Tagged: Миний түүх Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 19:25 on 2019-10-02 Permalink | Reply
    Tags: Миний түүх   

    Дунд сургуулийн сурах бичгээс санаанд үлдэж хоцорсон 

    2019.10.02.

    Хүн болгон сурагч байсан. Тэгээд бага, дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн зарим нэгийг ийм хавтастай, дотроо тийм зурагтай гэх мэтээр санадаг биз.

    Барагцаалбал 6-7-р ангийн физикийн бодлого, дасгалын хураамжийн ном миний нүдэнд шууд бууж байна. Бусад сурах бичгээс арай жижиг, улаан хавтастай, орос зохиогчийн нэртэй, тэгэхээр зөвлөлтийн сурах бичгийн орчуулга байсан санагдана. Хүндийн жин, газрын татах хүч, хурдасгал мэтийн уйтгартай дасгалуудын нэгийг одоо ч мартаагүй. Утга нь, эх орны дайны үед дайсанд оногдож гал авалцсан онгоцоо аврахын тулд нисэгч нь улам хурдалдаг байсан нь яагаад вэ гэж. Шууд л байлдаантай кино нүдэнд дүрсхийхэд номын арын хуудсууд руу (хариутай, сайн ном байжээ) яаран хүрснээр, онгоц хурдлахад агаарын хүчтэй урсгал галыг цохиж унтраадаг болохыг мэдэж авсан.

    Дундад зууны дэлхийн түүхийн сурах бичигт оросын хотуудыг эзлэхээр ирсэн монголчуудыг “царцаа шиг олон” гэж бичсэнийг уншаад анх удаа сурах бичигтэйгээ санал нийлээгүй байх. Орчуулгын сурах бичиг байсан биз. Монголчууд анхнаасаа цөөхөн, одоо ч нэг хавтгай дөрвөлжин километрт ганцхан хүн ногддог гэсэн баримжаатай болохоор “оросууд ялагдчихаад л” тэгэж байхгүй юу даа…

     
  • Mongold 21:24 on 2019-03-20 Permalink | Reply
    Tags: Миний түүх,   

    Нэгдсэн Үндэстний гудамж 

    2019.05.20.

    Өчигдөр өглөө баруун талыг нь Кубын элчин сайдын яам эзэлдэг хоёр давхар барилгын хажуугаар өнгөртөл зүүн талын зарим цонх шилгүй, засвар орсон харагдав. Тэгээд олон байгууллагын гар дамжсан энэ хэсгийн түүхийн нэгээхэн хэсгийг гэнэт санав. Нээрээ яг энд далаад оны эхээр Өмнөд Вьетнамын үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгчийн газар байсан. Тэгэхэд газрын зураг дээр эрэг дагасан, шахцалдаад далай руу уначихдаггүй юм байх даа гэж дуу алдмаар харагдсан нарийхан зурвас энэ улс хоёр хуваагдсан, өмнөд нь бас дахин хоёр хуваагдсан, тэгээд Америктай, бас хоорондоо дайтаж байсан вьетнамын дайны ид үе. Төлөөлөгчийн газрын үүдэн дэх самбарт, өнгөрсөн сард ӨВҮЧФ-ийн дайчид америкийн төчнөөн тооны түрэмгийлэгч, тэдний гар хөл болсон Сайгоны төчнөөн цэргийг (өмнөдүүдээ хэлж байна) устгав, дайсны онгоцыг пуужингаар буудаж сөнөөгөөд нисэгчийг олзлов, дайснууд жирийн тосгон сууринг шатааж харгислав гэсэн тайлбар бүхий аймшигтай зургуудыг тавьдаг байсан. Нэг мэдэхэд дайн дуусч төлөөлөгчийн газар алга болсон. Бодвол Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх БНСВУ-ын Элчин сайдын яамтайгаа нэгдсэн байх.

    Барилга болгон түүх байдаг. Харин гудамж бол бүр том түүх.

    Энэ гудамжаар би сурагч байхаасаа эхлээд дөчин хэдэн жил нааш цааш алхжээ. Хичээлдээ өдөр бүр явдаг байсан, одоо ч ажилдаа явдаг. Анх ямар нэртэй байсныг таг мартсан ч 1990 онд Нэгдсэн үндэстний гудамж болсныг санадаг. МУИС-ын дөрөвдүгээр байр буюу Эдийн засгийн сургуулийн урдуурх Бага тойруугийн замын  урдаас эхэлж хагас дугуйраад, тэгснээ тэгширч явсаар дахиад дугуйрч 5-р сургуулийн урдуурх Бага тойруугийн зам хүрээд дуусдаг нумарсан гудамж. Ганц километр ч хүрэхгүй болов уу.

    Нэгдсэн үндэстний гудамжны бол 1960-аад оноос XXI зуун гаран гартал Улаанбаатарын хамгийн аятайхан гудамж байжээ. Ялангуяа амралтын өдөр эртхэн гараад явбал ганц ч хүн тааралдахгүй, ширхэг ч машин өнгөрөхгүй, цочмоор нам гүм байдагсан. Энэ нь учиртай. Гудамжны хойт талаар БНАГУ ба БНАСАУ-ын элчин сайдын яамд байрлаж, гаднаа сэргийлэгчтэй, харин зах зээлээс хойш эхнийх нь ХБНГУ-ын Элчин сайдын яам болж, харин Хойт Солонгосынхыг буулгаж оронд нь UN House нэртэй НҮБ-ын байр болгоод цагдаагаар мануулсаар өдий хүрчээ. Урдхан талд нь Сүхбаатар дүүргийн цагдан сэргийлэх, дараа нь Цагдаагийн хэлтэс бэлэн. Ийм байхад наад зах нь чимээ шуугиан тариад явах хүн олдох уу? Нийслэлийн төв дэх “их амар амгалан”.

    Харин өнөөдөр энэ гудамжны өмнөх түүх төгсөж байна. Гудамжны нүүрэн талын барилгууд дунд хэсгээрээ өмнөх төрхөө ерөнхийдөө хадгалсан ч нам гүм нь алга. Хоёр эгнээ зам нь өдрийн цагаар гурван эгнээ машин тавьдаг зогсоол болсон. Барилгуудын араар байсан нийтийн эзэмшлийн газар, хүүхдийн тоглоомын талбайг квадрат метр ч үлдээхгүйгээр өндөр барилгаар чигжсэнээр машинууд нь бүлтэрч гудамжийг эзэгнэсэн хэрэг. МТ компанийн 12 давхар офис бүр нүүрэн талд баригдсан бол Герман элчингийн чанх урд Гацуурт компанийн лав 15 давхар офисын цутгалт дуусаад зэргэлдээх оршин суугчдын эсэргүүцлээр зогсоод хэдэн жил болж буй, гэхдээ нураахгүй нь мэдээж. Сүхбаатар дүүргийн тамгын газрын байрны оронд концесс нэрээр 16 давхар барилга босч байна. Тун удалгүй гудамжийг сүүдэрлэдэг болно. Гудамжны баруун тийш алхвал алдарт Шилэн дэлгүүрийн навтгар одоохондоо хэвээрээ. Гэхдээ өндөр барилгаар солих зураг хэдийнэ гарчихсан харагдсан. ШУА-ийн хэвлэх үйлдвэрийн байр хувьчлагдаж Шинэ иргэншил дээд сургууль, ноднингээс давхар МСҮТ болжээ.

    Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын барилгуудыг Улаанбаатарын бусад бүх гудамжны нэгэн адил ханыг цоолж, эсвэл сунгаад ресторан, баар, зоогийн газар, кофе шоп гаргасан нь шинэ цагийн түрлэг. Харин тэд маш их өөрчлөгддөг, байн байн нэр хаягаа сольж, солигдож харагддаг. (Зөвхөн Герман элчингийн чанх өөдөөс харсан даатгалын газрууд бизнесээ дагаад огт хөдөлдөггүй). Хүүхэд байхдаа уншсан сонгодог романуудын үйл явдал өрнөдөг, одоо ч хэвээрээ дуулддаг европын кафе, ресторанууд шиг түүх үлдэхгүй юм байна. Үүнийг илтгэх мэт Нэгдсэн үндэстний гудамжны хамгийн төгсгөлийн урд талын барилгын үзүүрийг хятадын “Найрамдал” ресторан аль хэдийнэ эзэгнэсэн бол хойт үзүүрт америкийн байх Circle K сүлжээний нэг дэлгүүр саяхан улаан өнгөө мандууллаа. Шинэ цагийн найрамдал, нэгдсэн үндэстнүүд гэж ийм болжээ.

    Гэхдээ Нэгдсэн Үндэстний гудамжны хамгийн чухал хэсэг бол төрийн олон яам, агентлаг. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тавуулаа Нэгдсэн үндэстнээр хаягладаг учраас бичихгүй үлдээж боломгүй. С.Чинзориг сайдын яам машины зогсоол огт байхгүй ч С.Эрдэнэ сайдын үед яамны архив нэрээр ардаа 15 давхар хоёр өндрийг бариулсан нь үнэн хэрэгтээ орон сууц бололтой. Яагаад гэвэл хүүхдийн тоглоомын талбайтай. Эсвэл ажилтнууд нь үдийн цайгаараа гулсаж тоглодог юм болов уу. НХХЯ-ны булан тойроод урагшаа эргэвэл яамдын дундын том талбай байдаг ч сайд дарга нарын томоос том жипүүд болон ажилтнуудын машинуудаар пиг дүүрэн. Тэр олон машин хэрхэн орж гарч чадаад байдгийг тусгайлан судалмаар санагдсан.

    1970-аад оны эхээр яг энд манай гэр байсан. Нарийвчилбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ба Байгаль орчны яамны барилгыг холбосон хэсгийн яг тэнд. Томоо гэгч хашаанд эмнэлэг, диспансер, тэгээд 3-4 айл. Хашаанаасаа гараад зүүн хойш эргэхэд гурван давхар барилга угтдаг. Одоо бол ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар. Харин тэр үед эзгүй, нэг, хоёрдугаар давхрын цонхнуудын зарим хагарсныг жижиг нүхтэйгээр төмөр торлож хамгаалсан аятай, харин гуравдугаар давхрын цонхнууд торлоогүй хэрнээ ихэнх нь бүтэн. Чулуу шидээд хүрдэггүй байжээ. Одоо санахад хүрмээр юм даа. Эсвэл тэр үеийн хүүхдүүд бид турь муутай байв уу? Ямар ч байсан улс орныхоо төлөө хэрэндээ л улс төржиж байсан ухаантай. Нов ногоон хувцастай, малгай дээрээ улаан тэмдэгтэй, гартаа Мао-гийн бяцхан улаан номтой хятад сургуулийн хүүхдүүдтэй бие биенээ муухай харж зөрдөг байсан тэр үеийг санаарай. Ингэсхийгээд зогсоё. Үүнээс цааш цуурвал өнөө цагт улс төрийн алдаа болно. Саяхан хэвлэгдэж гарсан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомгоос тэр гурван давхар тухайн үеийн хятад зочид буудал байсныг сая л мэдлээ. Хоёр орны харилцаа муудаад тэд орхиод явсны дараа нэг хэсэг эзгүйрсэн хэрэг. Надаас ахмадууд түүхийг нь сайхан яриад өгөх биз. Сая дурдсан номыг судалсан чинь 50-60-аад оны Улаанбаатарын ихэнх барилгыг БНХАУ-ын  тусламжтайгаар босгожээ. Бүр санаа зовмоор ч юм шиг. Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын бүх барилгыг, түүний дотор Германы ЭСЯ-ны барилгыг бас. Бид ч яахав, социализмаа байгуулаад зав муутай явжээ.

    Өнөөдөр Улаанбаатарын муухай харагдаж байгаа, “ашиглалтын шаардлага хангахгүй”, “газар хөдөлбөл дарж ална” гэж амлаад байгаа барилга байшин бүр өөрийн түүхтэй.  Та бидний нүдний өмнө баларч байгаа энэ түүхийг ядахдаа ганц нэг гудамж, арга ядвал хэдэн барилгаар төлөөлүүлж хадгалж үлдээх боломжтой хэсэг Төрийн ордноос хойш Бага тойруу дотор байна. Тэднээс хамгийн магадлалтай нь Нэгдсэн Үндэстний гудамж юмсан.

     

     
  • Mongold 08:27 on 2018-04-19 Permalink | Reply
    Tags: Миний түүх,   

    Телевизийн мэдээний товч түүх 

    2018.04.19.

    Би 1967 оны 9-р сарын 1-нд нэгдүгээр ангид элсэж орсон бол Монгол телевиз надаас хорь гаруй хоног хоцорч 9-р сарын 27-нд албан ёсоор нэвтрүүлгээ эхэлсэн байдаг. Зурагт радио гээчийг аавыгаа даган айлд очихдоо бүтээлэгтэй байхад нь анх харж билээ. Эхний хэдэн жил манайх, бас хөршүүд маань зурагтгүй байсан тул хааяа айлд үздэгсэн. Гэхдээ зөвхөн киног. Нэгэн орой хэдэн хашааны цаадах айлд очиж өөр шигээ баахан жаалуудын хамт гэрийнх нь гаднаас чагнаж байгаад мэдээ дуусмагц гэрт нь пирхийн орцгоосноос болж хөөгдөх шахсанаа өрөвдүүлж, хэний хүүхдэв, дуу гарч болохгүй, нусаа чанга татахгүй шүү мэтийн болзолтойгоор үүдэнд нь цаг гучин минут яг зогсож киногоо үзээд дуу шуутай харьцгааж билээ. Өнөөдрийнхөөр бол Корпорэйт-ийн VIP тоглолтын дараа юм уу даа. Дүү нар сайндаа л радиогоор үлгэр сонсоод унтсан байж таарна.

    Даанч айлууд өдөр болгон оруулахгүй, тэгээд ч манайхан явуулахгүй тул хэдийд үзээд алдахаа сонгох хэрэгтэй. Ингээд би ээжийнхээ захиалсан нам, засгийн төв хэвлэл – “Үнэн” сониныг уншдаг болов. Гэхдээ зөвхөн Мягмар гаригийн дугаарыг. Бас зөвхөн арын нүүрний доод хэсгийг. Тэнд зурагтын долоо хоногийн мэдээ гардаг учраас. (Даваа гаригт Монгол телевиз ба “Үнэн” хоёулаа амардаг байсан санагдана). Харамсалтай нь киноны тайлбар байхгүй тул нэрэнд нь хайр майр орсон байвал (гэнэт үнсэлцээд эхэлбэл хүүхдүүд байтугай томчууд улалзана) тэрүүхэндээ хаширлаж алгасна. Хэрвээ залуу, хөрш, уул, зам, дуудлага гэсэн нэр харагдвал юун тухайг тааж ядна, “Хоёр байлдагч”, “Тусгай даалгавар” юмуу “Тагнуулчийн дууль” байвал … зурагттай айлын хүүхэдтэй тоглохдоо худлаа хожигдох, бөглөөгөөр хахуульдах мэтийн аргууд байдагсан.

    Харин 1970-1971 оны үед манайх “Темп” нэртэй зурагтыг УИД-ээс 1900 төгрөгөөр авч, би сониноос “Телевизорын дэлгэцнээ” гарчигтай мэдээг хайчилж дээр нь хүндэтгэлтэйгээр залдаг болов. Хаалга онгойход сэвүүлж хийсгэхгүйн тулд гэрийнхээ үнэт эдлэл – гуулин (байх аа) бурхнаар даруулаад л. Бурхнаар шүү. Ингээд хичээлийн хуваарийг эс тооцвол тусдаа долоо хоногийн төлөвлөгөөтэй болж байгаа юм. Хагас сайнд байлдаантай кино үзнэ гээд л. Улс орныг намын программ залж байх тэр үед над шиг нөхдийг телевизийн программ!

    1990 онд хүртэл Монголд зурагтын мэдээтэй сонин гэвэл “Үнэн”-ээс гадна “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”  байжээ. Харин дараа нь “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” нийтэлдэг болов. Хувийн, “чөлөөт” хэвлэлүүд олноор гарч эхэлсний дунд том хавтгай цаасан дээр палийтал хэвлэсэн телевизийн мэдээнүүд ч үзэгдлээ. Хичнээн өнгө зүсгүй ч маш сайн борлогдож буйг мэдсэн монгол телевизийнхэн “Цэнхэр дэлгэц”, дараа “Долгион” нэртэй өөрийн сониныг эрхлэв. Өрсөлдөгчдөөсөө мэдээгээ харамлана, мөнгө нэхнэ. Нөгөөдүүл нь ардчилсан нийгэмд телевизүүд нь мэдээгээ том сонинууддаа үнэгүй өгдөгийг нотолж ичээхийг оролдоно.

    1990-ээд оны дундуур UBS, 25-р суваг, кабелийн телевизүүд гарч ирснээр зурагтын мэдээний алтан үе эхлэв. Цагаан шаргүй бүгд нүүр нүүрээр нь нийтэлнэ. Зарын сонинууд нэг хэсэг телевизийн мэдээтэй байлаа. Дараачийн Цэнхэр дэлгэц, Долгион, Дэлгэц, ТВ суваг, Кабель ТВ, Сансар, ТВ зар сурталчилгаа, ТВ долоо хоног, ТВ ертөнц, ТВ суваг,  ТВ хөтөч, ТВ …TV … гээд цувж өгсөн дөө. “Өнөөдөр” сонин гэхэд телевизийн мэдээний дагуултай байв. Эдгээрээс хамгийн томорсон нь Г.Баярсайханы  “Цэнхэр дэлгэц” бөгөөд хувь ширхгээрээ шар сонинуудтай ч өрсөлдөж, хэрвээ би андуураагүй бол зарим дугаар нь 100 мянгыг давсан. Өөдөөс нь Монгол телевиз өөрийн сониныг бүтэлтэй бүтэлгүй гаргаж өрсөлдөхийн зэрэгцээ хөтөлбөрөө нэг зарж, нэг больсоор хоёр зууныг дамнан үзэлцсэн түүхтэй. “Цэнхэр дэлгэц” сонин гэрээний дагуу төлбөрөө олон сарын турш хийгээгүй учраас” гэрээгээ цуцалсан тухай  зарлана, эсхүл “МТВ-гийн хөтөлбөрийг зөвхөн манай сонин нийтэлнэ”, “Хэрвээ телевизийн хөтөлбөрийг хууль бусаар нийтэлбэл тухайн дугаарыг орлогын 70 хувьтай тэнцэх төлбөр оногдуулна”, Телевизийн мэдээ бол МРТХЭГ, “Телевизийн мэдээ” сонины өмч мөн”. “Хэрэв МТВ-ийн хөтөлбөрүүдийг хуулбарлан авч нийтэлбэл нийт хэвлэгдсэн тоо ширхэгийн хагастай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулна” гэх мэтээр анхааруулна.

    Шинэ зууны эхээр “Цэнхэр дэлгэц” сонин яагаад ч юм өр зээлэнд орж, эзэн нь сонгуульд нэр дэвшсэний дараа өөрөө хаагдсан бол TV9, TV5, NTV, SBN ар араасаа мэндэлснээр Монгол телевиз монополь биш больж, “TV & R хөтөлбөр” сониноо ч бас зогсоов. Энэ үеэс телевизийн “зуугийн мэдээ” гэсэн бараг брэнд бий болов. Цаасны хэмжээ А3, нүүрний тоо 4, заримдаа нэмэлт хуудас хавчуулна, төдөлгүй бүгд 8 нүүртэй. 100-хан төгрөг учраас хэн ч авч чадна. Жинхэнэ ардын сонинууд. Монголд гарч буй дотоод, гадаад, кабелийн бүх сувгийн долоо хоногийн хөтөлбөрийг нүд эрээлжилтэл жагсааж, завсар зайг нь зар, чимэглэл, онигоо, үгийн сүлжээгээр сайн чигжинэ. Тэр ихийг багтаах гэж үсэг нь жижгэрсээр, томруулдаг шил дагалдуулж зарвал яасан юм гэсэн саналыг дэвшүүлж байлаа, би. Тэдгээр сонинуудын нэг нь 80 мянган хувь хэвлэгдэж байв. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өөрийнхөө сайхан зураг, агуу намтрыг байршуулсан тусгай дугаарыг мөн ч их захиалж хэвлүүлж тараасан. Айлын гэрт бүтэн долоо хоногийн турш нэгэн эрхмийг сурталчлаад хэвтэх хугацаанд өрхийн томчууд ба багачууд өдөртөө нэг биш удаа гартаа авч нэр дэвшигчтэйгээ уулзаж учирна…

    Явсаар 2010-аад оноос телевизийн мэдээнүүд долоо хоног тутмын сэтгүүл болж хувирав. TV 7 хоног, Инфо ТВ, UBS телевизийн арай далбагар TV Zone, бас сүүлдээ “Соронз”-ын загварт шилжсэн Like гэх мэт. Цаас нь зузаан, шохойтой, өнгө будаг, зураг чимэглэл бол тансаг. Барууны сэтгүүлүүд хажууд нь бүрсгэрдүү харагдана.

    Гэтэл … Саяхан анзаарсан чинь энэ мундаг сэтгүүлүүд байтугай зуугийн мэдээнүүд хаана ч алга. Утсаар захиалж болдог ноён пиццаг дагаж ирдэг Инфо ТВ хүртэл тэр пиццатайгаа хамт сураг тасарчээ. UBS телевизийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлгийн төгсгөлд зочиддоо TV Zone сэтгүүлээ бэлэглэхээ больсон байна. Харамлаагүй, зүгээр л хаагджээ. Одоо зөвхөн сэтгүүлч М.Энхээгийн “TV 7 хоног”  хэмээх “зургаан зуугийн мэдээ” (инфляци!) тэсч үлдсэн ба нөгөө алтан үеийнхтэй харьцуулахад хамаагүй цөөн хувиар гарч байна.

    Юу болов? Зөвхөн дотоодынх гэхэд тоо нь 50-60 хүрсэн олон суваг байхад зурагтын мэдээ бүр цэцэглэмээр. Юнивижн дээр гэхэд сувгууд хөтөлбөртэйгээ цуг байдаг ч элдэв сонин нэр бүхий үй олон нэвтрүүлэг, киноны агуулгыг ганц өгүүлбэрээр ч болов хэлээд өгвөл яав ч илүүдэхгүй. Одоо гарч байгаа туркийн олон ангит “Хулгайлагдсан хүү”, японы “Гэгээн мөрөөдөл”, солонгосын хэт олон ангит элдэв “Жумун” дээр өнөө орой хэн хэнтэйгээ юу яахыг хэлж өгөөд хорхойг нь дарчихвал, эмэгтэйчүүд голдуу үзэгчдийн цаг зав түм бумаар хэмнэгдэж улс орны хөгжил хурдсахгүй биз? Нээрээ хэт их мэдээлэл цаасан дээр багтахгүй байж магадгүй. Тэгвэл цахимаар? Zuragt.mn гэсэн сайт байдаг ч тэнд зөвхөн хөтөлбөр харагдлаа.

    Өнөөдөр телевиз их өөр болжээ. Үзэгчдийн хувьд сувгууд, IPTV, DDISH, ухраах, видео сан энэ тэр нь Интернэт, фэйсбүүктэй холилдоод эх захгүй орон зай, эцэс төгсгөлгүй урсгал. Их найрагчийнхаар бол, хүн бүр дэлгэц ширтэж, гар утсаа шагайсаар мянга мянган өдөр өчүүхэн ч чөлөө завгүй. Шал дэмий юм байвал товчлуур дараад хаяж орхино, үнэхээр хэрэгтэй гэвэл youtube дээрээс ч юм уу олно. Дараа дараачийн нэвтрүүлэг, кинонууд цунами мэт үргэлжилнэ. Телевиз өөрөө хөтөлбөр, хөтөлбөр өөрөө телевиз болсон байна. Телевизийн цаасан мэдээний үе өнгөрчээ.

    Алсыг харья. АНУ-д TV Guide нэртэй телевизийн мэдээний авсаархан сэтгүүл 1970-аад онд хориод сая хувиар хэвлэгдэж Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Сая сонирхвол, хаагдаагүй, гэхдээ ердөө 1,8 саяар гардаг аж.

     
  • Mongold 15:15 on 2018-03-20 Permalink | Reply
    Tags: Миний түүх   

    Би Соном өвгөнийг харсан 

    Саявтар “Аман хуур” киноны Сономын охин Бадамын дүрд тоглосон Ц.Эрдэнэчимэг нас барсан гэж сонслоо. 1963 оны энэ кино бол түүний тоглосон бараг цорын кино. Бараг хэмээсний учир бол өөр нэг киноны жижигхэн дүрийн зурганд орсон, тэгээд болоо. Ганц дүрээрээ 1960-аад оны хотын залуу эмэгтэйчүүдийн билэг тэмдэг болж үлдсэн, тэгээд насаараа 1-р арван жилд багшилсан даруухан эмэгтэй байжээ. Бадамгарав (Дарь авгай) гуай ч урт насалсныг мэднэ.

    Соном өвгөнд тоглосон жүжигчин Т.Цэрэнлхүндэвийг би яг харсан. 1970-аад оны эхээр хичээлдээ явахаар “500 айлын” автобусанд суутал кондуктор нь тэр байсан. Би мэл гайхаж бараг хөшөөд зогсож байтал “хүү минь, билетээ ав” гээд кинон дээрх шигээ жогтой харж билээ. Сургууль дээрээ очоод ангийнхандаа хэлэхэд надад итгээгүй. Тэр үеийн хүүхдүүд хичээлийн завсарлагаар өчигдөр орой Монгол телевизийн “Цаг үе, үйл явдал”-ын дараа 21 цагаас, эсвэл Орбитаар гарсан киног үг үйлдэл болгоноор мөлжиж ярьдаг байсан. “Ганс Клос буугаа гаргаад …” гээд л.

    Харин жүжигчин Цэрэнлхүндэв кондуктор хийж байсан эсэхийг хэн нэгнээс асуухсан. Яах аргагүй мөн байсан даа.

     
  • Mongold 21:08 on 2017-08-11 Permalink | Reply
    Tags: Миний түүх,   

    Миний төрсөн байшин, гудамж, талбай 

    2017.08.17.

    Монгол хүнд унасан газар угаасан ус гэж нэг юм бий.  Хөдөө газар хорвоод мэндэлсэн хүмүүс эхийн хэвлийгээс ойчсон гэрийн буурь, өвөлжөө бууц, уулын энгэрийг нандигнан дурсдаг, заримдаа хэдэн зуу, мянган километрийг туулан хүрч тэрийн унаж хөрвөөдөг, айл гэр болж тоглож өссөн хэдэн чулуу нь бараг хэвээрээ торойхыг хараад самсаа сархирч нулимс унагадаг гэж байгаа.

    Тэгвэл хотод төрж өссөн бид? Мэдээж нэг юмуу хоёрдугаар төрөхийн цагаан ханыг налаад уярч зогсдоггүй. Бидний хувьд төрсөн нутаг бол бага насны ой тойноос үлдсэн тэр хавийн барилгууд, он жил хичнээн өнгөрөвч нэр нь салж өгдөггүй Хүүхдийн парк, Ленин клуб, Багшийн дээд, хүнсний нэг, дөчин мянгат, бүр заналтайгаар нураасан  Цагаан хаалга, тэнгэр тулсан барилгуудад бүслэгдсэн Сүхбаатарын тэргүүтэй хэдэн талбай, ийш тийш хөөгдөж туугдсан хэдэн хөшөө болно. Даанч арилж баларсаар дуусах тийшээ ханджээ.

     
  • Mongold 02:08 on 2017-06-23 Permalink | Reply
    Tags: Миний түүх,   

    Шөнө, гудамж, дэнлүү … 

    2017.06.23.

    Уг нь Александр Блокийн энэ шүлгийг 2012 оны 10-р сарын 10-ны өдөр, бичсэнээс нь хойш яг зуун жилийн дараа дурсъя гэж бодож байгаад мартсан байв. За яахав гээд 2017.10.10 болгон хойшлуулж дахин товлосон ч дөнгөж өчигдөр, 2017.06.22-ны хамгийн богино шөнө цонхоороо гудамж руу харангуутаа гэнэт саналаа.

    Ночь, улица, фонарь, аптека,

    Бессмысленный и тусклый свет.

    Живи ещё хоть четверть века —

    Всё будет так. Исхода нет.

    Умрёшь — начнёшь опять сначала

    И повторится всё, как встарь:

    Ночь, ледяная рябь канала,

    Аптека, улица, фонарь.

    10 октября 1912

    (Шөнө, гудамж, дэнлүү, аптек

    Бүдэгхэн, утгагүй гэрэл

    Хорин таван жил дахиад амьдар, хамаагүй

    Бүх юм яг хэвээрээ. Арга алга

    Үхсэн ч, бүр шинээр эхэлсэн ч

    Бүх юм хуучнаараа давтагдана

    Шөнө, мөстөж мяралзсан сувгийн ус,

    Аптека, гудамж, дэнлүү.

    1912 оны 10-р сарын 10)

    Намайг Ленинградад сурч байхад яг 1982 оны 10-р сарын 10-нд өрөөний маань орос шүлгийн төгсгөлд нь дурайлгасан “10 октября 1912” огноог үзүүлэхэд яг далан жилийн өмнө гэж бодоход ер бусын мэдрэмж төрж билээ. Дараа нь Петроградын хуучны төрхийг хэвээр хадгалсан саарал гудамжуудаар нааш цааш өнгөрөхдөө тэрхүү шөнө, гудамж, дэнлүү-г байн байн төсөөлдөгсөн.

     
  • Mongold 20:37 on 2016-02-02 Permalink | Reply
    Tags: Миний түүх,   

    Гучин жилийн өмнөхийн өмнөх гучин жил 

    Монголын нэн шинэ түүхийн эргэлтийн цэг бол гарцаагүй 1990 он. Түүнээс хойш даруй хорин таван жил өнгөрчээ. Хорин зургаа ч юм уу. Дахиад хэдэн жил өнгөрөхөд гуч болно.

    Тэгвэл 1990 оноос урагш бас гучийг тоолбол 1960 он! Малыг нь малчдаас хурааж дуусахад монголчуудын бүхэл бүтэн үе Улаанбаатарыг бараадаж улмаар орчин үеийн хот суурин, барилга, үйлдвэрлэл, соёл боловсрол цэцэглэсэн эхлэлийн цэг. Ингээд 25 жил өнгөрч 1985 он гарахад Монгол орон танигдахын аргагүй өөрчлөгдсөн хэрнээ дахиад таван жил өнгөрч 1990 он гарахад хямрал, дампуурлын ирмэгт тулсан байлаа. Ингээд гучин жилийн дараа нийгмээ солив.

    Яг тэр жил манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол улс Азийн бар болох тухай хээ шаагүй зарлахад монголчууд хоёр мянганы заагаар баримжаалсан санагдана. Нэг мэдэхэд 2000 он өөрөө түүх болж 25 жил өнгөрч Монгол улс дахиад танигдахааргүй өөр болсон хэрнээ биднийг гадна, дотноос хэн ч арслан бараар цоллохгүй байна.

    Миний үеийнхний үзэж өнгөрүүлж буй хоёр зууныг дамнасан 1960-аас 2020 оны хоорондох жаран жил дундаасаа яг хоёр тэнцүү тоонд хуваагдах болж байна. Тэр нь хоёр өөр нийгэм байж таарлаа. Одоо хэдхэн жил хүлээгээд гуч хүргэвэл … үгүй ээ, нийгэм солигдохгүй, гэхдээ Азийн бар болохгүй нь лавтай. 2020 гэсэн тоог бичихэд зарим зүйл санаанд орлоо. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намаас дэвшүүлээд сонгогдсон “Монгол хүн – 2020” хөтөлбөр бүрэн биелж долларын ханш 2020 хүрнэ гэх мэт. Тэр үед тав, ерэн ес, 888 гэх зэргээр тоо цифрийн утга учрыг тайлдаг нөхдүүд нэг юм хэлэх биз.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel