнээс тоос сорогч хэрэгтэй эсэхийг асууж яагаад болохгүй гэж? Ковид биднийг ялгадаггүй юм билээ гэж айлдсан өөр нэг гишүүний адил тэнгэрийн амьтан.

    Ардчиллын орон зай хумигдаж байгаа талаар энд тэндгүй ярьдаг болжээ. Гол шалгуур болсон сонгох сонгогдох эрх хэвээр мэт боловч төрийг зайдагнан өөрсдийгөө гагнаж суугаа тэднийг харж 2024 оныг хүлээнэ. Үг хэлэх эрх чөлөө гэж сайхан юм байдагсан. Гэтэл ам нээснээсээ болж байн байн хэрэгт шийтгүүлнэ. Эхлээд Зөрчлийн хуулиар торгоно, тэгээд цааш ахиулна… Таг дуугүй сууя, харин ганц үлдсэн мэдэх эрхээ эдлэе гэхэд бас л бүтэхгүй болж байна.

    Хэдий хэрэгждэггүй ч нэрээрээ бага сага тайвшруулдаг байсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тун удалгүй цуцлагдаж Нийтийн мэдээллийн тухай хуулиар солигдоно. 2011 онд тэр хуулийг батлахын өмнө хэсэг зуур хэлэлцүүлэг өрнүүлж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулсныг санаж байна. Хэдэн мөр тэмдэглэл үлджээ.

    УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:

    -Хуулиар төр мэдээлэл өгнө гэхлээр мэдээллийн оронд сурталчилгаа хийгээд эхэлдэг. Стандарт тогтоохгүй бол төр мэдээлэл өгөх нэрээр сурталчилгаа хийж байна. Төрийн байгууллагууд бүгд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна.

    УИХ-ын гишүүн Р.Раш:

    -УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч ил тод мэдээллээ өгөөд балбуулаад байдаг. Гэтэл эдийн засгийн талын байгууллагууд хаалттай, тэгээд зүгээр өнгөрөөд байдаг… Гэгээлэг мэдээ хэрэгтэй байна.

    УИХ-ын гишүүн Д.Энхбат:

    -Төр өөрт байгаа мэдээллээ л өгнө. Байхгүй мэдээллээ өгөхгүй... Төрийн нууц, бизнесийн үйл ажиллагааны нууц гэж байна. Байгууллагын нууц гэсэн ойлголт байж болохгүй … Төр, иргэний уулзах цэг бол Интернэт.

    УИХ-ын гишүүүн Су.Батболд:

    -МҮОНТ-ийг ажиглаж байна уу. Реклам яваад ч байх шиг… Би Улаанбаатарт газар авмаар байдаг. Гэтэл хаана газар байгаа тухай мэдээлэл байхгүй… Ингээд мэдэх арга тодорхойгүй учраас таньдаг хүн хайж асуух хэрэгтэй болдог. 

    УИХ-ын гишүүн Н.Энхболд:

    -Төрийн байгууллагын сайтуудад зөндөө мэдээлэл байна. Ашиглахгүй байна. Нээлттэй мэдээлэл байхад гүжирдвэл хариуцлага ярих хэрэгтэй.

    Нэг иймэрхүү яриа болсон. Үүнээс хойш арван жил өнгөрчээ. Нэрнэээс нь мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх зэрэг үгс хасагдсан шинэ хуулийн төслийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн шүүмжилж байгаа. Хэлэлцүүлэг, өргөх бичиг гээд. Хэрвээ батлагдвал Үндсэн хуулийн цэцэд хандах бодолтой хүмүүс ч бий. Гэхдээ эрх баригчид Хувийн мэдээллийг хамгаалах хуулийн урд хойно оруулан төөрүүлж байгаад хүссэнээрээ хийх тодорхой. Их хурлын дарга Г.Занданшатар сэтгүүлч хүн хэн нэгнийг шүүмжлэхээсээ өмнө өөрөөс нь няцаалт авах хэрэгтэй гэж индэр дээрээсээ зааварлах хүртлээ бяр амтагджээ. Тэгвэл “Эрхэм гишүүнээ, таны тухай нэг ийм юм бичлээ. … За энэ хэсгийг хасчихья… Энд гарын үсгээ зураад зөвшөөрөл өгнө үү” гэдэг болно, сонинд юм уу сайтад гаргасны доорхи “Болор дурангаар шалгав”-ын араас “Ц.Анандбазар гишүүний зөвшөөрөлтэй нийтлэв” гэх мэт тэмдэглэгээ нэмэгдэнэ…

    Мэдээлэл авах эрхийг мэдээллийн дэд бүтэц, технологийн шат дамжлага, дотоод зохицуулалт дунд живүүлж, нээлттэй байлгана гэснээ хүртэл … тухай мэдээлэл, дүн мэдээ, хэрэгжилт, явц, үр дүн, үндэслэл шалтгаан, нэгдсэн үзүүлэлт, байдал, хууль тогтоомжинд заасан бусад мэдээлэл гэх мэт яг тодорхойлох аргагүй, юуг ч харуулаад ам хааж таглаж мэдэх нэр томъёо, нэршлээр (үүнийг манайхан 50-60 төрлийн мэлээллийг саадгүй өгөх нь хэмээн хууртаад байгаа) толгой эргүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн зүйл, заалтыг засаж сайжруулах боломжгүй. Тэртээ тэргүй байгаа, хэдэн зуун төрлийн мэдээллийг хар нүх адил сорж хамсан төрийн, албаны ба хувийн нууцын урдуур дахиад хаалттай, хязгаарлагдмал гэсэн зохиомол ангиллаар давхар хана босгож анхнаасаа буруу замаар орчихсон хууль. Хаах, хязгаарлахыг жинхэнээсээ үзүүлж өгсөн байна.

    Дурын нэг заалтыг, жишээлбэл, “8.4.9. Шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл” гэснийг уншихад гарт барих аргагүй ерөнхий, зөвхөн хавтас, гарчиг төдийг ямар нэгэн задаргаагүй, албан тушаалтны таалалд нийцсэнийг дэлгээд, халтайг дараад үлдэхэд хуулийг биелүүлсэнд тооцно. Энэ бол нууцлах ёстойг жагсаагаад бусад бүх мэдээлэл нээлттэй гэж заасан өмнөх хуулиас ухрах бүү хэл буцаж зугтсан хэрэг юм.

    Уг нь хамаагүй илүү, хялбар бөгөөд үр дүнтэй арга зам байна. Энэ бол төрийн байгууллагын буюу албан тушаалтны гарын үсэг зурж тамга дарсан бүх шийдвэрийг ил тод болгох явдал юм. Хичнээн муу сайнаар хэлүүлдэг ч Монгол Улсад төрийн, төсвийн, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа огноо дугаартай, гарын үсэг, тамгатай шийдвэрийн дагуу явагдаж хүчин төгөлдөр болдог. Авлига өгч авсан ч ингэж л хийсэн байдаг. Энэ бол хамгийн баталгаатай ил тод байдал. Бас хариуцлага, хяналт. Даргаас гадна нягтлан гарын үсгээ зурж байж мөнгө гардаг шиг. (Эрдэнэс Монгол-ын Д.Хаянхярваа захирал байгууллагын мөнгөө нягтлангаасаа нууж ширээндээ хадгалсан байсан ч хэзээ нэгэн цагт авлигын шийдвэрт гарын үсэг зураад баригдах байсан) Дэлгэрүүлж тоочвол, Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, салбарын сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн захирлын тушаал, аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ба Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын тушаалыг бүгдийг цахим сайтад жагсаан байршуулбал жинхэнэ ил тод байдал!

    Бүгдийг, жагсаалтаар, нэгийг ч алгасахгүйгээр! Ulaanbaatar.mn сайтад Нийслэлийн Засаг даргын захирамжийг байршуулахдаа А/733. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай. 2021.09.24 гэсэн захирамжийн дараа А/748. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай. 2021.09.30 гэснийг оруулжээ. Энэ завсарт алгассан 6 өдрийн хугацаанд гаргасан 15 захирамжийн цаана юуг нуун авч үлдсэнийг ёстой таашгүй.

    Төр яахаараа хамаг юмаа дэлгэх ёстой юм, нууц алдагдаж сүйд болно гэж сүйд болцгоох биз. Санаа зоволтгүй. Хэрвээ тийм тушаал, захирамж байгаа бол Төрийн ба албаны нууцын тухай хуулийн тийм заалтад хамаарах учраас агуулгыг дэлгэхгүй гэсэн тайлбар зүүхэд болно. Төрийн байгууллагууд дандаа хувь хүний нууцтай хамаатай шийдвэр гаргаад явдаг гэж бодохгүй байна. Бусдыг бүрэн, хавсралттай нь дэлгэх нь төрийн байгуулагын мэдээллийн ил тод байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга юм. Хэзээ хэнд ямар мэдээлэл хэрэг болж төрийн байгууллагаас нэхэхийг хүлээх шаардлагагүй, элдэв бичиг цаас, шат дамжлага, бүртгэл, зардал чирэгдэлгүй, албан тушаалтны ааш аягаас хамаарахгүй.

    Төрд асар их мэдээлэл байгаа. Зөвхөн тушаал, шийдвэр, захирамжийг дэлгэснээр төрийн ил тод байдал хангагдах уу? Хангагдана. Яагаад гэвэл аль нэг даргын тушаал шийдвэргүйгээр хийгддэг томилгоо, зарцуулдаг төсөв мөнгө, баталдаг төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан, албажуулдаг журам дүрэм нэг ч байхгүй. Агуу шийдэл олж, эсвэл мянганы шилдэг хулгай дээрмийг сэдсэн ч түүнийгээ тушаал шийдвэр гаргаж байж хэрэгжүүлнэ. Төрийн байгууллага, албан тушаалтны сайн муу, зөв буруу бүгд энд байна.

    Яг одоо төрийн байгууллагын бүх тушаал, шийдвэрийг ил тод болгоно гэж төсөөлөхөд ч бэрх, бас түвэгтэй санагдвал зөвхөн жагсаалтаас эхэлж болох юм. Жагсаалт ил байвал төрд ямар мэдээлэл байгаа, бас байхгүй нь шууд тодорхой болно. Тэндээс иргэн тус бүр өөрт хэрэгтэй мэдээлэл байгаа эсэхийг мэдэж, шаардлагатай гэвэл хүсэлт тавьж дэлгэрэнгүй авах үүд хаалга нээгдэнэ. Иргэд төрийн байгууллага, албан тушаалтны гаргаж байгаа ямар шийдвэрийг мэдэж байх эрхтэй. Нууцыг бол хүндэтгэнэ, дагана, гэхдээ дур зоргоороо нууцад оруулж, нууцын жагсаалтаа хүртэл нууцлахыг тэвчих ёсгүй.

    Бүр 2011 онд төр зөвхөн мэдээллээ өгөх ёстой, сурталчилгаа явуулж болохгүй гэж УИХ дээр ярьж байжээ. Арван жилийн дараа харахад монголын хамгийн сурталчилгааны агентлаг, захиалагч, бас мөнгө төлөгч нь төр өөрөө болсон байна. Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрийн мэдээллийг нэгмөсөн журамлаж, бага багаар, баахан шалгаж байцааж байж өгдөг болно. Анхдагч, бодит мэдээлэл, өгөгдөл дутсан хэвлэл мэдээлэл буруу зөрүү хийнэ, алдана ононо. Дахиад чангална. Ядаж байхад манай хэвлэл мэдээлэл дээрээс дохиход хэзээ ч бэлхэн, олон нийтийн телевиз бол төрийн байгууллагуудын ухуулга сурталчилгаанд бүрмөсөн живж “авраарай” гэж орилохоо ч больжээ. Та бидний нүдний өмнө төр хамгаа нууж дахин хаагдаж байна. Зах зухаас сөхөж харахыг оролдвол хэрэгт орно.

    Хэдхэн хоногийн дараа Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдана. Хэр хууль болохыг хоёрхон асуултаар шалгая. Шинэ хууль гарснаар нийслэл Улаанбаатар хот, түүний эргэн тойронд, Туулын эрэг дагуу, дархан цаазат Богдхан ууланд аль Засаг дарга, хэн гэдэг сайд хэзээ хэнд яг хаана, хэдий хэмжээний газар олгосон буюу олгож байгаа нь ил болох уу? Энэ мэдээллийг саадгүй авч чадах уу? Чадахгүй. Миний шалгалтанд уналаа.

     
  • Д.Цэрэнжав 9:57 pm on 2021.09.27 Permalink | Reply  

    Онц байдал ! 

    2021.09.28.

    Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрөгч 8-р сарын 20-нд “өнөөдөр гаргаж байна” гэж зарласан, Улаанбаатар хотод барилга, байгууламж барих асуудлыг түр хугацаагаар зогсоох тухай захирамж зургаа хоногийн дараа үзэглэгдэж гарахдаа нийслэлийн төв хэсэг, Богдхан уул, Горхи, Тэрэлжид сургууль цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтцээс бусад зориулалтаар шинээр газар эзэмших, барилга барих зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоох тухай болж хувирчээ. Зөвхөн зөвшөөрөл нэмж олгохгүй, харин урьд олгогдсон бол хамаарахгүй. Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Хотын төвийн болон эргэн тойрны бүх газар хэдийнэ олгогдсон учраас одоо баригдаж байгаа болон цаашдаа баригдах зөвшөөрөлтэй бүх барилга байгууламж босдогоороо босч дахиад нэг Улаанбаатартай тэнцэх барилга байшин, хүн, машин тэрэг нэмэгдэх нигууртай.

    Мухарджээ. Нийслэлийн удирдлага байтугай Засгийн газар юу хийхээ мэдэхээ больсон учраас юу ч хамаагүй хийж эхэллээ. 9-р сарын 8-ны хуралдаанаар нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг Яармаг руу нүүлгэх тогтоол гаргав. Бүр ондоо багтааж шүү. Саяхан л Яармагийг бүтэхгүй, чадахгүй, муухайгаар дуудаж байсан хотын удирдлага зуун наян хувь эргэж, түгжрэлийн эсрэг их тэмцэлд нийслэлийн төр, захиргаа манлайлан оролцохоо зарлаж тангараг өргөхийн наагуур хөөрсөн мэдэгдэл хийжээ. Гэтэл нүүж очих цогцолбор нь ашиглалтанд гүйцэд ороогүйгээс гадна ковидын эмнэлэг ажиллаж байгаа. Хөөж гаргана. Дараа нь нийслэлийн харъяа бусад газар, агентлагууд нүүж суух олон сар, жилийн ажил, зардал чирэгдэл урсана.

    Тэгээд Улаанбаатарын хэт төвлөрөл, түгжрэлийг яг яах гээд байна? Компани, байгууллагуудыг гуйж хотын төвөөс холдуулах тухай аргаа барсан санаа гаргасан ч оронд нь өөр байгууллага, хүмүүс зөрөөд орох учраас нэмэргүй. Баянхошуу, Сэлбэ, Шархад гээд хэдэн жижигхэн дэд төв байгуулах нь зүйтэй ч зөвхөн тэр хавьдаа хэрэгтэй. Одоогоор ганц найдвар бол Засгийн газраас ирэх жил 420 тэрбум төгрөгийг нийслэлд төсөвлөж өгөх амлалт юм. Түүгээр бидний толгой дээгүүр төмөр хэлхэж хөл доогуур нүх ухна. Нэгэнт бүтээн байгуулсан, XX зуунаас эхтэй нийслэлийн төвийг үргэлжлүүлэн өөрчилж сүйтгэн байгуулахаас хэтрэхгүй нь. Тэр их мөнгийг чухлаас чухал тавдугаар цахилгаан станцад (бас л хот дотроо байгуулахаар шийджээ) нэмэрлэж, гэхдээ хотоос зайтай, тухайлбал зүүн зүгт байгуулж (нүүрсэндээ ч ойр) цахилгаан, дулааны шинэ эх үүсвэртэй болговол дагаад барилгажилт тийш зүглэж жинхэнэ шинэ төв өөрөө босно.

    Улаанбаатарт засаг захиргааг шинээр зохион байгуулах цаг болсон. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр гэхэд Баруун дөрвөн замын Голомт хотхоноос эхлээд Шарга морьт, Бэлх хүртэл сунасан байдаг нь утгагүй. (Энэ талаар нэг удаа бичсэн) Нийслэлийн хоймор, баруун талд Баянхошуу, зүүн тийшээ Амгалангаас цааш Улиастай, Гачууртыг оруулаад гэх мэтээр тус тусдаа, тэндээ төвлөрсөн дүүргүүд байгуулж, хөрөнгө оруулалт, татвар төлбөрийг таатай болгох. Төрийн ордныг бараадсан тансаг ордонтой дүүргүүдийг тараан байршуулах нь нийслэлийн төр захиргааг Яармагт цөлөхөөс хавьгүй үр дүнтэй. Нийслэлийн төвийг хэдэн дүүрэгт бялуу мэт хуваахгүй байх. Монгол Улсын төрийн төв байгууллагын орших газар учраас илүү дутуу барилга, орон сууц нэмж барихыг зогсоох, өнгө зүс, өндрийг хязгаарлах замаар түүхэн дүр төрхийг хэвээр хадгалах.

    Хотын эргэн тойрны газруудыг хулгайлаад дууссан байна. Хөшигийн хөндийд арайхийж нисэх буудал байгуулаад орчныг үлгэр жишээ хөгжүүлэх гэтэл газрыг нь хуваагаад дууссан тул ядахдаа зарим хэсгийг буцааж авах бөөн хэрүүүл эхэллээ.

    Улаанбаатарт онц байдал тогтоох хэрэгтэй. Газар олголт, хот төлөвлөлтийн онц байдлыг хэлж байна. Газар, барилгатай холбоотой хууль журмыг яагаад улаан цайм зогсоо зайгүй зөрчдөг вэ гэвэл “өмнөх гучин жилийг мартаад өнөөдрөөс зөв хийе” хэмээн цайруулж ирсэн учраас тэр. Урьд нь хулгайлж хумсалсан газар дээр, хууль бусаар эзэрхийлж барьсныг буулгадаггүй юмаа гэхэд яг одоо хууль журам, барилгын норм стандартыг зөрчин олгогдоод байгаа, булаасан, зогсоол, ногоон байгууламжгүй барилгын зөвшөөрлийг цуцлах, барилгын ажлыг зогсоох тухай юм. Харамсалтай нь, ингэхийн оронд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж хэзээ ч мөрдөхгүй, өмнөх төстэй элдэв төлөвлөгөөнүүдийн сургамжаас үзэхэд илт залилангийн шинжтэй цаасны цаана шигдээд толгой эргүүлж эхэллээ. Дархан, Эрдэнэт, аймаг, сумдыг сайн мэдэхгүй, юутай ч Улаанбаатар хотод газар олголт аль хэдийнэ хяналтаас гарчээ. Газрын наймаа эх захаа алдаж хотын төвийг дуусгаад эргэн тойрныг хэдэн га, уулын ам, хөндийгөөр нь авч хэрчээд зарж байна. Монголын их авлига газрын их авлига болж хувирлаа. Авлигатай тэмцэх газрыг Газрын авлигатай тэмцэх газар гэж өөрчлөх юм уу?

    Нийслэлд төр солигдоод ч нэмэргүй байдаг. Аль ч нам ялгаагүй эрх баригчид газрын асуудлаар монгол-зөвлөлтийнхөөс илүү ган бат найрамдалтай. Тэд бие биенийхээ хамаг нүглийг ухахад бэлэн, гагцхүү газар дээр очихоороо таг. Байгальд ч, төрд ч МАНАН эцэстээ газарт буудаг аж.


     
  • Д.Цэрэнжав 1:22 am on 2021.08.23 Permalink | Reply  

    Засаг даргын “зогсоох гэж байгаа” барилгууд 

    2021.08.25.

    Өнгөрсөн Баасан гаригт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нээлттэй Улаанбаатар” нэртэй хэвлэлийн хурал зарлаж хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулах зорилгоор улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах Засгийн газрын тогтоол гарсныг мэдээлээд цаашид хуулийн цоорхойг бөглөсөн дүрэм журам гаргана, иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай болно, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ, уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ, цогц арга хэмжээнүүд авна, нийтийн тээврийн паркийг шинэчилнэ, эхлээд дэд төвүүд дараа нь дагуул хотуудыг байгуулж асуудлыг нэгмөсөн шийднэ гэх мэтээр ярьсан байна. Хорин жилийн өмнөөс эхэлсэн ч мэлхийн хурдаар урагшилж буй ажлууд. Богдхан уулын өвөр, Туулын хөндийд шав тавьсан газарт босгосон мэлхийтэй хөшөөнд нийслэлийн удирдлагууд жил бүр хүндэтгэл үзүүлэн ёсолж ирснийх байх.

    Харин энэ удаад Засаг дарга нэгэн шинэ саналыг дэвшүүлсэн нь үндсэндээ Их тойруу дотор түгжрэл байгаа учраас төрийн захиргаа, худалдаа, хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ бүсээс гаргах, ингэхийн тулд тэдэнтэй уулзалтын ширээний ард суух тухай юм. Өмнөх Засаг дарга С.Амарсайхан дүүжин тээвэр, тэнгэрийн тойргоор толгой эргүүлж, Д.Сумъяабазар өөрөө Энх тайвны гүүрийг дөрвөн эгнээ болгохыг сэдэж цочоосны үргэлжлэл болой.

    Яаж ч уриалж ухуулж хөөргөсөн Монголын хамгийн үнэ цэнэтэй байрлал – Улаанбаатар хотын төвийг сайн дураар орхиж гардаг тэнэг байхгүй. Ганцхан нөхцөл байж болох, тэр нь маш их мөнгө буюу түүнтэй тэнцэх газар, тусгай зөвшөөрөл, онцгой эрх мэдэл гэх мэт.

    Төрийн ба төсвийн байгууллагыг захиргаадаад нүүлгэж чадлаа ч мөнгө хэрэгтэй. Хаана очих тэр газарт дэд бүтэц татаж барилга байшинг босгох, албан хаагчдын ажиллах, магадгүй амьдрах нөхцлийг хангах үүрэгтэй. Тэгсэн ч буруу. Төрийн байгууллагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд төвлөрсөн хэвээрээ үлдэхэд буруу юм байхгүй. Нийслэл хүрээнээс эхлээд анхны яамд, ардын засгийн газар, намын төв хороо, Засгийн газар, төрийн яамд, хотын захиргаа, улсын сургууль, соёл, театр урлаг гээд барилга байшин, гудамж талбай бол монголчуудын XX зууны монголын сэргэн мандлын ой санамж, үнэт зүйлс. Манайд Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХХААХҮЯ, Батлан хамгаалах яам тийм түүхийг авч үлдээд, үүгээрээ хадгалж хамгаалж байгаа. Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, тагнуул, гааль, татвар, улсын бүртгэл, цагдаагийн газрууд энд тэнд шинийг босгоод орцгоожээ. Гэтэл засч сайжруулаад, багадвал өргөтгөөд сууж болох байсан зөндөө олон барилгыг буулгаад дууслаа. Үнэхээр өөр аргагүй бол түүхэн төвийн дүр төрхийг хадгалсан намхавтар барилгуудыг босгож болох байсан. Ухнаагийн Хүрэлсүхийн сүр нь гэнэт хөдөлж нураагаагүй бол Байгалийн түүхийн музей шиг барилгад Соёлын яам, бүр харъяа агентлагуудтайгаа багтах байсан гэж бодогдлоо. Нэг хэсэг Соёл, спорт аялал жуулчлалын яамны байсан эвтэйхэн барилгыг банкинд зарчихжээ. 25-хан тэрбумаар зарсан Хэвлэх үйлдвэрийн барилгыг тордоход ямар ч том яам, бүр 90 тэрбумын Чингэс хааны музей ч багтах байлаа.

    Хотын захиргаа төвдөө байснаараа байг. Төвдөө буйн ачаар нийслэлчүүд тал талаас жигд хуваагдан цугларч, буцаад зүг зүгт сарнин буцдаг. Нийслэлийн төр захиргааны бүхэл бүтэн цогцолборыг Яармагт яаравчлан босгож тийш нүүлгэхэд бэлэн болгосон ч бурууг ойлгоод цуцалсан. Төсөөл дөө: бүгд Яармагийг зүглэж машинтайгаа оочирлоно, дараа нь Яармагаас буцаад оочирлоно.

    Шинэ мянганы эхээр улсын их дээд сургуулиудыг Багануурт шилжүүлэх кампус мампус гэж баахан хөөрсөн. Бүтэхээ больмогц Налайхыг нэрлэж ашиглалтын өмнөх захиргаа хүртэл байгуулж үзсэн. МУИС-ийн байрыг хэн аваад яах тухай хачин сонин яриа чих дэлсдэг болсон. Бүтээгүй. Нийслэл Улаанбаатар хотыг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны төв болгож ирсэн МУИС, УБДС буюу МУБИС, ПДС буюу ШУТИС, АУДС буюу АУИС, бас ХААДС-ийг зуун мянган оюутан, багш нар, тэдний гэр бүлийн хэдэн зуун мянган хүнтэй хамт тийш цөлж чадахгүй.

    Төр, захиргаа, боловсрол, соёл, үйлчилгээ, хувийн гээд ямар ч байгууллагыг чирж гулдраад ч хамаагүй хотоос зайлууллаа гэхэд суларсан барилгуудад дараачийн байгууллага, компаниуд орно. Ихэнхийг буулгаад илүү өндрийг босгоно. Бетон ширэнгэ улам өтгөрнө.

    Хэвлэлийн хурал дээр Засаг дарга Д.Сумъяабазар өөр нэг чухал мэдэгдэл хийлээ. “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэх хүртэл, Улаанбаатар хотод барилга, байгууламж барих асуудлыг түр хугацаагаар зогсоох захирамжийг өнөөдөр би гаргах гэж байна” гэж. Гагцхүү энэ захирамж яг юу гэж гарахыг хэлсэнгүй. Зогсооно гэдэг нь яг одоо босч буй барилгуудад хамаарах уу? Баригдаж эхлээгүй ч зөвшөөрлөө авсан барилгуудыг болиулж цуцлах уу?

    Захирамжийг “өнөөдөр гаргах гэж байна” гэсэн нь 8-р сарын 20-ны ажил тарахаас өмнө багтаад гарын үсэг зурах нь гэж ойлгогдсон ч шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд захирамжийн сураг тасрав. Сумъяабазар дарга хэлснээсээ буцав уу?

    Анх 1950,60-аад онд Улаанбаатар хотыг Сүхбаатарын талбайгаас урагш Богдхан уул харагдаж байхаар төлөвлөснийг “май чи” гэж байгаад дандаа өндөр барилгуудаар тагласан бол одоо тэр ханаа улам зузаалж байна. Улаан-Үдийнхэн манайхыг Нью-Йорктой андуурдаг болсон юм гэсэн. Санкт-Петербург төвийн өмчлөлийн маргаан шийдэгдмэгц гялс манас буулгана, оронд нь лав хоёр давхар хэвээрээ босохгүй. Талбайгаас баруун урагш Энх тайвны гүүр хүртэлх Чингэсийн өргөн чөлөөг багалзуурдсан International Finance Center 27 давхартаа хүрчээ. Зэргэлдээх Business tower 21 давхар бол Ахмадын холбооны буурин дээрх боссон Алтай трэйд-ын Х.Бат-Эрдэнийн барилга “дөнгөж” 18 давхар. Драмын театрын ард гозойж буй УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн “Соёмбо” нэртэй цалин цагааны өндрийг 32 давхар гэж тооллоо. Замын эсрэг талд Сарны титэм-ийг төв замаас тагласан Бишрэлт-ийн Б.Ундармаагийн-ийн Central парк-ийн өндөр 20 давхар. Урд нь Хүүхдийн паркийн хашаанд Мон-Ураны Б.Наранхүү япон түнштэйгээ нийлж 68 давхрыг босгох тухайгаа Ерөнхийлөгчид танилцуулахыг бид харсан. Төв шуудангийн урд, НАХЯ-ын гурван давхрын булаасан Эко констрашн-ы С.Нямдаваагийн цамхаг 27 давхар болно. Талбайгаас зүүн урагш харваас Олимпийн гудамж дагуу хоёр талаас өнгийсөн цамхагууд дунд дахиад нэг нэмэгдэж байгаа нь 1937 онд ЗХУ-д цаазлагдсан Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн байшин буюу Хэлмэгдэгсдийн музейг газар дээр нь цаазлаад барьж буй ач нарынх нь Minister Tower. Анх Genden Tower хэмээн нэрлэж байв. Лав 23-25 давхар болов уу.

    Засаг даргын хэлснээр “эндээс гараач” хэлэлцээрт уригдах учиртай Их тойрууг оруулж яривал дэндүү урт болох учраас Бага тойруу, түүний дотор нэгэнт боссон бус, яг одоо баригдаж буй барилгуудаас нүдэнд өртсөнийгөө хэлье. Уул шугамандаа 8-р сарын 20-ноос “зогсоож байх” учиртай.

    Хөрөнгийн биржийн ард, хуучин шүдний эмнэлгийн хоёр давхрын буурин дээр 18 давхар оффис баригдаад дуусах дөхжээ. (Хажууханд нь саяхан боссон Хууль зүйн яамны шинэ оффис наймхан давхар, гэхдээ ордон. Хаяа нийлсэн, Монгол банкны, төсөвт өртгөө нууцалсан хайрцган барилгыг өндрийг чамин хийц, цонхны улмаас яг тоолж чадсангүй. 20 орчим гэж үзлээ) Хойшоо Ус, цаг уурын уулзварын баруун хойно ухсан суурийн гүнээр барагцаалбал 40,50 давхар байж мэдэх Худалдаа хөгжлийн банкны барилга зугуухан өндийж байна. Ус цаг уурынхан өөрсдөө хашаандаа 10 давхрыг амжуулж өгч харагдлаа. Сүхбаатарын талбайн баруун талд, МҮЭ-ийн ордны ард Sale зарлаад гозойсон Шийлэгийн Батбаярын гэгдэх барилга 15 давхар. Хувь, хувьсгалын энэ бүх барилга гаднаа автомашины ил зогсоол, зүлэг модны зай огт байхгүй. Төрийн ордны хойно Чингэс хаан музейн барилгад авто байтугай явган зогсоол ч алга. 400 сая жуулчин ирэхлээр энэ хавьд машин бүү хэл хүн түгжрэх байх. Төрийн ордны яг ард өндийж байгаа, гурван өндөрлөгийн нэгэнтэй холбогддог барилга “даруухан” 8 давхар бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын буурин дээрх концессын барилга 17 давхартаа хүрчээ. Их сургуулийн гудамжинд Герман элчингийн урд Гацуурт-Чинбатын 17 давхар өнөө маргаашгүй ашиглалтанд орно. Жаахан хойш явахад Их сургуулийн гудамжинд, 18 давхар “Новотел” буудлын өөдөөс арсалдсан орон сууцны барилгын ажил 15 дахь давхартаа хүрчээ. Бага тойруу дотор босох дараачийн цамхагийн байрлал нь Төв шуудангийн баруун талд Макс-ийн Д.Ганбаатарын мэдлийн том хашаа юм. Хоёр жил ашиглаагүй бол хураадаг журам Макс-т хамааралгүй хорин жил болжээ. Онцгой эрхтэй энэ компани төгс байрлал дээрээ намхан юм босгохгүй. Ингээд яг одоо баригдаж байгаа болон баригдах энэ олон барилга, тэнд ажиллаж амьдрах хүмүүс, ирж очих машин тэргийг нэмж тооцоолбол хотын төвийн бүх замыг дахин өргөтгөж, урагш давсан гурван гүүрийг давхарлаж, бас Сэлбийн гольдрилыг хатааж зам болгосон ч түгжрэл буурахгүй шинжтэй.

    Улаанбаатар хотоос, тэр тусмаа хотын төвөөс хэн ч гарахгүй, гаргаж чадахгүй, гаргаад ч нэмэргүй тул анхнаасаа тэсэртэл чигжихгүй байсан юм. Одоо босч байгаа барилгуудыг зогсооно гэж мэдээж байхгүй. Д.Сумъябазар Засаг дарга ноднин ажил авсан өдрөөсөө эхлээд яагаад хөдөлж эхлээгүй вэ? Зогсоох тухай зарласан 20-ны өдөр хүртэл зөвшөөрөл олгосон гэдэгт эргэлзэхгүй байна. (Сонгуулийн дараа ажил хүлээлгэж өгөх хүртэлх хэдхэн хоногт амжуулж өгдөг өмнөх Засаг дарга нарын авирыг бид сайн мэднэ). Өнөөдөр Их, бага тойрууд завсар зай болгоныг өгч авалцаад дууссан, тэнд 20,30 давхрууд баригдах тодорхой, тэгээд ч барилгын ажлын улирал шувтарч байгаа учраас өвөл болтол “зогсоож” шоудах нь түүнд аюулгүй. Бас тэрбээр хувийн хэвшлээ хохироохгүй, хотын үл хөдлөх хөрөнгийн, замын хураамж буюу татварыг ярих болоогүй тухай сүүлийн үед хэдэнтээ мэдэгджээ. Юуг ч өөрчлөхгүй нь тодорхой.

    Д.Сумъябазар дарга нийслэлийн 30 жилийн алдаа завхралыг засахаар амалсан хэрнээ хэдэн гарааш буулгаад зогсох төлөвтэй. Үнэнээсээ тэгэж шийдсэн бол эхлээд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, хууль дүрэм, барилгын норм стандарт зөрчсөн болгоныг сөхөхөөс эхлэх байсан юм. Ингэх эрх мэдэл ганцхан түүнд бий. Уул овоо шиг юм гарч ирнэ, юу хийх ёстойгоо шууд ойлгоно. Хачир болгож хоёр баримт дурдья. 2018-2019 оны зааг дээр болсон бяцхан төрийн эргэлтээр УИХ-ын даргаас огцрох болмогцоо Миеэгомбын Энхболд, би хотын дарга байхдаа Төрийн ордны ард У.Хүрэлсүхэд газар өгсөн гэж дуу алдсан байдаг. Нийслэлийн газрын мафийн загалмайлсан эцгээр дуудуулж ирсэн хэрнээ асар болгоомжтой түүний хувьд гомдсондоо болоод сэжүүр цухуйлгасан түүхэн тохиолдол юм. 2020 оны зун Монгол Улсын шинэ ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат албаны нэгэн шинэ одыг тодруулж Турк Улс руу элчин сайдаар томилохоор УИХ-д оруулсан нь нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр.  

    Одоо Д.Сумъяабазар дарга ядаж тэр сүрхий зарласан захирамжаа гаргаж шоугаа гүйцээгээсэй билээ. Тэрийг нь харж аваад илүү дутуу юманд найдахаа нэгмөсөн болих юмсан.

     
  • Д.Цэрэнжав 1:00 pm on 2021.08.17 Permalink | Reply  

    Монгол Улсын Ерөнхий сайдын ярилцлага бүх телевизээр 

    2021.08.17.

    2.18. Монгол улсын Ерөнхий сайдын 1 цаг 15 минутын ярилцлага. Сэтгүүлч Э.Долгион.

    Монголын мэдээ, Монгол ТВ, TV5, C1, UBS, NTV, SBN, ETV, TM,

     
  • Д.Цэрэнжав 6:38 pm on 2021.06.14 Permalink | Reply  

    Вакцин ба Нюрнбергийн шүүх хурал 

    2021.06.14.

    Өнөөдөр Clubhouse руу шагайж “Веросел вакцин уу, хор уу?” хаягтай өрөөнд сонирхоод орсон чинь юу сонсчихов оо?

    Эхний залуу, хятадын вакцин хоёр янз байдаг гэж бодож байна., нэг нь жинхэнэ вакцин, харин Монголд өгсөн нь өөр зорилготой, төмөр мөмөр нэмээд гэсэн бол Томоо гэж нэрээ дуудуулсан залуу өөрөө цөмийн физикийн мэргэжилтэй учраас дэлхийн 3-р дайныг цөмийн зэвсгээр явна гэж итгэлтэй байсан чинь вакцины зэвсгээр эхэлсэн байна ш дээ хэмээн харамслаа. Атомын бөмбөгөөр дайрвал дээр байсан хэрэг.

    Дараа нь хэсэг эмэгтэйчүүд шаагилдаж эхлэв. Швед, Америк гээд гадаадад амьдардаг тулдаа том бөгөөд хол сэтгэсэн бололтой, Нюрнбергийн шүүх хурал гэж байдаг юм байна, вакцин хүчээр тарьсан Засгийн газрыг тийш өгөх хэрэгтэй хэмээн цаг хугацаагаар аялаж эхэлмэгц бага зэрэг өндөр боловсролтой эмэгтэй залруулж “Тэр чинь дайн байлдаантай холбоотой шүүх…” гэснээр Монгол Улсын Засгийн газар аврагдлаа. Билл Гейтс вакцинаар дэлхийн хүн амыг цөөрүүлэх бодлого явуулж буйг яг мэддэг бас нэг эмэгтэй хошуу нэмэрлэв.

    Дараачийн хэдэн хүүхнүүд эмч нарын тархи угаадаг пропаганда ажиллаж байна (Баасанхүү), вакцин яриад байгаа хүмүүс чинь ёс зүйн асууудалтай хүмүүс (Uugii), бүх хүмүүсийг алья гэсэн зорилгоор оруулж ирээгүй гэдэгт найдаж байна (нэргүй) гэх мэтээр хавьгүй даруухан байв.

    Ингээд өрөөний толгойд гарсч вакцины эсрэг хүмүүс эрх чөлөөтэй сэтгэн ярьж байсан тэдний дунд гэнэтхэн ноцтой хагарал гарав. Тал нь бүх вакцины эсрэг, харин үлдсэн нь нь зөвхөн хятад вакцины эсрэг тэмцэгчид болж таарлаа. Хүмүүсийн дуу чангарч хэн нэгнийг хөөж буулгасан тул би бас Clubhouse-ийг үтэр түргэн орхин гарлаа.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel