Tagged: Түүх Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 01:28 on 2018-12-22 Permalink | Reply
    Tags: , Кино, Түүх   

    Хэрвээ тэд ялсан бол … 

    2018.12.22.

    “Цайз дахь нууц ноёнтон” гэж орчуулсан The Man in the High Castle олон ангит цуврал SBN телевизээр гарч өчигдөр орой дууслаа. Би дундаас нь үзсэн. Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ, АНУ, Их Британи тэргүүтэй холбоотнууд бус, фашист Герман, Япон хоёр ялалт байгуулснаар фантаазлаад 1962 онд дэлхий дээр юу болж буй тухай кино юм. Тэд дэлхийг хуваагаад авчээ. Газрын зураг дээр Германы агуу их рейх Атлантын далайн хоёр талаар Европ, Африкийг тэр чигээр нь, Америк тивийн хагасыг уртааш нь, харин Их наран улс Номхон далайн эргээр, ЗХУ, Хятадын зүүн хэсэг, нөгөө талдаа Америкийн баруун хэсгийг эзэлж Японы номхон далайн мужууд нэртэй болгосон байх юм.

    Нацистууд Вашингтоныг сүйрүүлээд сэргээгээгүй бололтой, Нью-Йоркийг эзэгнэн өндөр барилгуудыг хас тэмдгээр чимэглэсэн, харин япончуудын мэдэлд орсон нөгөө эрэгт одоо цагийн Холливудын дайнтай кино болгон дээр нурааж, тасалж ханадаггүй үйлын үртэй Сан-Францискогийн час улаан Golden Gate бүтнээрээ ч доогуур нь японы цэргийн усан онгоцууд хөшилдсөн ийм ертөнцөд киноны үйл явдал өнгөрнө. Эхлээд Гитлер амьд байснаа хуйвалдагсдад хорлогдож үхнэ (Сталин бүр 1949 онд цаазлуулсан), бас дэлхий дээр  үлдсэн хоёр их гүрэн хоорондоо их муу, атом, устөрөгчийн бөмбөгөөр тулах дээрээ тулсан байх.

    Ер нь ямар ч киноны дараа дараачийн анги заавал мууддаг жишгээр энэ бас тэгэв. Төгсгөл рүүгээ эсэргүүцлийн хөдөлгөөн, “партизанууд”, ухуулах хуудас, халдлага бүхий ердийн байлдаантай кино болж хувирлаа.

    Гитлерийн Герман ба империалист Японыг хоёуланг нугаслалцсан улсын иргэн миний хувьд юу сонирхол татав гэвэл тэр кинонд Монгол гарна, гэхдээ зөвхөн газрын зураг дээр, Герман, Японы аль алинд эзлэгдээгүй байх юм. Итгэмээргүй ч тэр хоёр гүрэн шууд хиллэхгүйгээр дундаа хэнийх ч биш бүсийг үлдээх аж. Америкийн төв хэсгээр сааралтах тийм бүсэд америкчууд тусгаарлагдан амьдардаг бол Евразийн төв хэсэг бүхэлдээ дундын бүс болжээ. Нацистуудын Япон руу дайрах төлөвлөгөөн дээр Хятадын гүн рүү урагшлуулсан Монголын нутгаар дайрч давших чиглэлийг заасан байх ба эргэн тойрны улсуудаас зөвхөн БНМАУ-ын хилийн шугам зурагдсанаар үзэгдээд өнгөрнө.

    Түүхийн тухайд “хэрвээ” гэж байдаггүй ч энэ кинонд сэдэв нь ойр бөгөөд бидэнд шууд хамаатайгаас 1939 онд Халхын голд япончууд Зөвлөлтийн цэргийг дийлж манай зүүн хэсгийг тасалж авсан бол? Манж-го, Өвөр Монголтой хамт геополитикийн нэг тогоонд оруулсны дараа дэлхийн II дайнд ЗХУ, холбоотнууд яллаа ч манай нутаг дэвсгэр буцаад өнөөгийнх шиг эвлэх байсан уу? Ганц тодорхой юм гэвэл биднээс хамаарахгүй байсан биз.

    x x x

    “Бидний өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтөнд гавъяа”. 20-р зууны босгон дээр мөхөхдөө тулж байсан Монгол зуун жилийн дотор хөл дээрээ өндийсөөр ийм болжээ. Олон хэрвээ байсан, гэхдээ биднээс хамаарсан хэрвээгийн нэг жишээ бол 1921 оны Ардын хувьсгалтай эн тэнцэхүйц ач холбогдолтой гэж Ю.Цэдэнбалын үнэлсэн нэгдэлжих хөдөлгөөн гэж бодлоо. Хэрвээ малчдаа хувийн аж ахуйтан хэвээр нь, ЖДҮ-чдээ (одоогийн биш, 50-иад оны мужаан, дархан, гутал засвар, оёдол, гуанз гээд) ядахдаа хоршоологчдоор үлдээсэн бол?

    Малаа нийгэмчлээд хөдөөнөөс дайжиж хот руу суурьшсаны ачаар хүн ам төвлөрч, үйлдвэр үйлчилгээ, барилга, гудамж талбай, шугам сүлжээ, ажилчин анги,  сургууль боловсрол, урлаг соёл, шинжлэх ухаан хөгжсөн, ажилчин анги, сэхээтнүүд бий болсон. Даанч мах, сүү ховордож хотын биднийг олон цагаар оочирлодог давхар ажилтай болгожээ. Би сурвалжлагч байхдаа Булган аймгийн нэгэн суманд олон хүүхэдтэй малчных зуухан дээрээ бин хайрч зогсохыг хараад, ганц хонь цохуулаад авчихаж болохгүй юу гэхэд болохгүй, саявтар нэгийг идчихсэн гэж билээ. Нэгдлийн 700-аад хонь малладаг тэднийх яагаад ч юм нэлээдийг хорогдуулж өр төлбөрт орсон, бас амины хэдийгээ барсан байсан санагдана. Намын их хурал болгоноор малын тоог 25 саяд хүргэх дайчин зорилт биелэхгүй явсаар 1990 онтой золгожээ. Өнөөдөр боль, зогс гээд байхад л малын тоо толгой 80 саяд хүрдэг болов. Сталин биднийг 200 сая малтай болохыг шаардсан байх аа?

    x х х

    Ямар ч байсан тэд биш бид ялж XX зуунаас тусгаар улстайгаа үлджээ.  Жинхэнэ “Монгол ялсан” гэж энийг хэлнэ. Бусад нь өчүүхэн асуудал. Өнөөдрийн хэрүүл маргаан “яахав ээ!”. Улс төрчдийн муу муухай нь утаанаас ч дор үнэртэж буйг тэсч хүлээх л үлдэж байна. Зөвшилцөж эвлэрэхийг ухуулах хэрэггүй. Бусад орны парламентийн жишгээр бол юм шидэлцэх, барьцалдаж авах, үсдэлцэх гээд манай УИХ-ын гишүүд тэмцлээ үргэлжлүүлэх нөөц бололцоо зөндөө бий. Хугацаа хангалттай. Энэ өвөлдөө зад үзэлцээд тарж бутраад өгөөсэй. Гагцхүү тэдний хэн нь ч ялж болохгүй.

    Утааны тухайд гэвэл энэ өвөл юу ч хийгээд нэмэргүй. Маскаа зүүцгээе. Тэгээд улс төрийн салхи бүгдийг үлдэн хөөхийг хүлээе!

     
  • Mongold 23:33 on 2018-05-05 Permalink | Reply
    Tags: Түүх   

    Түүхийг бүтээхүй 

    2018.05.05.

    Бид түүхээ шинээр бүтээж байна. Цаг хугацааг туулж, байгуулж, тэмцэж, алдаж оносны араас бичиж бүтээхийг хэлж байгаа санаатай. Хэвлэн нийтлэх хялбар болсноор ураг удам, сум нэгдэл, төгссөн сургуулийнхаа түүх, хувийн дурсамжаа бичих хөдөлгөөн өрнөжээ. “Манай захирлаар Дондог гэж цэрэг ногоон хувцастай залуу ирж билээ” гээд л. Тэдний ачаар монголын шинэ түүх мөр мөрөөр бичигдэж байна.

    Миний үеийнхэнд хол ойрын түүхийг хамгийн сайн мэдүүлсэн нь романууд. “Тунгалаг тамир”, “Их нүүдэл”, “Спартак”, “Сүүлчийн могикан”, Яны “Чингэс хаан” гэх мэт. Халх голын тухай “Зам” роман. Зарим нь шал худлаа байж таарсан. Зарим нь гайгүй. Бас кино. “Цогт тайж”-аар хүмүүжсэн бид өөр хувилбарыг хүлээж аваагүй биз. Би сурагч байхдаа 1913 онд Монголын цэрэг Өвөр Монгол руу таван замаар нэвтэрч хар хятадуудтай байлдсаныг сурах бичгээс биш, С.Дашдэндэвийн “Улаан наран” романд бүдэг бадаг бичсэнээс анх мэдэж бахархсан шүү. Урдаас улаан хамгаалагчид дайрч магадгүй санагддаг байсан тэр цаг. Түүхийн номнууд цөөхөн байжээ. Ц.Дамдинсүрэнгийн буулгасан “Монголын нууц товчоо”-гийн дөчөөд оны эхний хэвлэлийг (хар бараан хавтастай санагдана) хэн нэгэн олж ирээд ангиараа дамжуулан уншицгаасан. Нандигнаж, зарим нь цаасан хавтас зүүгээд дараачийн хүнд өгч байсан. Далаад он хүртэл дахиж хэвлээгүй байжээ. Партизан Ж.Дамдины “Үймээний жил” дурдатгал тэр үед гайхалтай санагдаж байлаа. Тэрбээр 1921 онд Нийслэл хүрээнээс Хиагт хүртэл өртөөлөхдөө гамингуудын харгислалыг үзэж харснаа заримдаа сэрдхиймээр дүрсэлсэн байдаг.

    Өнөөдөр түүхэн роман, кино асар олноор гарч байна. Гэхдээ хааны царай барайж дуугаа хураахад гэрт нам гүм болов. Гадаа тэртээ хол морь малын чимээ … гэж уншихад зохиогч маань тэр гэрт Sony камераар зэвсэглээд (муу камераар яасан ч тэгэж ялгахгүй) сууж байснаас зайлахгүй. Хүн дотроо юу бодсоныг протоколдсон зохиол ч зөндөө. Уран зохиол гэж юу байдгийг би нэг муу юм мэднэ, гэхдээ л … Сүүлийн үед Их эзний хэлсэн үгний ишлэл  тоймоо алдлаа. Бидний мэдэх ихэнх зүйр цэцэн үгс түүнийх болжээ. Удахгүй Чингэсийн 1-р боть хэвлэгдэх байх.

    Хажуугаар нь жинхэнэ түүхийн номнуудыг сайн унших хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хангалттай олон гарчээ. XX зууны  эхээр Монголоор явсан гадаадынхны бичсэн номнууд олон орчуулагдав. Баримт жишээ, бичиж тэмдэглэх соёл гэж тэдэнд байна аа байна.

     
  • Mongold 20:37 on 2016-02-02 Permalink | Reply
    Tags: , Түүх   

    Гучин жилийн өмнөхийн өмнөх гучин жил 

    2016.02.02.

    Монголын нэн шинэ түүхийн эргэлтийн цэг бол гарцаагүй 1990 он. Түүнээс хойш даруй хорин таван жил өнгөрчээ. Хорин зургаа ч юм уу. Дахиад хэдэн жил өнгөрөхөд гуч болно.

    Тэгвэл 1990 оноос урагш бас гучийг тоолбол 1960 он! Малыг нь малчдаас хурааж дуусахад монголчуудын бүхэл бүтэн үе Улаанбаатарыг бараадаж улмаар орчин үеийн хот суурин, барилга, үйлдвэрлэл, соёл боловсрол цэцэглэсэн эхлэлийн цэг. Ингээд 25 жил өнгөрч 1985 он гарахад Монгол орон танигдахын аргагүй өөрчлөгдсөн хэрнээ дахиад таван жил өнгөрч 1990 он гарахад хямрал, дампуурлын ирмэгт тулсан байлаа. Ингээд гучин жилийн дараа нийгмээ солив.

    Яг тэр жил манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол улс Азийн бар болох тухай хээ шаагүй зарлахад монголчууд хоёр мянганы заагаар баримжаалсан санагдана. Нэг мэдэхэд 2000 он өөрөө түүх болж 25 жил өнгөрч Монгол улс дахиад танигдахааргүй өөр болсон хэрнээ биднийг гадна, дотноос хэн ч арслан бараар цоллохгүй байна.

    Миний үеийнхний үзэж өнгөрүүлж буй хоёр зууныг дамнасан 1960-аас 2020 оны хоорондох жаран жил дундаасаа яг хоёр тэнцүү тоонд хуваагдах болж байна. Тэр нь хоёр өөр нийгэм байж таарлаа. Одоо хэдхэн жил хүлээгээд гуч хүргэвэл … үгүй ээ, нийгэм солигдохгүй, гэхдээ Азийн бар болохгүй нь лавтай. 2020 гэсэн тоог бичихэд зарим зүйл санаанд орлоо. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намаас дэвшүүлээд сонгогдсон “Монгол хүн – 2020” хөтөлбөр бүрэн биелж долларын ханш 2020 хүрнэ гэх мэт. Тэр үед тав, ерэн ес, 888 гэх зэргээр тоо цифрийн утга учрыг тайлдаг нөхдүүд нэг юм хэлэх биз.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel