Tagged: Эмх цэгц Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 18:15 on 2018-11-05 Permalink | Reply
    Tags: , Эмх цэгц   

    Нэрлэхүй 

    2018.11.05.

    Монголын үндэсний олон нийтийн телевизийн тоймч Т.Цогтоо “Цагийн хүрд”-ийн дотор хариуцсан хэсгээ “Та бүхэндээ өнөөдөр дэлхий дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал, мэдээ, мэдээллээс хүргэе” гэж эхэллээ. Анзаарав уу? Миний мэдэхээр, хэдэн жилийн турш тэгэж байна.

    Харин араас нь Д.Баярсайхан Америкийн сагсан бөмбөгийн нэгэн тамирчны гуяны арын шөрмөс гэмтсэн зэрэг нарийвчлалтайгаар танилцуулсан спортын тоймоо “Та бүхний анхаарлыг манай оронд болсон тэмцээн уралдаан, үйл явдлын мэдээлэлд хандуулья” гэж зөв эхлэв.

    Энэ алдааг зөвхөн сэтгүүлчид гаргадаггүй. Яг тэр “Цагийн хүрд”-ээр Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр ярихдаа “Олон улсын зах зээл дээр болж байгаа мэдээ, мэдээллийг бид ашиглаж сурах хэрэгтэй байна” гэж анхаарууллаа.

    MNC телевизийн мэдээгээр “… олон улсад өрнөсөн мэдээ мэдээллүүдийг” орчуулагч Алтаншагай хүргэхийг зарласан бол Алтаншагай нь өөрөө “Энэ долоо хоногт дэлхий дахинд өрнөж байгаа мэдээллийг…” гэж гүйцээх нь тэр.

    Монголчууд буруу ярьж зөв ойлгодог ховорхон авъяастай ард түмэн учраас тоогоод яахав. Тэр тусмаа жирийн иргэдийг. Гэхдээ сүүлийн үед телевизийн сэтгүүлч, хөтлөгчдийн дунд дэлгэрч буй нэг хэллэг чихэнд тороод болдоггүй ээ. Би амжиж цаасны захад хэдийг тэмдэглэж авснаа сонирхуулья.

    Бас тэр орой “Цагийн хүрд”-ээр сурвалжлагч Эрдэнэбүрэн “.. хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй хориод төрлийн бага насны хүүхдүүдийн дэлгүүрээс байнга худалдан авч иддэг хатаасан жимс …

    Нэлээд хэд хоногийн өмнө Цогтоо тоймч “Хэрвээ Эр Риад зэвсэг худалдан авахаас татгалзсан тохиолдолд … гэв.

    Eagle телевизийн “Поп мэдээ”-ны хөтлөгч: … Хэрхэн байгаа эсэхийг …

    Бас тус телевизийн мэдээгээр:  Хэрвээ түрээсийн орон сууц олгосон тохиолдолд …

    25-р сувгийн “Ёо Ёо-г анагаах нь” нэвтрүүлэг: … Хэрвээ тэгсэн тохиолдолд …

    Бүр ДеФакто дээр нэг нөхөр: .. хэрвээ би ингэсэн тохиолдолд …

    Эхэндээ ийм өчүүхэн өө сэвээр хөөцөлдөх дэмий санагдавч илт алдаатай хэллэг тархсаар төдийгүй дэлхийн түвшинд гарах шинжтэйг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Швейцарьт хийсэн айлчлалын сурвалжлагад сэтгүүлч Т.Маралмаа “… Монгол Улс хоёр томоохон хөрш улс орны дунд ямар хэрхэн харилцаагаа хадгалж ажиллаж байгаа эсэх тал дээр …” хэмээн дуржигнуулж, өнөөдөр олон улсын тоймч Ганбаяр “Кремль Трампийн энэ урилгад ямар хариу өгсөн эсэх нь тодорхойгүй …” гэхийг сонсоод ухаарч, тэсэлгүй хэлэхээр шийдсэн минь энэ.

    Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Билэгт ээлжит уран бүтээлээ “Дотооддоо хэрэглэж болох маш их бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирж байна” хэмээн туурвисан байна.

    Оносон оноогүй үг, өгүүлбэр, хэллэгийн тухай цааш үргэлжлүүлье.

    Үг хүчтэй. Гэхдээ үг олдохоороо хүч нь сулраад явчихдаг байж таарна. Социализмын үед “улс орон буруу замаар тууж явна” гэж дуугарах аюултай байсан бол одоо бол зүгээр л хөөс. Юу дуртайгаа хэлэх эрх чөлөө ба зуу дөхсөн телевизийн сувгууд, дээрээс нь нийгмийн сүлжээ холилдоод хутгаж өгч байна. Ярилцлага гэж чалчих буюу пан гөрөхийг хэлдэг болсон. Хайран цаг зав, гэхдээ үгийн цаана юу байгаа, байхгүй нь чухал хэвээрээ.

    XX зууны Монголын тусгаар тогтнолыг Ардын нам, ардчиллыг Ардчилсан тус тусдаа өмчлөөд авсан. Одоо ардчилал бол Ардчилсан нам биш гэж мянга нотлоод нэмэргүй. Сонгуулиар ялбал ямар ч эргэлзээгүй “Ардчилал яллаа”. Бас “Монгол ялав” гэж цаана хэн, юу байгаа нь тов тодорхой хэрнээ зарлаж болдоггүй нэг хэцүү юм байх. Дээрхэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Төмөр зам бариулахгүй байгаа этгээдүүдтэй хатуу тэмцэнэ” гэж айлгасан, албан тушаалаа илт ашиглаж буй нийслэлийн өндөр албан тушаалтан “Та нар авлигалын мөнгөөрөө намайг дийлэх гэж оролдвол гонжийн жоо” хэмээн сийхгүй мэдэгдсэнийг яах ч арга алга.

    Яаж нэрлэхээс их зүйл хамаарна. Нэр солиход хандлага өөрчлөгддөг. Тахир дутуу гэдэг байсныг хөгжлийн бэрхшээл болгосон. Одоо ижил хүйстэн нөхдүүд “бахархлын  жагсаал”-аар айсуй. Удалгүй тиймэрхүү нэртэй болох биз.

    Бүтээн байгуулалт, бүтээн байгуулагч, баялаг бүтээгч гэж сайхан нэршлүүд байна. Социалист бүтээн байгуулалт гэж байгаад хөсөр хаягдсаныг өөд татаад авсан түүхтэй. Чухам энэ хэллэг өнөөдөр манай бизнесийн нэр хүндийг өөд татаж байна. Одоо барьж босгож овоолж байгаа бүхэн гарцаагүй бүтээн байгуулалт. Гагцхүү төсвөөс мөнгө сааж, авлигаар газар авч, булааж, хууль бусаар хийснийг ялгахгүй. Одон тэмдгийг жинхэнэ гавъяатан ба хулгайч дээрэмчинг ялгахгүйгээр бөөнддөг шиг. Нийслэлийн баруун хэсэгт Туулын эргийг ухаж хайрга олборлон сүйрүүлж байгаа компаниудыг эсэргүүцсэн иргэдийг “бүтээн байгуулалтыг саатууллаа” гэж буруутгасан байдаг. Уг нь бүх зүйл ажил, барилга, бизнес  юмсан. Одоо үйлдвэрлэж үйлчилж байгаа хүнийг баялаг бүтээгчид гэж өргөмжилдөг болжээ. Бусад нь? Тэгвэл ядахдаа эмч нарыг “баялаг бүтээгчдийн эмч”, багш нарыг “баялаг бүтээгчдийн хүүхдийн багш”-аар нэрлэвэл нэрлэвэл шударга ёсонд нийцэхсэн.

    Ноос ноолуур, арьс шир, газар тариалан, шатахуун импортын компаниуд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” мэтийн гоё нэр зүүж байгаад төсвөөс хэдэн зуун тэрбумаар салгадаг аргатай.

    2015 онд нэр нь үл мэдэгдэх компаниуд татвар, гааль, нийгмийн даатгалын өр төлбөрөө цайруулахын тулд УИХ-аар дамжуулан 32 их наяд буюу тухайн жилийн ДНБ-ээс 1,5 дахин давсан мөнгөө өршөөлгөж өөрсөддөө үлдээжээ. Бусад оронд бол зөвхөн шийтгэл, торгууль, алдангиас чөлөөлдөг болохоос биш төлөх ёстойг төлүүлдэг юм байна. Түүгээр зогсохгүй хэн хэдийг өршөөлгөснөө байтугай зүгээр нэрсийг нь хүртэл төрөөр нууцлуулсан. Тэгээд энэ бүгдийг юу гэж нэрлүүлсэн бэ гэвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Ёстой нөгөө аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг.

    Энэ бүх асуудал ганц нэрнээс болоогүй, цаагуураа ил далд зөндөө “хөдөлмөрлөсөн” нь мэдээж боловч “хэрвээ нэр оносон тохиолдолд” буюу хүчтэй үгийг бодож олох, ганц нэр солих төдийд мянга мянган хүнийг толгой эргүүлэх арга ухаан, PR, ухуулга сурталчилгаа дэндүү хөгжиж хулгайч, худалч болон авлигачдыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ба УИХ-ын гишүүд болгон хувиргадаг болжээ.

    Сүүлийн өдрүүдэд шуугиулж буй дараачийн нэршил бол Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сан. Аливаа бизнесийн том жижгийг бид тэртээ тэргүй баримжаална. Босго, хэмжүүр нь хуулинд бий. Ийм учраас Монголын төрийн том зүтгэлтнүүд, эсвэл сиймхий гарвал хусчих гээд байдаг жижиг гарын хэцүү нөхдүүдийн алин болохоо яруу тод харуулсан УИХ-ын эдгээр гишүүдэд талархая.

    P.S.

    Монголын цаг хугацаа хүртэл тоондоо таардаггүй. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээг 11 цагт товлосон бол 11 хагасаас наашгүй. Заримдаа үүнийг шийдэх мэргэн арга олсон нь 10.30-д эхлэнэ гэж зарлах. Гэхдээ энэ худлааг бүгд дотроо мэднэ.

     
  • Mongold 17:46 on 2018-07-16 Permalink | Reply
    Tags: Эмх цэгц   

    Улсын наадам 

    2018.07.16.

    Наадмын өдөр. Гэнэт стадионы урд талын хашаа пирхийн нурж үерийн ус мурилзан орж ирлээ.

    Хүмүүс хашгирч үймэлдэхэд авга ах Бямбаа намайг шүүрэн авч хойшоо зүглэн Төв цэнгэлдэхийн баруугаар эгнэсэн жижиг цагаан мухлагуудын хажуугаар, өвдгөөр татсан усыг туучсаар Энх тайвны гүүрэн дээр гарч билээ. Ийнхүү миний санах анхны наадам, 1966 оны гамшигт үер хоёр нэг дурсамж болж үлдсэн юм. Стадион гэж Төв цэнгэлдэхийг биш, харин түүний баруун урд, өнөөгийн Олимпийн хорооны хавийг багтаасан модон стадионыг хэлж байна. Гадуураа гоёмсог хаалга бүхий модон хашаатай. “Хүний мөр” кинон дээр хэсэгхэн зуур харагдаад өнгөрдөг. Өвөл нь мотоциклийн мөсөн замын уралдаан болж, зун нь эргэн тойрны модон байшингуудад дээлтэй, дээлгүй хүмүүс цугларч шагай харвадагсан. Үер буусан тэр өдөр Төв цэнгэлдэхэд маргааш нь Мөнхбат аварга түрүүлсэн бөх барилдаж, харин энэхүү Бага цэнгэлдэхэд янз бүрийн тэмцээн уралдаан болж байсан болов уу.

    Би түүнээс хойш Улаанбаатартаа ихэнх, 1991 оноос хойшхи бүх наадмыг алгасалгүй үзэж, Төв цэнгэлдэхийг нар зөв тойрон хуушуурдаж, наадмын нээлт ба тавын даваанаас хойшхийг ядахдаа зурагтаар, заримдаа дэргэдээс үзэж, сурын талбай, шагайн асруудаар шагайж, бас Хүй долоон худгийг зүглэн соёолонгийн биш юмаа гэхэд хавь ойрын тоосонд даруулсаар өдий хүрсэн байна. Уяачдын наадмыг сонирхдог ч үгүй. Харин хөдөөний наадам нэгийг ч үзээгүй шүү.

    Ийм арвин туршлагатай улсын наадамчны хувьд хэлэхэд наадмаа шинэчлэх юмсан. Начны найраа, сэрвээний өндөр сэлт миний мэдэх асуудал биш, шөвгийн дөрөв, үзүүр түрүү, айргийн тав, баян ходоод тэртэй тэргүй сайхан, гэхдээ эмх цэгц, зохион байгуулалт нь үнэхээр тааруу. Хэзээ хаана юу хэн ямар тухай мэдээлэл, зар үндсэндээ байхгүй.  Телевиз, гар утас, дэлгэц хөгжөөд хэд дахин гоёор, мэдээлэл тайлбартай үзүүлж байхад нөгөө багадаад байгаа, жуулчдад тасалбар олддоггүй Төв цэнгэлдэхэд хоосон суудал есийн даваагаар ч зөндөө болжээ. Төрийн наадам юм бол нээлт нь хатуу дэг жаяг бүхий ёслол баймаар санагдана. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх рүү хүндэтгэсэн шиг хүндэтгэж залах. Түүнээс биш хэн дуртай нь дагаж гүйлдэх биш. Наадмын нээлт хэмээх концертыг гоё болгох гэж оролдох тусам тансаг хэдий ч ядаргаатай шоу болон хувирч байна. Үүний оронд начин, харцага, заан, гарьд, арслан, аварга, тэр дундаа далай, даян, дархан аваргуудыг Төв цэнгэлдэхийн ногоон зүлгийг (жинхэнэ зүлэг болгомоор) дүүргэж танилцуулах, хүндэтгэх. Сүүлийн жилүүдэд бөхийн өргөөнд бөх болгоны нэрийг бүтэн дуудаж танилцуулдаг болсон, 2011 онд 6002 бөхийг жагсааж Гиннесийн номонд бичүүлсэн нь Р.Нямдорж тэргүүнтэй Үндэсний бөхийн холбооны хийсэн хоёр сайн зүйл билээ. Гэтэл өнөөдөр наадмын нээлтээр Хорлоогийн Баянмөнх тэргүүтэй аваргууд дарга нарын өмнүүр зүгээр явж өнгөрөх нь даанч жол. Харин индрийн эсрэг талын цахим дэлгэц дээр барилдааны дүрс, бусад мэдээллийг гаргаж харуулдаг болсон, энд тэндгүй дэлгэц зоож байгаа нь маш сайн. Гэхдээ хангалтгүй. Наадмаа яаж шинэчлэх талаар яриа хөөрөө эхлэх цаг болсон байна.

    Гол асуудал бол Төв цэнгэлдэх өөрөө. Тэртээ 1959 онд баригдсанаас хойш огт шинэчлэгдээгүй. Саяын наадмаар буюу 59 жилийн дараа таваас есийн давааг яг шпротны загас шиг нягтралтай сууж үзлээ. Орж гарах нь бүхэл бүтэн даваа. Ноднин уржнан төв замаас харагддаг байсан Төв цэнгэлдэх энэ жил өндөр барилгуудаар бүрэн таглагдаж хорооллын дундах тоглоомын талбайн зиндаа руу дөхөж байна. Эргэн тойрон ундуй сундуй. Тэр өдрүүдэд хөл бөмбөгийн аварга стадионуудын үзэж тансагласан бидний хувьд арай дэндүү…

    Шинэ стадион хэрэгтэй! Төв цэнгэлдэх нэгэнт өнгөрсөн, ийм учраас хаа нэгтээ шинийг, бүр томыг барихаас өөр аргагүй гэж бүгд ярьж байна. Гэхдээ ойрын жилүүдэд бүтэхгүй, бүтээд ч нэмэргүй. Ямар сайндаа хятадууд нисэхийн дэнж дээр тийм сайхан Спортын ордон барьж бэлэглээд байхад бүгд хуучнаасаа холдож өгөхгүй, бушуухан буулгаж шинийг барих тухай хэрүүлтэй байхав.

    Ойрын тав, арван жил эндээ наадах нь гарцаагүй учраас одоо, дараа жил юу хийхээ бодох цаг. Төв цэнгэлдэхийг өөд нь татахгүй байгаагаа нийслэлийн дарга нар 51 хувийг нь Нямдаваа гэдэг хувь хүн эзэмшдэгээр тайлбарладаг. Үнэхээр тийм. Цаадах нь наадам бүрийн өмнө төсвөөс бага сага мөнгө нэхэж будаг түрхэж жижиг сажиг засвар үйлчилгээ хийлгэдэг. Төв цэнгэлдэх бол зөвхөн ганц стадион биш,  түүнээс хэд дахин том эргэн тойрны талбай байсан. Хөрөнгө оруулж гадагш нь өндөрлөн тэлж хэд дахин том болгоход хүрэлцэх тэр орон зай хаачсан бэ? Нийслэл өөрөө, Нямдаваа хоёр ээлжлэн барилгын компаниудад сэмхэн өгч (мэдээж зарсан байж таарна) орон сууц бариулаад барж буйн гэрчүүд нь наадамчин олон бид юм. Одоо сул харагдаж байгаа газрууд дараа жилийн наадмаар очиход байх уу? Хэрвээ манайд жинхэнэ төр засаг, сайн хот байсан бол Төрийн наадам  хийдэг Төв цэнгэлдэхийнхээ 51 хувийг алдчихаад дөрлүүлж явахгүй байсан.

    Уг нь хамгийн сайхан наадмын талбай бол Яармагийн дэнж. Төв цэнгэлдэх баригдах хүртэл буюу бүр 1930-аад оноос 1960-аад оныг тултал Төрийн наадам энд болдог байжээ. Хотод ойрхон, хүүхэд хөгшидгүй хүрээд очиж чадахаар цэлийсэн сайхан энгэр. Хэдэн ч цэнгэлдэх багтана. Жилдээ нэг удаа наадмынхаа ёслолыг хийгээд бусад цагт нь амралт зугаалга, өвөл нь цана чарга. Ердөө хоёрхон жилийн өмнө ингэж болох байсан. Гэтэл одоо үй түмэн барилгаар дүүргэж байна. Дархан цаазаас нь гаргаагүй байж шүү! Дээр үеийн барилгуудаас хуучирсан, сүйтгэсэн хэдэн балгас, бас голд нь нэгэн хөшөө үлдсэн. Түүнийг 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор ёслол төгөлдөр нээсэн ажээ. Оройд таван хошуу нь байсан нь алга. Баруун тийш харсан энгэрт нь  Лувсаншарав гуайн дурссанаар ийм шүлэг бичсэн байж. Одоо бүрэн баларчээ.

    Үрийн үрээс эрх чөлөөг хүсээд

    Үеийн үеэс тэмцсэн ардын тэмцэлд

    Ачит Ленин, Сталин дэмжиж туслаад

    Ардын төртэй Монгол улс тогтов оо.

    Түүнээс хойш яг 72 жил өнгөрчээ. Ленин, Сталин яахав ээ. Муу, сайн ч гэсэн Төрийн наадам болж байсан газар.

     
  • Mongold 21:52 on 2018-05-09 Permalink | Reply
    Tags: Эмх цэгц   

    Яг мэдэх 

    2018.05.09.

    Гадуур ширүүн юм болоод өнгөрчээ. Монголоос гадуур гэсэн утгаар хэлэв. Оросын тагнуулын ажилтан байгаад урвасан нэгэн хурандааг өнгөрсөн гуравдугаар сард Солсбери хотод охинтой нь хамт хордуулсны буруутнаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй шууд ОХУ-ыг нэрлээд хэсэг дипломатчийг нь хөөснийг барууны бусад орнууд дэмжин нэмж хөөж, оросууд хариу хөөж хэсэг бужигнав. Урьд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлөхийг оролдсон гэж зарласны дараа төстэй явдал болсон билээ. Дөрөвдүгээр сард Сирийн Засгийн газрын цэргийг Дума хотод энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгасан Англи, Америк, Франц гурван улс бөөн пуужин харваж шийтгэлээ.

    Гэтэл тэр тагнуулчийг оросууд хордуулсны нотолгоо байхгүй, Сирид хордуулсан нь шал худлаа болж таарав. Одоо барууны хэвлэл мэдээлэл худалч улс төрчдөө балбах нь гэтэл тэгсэнгүй. Хордсон хүүхдүүдийг усаар шүршин аварч байна гэсэн бичлэгийг CNN, BBC-гээр зогсоо зайгүй үзүүлж, зургийг нь сонинууд тэргүүн нүүрэндээ нийтэлж улс төрчдийг хөөргөсөн хэрнээ тэр явдал жүжиг байсныг илчилсэн бичлэг гарч ирэхэд таг дуугүй өнгөрч байх юм. Ерэн оноос хойш бидэнд хараат бус байдал, гурваас доошгүй эх сурвалж, гарцаагүй баримт нотолгоог заасан багш улсууд яав аа?

    Манайхны тавьдаг “энэ олон телевизийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх юм алга” гэсэн гомдлыг “энэ хэдэн улсуудын аль нь үнэн …” гэж өөрчлөхөд хүрлээ. Монголын нэг, хоёр, гуравдугаар хөршүүд болох том гүрнүүд хоорондоо муудалцаад байхад бид аль нэг талд орж цод цод хийхгүй, дуугүй байгаа.

    Телевиз үзэхэд даян дэлхийд энх тайван биш fake news – хуурамч мэдээ мандаж байна. Тийм мэдээг илчилдэг тусгай нэвтрүүлэг, сайтууд гарчээ. Тэр нь бас хуурамч мэдээгээр дүүрэн. Өнөө цагт ямар ч мэдээ секундын дараа дэлхийг бүрхдэг, мэдээгээр хүний толгойг эргүүлэх арга ухаан дээд цэгтээ хүрсэн учраас дайн дэгдэж, дайныг дэгдээж ч мэдэхээр байна. Манайхны хувьд худлаа нээрээ ярих нь ихсэж багасгаагүй хэвэндээ л байгаа. Гэхдээ бусдыг хэлэлтгүй, дотроо болж буй элдэв явдлыг бид яг мэдэж, үнэн мэдээлж чадаж байна уу? Хуурамч гэхийн оронд шууд худлаа мэдээ гэвэл илүү ойлгомжтой байна.

    Эрдэнэтийн 49 хувийн талаар хоёр жил шуугилаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ээлжит төлбөртэй нэвтрүүлэг бүх том сувгаар цацагдав. УИХ-аас асуух ёстой юмыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дур мэдээд хувь хүмүүст аваад өгчихсөн хэрэг билээ. Улс дамнасан ер бусын хувьчлал учраас эсвэл эдийн засаг, бизнесийн сурах бичигт орох үлгэр жишээ, эсвэл XXI зууны шилдэг луйвар. (XX зууных бас Эрдэнэтийнх байжээ). Одоо УИХ, Засгийн газар ба компанийн тал шүүхдэлцэж байна. Үнэн олдох уу? Шүүх бол аливаа хэргийг хуулийн заалттай тулгаж үздэг байгууллага учраас хуулинд харыг цагаан, цагааныг хар гээд бичсэн бол түүгээр шийднэ. цоорхой байвал түүгээр гоожуулна. Энэ хооронд эрх мэдэл ба их мөнгө бие биенээ он жилээр гацаана, эцэстээ “улс орны эрх ашгийн төлөө” талууд буулт хийж хувь процент дээр тохиролцоод салах, биш ээ нийлэх байх. Мөрдөн шалгалт (хэрвээ явж байгаа бол) хүрсэн тэр цэгтээ зогсоно.

    Эрдэнэт үйлдвэрийн манай талын 51 хувийг цэнхэр тасалбараар түгээх, бас хувьчлах тухай яригддаг байсан. Харин Оросын 49 хувийг очоод авах санаа үнэхээр хосгүй учраас нэгээс илүүгүй хүний толгойд орсон байж таарна. Тэгээд хоёр, магадгүй гурван хүн маш нууц уулзалт болсон. Тагнуулын ерөнхий газрын даргыг дуудаж үүрэг өгсөн… Ажлаа хуваарилж бизнесийн тал мөнгөө яаж босгохоо, Ерөнхий сайд УИХ-ын “садаа”-нуудыг яаж аргалахаа хариуцсан. Хэлэх хэлэхгүй, итгэлтэй итгэлгүй хүмүүсийн жагсаалт гаргасан… Энэ бүх үйл явдал тов тодорхой овог нэр, ажил, албан тушаал, он сар өдөр, минут секунд, амнаас гарсан үг, албан бичгийн өгүүлбэр, гарын үсэг, үнийн дүнтэй. Гагцхүү энэ түүхийг бид мэдэхгүй өнгөрнө.

    Нэн шинэ түүхийн олон үйл явдлын жинхэнэ түүх нь бичигдээгүй байна. Хэрвээ цагдаа шүүхээр орсон, гэрч оролцогч нь сонин хэвлэлд ярьж амжсан бол тэр хэмжээндээ үлдсэн. Яахав, зарим нэг нь уран сайхны кино болсон. 90 саяын Гансүхийн хэргээр “Бодлын хулгайч”-ийг хийсэн. Бас 2007 оны Ми-8-ын ослын мөрөөр “Ми-15” (амиа алдсан аврагчдын тоогоор) нэртэй кино гарчээ.

    1991 оны алдарт 20-р тогтоолын нууц задарсан, 1993 онд Ми-8-ыг хил зөрчиж оруулаад улсад шахсан, 1993-1994 оны Айбекс-Молам-аар тэнгэрээ зарах шахсан эсэх, 1995 онд ажил хаясан багш нарыг тагнасан, Гүнтийн буудалцаан, төрийн өмчийн хачирхалтай хувьчлалууд (өөрөө өөртэйгээ өрсөлдөж ялсан тендер, шөнийн 02 цагт гарсан шийдвэр, эгзэгтэй мөчид тог тасарсан, танд арай үнэтэй заржээ гээд тал мөнгийг буцаасан гэх мэт), 1997-1998 онд нам даруулсан казино, 2002 оны Центрпойнтын зодоон, 2003 онд монголын тагнуулчид Европоос иргэнээ хулгайлсан, 2004-2006 онд Хадгаламжийн банкны 14 тэрбумаар казинодож чадсан, 2007 онд Симба Батаа дахиад нэг нисдэг тэрэг унагасан гээд дуулиант хэрэг явдлуудыг бид ерөнхийд нь сонссон, гэхдээ яг мэдэхгүй. Зарим дурсамж ба захиалгат дурсамжууд бүтэн үнэнийг хэзээ хэлэхгүй. “Арван долоон чингэлэгийн нууцыг тайлахуй” мэтийн жинхэнэ бестселлер номнууд зохиогчоо хүлээсээр. Цаг нь хараахан болоогүй байж магадгүй, гэхдээ 20,30 жил тийм ч бага хугацаа биш.

    Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 17-18 жил  мөрдөсний эцэст хэдэн хүнийг баривчилж шүүхээр оруулж ял сонсгосон ч яг юу болсныг бид мэдэхгүй. Хүн амины иймэрхүү хэргээс бид юу мэдэж авдаг вэ гэвэл тэр өдрийн төдөн цагт гэрт нь очсон, тэнд тийм хүмүүс байсан, хутга шөвгө гаргасан, амь насанд хүрсэн, гараад зугатсан. Ердөө л энэ. Хэдхэн өгүүлбэр. Гэтэл хамгийн дуулиантай энэ хэрэг дээр байхгүй. Гүйцэтгэх ажлын нууц гэнэ. Уг хэргийг илрүүлэхийн тулд тагнаж чагнасан нууцыг хэн ч нэхээгүй, зөвхөн аллага хүртэл юу болсныг товчхоон дурдахыг хүлээж байгаа.

    2008 оны 7-р сарын 1-ны түүх огт бичигдээгүй. Таван хүний амийг хөнөөсөн, бөөнөөр баривчилсан, тэдэнд ус өгөхгүй зовоосон, дараа нь өршөөсөн бүхэн 7-р сарын 2-ны 00.00 цаг буюу Онц байдал тогтоосны дараа болсон хэрэг.  Яг долдугаар сарын нэгний түүх байхгүй. Улс төрчдийн намтар хагас дутуу, бүр худлаа учраас нүглээ наманчилж Ганданд насаараа суух ёстой хүн нам төр толгойлоод манаргаад явж байх шиг.

    Сүүлийн өдрүүдэд Их тэнгэрийн амны эсрэг талд, Туулын эрэг дээр “Зүүнбаян рефайнери” компани хууль зөрчин барьж байгаа орон сууцны хотхон анхаарлын төвд байна. Ноднин газрын эрхийг нь цуцалсан ч барьсаар байгаа. Байгаль хамгаалагчид байтугай сайд, сайд байтугай УИХ-ын гишүүн очоод зогсоож чадаагүй. Бас 2016 онд нийслэлийн ИТХ-аас тогтоол гаргаж энэ барилгыг голын хамгаалалтын бүсээс гаргасан байна. Ямар мундаг эрх мэдэл, далдын хүч вэ? Хаяг нь “Оюуны ундраа” групп, нэр нь нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан,  бас УИХ-ын гишүүн асан, хамгийн сүүлд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байсан С.Отгонбаяр нар гэж бүгд мэднэ. Монголын нэг, хоёр, гуравдахь засаглал яаж ч чадахгүй байна. Дөрөвдэх засаглал? Бусад орны жишгээр ийм эрхмүүдийг ажлаасаа, гэрээсээ гарахад нь камер, аппарат, диктофоноо агсаад хүлээж баймаар.

    Уг нь манай сэтгүүлчид эгзэг нь таарвал улс төрчдөөс сүрхий асуудаг. Иймэрхүүгээр.

    -Энэ тендерийг авсан компанийн ард таныг бий, урьд орой нь үнэлгээний хорооны даргатай таныг уулзсан гээд байх юм?

    Одоо хэдэн секундын пауз авч хариугаа хүлээх хэрэгтэй. Гэтэл чухал эрхмийг эвгүй байдалд оруулахаас санаа зовдог уу, бүү мэд, залгуулаад,

    -Та олон жил бизнес эрхэлсэн үү? Тантай холбоотой иймэрхүү яриа гарахад хэрхэн хүлээж авдаг вэ?

    Улс төрч маань аврагдах нь тэр. Хэнгэнэтэл санаа алдаад бүх амьдралаа базаж,

    -Тийм ээ, олон жил чөмгөө дундартал зүтгэлээ. Яахав, миний үүсгэн байгуулсан компанийг ах дүү нар маань авч яваа. Тэд ямар тендерт оролцож байгааг би ямар мэдэх биш. Улс төрд орсноосоо хойш элдвээр хэлүүлж явна. Миний эсрэг яриа гаргасан хүнийг мэднэ, одоохондоо нэрийг нь хэлэхгүй

    Ам нь халбал,

    онголын төр өөртөө зүтгэсэн хүндээ халтай гэж үнэн шүү.

    Бүр халбал,

    -1937 оны хэлмэгдүүлэлт битгий эргэж ирээсэй … 

    Уг нь жижигхэн баримт асуусан юм шүү дээ. Бид юу ч мэдэж авсангүй. Уул шугамандаа мэднэ, тэр тусмаа яг мэднэ гэдэг бол мянган үгний таглаа.

     
  • Mongold 22:32 on 2017-06-22 Permalink | Reply
    Tags: Эмх цэгц   

    Баримт, баримт, баримт … 

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улангасч оргилдоо хүрлээ. Орой бүр нэр дэвшигч гурав ямар адгийн новш болохыг илчилсэн шинэ шинэ баримт, эсвэл өмнөх баримтыг дэлгэрүүлсэн бичлэг, нэвтрүүлгүүд урсаж байна. Хажуугаар нь тэдгээр баримтыг дүрсэлсэн зурагт хуудсууд. Гэхдээ цаасан дээр хэвлээгүй, цахим зурагт хуудсууд нийгмийн сүлжээгээр. Гудамжинд сурталчилгааны хөлтэй самбар хааяа нэг тааралдана. Жинхэнэ тулаан дэлгэцэн дээр, цахим фронт дээр өрнөж байна.

    Энэ удаагийн сонгууль бол баримт фактын сонгууль. Хамгийн том 60 тэрбумаас эхлээд төмөр зам, тэрбумын офшор, 50 сая вон хүртэл цул баримт. Ийм учраас аль ч тал нэг ч баримтыг няцаасангүй. Оронд нь “өөрөө муухай” гэсэн ээлжит шинэ баримтаар хариу барьж байна. Сонгуулийн дарааа олон сар жил ярих, судлах, бас мөрдөн шалгах баримтууд.

    Ямар азаар хэдхэн хоног үлдэв ээ. Бусад телевизээр бүтээгүй халз мэтгэлцээн Олон нийтийн телевизээр явахаар болжээ. Үзэгч сонгогчдоос ирсэн асуулт гэж байгаад хөтлөгчид байдгаараа “соёлтой” асуулт тавина, харин нэр дэвшигчид бэлтгэсэн захирагдах юу л бол. Чи би-дээ тулах бол зүгээр л нөхөрсөг яриа. Х.Баттулгын зүгээс дараачийн элдэв фактыг гаргаж үхэр буугаа тавихад М.Энхболд нүүрний ямар ч хувиралгүйгээр няцаана. Гэхдээ хараал ерөөлдөө хүрэхгүй болов уу. С.Ганбаатар (өнөө маргааш нэрсийн жагсаалтаас хасагдахгүй бол) хажуунаас нь хэсэг лоозогнох биз. Сүртэй юм болохгүй.

    Жинхэнэ сүртэй юм санал хураалтын маргаашнаас болж магадгүй. Миний хувьд түгшиж л байна…

     
  • Mongold 10:15 on 2016-01-24 Permalink | Reply
    Tags: , Эмх цэгц   

    Жинхэнэ эзэн нь хэн бэ? 

    Юунаас болсон биш, хэний буруу вэ? Энэ бол өнөөдрийн хамгийн чухал асуулт. Бүх юманд, тэр ч бүү хэл, ардын дуунд хүртэл эзэн байж таарна. Мартагдсан болохоос биш. Манайд юм л бол асуудал хүндээ биш, тогтолцоондоо гэдэг. Үгүй дээ, тогтолцоог хэн нэгэн, сайндаа л хэсэг бүлэг хүмүүс алхам алхмаар бий болгоод байна.

    Төрд хамаатай тогтолцоог яавч гурван саяулаа биш, тэр байтугай яг одоо Төрийн ордонд суугаа хүмүүс бүгд биш. тэр бүү хэл УИХ-ын гишүүд бүгд биш, ерөнхийдгөө төрийн гурван өндөрлөг зохиож байна. Тэд эрх мэдлээрээ яаж ч өөрчилж чадах, бас өөрчлүүлэхгүй байж чадахыг бид харж байна. Нэрлэвээс төрийн тамга дардаг, гарын үсгээ мутарладаг Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг гурав. Энэ жагсаалт доошоогоо нэг их явахгүй… Манай аливаа шийдвэр гайгүй болвол булаацалдана, бүтэлгүйтвэл эзэн олдохгүй. Шилэн данс гэсэн том нэрийн дор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр гарцаагүй байна. Харин ил тод болгох босго 5 сая төгрөг байсныг 1 сая болгосон эзэн нууц. Энэ хуулийг УИХ-ын 76 гишүүн баталсан ч бай, 1 саяын саналыг эхлээд нэг л хүн гаргасан, эсвэл сэмээрхэн шургуулсан. Тэрнээс биш хоёр хүний толгойд 1 сая гэдэг тоо зэрэг орж ирээд ам булаацалдан дуугараагүй.

    Энэ олон марзан томилгооноос эхлээд хууль болгон, тэр дундаа Өршөөлийн хуулиуд бүгд эзэнтэй. Нууц л байгаа болохоор биш. Хэн баталсан бэ гэвэл Улсын Их Хурал гэдэг. Биш ээ, жинхэнэ эзэн нь хэн бэ?

     
  • Mongold 18:23 on 2015-12-14 Permalink | Reply
    Tags: Эмх цэгц   

    “Ном”-ын дагуу хийх нь 

    Д.Цэцэнгийн “Үр ашигтай менежментийн эрэлд …” (Монголын компаниудад юу дутагдаг вэ?) номонд би ийм өмнөх үгийг бичлээ

    Тэртээ 1979 онд Ренчингийн Чойном нас барахаасаа өмнөхөн бичсэн нэгэн захидалдаа “манайх шиг итгэл төрүүлдэггүй шуудан харилцаа дэлхий дээр байдаг болов уу” хэмээн  “Монгол шуудан”-г бололтой хачирхаж халагласан байдаг. Тухайн үедээ ертөнцийг харах ганц цонх болж байсан зөвлөлтийн сонин хэвлэл захиалахад дэндүү уддаг, эсэхүл дундаас нь дугаар алга болдог, бас хөдөө, хотын хооронд илгээсэн захиа занаа саатан бухимдуулж байсны аль алинийг хэлжээ. Чойном цааш нь “Ер нь монгол хүний хариуцан хийж байгаа ажил бүхэн үхээнц хариуцлагагүй байдаг. Ер нь монгол хүн юмыг хийж чаддаггүй, хийлгэж ч чаддаггүй, ганцхүү туршлагын амьтад байвал зохих улс ажээ. Хичнээн сайхан юмыг тоохгүй сүйтгэж мэдэхгүй баллаж байгааг нь хараад уур хүрэх юм. Би ч эдний нэг нь мөн” гэж дуусгажээ.

    Түүнээс хойш хэдэн арван жил урсан одож, бүр нийгэм солигдож ихэнх ажил, алба, аж ахуй, үйлчилгээ хувийн болж зах зээлийн шидэт гар, өрсөлдөөн, эзний сэтгэл, гадаад дотоодын арга ухаан монгол хүний хийж байгаа бүхнийг өөрчилсөн хэдий ч “манайхан бас л болоогүй байна”-ыг бид алхам тутамдаа мэдэрч шүүмжилж байгаа билээ. Одоо тэгээд яах ёстой вэ? Юуны өмнө удирдаж зохион байгуулдаг, тэр дундаа аливаа байгууллагыг  даргалдаг, ялангуяа бизнес эрхэлдэг хүн болгон нэг юм бодох хэрэгтэйг Д.Цэцэнгийн “Үр дүнтэй менежментийн эрэлд” ном ухуулж байна..

    “Өөрчлөлт шинэчлэлийг өөрөөсөө эхэл”, эсвэл “өөрчлөлт нь чи өөрөө бай” гэх мэт ухаантай үгс бий. Зохиогчийн онцолсноор, хувийн салбарынхан хэнээс ч асуухгүй, төр засаг, албан тушаалтнуудаас хамаарахгүйгээр байнга шинийг сэдэж тэргүүлж  явдаг болохоор энэ удаад ч бас манлайлах үүрэгтэй.

    Барилгын компанийн захирлуудын амны уншлага болсон “хятад барилгачид илүү, манайхан залхуу, хариуцлагагүй, цалин буухлаар уугаад алга болчихдог” гэсэн гомдол бий. Үүнийг шийдэх арга зам энэ номонд байх шиг. Хятад хүн юугаараа илүү юм бэ? Өчигдөрхөн тосгоноосоо явсан, манайхаар бол ТМС ч төгсөөгүй сая сая залуучууд хятадын үй түмэн том жижиг үйлдвэрийг хөдөлгөж дэлхийн хамаг барааг, түүний дотор дээд зэргийн нарийн түвэгтэй машин техник, тоног төхөөрөмж, гар утас, IPhone-ийг ч хамаагүй угсарч чадаж байна. Яаж? Нууц нь гэвэл тэд “номоор нь” хийж чаддаг. Хоёр утас холбох юмуу эрэг шурагдахыг яг хийдэг, хятадчилдаггүй. (Манайхаар бол монголчилдоггүй). Гэхдээ энэ хангалтгүй. Тэдний яаж ажиллах, хоёр утсыг хэрхэн холбох, залгах, угсрахыг миллиметр, секундээр нь тооцоолоод хамгийн  оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай байхаар дээрээс нь зохион байгуулаад өгдөг. Өөрөөр хэлбэл ямар ч ажилчны дагаж мөрдөх сайн “ном” бэлэн байдаг. Үүнийг Хятадад тэр бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлж байгаа барууныхан хийж өгдөг. Эсвэл барууныхнаас хуулсан.  Хулгайлсан ч бий байх. Энэ бол технологи, менежмент юм. Ингээд бүх ажил тов тодорхой, дэс дараатай, цэгцтэй бөгөөд үр ашигтай, улмаар “залхуурах”, “уугаад арилах” нөхцөл байхгүй. Энэ номын эхний уншигчийн хувьд миний толгойд хамгийн түрүүнд төрсөн бодол ийм.

    Би зохиогчийг нэлээд хэдэн жилийн өмнөөс таних ба өмч хувьчлал, хот төлөвлөлт, менежментийн чиглэлээр судалгаа хийж зөвлөгөө өгч ажилладгийг мэднэ. Түүнээс улс орны эдийн засгийн хямралын учир шалтгааны талаар маш сонирхолтой хэдэнтээ сонссон. NHK-гээр үзүүлдэг  “The Professionals” буюу манай телевизүүдээр “Мэргэжлийн замнал” нэрээр орчуулагдан гарч байгаа цувралын талаарх сэтгэгдлээ хуваалцаж япончууд юмыг яг “номын дагуу” хийдэг төдийгүй тэр “номыг” зохиож чаддаг улс гэдэг дээр санал нийлж билээ.

    Тийм ээ, монгол хүн аливаа ажлыг “номын дагуу” хийж чадна. Гагцхүү өнөөдөр монгол хүний дагах ёстой “ном” нь тэр болгон байхгүй, яахав ажлаа явуулдаг эрхбиш ямар нэгэн “ном” байвч тэр нь тааруу, төгс биш байна.

    Гаднын сайн “ном”-ыг шууд хуулах арга бий. Олон компани, байгууллага үүний ачаар амжилтанд хүрч байгаа. Гэхдээ монголын бизнес эрхлэгчид, ер нь аливааг удирдаж зохион байгуулдаг хүмүүс өөрсдөө тэр “ном”-ыг зохиож сурах цаг болсон. Миний хийсвэрлэн нэрлээд байгаа энэ “ном” чухам ямар байх, юуг яаж оруулах, бас оруулахгүйг энэхүү авсаархан бөгөөд жинхэнэ номонд дэлгэж яриа хэлэлцүүлэгт өдсөн дэг горим, систем, үйлдэл, гүйцэтгэл, формализаци, парадигм зэрэг ойлголтууд хэлээд өгч байгаа юм.

    “Номын дагуу хийх” гэдэг бол зөвхөн бизнес эрхлэгчдэд төдийгүй бүгдэд, тэр тусмаа өнөөдрийн улс төрчид, сайд, дарга, албан тушаалтнуудад  хэрэгтэй. Харамсалтай нь хууль, журам, дүрэм, стандарт хэмээх “ном”-нууд байсаар атал тэгэж чадахгүй байгааг бид хардаг. Тэд “муу ажилчид”  юм. Гэхдээ энэ бол дараачийн номын сэдэв биз ээ.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel